Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02419

 

 

 

 

 

 

 

 

 

“А ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03559 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 41 333 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 083 330.90 төгрөг, нийт 72 416 664.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Л.И, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А- нь “А ББСБ” ХХК-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17/28 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг одоог хүртэл барагдуулаагүй. Мөн өдрийн 17/13 тоот Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр шүрэн толгойтой хаш хөөрөг барьцаалсан. Зээлийн гэрээний графикийн дагуу үндсэн зээл 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, зээлийн хүү 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцоогоор 3 833 333.34 тооцоологдсон байсан. Гэвч иргэн Б.А- нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нэг ч төлөлт хийгдээгүй. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 41 333 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 083 330.90 төгрөг, нийт дүн 72 416 664.23 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамж болон 525 000 төгрөгийг хариуцагчаас хуулийн дагуу гаргуулж өгнө. Хүүг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тооцсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 72 416 664.23 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 520 033 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 4 967 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.А- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт миний бие үндсэн зээлд 25 000 000 төгрөг, нэг сарын 5 хувийн хүү нь 1 250 000 төгрөг болох бөгөөд нийт төлөх ёстой 3 сарын хүү 3 750 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд үндсэн зээлийн 5 хувийн 20 хүртэлх хувь нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 6 083 330 төгрөг нийт зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт 34 833 330 төгрөг төлөхөөр байхад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хугацааг зөв тодорхойлолгүй шийдвэр гаргасан байна. Мөн миний бие гэр бүлийн хүн болох Б.Сарангоо “Гурван гал эмнэлэгт” хүндрэлтэй төрсний улмаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны хооронд байнга сахих шаардлага байгаа тул хурал хойшлуулж өгөх хүсэлтээ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр утсаар мэдэгдэж хурал хойшлуулж өгөхийг хүсэж шүүгчийн туслахтай утсаар ярьсан. Эмнэлгээс гарсны дараа “Гурван гал” эмнэлэгт хүн асарсны магадлагааг шүүхэд өгөхөд шүүх хүлээж авч хэрэгт гарын үсэг зуруулсан болно. Гэтэл шүүхээс хэргийн тов дээр гарын үсэг зуруулаагүй байж мөн миний хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж авалгүйгээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хурлыг товлон хуралдуулж хууль зүйн үндэслэлгүй намайг илтэд хохироосон шийдвэр гаргасан байна. Мөн шүүхийн шийдвэрт үндсэн зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээний талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл, “А ББСБ” ХХК-ийн барьцаанд авсан хөрөнгөтэй холбоотой зээлийн гэрээгээр хүлээсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барьцаа хөрөнгөөр хангахаар тохирсон байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 37 583 335 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаан болох эмнэлгийн магадлагаатай танилцаж гарын үсэг зуруулж авчхаад хурлыг хойшлуулалгүй, хурлын тов дээр мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй, хэрэгтэй танилцуулахгүйгээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэж хэргийн оролцогчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй.

 

            Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 41 333 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 083 330.90 төгрөг, нийт 72 416 664.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.А-гийн эхнэр төрсөн гэж шүүгчийн туслах руу ярьсан гэсэн. Гэхдээ 7 хоногийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч тэрээр өнөөдөр ирсэнгүй. Хариуцагчийг хуралд оролцуулах хүсэлтэй байна. Тиймээс түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. /хх-37/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээр   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчим алдагдсан гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй шалтгааны талаар нэхэмжлэгч хүсэлтдээ дурдсан ч хариуцагчийн эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

 

            Иймд шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

           

Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, талуудад мэтгэлцэх боломж олгоогүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаарх нэхэмжлэгч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчсөн тул шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03559 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 867 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ