Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/00281

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/00281

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр Сум Шанд баг *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******/-т холбогдох

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, М.Ганзориг, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн *******аас Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоот хаягт байрлах хашаа байшинг худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг 21 000 000 сая төгрөгөөр худалдан авсан боловч худалдах худалдан авах гэрээг хариуцагч талын хүсэлтээр 11 000 000 төгрөгөөр болгон байгуулсан. 20 000 000 төгрөгийг нь хариуцагчийн дансаар шилжүүлж, 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нөгөө талаас хууль болон гэрээнд зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал миний бие маргаан бүхий хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станцтай болохыг саяхан олж мэдсэн. Хариуцагч нь надад анх гэрээ байгуулахдаа 3800 вольтын станц хэмээн худал мэдээлэл өгсөн. Гэрээ байгуулсаны дараа ******* ТӨХК нь тус газрын айлуудыг 45 хоногийн дотор нүүх шаардлага тавьсан, хэрвээ нүүхгүй бол ямар нэгэн эрсдэл гарвал манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг илэрхийлсэн баримтанд гарын үсэг зуруулж авсан болохыг мэдэж авлаа. *******т энэ талаар уулзахад мэдэж байсан болохоо хүлээн зөвшөөрч өөр хүнд зарчихгүй юу гэсэн хариуг өгсөн. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа Хариуцагч *******ын хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн хариу тайлбарт: худалдах, худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч ******* гэнэт бичиг баримт хөөцөлдөнө мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд бэлнээр 1 сая төгрөг аваад тэр өдрөө 20 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Хариуцагчийн энэ үйлдэл нь намайг яаруулж, шаардаж худалдах, худалдан авах гэрээ хийсэн үйлдэл юм. Учир нь тэдний гэр бүл тухайн хашаа байшинд амьдарч байсан. Тэднийх 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нүүхэд нь би нөхрийн хамт очоод тухайн байшинг шалгахад гал тогооны өрөөний шалыг дутуу цутгаад, түүн дээрээ мод тавьсан байсан нь ялзарчихсан байсан. Үүнийг нь бид өөрсдөө янзалсан. Мөн байшингийн хундааманд нуралт үүссэн ба Чулуунбаатар тухайн үед хашаа байшингаа манайд зарахдаа тэр хэсэгт өнгөлөн далдалт хийсэн байсныг нь мэдээгүй. Одоо энэ нь хуураад нураад унаад байгаа. Цонхны дээд доод хэсэгт нь ан цав үүсчихсэн байна. Ингээд дурдаад байвал тухайн байшинд доголдол их байна. Иймд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 21 000 000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна. 6000 вт-ын цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна нь байгаа бөгөөд энэ нь хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл байхгүй. Мөн би 6000 вт станц зараагүй. Харин хашаа байшингийн эргэн тойронд харагдаж буй цахилгаан станцыг өөрөө сайн судлаад шийдвэрээ гаргах эрх өөрт нь байгаа гэсэн байна. Би тухайн үедээ энэ станцын талаар асуухад 380 вт гэж ******* худал хэлсэн. Би эндээс цахилгаан авч блок хийдэг байсан гэж хэлж байсан. Гэтэл худалдаж авсны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын эхээр манай паар халахаа байгаад арын айлын хүн манай сантехникийг янзалж өгч байсан гэдгийг тэр ахаас сонсоод оруулж ирж, паараа янзлуулахдаа би энэ станц 380 вт-ын станц юм байна гэхэд нь тэр ах үгүй ээ энэ чинь 6000 вт-ын станц байгаа юм, ЭБЦТС-аас ирж энэ хавийн айлыг Мэдэгдэх хуудас-нд гарын үсэг зуруулсан гэж хэлсэн байна. Мөн манай байшингийн дээгүүр цахилгааны утас явсан байсан ба тэр нь яндангийн утаанд түлэгдчихсэн, дахиад цааш нь манай нөхөр лавлаад үзэхэд байшингийн дээврийн ирмэгт байсан цахилгааны утсыг даавуугаар боочихсон байсныг мэдсэн. Тэгээд энэ талаар ЭБЦТС-аас асуухад манайхаас наад утсыг чинь боогоогүй гэж хэлсэн. Ингээд ЭБЦТС-аас *******ын тухайн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байсныг мэдээд хуулбарлан авахад тэр мэдэгдэх хуудсан дээр хариуцагч ******* тухайн цахилгаан утсыг чангалуулах хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж байсныг мэдсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би нөхрийн хамт харицагч *******ынд очиж уулзахад тэр 6000 вт-ын станц мөн. Хэрвээ ямар нэгэн байгалийн эрсдэл болоход хааш хааш 25 м-ийн зайнд байгаа бүх хүн амьтан эрсдэнэ гэж өөрөө хожим нь хэлж байсан. Ингэж хэлж байсныг нь манай нөхөр болон хариуцагчийн эхнэр гэрчилнэ. Мөн ******* наад хашаа байшингаа өөр хүнд зарчихгүй юу эсвэл банкны барьцаанд тавьчихгүй юу? гэж байсан. Энэ асуудлыг мэдснээс хойш манайх тухайн хашаа байшинд амьдрахгүй, хуучин байсан хашаа байшиндаа буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Шандын Ундаргын 19-25 тоот амьдарч байгаа. Гэтэл 380 вт-ын станц мэтээр ойлгуулчихаад өмгөөлөгчөөс зөвлөгөө аван худал тайлбар өгчээ. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй." гэж заасан байна. Хариуцагч ******* дээр дурдсан үйлдлийг гаргаснаар би худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Учир нь хариуцагч ******* нь 6000 вт станц мөн буюу бодит нөхцөл байдлыг мэдсээр байж надад буруу ойлголт төрүүлсэн. Би хариуцагчаас маргаан бүхий хашаа байшинг 21 000 000 сая төгрөгөөр худалдаж авсан байхад хариуцагч дээрх хэлцлийг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн байшинг 8 000 000 төгрөг, хашаа газрыг 3 000 000 төгрөгөөр зарсан мэтээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож 21,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Миний бие ******* нь Орхон аймаг БӨ сум ******* тоот хашаа байшин, газраа зарахаар хашаандаа зар тавьсан байсан ба уг зарын дагуу ******* 2-З удаа ирж уулзан үзэж байгаад худалдан авахаар болж бид үнэ хөлсөө тохирч 2 талын хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний дагуу би өмчлөлд нь хашаа байшингаа шилжүүлж, Бүрэнсайхан надад мөнгө төгрөгөө төлсөн болно. Худалдсан үнэ дээр ямар нэгэн маргаан байхгүй ба 20 000 000 төгрөг дансаар харин 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 21 сая төгрөг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлээ намайг худалдаж буй эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг өгөөгүй энэ нь хашаа байшингийн хажууд 6000 вт-ийн цахилгаан станцтай болохыг сая олж мэдлээ. Надад анх 380 вт цахилгаан станц гэж худал мэдээлэл өгсөн гэжээ. Бүрэнсайхан уг хашаа байшинг 2-З удаа ирж үзсэн ба цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна нь байгаа бөгөөд энэ нь хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл надад байхгүй, тэгэх ч боломжгүй юм. Худалдаж авахдаа замын ойролцоо таалагдаж байна гэж яриад л авах болсон. Би заавал ав гэж шахаж шаардаагүй. Харин хашааны гадаа байгаа цахилгаан станцын тухайд бол 380вт-ын хүчдэл авч ашиглаж блок хийж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл уг байдлыг гуйвуулан 6000 вт-ын цахилгаан станцыг 380 вт-ын цахилгаан станц гэж буруу ойлгуулсан мэтээр бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол би Шандын 36-4 тоот хаягт байх хашаа байшинг худалдсан болохоос биш 6000 вт-ын цахилгаан станц зараагүй. Харин уг хашаа байшингийн эргэн тойрон, ойр орчимд харагдаж буй цахилгаан станцыг өөрөө сайн судлаад шийдвэрээ гаргах эрх нь өөрт нь байгаа гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ : ...Хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станц байгааг саяхан олж мэдсэн,...айлуудыг нүүх шаардлага тавьсан байсаныг зарах үедээ хариуцагч хэлээгүй,Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж тодорхойлон ******* ТӨХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. / хэргийн 1-2,23-25,40 дүгээр тал /

Хариуцагч ******* нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд ямар нэгэн хууран мэхлэх нуун дарагдуулах зорилго байгаагүй, хашаа байшингаа зарж банкны зээлээ төлөх зорилготой байсан, хашаа байшинг худалдан авах үед түүний ойролцоо байгаа 6000 вт станцын талаар нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан, мөн байшингийн дээр 380 вт-ын шугам байгаа талаар хэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлаа Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар буюу эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэсэн заалтыг үндэслэл болгож байна.

*******, ******* нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шандын 36-4 тоот байршилтай, хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т хашаа байшингийн үнэ 21,000,000 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар болон эд хөрөнгийн доголдлын талаар талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед хариуцагч хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станц байгаа, айлуудыг нүүх шаардлага тавьсан байсныг худалдах үедээ хариуцагч хэлээгүй, хэрвээ энэ талаар хэлж мэдэгдсэн бол худалдах, худалдан авах гэрээг байгуулахгүй, хашаа байшинг худалдан авахгүй байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь нуун дарагдуулсаныг мэдсэн талаараа..... Гэтэл худалдаж авсны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын эхээр манай паар халахаа байгаад арын айлын хүн манай сантехникийг янзалж өгч байсан гэдгийг тэр ахаас сонсоод оруулж ирж, паараа янзлуулахдаа би энэ станц 380 вт-ын станц юм байна гэхэд нь тэр ах үгүй ээ энэ чинь 6000 вт-ын станц байгаа юм, ЭБЦТС-аас ирж энэ хавийн айлыг Мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан гэж хэлсэн гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь худалдаж авсан байшингийнх нь дээгүүр цахилгааны утас явсан байсан ба тэр нь яндангийн утаанд түлэгдчихсэн, байшингийн дээврийн ирмэгт байсан цахилгааны утсыг даавуугаар боочихсон байсан, ЭБЦТС-аас өгсөн мэдэгдэх хуудсанд ******* гарын үсэг зурсан байсныг болон хариуцагч ******* тухайн цахилгаан утсыг чангалуулах хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж байсныг олж мэдсэн байна.

Нэхэмжлэгч энэ тухай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******тай уулзахад тэр станц нь 6000 вт-ын станц мөн болохыг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн байгалийн эрсдэл болоход хааш, хааш 25 м-ийн зайнд байгаа бүх хүн амьтан эрсдэнэ, наад хашаа байшингаа өөр хүнд зарчихгүй юу эсвэл банкны барьцаанд тавьчихгүй юу? гэж хэлж байсан гэжээ.

Дээрх байдлыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч үүнийг нуун дарагдуулсныг хожим мэдсэн гэж үзэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгч *******д худалдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шандын 36-4 тоот хашаа байшин нь 6000 вт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын шугам сүлжээнд тогтоосон хамгаалалтын зурвасын дотор байрладаг болох нь тогтоогдсон байна.

Энэ нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг зөрчсөн тул хамгаалалтын зурвасыг чөлөөлөх талаар тэнд оршин суудаг 50-60 өрхөд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээТӨХК-наас удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж байсан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Түүнчлэн Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2,2.3-д зааснаар эрчим хүчний шугам сүлжээнд хамгаалалтын зурвас тогтоосон байдаг,үүнд дэглэм сахиулах,хяналт тавих үүргийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээТӨХК хариуцдаг байна.

Шүүх хуралдаанд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээТӨХК-д эрчим хүчний байцаагч ажилтай гэрч н.Равсалням тухайн багт оршин суудаг айл өрхүүдийг хариуцдаг байх бөгөөд компаниас өгсөн үүрэг даалгавар болон ажил үүргийнхээ хуваарийн дагуу шаардлага тавьж мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан талаар мэдүүлж байна.

Хариуцагч ******* худалдаж байгаа хашаа байшин нь 6000 вольтын цахилгаан станцын хамгаалатын зурвас дотор байрладаг, түүнийг болон бусад айлуудыг нүүх шаардлага тавьсан байсныг худалдах үедээ санаатай болон болгоомжгүй ямар хэлбэрээр нуун дарагдуулсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцоход нөлөөлөхгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ түүнийг хууран мэхлэх зорилго агуулсан эсвэл өр төлбөрөө барагдуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан, энэ үед хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлын талаар зориуд нуун дарагдуулсан, энэ талаар хэлэхээ мартсан зэргээс шалтгаалахгүйгээр тэрээр мэдэгдэх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй бол түүнийг нуун дарагдуулсан гэж үзнэ. Энэ талаар нэхэмжлэгч хөрш айлуудаас хожим олж мэдсэн нь шаардах эрхийн үндэслэл болж байна.

Мөн өндөр хүчдэлийн станцын шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлаж байгаа хашаа байшин нь байгалийн болон гэнэтийн аваар саатал, түүнчлэн цахилгаан дамжуулах шугам, дэд станцад гэмтэл гарсаны улмаас гал гарах, хүн амьтан осолдох, эд хөрөнгө устаж үгүй болох болон бусад эрсдэл хохирол учрах аюултай нөхцөл байдалд оршдог байна.

Хариуцагч нь хашаа байшинг анх худалдан авах үед тухайн газар нь Засаг даргын захирамжийн дагуу олгогдсон газар байсан байх ба холбогдох байгууллага зөвшөөрөл олгосон эсэх, хамгаалалтын зурваст олгогдож байгаа тул хууль тогтоомж зөрчиж байгаа талаар санал бодлоо илэрхийлж хориглож байсан эсэх нь тодорхойгүй, энэхүү байдал нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч *******аас 21.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 36-04 тоотод байршилтай, 86.5 метр квадрат талбайтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 36-04 тоотод байршилтай, ******* тоот нэгж талбарын дугаартай, 672 метр квадрат талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг *******ын өмчлөлд шилжүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262, 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 262,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН