Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01068

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01068

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ф нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Б холбогдох,

Ж.Б гэр бүл, эд хөрөнгийн хамт Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны ... тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Канад улсын иргэн Ф нь 2012 онд Монгол Улсад ирж, Өмнөговь аймгийн Хан богд суманд, Оюу толгой төсөлд ажиллах болсон. Монголд ажиллаж амьдрах хугацаандаа улсын бүртгэлийн Ү-..... дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10\1 дүгээр байрны ... тоотод байрлах, 3 өрөө, 98 м.кв орон сууцыг 2012 оны 4 сард худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон байдаг. Ингээд 2013 онд Оюу толгой төсөлд ажиллах гэрээний хугацаа дуусч, Канад улс руу нутаг буцах болсон. 2014 оны 1 сард түүний монгол түнш Ж.Б нь түүнтэй аман гэрээ байгуулж, 220.000.000 төгрөгөөр миний 3 өрөө 98 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо ёсоор Ж.Б нь 80,000,000 төгрөгийг эхний ээлжинд төлж, үлдэгдэл 140.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сард багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон юм. Орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дуусгасны дараа миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Бын нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Мөн түүнчлэн Ж.Б бид хоёр харилцан тохиролцон, орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр байгуулж, орон сууцны төлбөр 220.000.000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгах хүртэл хугацаанд сар бүр 1.500.000 төгрөгийг орон сууцыг хөлсөлсний төлбөр болгон надад төлж байхаар тохирсон билээ. Өөрөөр хэлбэл Ж.Б нь 2014 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр 1.500.000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх, 2015 оны 7 сард багтаан орон сууцны үнэ 220.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Цаг хугацаа давчуу байсан тул эдгээр гэрээг бичгээр байгуулж амжаагүй, харилцан итгэлцэлийн үндсэн дээр аман хэлбэрээр байгуулсан билээ. Ингээд би Ж.Бд итгэж, өөрийн орон сууцандаа түүнийг оруулж, одоог хүртэл амьдруулж байна. Тухайн үед Ж.Бд байрыг хүлээлгэж өгөх үедээ би орон сууцандаа олон сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн байсан. Ж.Б нь нэгэнт харилцан итгэлцэлийн үндсэн дээр байгуулсан дээр дурьдсан гэрээнүүдээ зөрчсөн, нэг ч төлбөр төлөөгүй тул миний бие Ж.Б миний хууль ёсны өмчлөлийн байрнаас нүүхийг шаардсан боловч одоог хүртэл нүүгээгүй байна. Иймд шүүхэд хандаж албадан чөлөөлүүлэхээс аргагүй байдалд хүрээд байна.

Хариуцагч Ж.Б гэр бүл, эд хөрөнгийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,Оюутны гудамж,10\1 дүгээр байрны ... тоот \улсын бүртгэлийн дугаар: Ү-.....\ байрнаас албадан нүүлгэж, миний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2014 онд 220.000.000 \хоёр зуун хорин сая\ төгрөгөөр орон сууц худалдах, миний бие худалдан авахаар тохиролцсон тал дээр маргаангүй үнэн бөгөөд нэхэмжлэгчид 2014 оны 03 дугаар сарын 03-нд 512090739 тоот дансанд 100.000.000 \нэг зуун сая\ төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-нд Ф-ний ХХБанкны ............. тоот төгрөгийн дансанд 79.909.180 \далан есөн сая есөн зуун мянга нэг зуун ная\ төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-нд мөн 5.000.000 \таван сая\ төгрөг тус тус төлсөн. Нийт 184.909.000 \нэг зуун наян дөрвөн сая есөн зуун есөн мянга/ төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлд дурьдагдаж буй орон сууц хөлслөх тухай огт дурьдаагүй бөгөөд түрээсийн гэрээгээр суух байсан бол дээрхи төлбөрийг шууд төлөх биш, бүр бага багаар нь төлж байх байсан. Энэхүү нэхэмжлэл нь Ф-гийн өөрийн хүсэл сонирхлоор гаргаагүй ба харилцан тохиролцсон үнэ болох 220.000.000 \хоёр зуун хорин сая\ төгрөгөөс 184.909.000 \нэг зуун наян дөрвөн сая есөн зуун есөн мянга/ төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 35.091.000 \гучин таван сая ерэн нэгэн мянга\ төгрөгийг хүдалдан авсан УБ, СБДүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, 10\1 дүгээр байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Канад улсын иргэн Ф нь иргэн П.У 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, 000189338 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 10/1 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 98 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор өөрийн эдэлж буй өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, түүнчлэн үүнтэй холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүрээнд: Харьяалах шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг олгожээ./хх-4-7/

Хариуцагч Ж.Бд холбогдуулан төлөөлөн нэхэмжлэгч П.У нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 10/1 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 98 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцнаас Ж.Б гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, Фгийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 220 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирсон болохоос биш түрээсийн гэрээгээр суугаагүй, нийт 184.909.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 35.091.000 төгрөгийг тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримттай холбоотой гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд талууд гэрээг бичгээр хийгээгүй болохыг харилцан тайлбарлав.

Талуудын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдэж, Канад улсын иргэн Ф /нэг иргэний өмч/ гэж бичигдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 008189338 дугаарт бүртгэгдэж олгогдсон гэрчилгээгээр маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгч нь Канад улсын иргэн Ф болох нь нотлогдож байна./хх-7/

Дээрх орон сууцыг 2014 онд худалдах-худалдан авах гэрээний дагуу 220 000 000 төгрөгөөр хариуцагч Ж.Б худалдан авахаар нэхэмжлэгч Фтай тохиролцсон тал дээр талуудын хэн аль нь маргаагүй, харин хариуцагч нь орон сууцыг хөлслөх тухай огт дурдагдаагүй, түрээсийн гэрээгээр суух байсан бол төлбөрийг шууд төлөх биш, сар бүр бага багаар төлөх байсан гэж,

Мөн хариуцагч нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 512090739 тоот дансанд 100 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ХХБанкны ............. тоот төгрөгийн дансанд 79 909 180 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөгийг буюу нийт 184 909 000 төгрөгийг төлсөн гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эхний ээлжинд 80 000 000 төгрөг төлж, үлдэх 140 000 000 төгрөгийг 2015 оны 7 сард багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон боловч 80 000 000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй гэж тус тус маргалаа.

Хариуцагчийн хэрэгт гаргаж өгсөн 23 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Харин хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нь ХХБ ............. тоот дансанд байрны төл 79,909,180.00 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд ийнхүү байгуулах гэрээ нь хуульд нийцсэн байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 220 000 000 төгрөгөөр хариуцагч Ж.Бд худалдах, хариуцагч нь уг орон сууцыг худалдан авч үнэ 220 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, 2014 оны 1 сард амаар гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна.

Гэвч хариуцагч Ж.Б нь амаар байгуулсан дээрх гэрээний дагуу төлбөл зохих 220 000 000 төгрөгийн үнийг бүрэн төлсөн гэж дүгнэх болон зохигч талуудын хооронд маргааны зүйл болсон орон сууцыг хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нотлох баримт тус тус хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон үүргээ хариуцагч Ж.Б биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ф Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгээр тодорхойлогдоно.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эсэргүүцэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэхүү орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг амаар хийж харилцан тохиролцсоны улмаас Канад улсын иргэн Фд төлсөн 79 909 180 төгрөгөө хариуцагч Ж.Б жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба хариуцагч Ж.Б нь шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 220 000 000 төгрөгийг бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон учир Канад улсын иргэн Ф нь өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг Ж.Бд шилжүүлэх үүрэг хүлээхгүй байна.

Иймээс, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч худалдагч тал болох Канад улсын иргэн Ф гэрээгээр тохирсон орон сууцыг худалдан авагч тал болох Ж.Бд хүлээлгэн өгсөн байхад худалдан авагч тал болох Ж.Б нь гэрээгээр тохирсон 220 000 000 төгрөгийн үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ф өөрийн өмчлөлийн орон сууцаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлаа нотолж чадахгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Канад улсын иргэн Ф-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас Ж.Б гэр бүл, эд хөрөнгийн хамтаар албадан нүүлгэж, Канад улсын иргэн Фгийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ж.Баас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Канад улсын иргэн Ф, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ