Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар       101/ШШ2020/03559

 

                            

 

 

 

                                 

      

20                             2020        10          14

 

 

 

 

                           

 

                           101/ШШ2020/03559

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.А

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 41,333,333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,083,330.90 төгрөг, нийт 72,416,664.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов. 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Баатар овогтой А нь 2017 оны 11-р сарын 24-ний өдрийн А ББСБ ХХК-тай хийсэн Зээлийн гэрээ 17/28-т “зээл”-н үүргийн биелэлтийг одоо болтол барагдуулаагүй тул шийдвэрлэж өгнө үү. Мөн 2017 оны 11-р сарын 24 өдрийн Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ 17/13 тоот гэрээгээр үнэт эдлэл Шүрэн толгойтой Хаш хөөрөг барьцаалагдсан байсан. Зээлийн гэрээний графикийн дагуу үндсэн зээл 25000000 /Хорин таван сая төгрөг/-ийг 3 сарын хугацаатай, зээлийн хүү 2018 оны 02-р сарын 24-ний өдрийн тооцоогоор 3833333,34/Гурван caя найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг 34 мөнгө/ тооцоологдсон байсан. Гэвч иргэн Баатар овогтой А нь 2020 оны 09-р сарын 07-ны өдрийн байдлаар нэг ч төлөлт хийгдээгүй. 2020 оны 08-р сарын 31-ний өдөр үндсэн зээл 25000000/хорин таван сая төгрөг, зээлийн хүү 41333333.33 /Дөчин нэгэн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг 33 мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 6083330.90 /Зургаан сая наян гурван мянга гурван зуун гучин төгрөг 90 мөнгө/, нийт дүн 72416664.23/Далан хоёр сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг 23 мөнгө/-ийг зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамж болон 525000/таван зуун хорин таван мянган төгрөг/-ийг хариуцагчаас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ундрах нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн үүрэгт үндсэн зээл 25 сая, хүүнд 41 333 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 083 330.90 төгрөг, нийт 72 416 664.23 төгрөг гаргуулна. 2017.11.24-нд хариуцагч нь нэхэмжлэгчээс хувийн хэрэгцээнд 25 саяын зээлийг гэрээ байгуулж авсан. Зээлийг өөрийн дансаар авсан. Зээл нь сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл олгосон. Зээл авсан өдрөөс хойш ямар нэг төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний хугацааны дагуу утсаар залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Гадагшаа яваад жилийн дараа ирсэн гэсэн. Манай хувь нийлүүлэгчийн таньдаг хүн байсан тул үүнийг мэдсэн. Улмаар зээлийг нэхсэн боловч одоо болтол төлөөгүй. Хүүг 2017.11.24-ний өдрөөс 2020.8.31-ний өдөр хүртэл, нэмэгдүүлсэн хүүг 2018.2.24-ний өдрөөс 2020.8.31-ний өдөр хүртэл тооцсон гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 41,333,333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,083,330.90 төгрөг, нийт 72,416,664.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт, баримт ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17/28 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 10-15 дугаар тал/

 

Зээлийн гэрээг 12 сарын хугацаанд 25,000,000 төгрөг зээлж, сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулжээ. Гэвч зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад 3 сарын дотор зээлийг бүрэн төлж дуусахаар тохиролцсон байх тул үлдэх 9 сарын хугацаанд зээлээр олгох мөнгөн хөрөнгийг ашиглуулахаар тохиролцсон гэж үзэхгүй.

Хэдийгээр зээлийн гэрээний талууд 25,000,000 төгрөгийн зээлийг 3 сар ашиглуулахаар тохиролцсон байх боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь зээлийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр олгосон болох нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээл олгосон тухай баримтаар тогтоогдож байна. /хэргийн 21 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон 1/180 дугаар тусгай зөвшөөрөл, түүний хавсралтын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 5-8 дугаар тал/

Үүнээс үзэхэд дээрх зээлийн гэрээний дагуу олгосон зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл юм.

Иймд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагчид үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл олгосноос хойш ямар нэг буцаан төлөлт хийгээгүй гэж тайлбарласан бол хариуцагч энэ талаар маргаагүй, төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Дээрхээс хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлөх хүүг тооцвол:

Нэхэмжлэгч нь зээл олгосон өдрөөс эхлэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү тооцно гэж тайлбарласан тул энэ хугацаанд 33 сар, 6 хоног тооцогдож байна. Үүнээс хүүд тооцогдох мөнгөн дүн нь 1 сард 1,250,000 /25,000,000*5%/ төгрөг, 33 сард 41,250,000 төгрөг, 1 хоногт 41,095.89 /1,250,000*12/365/ төгрөг, 6 хоногт 246,575.34 төгрөг, нийт 41,496,575.34 төгрөг тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүүд 41,333,333.33 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний 2.7-д зааснаар зээлийг буцаан төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Эндээс нэмэгдүүлсэн хүүг тооцвол 8,266,666.67 төгрөг тооцогдох боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 6,083,330.90 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ ихэссэн нь нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний үүргийг шаардаагүйтэй холбоотой гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй байснаар үүнийг тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй.

 

Гэвч хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул шүүх зээлийн гэрээний дагуу тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож үндэслэлгүй юм.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 72,416,664.23 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Агаас зээлийн гэрээний үүрэгт нийт 72,416,664.23 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 520,033 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 4,967 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД