Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 01

 

   ЖДҮС-ийн

 нэхэмжлэлтэй, хариуцагч “ХЭ” ХХК,

Б.Х нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ЖДҮС-ийннэхэмжлэлтэй

Хариуцагч: “ХЭ” ХХК, Б.Х нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 206.737.877 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиуны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ЖДҮС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч “ХЭ” ХХК нь “ЖДҮС-аас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2017/3-185 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 400,000,000 / Дөрвөн зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг өргөжүүлэх” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 9 ширхэг  үл хөдлөх хөрөнгө, газар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 3737800 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 457 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2017/З-185 тоот зээлийн гэрээг хуагцаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 200.000.000  төгрөг, зээлийн хүү 6602346 төгрөг, алданги 106531 төгрөг, нотариатын зардал 29000 төгрөг, нийт 206.737.877 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“ХЭ” ХХК-ийн захирал Ч.О миний бие 2016 оны 12 сард ЖДҮС-аас зарлагдсан төсөлд сонгон шалгараад 2017 оны 5 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ хийж орон сууц, хашаа байшин, газар зэрэг 700.000.000 төгрөгийн үнэлгээтэй 9 үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар хийгдсэн. Гэвч 2017 оны 07 сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж эхний санхүүжилт болох 200.000.000 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Үлдэгдэл санхүүжилт нь оны өмнө орж ирнэ гэснээр бид тооцоогоо хийж эхний санхүүжилтээр ажлын байр тоног төхөөрөмжийн урьдчилгаагаа өгсөн. Сүүлийн санхүүжилтээр ажлын байр, үлдэгдэл тоног төхөөрөмжинй төлбөрийг бүрэн дарж мөн эргэлтийн хөрөнгө хийнэ гэсэн тооцоотой үлдэгдэл санхүүжилтийг хүлээж байсан боловч сайд солигдсон үндэслэлээр үлдэгдэл санхүүжилт ороогүйгээс манай компани ийм байдалтай болсон. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн удирдлага болон шат шатны мэргэжилтэнгүүдэд удаа дараа албан хүсэлт өгч илүү тавьсан барьцаа хөрөнгөө суллуулж эргэлтийн хөрөнгөтэй болох хүсэлтэйгээ хэлсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй гэжээ.  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196.262.200 /нэг зуун ерэн зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.475.677 /арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан долоо/ төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ХЭ” ХХК, Урианхай овогт Баясгалангийн Хатанбаатар нараас улсын тэмдэгтийн хураамж 1.139.261 /нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун давж заалдсан гомдолдоо:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9-р байр хаягт байрлах Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Хууль, тусгай активийн хэлтсийн өр барагдуулах мэргэжилтэн А.Халиун би “ХЭ” ХХК-д холбогдох хэргийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 142/ШШ2019/01299 шийдвэртэй иргэний хэрэгт дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч байгууллагын зүгээс үндсэн зээлийн төлбөрт 200.000.000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 6.602.346 төгрөг, Зээлийн алданги 106.531 төгрөг, нотариатын зардал 29.000 төгрөг, нийт 206.737.877 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжилсэн үнийн дүнгээс 10.475.677 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч “ХЭ” ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн хугацааг 457 хоног хэтрүүлсэн талаар нотлох баримт, санхүүгийн тооцооллыг хавсаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн-ийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ хэмээн заасан.Тус хуулийн заалтыг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь зээлийн хүүгийн төлбөр болон алдангийг гаргуулж авах мөн хариуцагч тал нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-нд зааснаар сар бүрийн 20-нд үл маргах журмаар зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хариуцагч нь 457 хоногийн зөрчилтэй байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс гаргаж өгсөн санхүүгийн тооцоолол бүхий нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийн зарим хэсгийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгосон.

Мөн шүүхийн тогтоох хэсгийн 1.1-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох:

-Ч.О-ийн өмчлөлийн /Ү-2101014332/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр баг, Цагаанчулуут баг 638м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Ч.О өмчлөлийн /Ү-2101019255/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр баг, Цагаанчулуут баг 43,8 м.кв талбайтай хувийн сууц,

-Б.М өмчлөлийн /Ү-2201049723/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай СХД-ийн 23-р хороо, Хангайн 29 гудамж 16а тоот 250 м.кв талбайтай хувийн сууц,

-Б.Х-ийн өмчлөлийн /Ү-2101018434/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр, 14-р баг Говил Булагт 62 гудамж ОЗа тоот 60,7 м.кв талбайтай хувийн сууц,

-Б.Х-ийн өмчлөлийн /Г-2101009180/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр, 14-р баг Говил Булагт 62 гудамж ОЗа тоот 1045 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Б.Б, Б.Ч нарын өмчлөлийн /Ү-/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Ч.О нарын Налайх дүүргийн 1-р хороо, Баянзүрх 40 м.кв хувийн сууц,

-Б.Б, Ч.О нарын өмчлөлийн /Г-/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Налайх дүүргийн 1-р хороо, Баянзүрх 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Т.С, Б.М нарын өмчлөлийн /Г-/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай СХД-н 6-р хороо.Тоосгоны 330 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Т.С, Б.М нарын өмчлөлийн /Ү-2201017639/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай СХД-н 6-р хороо, тоот 94м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн хэсгийн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хуулийн 153.1.”Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” заалтыг зөрчиж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нь эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж дараа оны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж улсын төсөвт тусгасан байдаг. Уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хувь хүн хоорондын харилцаа биш улсын төсвийн зарцуулалт, эргэн төвлөрүүлэлттэй холбоотой асуудал гэдгийг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ЖДҮС нь хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нарт холбогдуулан 2017 оны 05 сарын 18-ны өдрийн  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 206.737.877 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196.262.200 /нэг зуун ерэн зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮС-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.475.677 /арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан долоо/ төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

ЖДҮС-аас хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төслийн зориулалтаар 400.000.000  төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд нэр бүхий 9 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

ЖДҮС хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нарт гэрээгээр 400.000.000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 31 ний өдөр 200.000.000 сая төгрөгийг дансаар шилжүүлжээ.

ЖДҮС гэрээгээр тохиролцсон 400.000.000 төгрөгөөс 200.000.000 төгрөг өгч үлдэгдэл 200.000.000 төгрөгийг өгөөгүй, хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй зохигчид зээлийн гэрээгээр хүлээсэн  үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй боловч хэн аль нь дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй байх тул Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нэхэмжлэх эрхтэй харин хариуцагч нь төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлээгүй нь  буруу болжээ.

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хамт барьцааны гэрээ хийгдсэн ба барьцааны гэрээнд нэр бүхий 9 үл хөдлөх хөрөнгийг зохигчид харилцан тохиролцож 400.000.000 төгрөгөөр үнэлжээ.

Гэхдээ энэхүү гэрээ нь 400.000.000 төгрөгийг бүрэн зээлсэн тохиолдолд нэр бүхий 9 үл хөдлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой ба харин нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хариуцагчийн буцаан төлөх мөнгөн дүнгээр хангуулж үлдэх хэмжээгээр барьцаа хөрөнгийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиуны давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01299 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196.262.200 /нэг зуун ерэн зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮС-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10.475.677 /арван сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан долоо/ төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225,1.-д зааснаар ЖДҮС-ийн хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нартай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  2017/3-185 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1., 232.6.,-д тус тус зааснаар хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 200.000.000 төгрөг, зээлийн хүүд 6.602.346 төгрөг, алданги 106.531 төгрөг, нотариатын зардал 29.000 төгрөг нийт 206.737.877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-т зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаалагдсан нэр бүхий 9 үл хөдлөх хөрөнгөнөөс төлбөл зохих төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 193.262.123 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 1.139.261 /нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай ...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ХЭ” ХХК, Б.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 1.191.639 /нэг сая нэг зуун ерэн нэгэн зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР