Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2019/02150

 

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2019/02150

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ЦЕГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,176,135 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Ц.Оыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 29-нийг хүртэл хугацаанд 3,981,373 төгрөгийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч байгууллага 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2037 дугаартай мэдэгдлээр УДШ-ийн 2019 оны 191 дүгээр тогтоолыг баримтлан Ц.Оыг энэ оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож урьд хэрэглэж байсан цагдаагийн дэслэгч цолыг сэргээн олгосон байна гэж мэдэгдэн нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс ажилдаа орсон.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг 6 сар 7 хоног буюу ажлын 127 хоног, үүнийг Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7а-д зааснаар сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 2018 оны 5-сард 1,204,240 төгрөг, 6 сард 1,235,931 төгрөг, 7 сард 1,204,240 төгрөг, нийлбэр нь 3,644,411 төгрөг, 1 сарын дундаж цалин хөлсийг 1,214,804:21,5=56,502 төгрөг буюу нэг өдрийн цалинг ажилгүй байсан хугацааны 127 хоногт үржүүлж 7,176,135 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон буюу 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/615 дугаар тушаалаар Ц.Оыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хэсгийн төлөөлөгчөөр томилж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг; ойлгохоор, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. гэж тус тус зохицуулжээ. Ц.О нь энэ хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тухайн хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна.

Мөн Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд хүлээн авахаас татгалзана. гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ЦЕГт холбогдуулан түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 01 сарын 29-ний өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон 2019 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 7,176,135 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан, нэхэмжлэлд дурдсан хугацаанд тэрээр цагдаагийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй учир цалин хөлс төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Оыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэр нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээр тус тус хянагдаж хүчин төгөлдөр болсон байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0176 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 191 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна /хх-ийн 4-14 дүгээр тал/.

 

Нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/615 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн томилсон байх бөгөөд энэ тухай баримт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт авагдсан байна. /хх-ийн 28 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийг Сүхбаатар аймгийн хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гарсан хэдий ч 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд нь томилж цалинг нь мөн сарын 27-ний өдрөөс тооцон олгосон гэх тайлбарыг зохигчид гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийн дунджаар тооцвол 1,214,804 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 56,502 төгрөг байна. /хх-ийн 15 дугаар тал/

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 5 сар 16 хоног байх ба энэ хугацаанд ногдох олговрын хэмжээ 6,957,513 төгрөг (1,214,804*5+56502*16) байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 6,957,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 218,622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,769 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 126,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 6,957,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 218,622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацааны эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,769 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 126,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА