Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00018

 

 

Фан Иен Юн Чи /Fung Ian Yuen Chi/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00182 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 577 дугаар магадлалтай,

Канад Улсын иргэн Фан Иен Юн Чи /Fung Ian Yuen Chi/-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Бямбажаргалд холбогдох,

 Ж.Бямбажаргалыг гэр бүл, эд хөрөнгийн хамт Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 1. Нэхэмжлэгч Канад Улсын иргэн Фан Иен Юн Чи /Fung Ian Yuen Chi/-ээс Ж.Бямбажаргалд холбогдуулан түүнийг гэр бүл, эд хөрөнгийн хамт Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

 Хариуцагч нь ...би нэхэмжлэгчээс орон сууцыг 220,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрийг бага багаар төлж байхаар тохиролцсон, бидний хооронд орон сууц хөлслөх талаар тухай огт яригдаагүй. ...Нэхэмжлэгчид 220,000,000 төгрөгөөс нийт 184,909,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 35,091,000 төгрөгийг тус байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө. гэж маргажээ.

 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00182 дугаар шийдвэрээр: ...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, ...худалдан авагч төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр худалдагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй... гэж дүгнэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Бямбажаргалын эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Фан Иен Юн Чи-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 577 дугаар магадлалаар: ...анхан шатны шүүх зохигчийн гэрээнээс татгалзсан үр дагаврыг хуульд зааснаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байна... гэж дүгнэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00182 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байр, 27 тоот хаяг байрлах, улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаарт бүртгэлтэй, 98 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ж.Бямбажаргалын эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Фан Иен Юн Чи /Fung Ian Yuen Chi/-д олгож, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Фан Иен Юн Чи /Fung Ian Yuen Chi/-аас 80,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Бямбажаргалд олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлгүй хүсэлтүүдээр шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсаар байсан, талуудад мэтгэлцэх боломж олгоогүй, зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл зоригоор шүүх хуралдаанууд хойшилсоор байсан ч 2020.01.14-ний өдөр итгэмжлэл ирсэн тул хариуцагч талын хувьд итгэмжлэл болон нотлох баримттай танилцах, хэрэв хуулийн дагуу олгогдсон итгэмжлэл бол сөрөг нэхэмжлэл, нотлох баримт гаргахаар хүсэлт гаргахад шүүх үндэслэлгүйгээр хэлэлцээгүй, хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн тус бүрийн заалтад нийцэхгүй, шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй. Маргааны үйл баримтыг огт тогтоолгүй нэхэмжлэлийн үгээр хөтлөгдөн нэг талын ашиг сонирхолд үйлчилж гаргасан. Маргааны үйл баримт тогтоогоогүй тул 2 шатны шүүх талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн мөртлөө гэрээний үүрэг хариуцлага, гэрээ яагаад биелэгдээгүй, хэний ямар буруу байгаа эсэхийг ямар ч дүгнэлт хийгээгүй, иргэн Ж.Бямбажаргалаас орон сууцны үнэд 3 удаагийн төлөлтөөр нийт 184,909,000 төгрөгийн төлөлт хийгдсэн баримт байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх этгээдийн дурын сонголт хийж 80,000,000 төгрөг төлсөн гэх үгээр нь 80 сая төгрөгийн үнэ төлсөн мэт тооцсон, бусад төлбөрийг хэрхсэн талаар ямар нэг дүгнэсэн зүйл юү ч байхгүй, иргэн Ж.Бямбажаргалын төлсөн 105,000,000 төгрөг хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн.

4.3. Талууд 220 сая төгрөгөөр үнэ тохирч уг орон сууцыг худалдсан ба үнийг хэсэгчлэн төлөх, бүрэн төлөгдсөний дараа орон сууцны нэрээ шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Иргэн Ж.Бямбажаргал Фан Иен Юн Чи нарын дунд өөр ямар нэг өр зээлийн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Баярмөнх нь Фан Иен Юн Чи-тэй хамт Оюу толгой компанид орчуулагчаар ажиллаж байсан, 2019 оны зун Фан Иен Юн Чи Ж.Бямбажаргалтай холбогдож үлдэгдэл мөнгөө хийх талаар ярьсан, энэ үеэр Баярмөнх орчуулга хийж өгсөн, гэтэл дараахнаас нь Баярмөнх Ж.Бямбажаргалтай уулзаж, Баярмөнх аав Цэвэгсүрэнгийнхээ байрыг алдчихсан, аавыгаа байртай болгомоор байна, чи 2 өрөө байр эсвэл 20 сая төгрөг өгчих, тэгвэл Фан Иен Юн Чи-ийн толгойг би яаж л бол яаж эргүүлнэ, чи хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд байртайгаа үлдчих гэж яриад яваад байсан, ингэж болохгүй гэдгийг хэлэхэд заналхийлэх болсон.

4.4. Анхан шатны шүүх шийдвэр гарсныг хариуцагч талд огт мэдэгдэлгүй нэхэмжлэгч талд өгч явуулснаар орчуулагч хийж байсан Баярмөнх нь 2020.02.01-д Ж.Бямбажаргалыг эзгүйд нь танхай этгээдүүдтэй хамтарч хаалгыг эвдэн гэрт нь дайран ороод цоожийг нь сольж, одоог хүртэл айлын гэр тавилга эд хөрөнгийг нь эзэгнэн амьдрах болсон ба энэхүү танхай үйлдлээ шүүх шийдсэн гэж бусдын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, шүүхийн хууль бус шийдвэрт дөрөөлөн суугаа болно. Ж.Бямбажаргалын гэр бүл, бага насны хүүхдүүд нь солих ч хувцасгүй өвлийн хүйтэн, өвчин тахлын цагт гэр орноо дээрэмдүүлэн сэтгэл санаа, эд материалаар ноцтой хохирч байгаа билээ. Өмнө давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг огт хийлгүй хуралдсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус зөвтгөх буюу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 6. Зохигч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 байрны 27 тоот, 98 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж, худалдан авахаар амаар харилцан тохиролцсон, худалдагч Франц улсын иргэн Фан Иен Юн Чи өөрийн өмчлөлийн орон сууцыг 220,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ж.Бямбажаргал үнийг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

 2014 онд худалдагч орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн, хариуцагч энэ үеэс хойш орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тохиролцоо ёсоор 80,000,000 төгрөгийг эхний ээлжинд төлж, үлдэгдэл 140,000,000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сард багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар, төлбөрийг 100% төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон, ...мөн төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгийг орон сууц хөлсөлсний төлбөр болгон төлж байхаар тохиролцсон. ...цаг хугацаа давчуу байсан тул эдгээр гэрээг бичгээр байгуулж амжаагүй, харилцан итгэлцлийн үндсэн дээр аман хэлбэрээр байгуулсан. ...Намайг Канад улс руу буцсанаас хойш Ж.Бямбажаргал надтай холбогдохоо болсон, орон сууцны төлбөрийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн, гэрээний үүргээ зөрчсөн, нэг ч төлбөр төлөөгүй тул миний хууль ёсны өмчлөлийн байрнаас нүүхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл нүүгээгүй тул албадан нүүлгэж, миний эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.. гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2014 онд орон сууцыг 220,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон талаар маргаагүй, ...нэхэмжлэгчид орон сууцны төлбөрт нийт 184,909,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 8. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гарахгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1.-д тус тус зохицуулжээ.

 8.1. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн хариуцагч гэрээний үүргийн төлбөрт 79,909,180 төгрөгийг төлсөн нь нотлогдсон, бусад төлбөрийг байрны үнэд шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, харин орон сууцаа хөлслөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдоогүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг хариуцагчийн өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 343.1., 101.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 10. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн... гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл татгалзлын үр дагаврыг гүйцэд шийдвэрлээгүй гэх үндэслэлээр орон сууцны үнэд төлсөн 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

 11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, ...шүүх хууль буруу хэрэглэсэн, ...хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, ...маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй бөгөөд хариуцагчаас төлсөн 105,000,000 төгрөг хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн ...гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

 11.1. Хариуцагч нь 2014.03.03-нд 512090739 тоот дансанд 100,000,000 төгрөг, 2014.04.09-нд нэхэмжлэгчийн ХХБ-ны 410034194 тоот дансанд 79,909,180,000 төгрөг, мөн өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, байрны үнэд нийт 184,909,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч хэргийн 23 дугаар талд авагдсан баримтаар 2014.03.03-ны өдөр шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг зээл төлөх гэсэн утгатайгаар шилжүүлсэн, харин 2014.04.09-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдоогүй байна.

 Дээрх 100,000,000 төгрөгийг өмнө авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй, улмаар 2019.01.22-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч нарын уулзалтын протоколоор /хх-63/ хариуцагч нь ...орон сууцны үнэд 80,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 140,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард төлж, байрны ордероо шилжүүлсэн авах сонирхолтой байгаа... талаар тайлбарлаж, протоколд гарын үсэг зурснаар орон сууцны үнэд 80,000,000 төгрөгийг төлсөн, 105,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцжээ.

 11.2. Хэргийг хянан шийдвэрлэх 2020.01.14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл Канад улсаас явуулсан итгэмжлэлийн жагсаалтад байхгүй байна, тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй хүн нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох... хүсэлт гаргажээ.

 Шүүх хүсэлтийг хэлэлцээд ...нэхэмжлэгчийн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна... гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул ...хүсэлтийг хэлэлцээгүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 12. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 577 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.Бямбажаргалаас 2020.04.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 Б.МӨНХТУЯА

 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД