Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2018/00093

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй хариуцагч

*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Т.Ганбат, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00557 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Булганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн *******аас Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 36-4 тоот хаягт байрлах хашаа байшинг худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг 21.000.000 сая төгрөгөөр худалдан авсан боловч худалдах худалдан авах гэрээг хариуцагч талын хүсэлтээр 11.000.000 төгрөгөөр болгон байгуулсан. 20.000.000 төгрөгийг нь хариуцагчийн дансаар шилжүүлж, 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нөгөө талаас хууль болон гэрээнд зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал миний бие маргаан бүхий хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станцтай болохыг саяхан олж мэдсэн. Хариуцагч нь надад анх гэрээ байгуулахдаа 3800 вольтын станц хэмээн худал мэдээлэл өгсөн. Гэрээ байгуулсны дараа Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх станц ТӨХК нь тус газрын айлуудыг 45 хоногийн дотор нүүх шаардлага тавьсан, хэрвээ нүүхгүй бол ямар нэгэн эрсдэл гарвал манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг илэрхийлсэн баримтанд гарын үсэг зуруулж авсан болохыг мэдэж авлаа. *******т энэ талаар уулзахад мэдэж байсан болохоо хүлээн зөвшөөрч өөр хүнд зарчихгүй юу гэсэн хариуг өгсөн. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь Орхон аймаг БӨ сум Шанд 36-4 тоот хашаа байшин, газраа зарахаар хашаандаа зар тавьсан байсан ба уг зарын дагуу ******* 2-З удаа ирж уулзан үзэж байгаад худалдан авахаар болж бид үнэ хөлсөө тохирч 2 талын хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний дагуу би өмчлөлд нь хашаа байшингаа шилжүүлж, Бүрэнсайхан надад мөнгө төгрөгөө төлсөн болно. Худалдсан үнэ дээр ямар нэгэн маргаан байхгүй ба 20.000.000 төгрөг дансаар харин 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 21 сая төгрөг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлээ намайг худалдаж буй эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг өгөөгүй энэ нь хашаа байшингийн хажууд 6000 вт-ийн цахилгаан станцтай болохыг сая олж мэдлээ. Надад анх 380 вт цахилгаан станц гэж худал мэдээлэл өгсөн гэжээ. Бүрэнсайхан уг хашаа байшинг 2-З удаа ирж үзсэн ба цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна нь байгаа бөгөөд энэ нь хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл надад байхгүй, тэгэх ч боломжгүй юм. Худалдаж авахдаа замын ойролцоо таалагдаж байна гэж яриад л авах болсон. Би заавал ав гэж шахаж шаардаагүй. Харин хашааны гадаа байгаа цахилгаан станцын тухайд бол 380 вт-ын хүчдэл авч ашиглаж блок хийж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл уг байдлыг гуйвуулан 6000 вт-ын цахилгаан станцыг 380 вт-ын цахилгаан станц гэж буруу ойлгуулсан мэтээр бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол би Шандын 36-4 тоот хаягт байх хашаа байшинг худалдсан болохоос биш 6000 вт-ын цахилгаан станц зараагүй. Харин уг хашаа байшингийн эргэн тойрон, ойр орчимд харагдаж буй цахилгаан станцыг өөрөө сайн судлаад шийдвэрээ гаргах эрх нь өөрт нь байгаа гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00557 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ******* нь ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21.000.000 төгрөг гаргуулах *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсан. Хүчин төгөлдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь гэрээ байгуулсан талуудад шаардлага ба үүргийг үүсгэдэг. Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэг, талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдэгдэх хуудсаар Шанд баг 36-4 тоотод оршин суугч Чулуунбаатарт хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, шаардлагыг биелүүлээгүйгээс байгалийн болон гэнэтийн аваар саатлын улмаас осолдох болон бусад, эрсдэл хохирол үүссэн тохиолдолд компани хариуцахгүй болохоо мэдэгдсэн байдаг. Гэтэл хариуцагч нь энэхүү мэдэгдлийн талаар, тухайн худалдаж буй газар нь хамгаалалтын зурвас дотор байдаг талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан. Хэлцлийн нөгөө талд заавал мэдэгдэж, мэдээлэх ёстой, түүнд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нуун дарагдуулсан бол Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан нуун дарагдуулснаар хууран мэхэлсэн үйлдэл хэмээн тооцно. Бусдаас үл хамааран бие дааж хэлцэл хийх эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулагч бүх этгээд уг гэрээ түүнд ашигтай эсэх талаар мэдээлэл авах, мэдээллээр хангагдах эрхтэй. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдэгдэх хуудсыг Чулуунбаатар хүлээж авч гарын үсэг зурсан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус мэдэгдэлд зурагдсан гарын үсэгтэй хариуагч тал маргаагүй юм. Тус мэдэгдлийг хүлээж авсанаар хариуцагч нь маргаан бүхий газар, хашааг хамгаалалтын зурваст байгааг мэдсэн байдаг. Тухайн мэдэгдэл нь хүний амь нас, эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой ба нөгөө талын хүсэл зоригоо бүрэлдүүлэх, илэрхийлэхэд онцгой чухал ач холбогдолтой нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч лавлаж асуусныг эс харгалзан хариуцагч заавал мэдээлж, мэдэгдсэн байх үүрэггэй юм. Хариуцагч нь тус мэдэгдлийн талаар, тухайн газар хамгаалалтын бүсэд байдаг талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн бол нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдах эсэх нь эргэлзээ юм. Хариуцагч нь тус газар хамгаалалтын бүсд байдаг талаар мэдээлэх үүргээ зөрчин бодит үнэн, нөхцөл байдлыг нуун дарагдуулахыг оролдсон. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй зөвхөн станцын хүчин чадлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газар худалдах худалдан авах гэрээ, болон тус газар дээр оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулж байхад гэрээний гол зүйл болох газрын талаар мэдээлэл өгөөгүй нь зөв мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан тусгай ангийн зохицуулалтыг хэрэглэж өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй бөгөөд шаардах эрхийн хугацаа дууссан мэтээр дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа нөхцөлд шүүх тухайн асуудлаар дүгнэлт хийлгүй шууд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээний хувьд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь тухайн шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болгож байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт нуун дарагдуулсан нөхцөл байдлыг нөгөө тал хожим мэдсэн тухайн үеэс шаардах эрхтэй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч худалдаж авсан газар нь эрчим хүчний хамгаалалтын бүсэд ордог болох мөн Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тухайн газрын талаар мэдэгдэл ирсэн болохыг хойд талынхаа айлаас мэдэж, мэдсэнээр шууд шүүхэд хандсан. Талууд доголдолтой эд хөрөнгийн талаар маргаагүй харин зохигчдын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх талаар байхад талуудын маргаагүй үндэслэл болох доголдолтой эд хөрөнгийн дүгнэлт хийж байгаа нь маргааны үндэслэлийн талаарх дүгнэлт хийгээгүй харуулж байх ба энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гэрчээр хөрш айлын Эрдэнэбаяр гэх хүнээс анх хамгаалалтын зурваст байрладаг, зурвасыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн байдаг тухайд мэдсэнээ дурьдаад шүүхэд түүнийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргахад шүүх хэрэгт ач холбогдол бүхий байдлыг нотлох гэрчийг оролцуулахгүй шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцсон нотлох баримт байхгүй гэж заасныг зөрчиж байна. Энэ нь мөн хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохдоо гэрчээс мэдүүлэг авахаар хүсэлт гаргах замаар нотлох ажиллагааг явуулдаг. Гэтэл шүүх оролцогчийн ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрхийг нь хангалгүй шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийг эрхийг зөрчсөн болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 ны 05-р сарын 29-ний өдрийн 557 дугаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө /хашаа байшин газар/ худалдах худалдан авах 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож 21.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шандын 36-4 тоот хашаа байшинг худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж үнэ 21.000.000 төгрөг төлөгдөж нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгч *******ы нэр дээр шилжсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд үндэслэн тодорхойлсон байх ба Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч 1 тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн тайлбар гарган шаарджээ.

Хариуцагч ******* нь хашаа байшингаа зарахаар хашаандаа зар тавьсан байхад ******* 2-3 удаа ирж уулзан үзэж байгаад худалдан авахаар болж үнэ хөлсөө тохирон 2 талын хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Намайг худалдаж буй эд хөрөнгийн үнэн зөв мэдээллийг өгөөгүй, хашаа байшингийн хажууд 6000кв цахилгаан станцтай болохыг сая мэдлээ.Надад 380 кв станц гэж худал мэдээлэл өгсөн гэжээ.

******* хашаа байшинг 2-3 удаа ирж үзсэн, цахилгаан станц нь манай хашаан дотор биш гадна байгаа хэнд ч ил тод харагдаж байгаа. Би цахилгаан станцыг хааж халхалсан зүйл байхгүй тэгэх ч боломжгүй. Хашаа байшин худалдсанаас 6000кв цахилгаан станц зараагүй өөрөө эргэн тойрон ойр оримд байгаа станцыг өөрөө сайн судлаад шийдвэрээ өөрөө гаргах эрх нь байгаа гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хашаа байшин худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед хашааны гадна 6000кв цахилгаан станц байсан бөгөөд уг станцын хүчин чадлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Хариуцагч ******* нь 380 кв станц гэж буруу мэдээлэл өгөөгүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсонд талууд хүсэл зоригоо илэрхийлж худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж эд хөрөнгө худалдан авагчид шилжсэн, энэхүү гэрээгээр өөр ямар нэг хэлцлийг халхавчилсан, хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243, 59 дүгээр зүйлд нийцсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Баян-Өндөр сум шанд баг 36-4 тоот хашаа байшин газар худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Тухайн хашаа байшингийн гадна байрлаж байгаа 6000кв цахилгаан станц нь Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмчлөлийн хөрөнгө байх ба зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд хамааралгүй, зохигчдын хооронд анх гэрээ хийхээр үзэж судалж байхад харагдахуйц байрлалтай байсан, түүний хүчин чадлын талаар хариуцагч ******* мэдээлэл өгөх үүрэггүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан болон хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй болно.

Хууран мэхлэх нь үүссэн нөхцөл байдлын талаар санаатайгаар хууран мэхлэх зорилго агуулж бодитой үйлдэл хийсэн байхыг шаардах бөгөөд өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдлын талаар ташаа зүйлийг баталж нотлох, үнэмшүүлэхийг оролддог.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх хууль хэрэглээний хувьд зохигчдын хооронд хийгдсэн үндсэн гэрээний зохицуулалтыг хэрэглээгүй байх тул энэ үндэслээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний 142/ШШ2018/00557 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3 гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНБАТ

С.УРАНЧИМЭГ