Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 384

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хохирогч Т.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлай, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 547 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох 201525020503 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Т.А-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцэл зэргийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй З овогт Ц-ын Б.

Ц.Б нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны 24 тоотод “Мах бэлтгэн нийлүүлэх гэрээн дээр хамтран ажиллаж ашиг өгнө гэж” хуурамч гэрээ үзүүлэн хуурч мэхлэн, итгэл эвдэн Т.А-ийн 500.000.000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Ц-аас нийт 15.000.000 төгрөг,

“Гэрээний гүйцэтгэлийн санхүүжилтийг хурдан хугацаанд шилжүүлэхэд тусална” гэж хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.Ж-аас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөг,

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч мэхлэн Т.Б-аас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөг,

“Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч мэхлэн “хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж М.Б-ээс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 974.000.000 төгрөгийн хохирол учруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-ы үйлдлээс М.Ц-ын 15.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Ц.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, Ц.Б-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авснаас бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ы цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-аас хохирогч М.Б-т 64.700.000 төгрөг, хохирогч Т.Б-д 99.000.000 төгрөг, хохирогч Ж.Ж-д 50.000.000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Т.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа “...Уг хэрэг 2014 оны 10 сарын 22-ны өдөр гарсан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээр хэд хэдэн удаа хэлэлцэгдэж байсан. Гэм буруугийн шүүх хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болж 216 дугаар шийтгэх тогтоол гарсан. Уг тогтоолоор хэрэгт шалгаж, нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж дүгнэсэн. Хохирлын асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэж, шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх прокурорын зүгээс гаргаж өгсөн тооцооллыг дахин шалгаж, тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Гэтэл уг тооцоолол хэрэгт авагдсан нотлох баримт, гарын үсэг зэрэг нь илт зөрүүтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч Бүдрагчаа нараас гэрээ хийгдсэн эсэх талаар байцааж, мэдүүлгийг хэрэгт хавсаргасан байсан. Тухайн үед гэрчүүд гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй талаар тайлбарласан. Баярсайхан нь гэрээ хуурамч гэдгийг удаа дараа тайлбарласан. Т.А нь “Мах Импекс” ХХК дээр очиж Уламбаяр нартай уулзсан талаараа мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.Б-ийн өмгөөлөгч К.Манлай: хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Өмгөөлөгч Дашдорж болон прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй тул хэрэгт ач холбогдол бүхий асуудлуудыг дахин шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар дахин нотолж, ажиллагаа хийх шаардлага байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхам хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгч нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авч бусдад их хэмжээний хохирол бий болгосон гэж дүгнэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчаас Т.А-ийг хуурч мэхэлсэн гэх гэрээг эх хувиар нь оруулж ирсэн. Уг гэрээтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүх ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаагүй. Гэрээтэй холбоотой асуудлыг шалгах нь зүйн хэрэг. Тухайн үеийн гэрч, шүүгдэгч нар нь хуурамч байсан гэдгийг нотолсон гэж ярьдаг. Шүүгдэгч нь тухайн гэрээг хуурамч гэж мэдүүлсэн шалтгаан нь “Мах Импекс” ХХК-д тухайн үед аудитын шалгалт орсон гээд гэрээг гаргаж өгөх боломжгүй гэсэн байдаг. Хуурамч гэж тайлбар өгөхдөө Т.А-ийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн байсан. Анхан шатны шүүх хуралдааны үед Т.А-ээс авсан гэх 500.000.000 төгрөгийн 390.000.000 төгрөг нь төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал нотлогдсон гэж байгаа нь учир дутагдалтай. Хохирогчийн зүгээс гаргаж ирсэн нотлох баримтыг үндэслэн тооцооны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг удаа дараа өмгөөлөгч миний зүгээс хэлсэн. Т.А- нь шүүгдэгчээс 880.000.000 төгрөгтэй дүйцэх хэмжээний эд хөрөнгийг хохиролд авсан. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхийг хүлээж өнөөдрийг хүртэл явж байгаад гайхаж байна. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын яллагчийн оруулж ирсэн гэрээтэй, мөн гэрч нарын мэдүүлгийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор С.Мөнхгэрэл гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” нь тухайн үед хохирогч Т.А-т үзүүлсэн 144 дугаартай гэрээ биш бөгөөд биш бөгөөд гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж Г.Б гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөн гэрээг хуурамчаар үйлдсэн гэдгийг Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 144 дугаартай гэрээг бодитой эсэхийг тогтоох шаардлагагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх нэг нотлох баримтыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь буруу байна. Мөн хүчингүй болгосон үндэслэлээ тодорхой дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж нотлох баримтыг үнэлсэн. Хэрэгт авагдсан бусад нотлох баримттай уг нотлох баримтаа харьцуулан дүгнээгүй, харьцуулан дүгнэх нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байсан. У, гэрч Б, шүүгдэгчийн өмгөөлөгчтэй хамт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан үзсэнгүй. Шүүгдэгч Б нь хохирогч А-т эд хөрөнгө болон бэлэн мөнгийг хохиролд төлсөн байдаг. Гэтэл хохирлын хэмжээ, үнэ өртгийн маргааныг шүүхээс эрүүгийн хэрэгтэй хамааралгүйгээр иргэний журмаар шаардах эрхийг нь хязгаарласан ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хохирол төлбөр төлөх үүрэг болгосон шийдвэрийг прокурор, шүүхээс гараагүй байхад өөрийн хүсэл зоригоор шилжүүлж өгсөн. Үүнийг тусдаа шийдвэрлэх боломжтой тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Т.А-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ыг нэр бүхий иргэдийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилаж нийт 974.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.Б-ыг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нотлох баримт буюу хуурамч гэрээгээр халхавчлан Т.А-ийг залилсан гэх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт “Мах импекс” ХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” авагдсан ба энэхүү нотлох баримтыг анхан шатны шүүх “хуурамч” хэмээн үнэлэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Мах импекс” ХК-ниас уг гэрээний эх хувийг хэлэлцүүлсэн байх тул ийм гэрээ бодитойгоор хийгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэх ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг “хүчингүй болгуулах тухай” хохирогч Т.А-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдол болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 547 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Т.А-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН