Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00290

 

Ц.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/02150 дугаар шийдвэртэй

Ц.Оын нэхэмжлэлтэй хариуцагч ЦЕГт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 176 135 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Ц.Оыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд 3 981 373 төгрөгийг хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч байгууллага 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2037 дугаартай мэдэгдлээр Улсын Дээд шүүхийн 2019 оны 191 дүгээр тогтоолыг баримтлан Ц.Оыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож урьд хэрэглэж байсан цагдаагийн дэслэгч цолыг сэргээн олгосон байна гэж мэдэгдэн нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс ажилдаа орсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг 6 сар 7 хоног буюу ажлын 127 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 7 176 135 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.О нь энэ хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тухайн хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна. Мөн Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд хүлээн авахаас татгалзана. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас 6 957 513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 218 622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацааны эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 769 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас 126 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан. Ц.О нь энэ хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тухайн хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон буюу 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд ингэж нэхэмжлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа буюу өөрийн эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байсныг анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ЦЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 176 135 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Оыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан  тушаалд эгүүлэн томилж, түүний цагдаагийн дэслэгч цолыг сэргээсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 191 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон ч ажил олгогч шүүхийн шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/615 тушаалаар нэхэмжлэгч Ц.Оыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “цагдаагийн дэслэгч” цолыг сэргээжээ. /хх.28/

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажил олгогчийн хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байсан тул уг хугацааны олговрыг хуульд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал буюу 5 сар 16 хоногоор тооцож, хариуцагч байгууллагаас олговорт 6 957 513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, олговрын хэмжээг дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлж тогтоосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж байгаа боловч 2019 оны 8 дугаар  сарын 09-ний өдрийн 182/ШЗ2019/06434 дугаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэл зэрэг баримтаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.