Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багт оршин суух, Отгоныхон овогт Л Н /ЗП55050810/-ийн нэхэмжлэлтэй садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Н, төрийг төлөөлж прокурор Т.Төмөртулга,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                                                          

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний эцэг Ванчинжав нь хэлмэгдэж ирээд миний эх Мядагтай гэр бүл болсон. Миний бие 1956 онд төрсөн. Намайг ээж Мядагаар овоглож байгаад цэрэгт явах үед ах Ленинээр овоглосон.

Эцэг В- нөхөн олговрыг авах гэтэл намайг овоглоогүй учраас авах боломжгүй гэсэн.

Миний бие одоо өөрийн эцэг Ц.В улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсантай холбоотой цагаатгалын нөхөн олговор авах хүсэлтэй байгаа бөгөөд цагаатгалын комисс шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд Цэмбэлийн Ванчинжавтай садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                                                                       

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь Ц.В садан төрлийн холбоотой болохоо  тогтоолгохоор  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч Л.Н, Ц.В садан төрлийн холбоотой буюу В-н хүү болох нь гэрч З.Ц, Ш.Л, М.Н нарын  мэдүүлэг болон хэргийн 67-р хуудсанд авагдсан Ц.В маягт -1 гэсэн нотлох баримтаар тогтоогдоно гэж шүүх хуралдаанд тайлбарладаг.

Гэрч М.Н мэдүүлэгтээ: В-н гэр бүлийн хүн Мядаг, В-н хамгийн бага хүүхэд нь Н мөн гэжээ.

Гэрч З.Ц мэдүүлэгтээ: В  нь М-тай 1955 онд гэр бүл болчихсон. Магсар, Дэмид гээд Н 2 ах нь төрчихсөн байсан. Мя нь 6 хүүхэдтэй. Н-эс бусад хүүхэд нь Шар гэж хүний хүүхэд байгаа юм гэжээ.

Гэрч Ш.Л мэдүүлэгтээ: Шар, Мядаг нар нь 1940 өөд онд гэр бүл болсон юм гэнэ лээ. Би 1941 онд төрсөн. Ша, М  нарын дундаас 7-8 хүүхэд төрсөн. В-тай манай эх Мя нь 1953-1954 оны үед гэр бүл болж, суугаад хамгийн сүүлд гарсан хүүхэд нь Н байгаа юм. Н ганцаараа В-н хүүхэд гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолно гэж тайлбарлаж байгаа В-н  маягт 1 баримт нь 1980 оны 8 сарын 2-ны өдөр В  шинээр Паспорт олгоход бичигдсэн баримт байх бөгөөд тус баримтанд эхнэрийн мэдээлэл хэсэгт Б- Мя  гэж бичигдсэн байна. Харин хүүхэд Н гэсэн мэдээлэл байхгүй болно.

Гэрчүүд болон нэхэмжлэгч нь Б.Мя , Ц.В нарыг  1953-1955 онд гэр бүл болж тэдний дундаас Н төрсөн гэж мэдүүлж байгаа боловч  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Н  нь Б.Ша, Б.Мя нарын дундаас төрсөн хүүхэд /хэргийн 4-р хуудсанд авагдсан төрөлт бүртгэлийн лавлагаа/, Б.Мя нь 1956 онд Б.Ша  гэр бүл байсан буюу хамт амьдарч байсан болох нь хэргийн 5-6-р хуудсанд авагдсан Үндэсний төв архивын 1956 оны хүн амын тооллогын лавлагаагаар тогтоогдож байна.

Харин Ц.В  Жа гэж өргөмөл хүүтэй байсан болох нь хэргийн 78-86-р хуудсанд авагдсан дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

  1. В-н Жа-н Дундговь аймгийн Сум дундын шүүхэд гаргасан нөхөн олговор авах тухай өргөдлийн хуулбар
  2. Үндэсний төв архивын 1998 оны 10 сарын 26-ны өдрийн лавлагааны хуулбар
  3. Дундговь аймгийн Архивын 1998 оны 1 сарын 6-ны өдрийн тодорхойлолтын хуулбар
  4. Эрдэнэдалай сумын 7-р багийн засаг даргын 1998 оны 12 сарын 24-ний өдрийн 91 дугаартай тодорхойлолтын хуулбар
  5. Шүүгч А.Су-н В.Жа-с авсан тайлбарын хуулбар
  6. 1999 оны 1 сарын 13-ны өдрийн 9 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар

 

Мөн нэхэмжлэгч Л.Н нь шүүх хуралдаанд  Жа- Ва-н өргөмөл хүүхэд мөн. Жа нь нас барсан бөгөөд түүний охин Цэ- Улаанбаатар хотод амьдардаг болохыг тайлбарладаг.

 

Иймд дээрхи нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.1-т зааснаар Л.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 ШҮҮГЧ                           Х