Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/01299

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/01299

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 16а Засгийн газрын 11- байранд байрлах, *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р баг, Говил дэнжийн 14-р байранд байрлах ******* ХХК,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг Говил , 100 айл гудамж ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нарт холбогдох,

 

зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 206.737.877 гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн *******гийн захирал Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Хатан энхрий ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2017/3-185 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 400,000,000 / Дөрвөн зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 9 ширхэг үл хөдлөх хөрөнгө, газар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 3737800 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 457 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2017/З-185 тоот зээлийн гэрээг хуагцаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 200.000.000 төгрөг, зээлийн хүү 6602346 төгрөг, алданги 106531 төгрөг, нотариатын зардал 29000 төгрөг, нийт 206.737.877 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг болох 206 737 877 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Зээлдэгч ******* ХХК нь *******гаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2017/3-185 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд барьцаанд доорх 9 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан байдаг. Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөр 3.737.800 төгрөгийн төлж барагдуулсан байна. ... Манайх журамдаа заасны дагуу зөрчилгүй зээлдэгчид барьцаа хөрөнгийг төлсөн үнийн дүнд нь тааруулаад хэсэгчлэн чөлөөлөх журам байдаг. Нэгэнт зөрчил үүсээд шүүхэд ирсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй. ...Тухайн үед яаж үнэлсэн асуудлыг би мэдэхгүй, гэрээ байгуулахдаа 400 000 000 төгрөгийн гэрээ байгуулаад 200 000 000 төгрөг авсан нь тухайн үеийн удирдлагуудын асуудал байсан. 2014, 2017 онд манайхаас дутуу санхүүжилт авсан хэд хэдэн байгууллага байдаг. Яагаад тэгсэн талаар цаасан баримт байхгүй учир энэ тал дээр хэлэх зүйл байхгүй. Бид журмынхаа дагуу ажилладаг гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн захирал Оюунгэрэл миний бие 2016 оны 12 сард Жижиг днуд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарлагдсан төсөлд сонгон шалгараад 2017 оны 5 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ хийж орон сууц, хашаа байшин, газар зэрэг 700.000.000 төгрөгийн үнэлгээтэй 9 үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар хийгдсэн. Гэвч 2017 оны 07 сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж эхний санхүүжилт болох 200.000.000 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Үлдэгдэл санхүүжилт нь оны өмнө орж ирнэ гэснээр бид тооцоогоо хийж эхний санхүүжилтээр ажлын байр тоног төхөөрөмжийн урьдчилгаагаа өгсөн. Сүүлийн санхүүжилтээр ажлын байр, үлдэгдэл тоног төхөөрөмжинй төлбөрийг бүрэн дарж мөн эргэлтийн хөрөнгө хийнэ гэсэн тооцоотой үлдэгдэл санхүүжилтийг хүлээж байсан боловч сайд солигдсон үндэслэлээр үлдэгдэл санхүүжилт ороогүйгээс манай компани ийм байдалтай болсон. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн удирдлага болон шат шатны мэргэжилтэнгүүдэд удаа дараа албан хүсэлт өгч илүү тавьсан барьцаа хөрөнгөө суллуулж эргэлтийн хөрөнгөтэй болох хүсэлтэйгээ хэлсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай компанитай хийсэн зээлийн гэрээн дээрээ 1-рт ажлын 10 хоногт санхүүжилтээ олгоно гэсэн заалтаа зөрчсөн. 2-р дараагийн санхүүжилт ороогүйгээс болж манай компани дампуурах байдалд орсон учраас зээлийн гэрээний мөнгөнөөс барьцааны гэрээний үнийн дүн нэг дахин илүү байгаа учраас Орхон аймгийн Цагаан чулуут багт байгаа хашаа байшинг суллаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Тэгж байж зээлээ төлөх хөрөнгө эргэлдэх боломжтой болох гээд байна гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэрээ хийгдсэнээс хойш олон дарга солигдож байгаа. 8 сард бид нар 200 000 000 төгрөг олгоё гэхэд нь дараагийн 200 000 000 төгрөг хэзээ орж ирэх юм бэ? гээд хөрөнгө авах хуваарилалтаа гаргаад ороход 200 000 000 төгрөг л оны өмнө намрын санхүүжилтээс шийдэгдэнэ гэж байсан. Эдний талаас зээлийн гэрээний дагуу 10 хоногт санхүүжилт олгоно гэсэн гэрээний заалтаа зөрчсөн. Хүлээж байтал 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуудаад тал санхүүжилтийг олгох боломжтой байна, тал нь хүрэхгүй гээд 2017 оны 08 дугаар сарын 02-нд санхүүжилт орсон. н.Батзориг сайдын буруу гаргасан шийдвэрээр манай санхүүжилт хүрэхгүйн улмаас гэсэн А/29 гэсэн тушаал гаргасан байсан. Тэгээд 1 сард манайд албан бичиг өгөөд ажлын 30 хоногийн дотор хариу мэдэгдэл өгнө үү гэж ирсэн. Хариу мэдэгдэл өгөхдөө бид нар энэ гэрээг цуцлуулах боломж байхгүй. Эхний санхүүжилтийг зарцуулсан байгаа гэж буцаагаад хариу хүргүүлэхэд тушаал гаргаад манайд орох ёстой байсан 200 000 000 төгрөгийг цуцалсан байсан. Санхүүжилтгүй байсан мөртлөө өөрсдийн таньдаг компаниуддаа өгсөн байсан. Бид нар хүлээлттэй горьдлоготой явсаар байгаад өдийг хүргэсэн. Хэрвээ дараагийн санхүүжилт ороод ирсэн бол үйлдвэрээ хөгжүүлээд тэр намар нөөцийн хөргүүрээ бариад үйлдвэр жигд явж байх байсан боловч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас болоод үйлдвэр зогсчихсон, эргэлтийн хөрөнгөгүй болсон.... Төсөл дээрээ үйлдвэрийн байртай болно гэж бичсэн байсан. Үйлдвэрийн байртай болохын тулд 180 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө авна гээд 100 000 000 төгрөгийг шууд зээлийн мөнгөө аваад тэр хүмүүсийн дансанд шилжүүлсэн. Тэр байрандаа хөргөгч хөргүүр бариулна гэж Инженер стандарт гэдэг компани руу урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. Үйлдвэрээ Улаанбаатар хот руу шилжүүлэх гэж байсан юм. Тэгээд мөн 3 хөргүүртэй борлуулалтын машин авна гээд мөнгөө шилжүүлчихсэн байсан. Дараагийн мөнгө ороод ирвэл бид нар нөөцөө хийнэ гээд төлөвлөсөн байсан чинь дараагийн санхүүжилт нь орж ирэхгүй болоод эргэлтгүй болоод үхмэл хөрөнгө үүсээд үл хөдлөхөө авсан зүйл байхгүй болсон гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч Хатан энхрий ХХК, Б.Хатанбаатар нарт холбогдуулан 2017 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 206.737.877 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* ...*******тай 400.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 200.000.000 төгрөгийг олгож, үлдэх санхүүжилтийг олгоогүйн улмаас манай байгууллага үйлдвэр барих, тоног төхөөрөмж худалдан авах чадваргүй болж үйл ажиллагаа зогссоноос авсан зээлээ эргүүлж төлөхөд хүндрэлтэй болсон, ...үйл ажиллаагаа явуулах, эргэлтийн хөрөнгөтэй болох зорилгоор барьцааны эд хөрөнгөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй тул бид зээлээ төлж чадахгүй болж хохирсон... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Зохигчдын хооронд 2017 оны 05 сарын 18-ны өдөр хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх төслийн зориулалтаар 400.000.000 сая төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байна./хх-ийн 8-26-р тал/

Уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч ******* хариуцагч ******* ХХК, хариуцагч Б.Хатанбаатар нарт 400.000.000 сая төгрөгийг шилжүүлэх ёстой байсан боловч 200.000.000 сая төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 200.000.000 төгрөгийг санхүүжилтгүй болсон үндэслэлээр зээлдэгчид шилжүүлээгүй, энэ талаар зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно, гэж тус тус заасан байх ба зохигчдын хооронд 2017 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 400.000.000 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч байгууллага биелүүлээгүй, өмнө байгуулсан зээлийн гэрээг цуцлаагүй, гэрээндээ өөрчлөлт оруулаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаж ирүүлээгүй ба харин хариуцагч ******* ХХК, Б.Хатанбаатар нарт шилжүүлсэн 200.000.000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, эргэн төлөх хугацааг талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хүү, алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хариуцагч ******* ХХК, Б.Хатанбаатар нарт холбогдуулан гаргасан 2017 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлийн хүүд 6.602.346 төгрөг, зээлийн алданги 106.531 төгрөг, нотариатын зардал 29.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин зохигчдын хооронд 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэсэн зээлсэн 200.000.000 төгрөгийг хариуцагч Хатан энхрий ХХК, Б.Хатанбаатар нар хариуцах үндэслэлтэй байх тул тэдний зээлийн хүүд төлсөн 3.737.800 төгрөгийг зээлсэн 200.000.000 төгрөгийн төлбөрөөс хасч үлдэх 196.262.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* овогт ******* Хатанбаатар нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196.262.200 /нэг зуун ерэн зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.475.677 /арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан долоо/ төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК, ******* овогт ******* Хатанбаатар нараас улсын тэмдэгтийн хураамж 1.139.261 /нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ