Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0003

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2019        01             23                                               03

 

                 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1673 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нд холбогдох

Зээлийн төлбөр 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга /  төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.Б нь Б.Нд 2015 оны 11 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 2015 оны 12 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7,5 хувийн хүүтэй, 2016 оны 02 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр нийт 13,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан Д.Наранбямбын ХААН банкны 5024387063 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс 2015 оны 12 сарын 07-ны өдөр зээлүүлсэн 5,000,000 төгрөг, 2016 оны 02 сарын 09-ний өдөр зээлүүлсэн 3,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу сар бүр хүүг төлж үндсэн зээлийн хүүг хамт бүрэн төлсөн болно. Харин 2015 оны 11 сарын 24-ний өдөр зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийн зээлийн хугацааг харилцан тохиролцож сунгасны дагуу гэрээнд заасан сарын хүүг 2018 оны 01 сарын 24-ний өдөр хүртэл сар бүрийн 24-нд Н.Бгийн ХААН банкны 5034080606 тоот данс руу шилжүүлж байсан ба 2018 оны 02 сарын 19-ний өдөр уг зээлийг бүрэн эргүүлж төлөхөөр болсон. Ингээд 2018 оны 01 сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хүү 280,000 төгрөг мөн үндсэн зээлээс 2,000,000 төгрөгийн хамтаар нийт 2,280,000 төгрөгийг 2018 оны 02 сарын 19-ний өдөр Н.Бгийн ХААН банкны 5034080606 дансанд шилжүүлж 3,000,000 төгрөгийг нь өгөөгүй. Иймд үлдэгдэл 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н тайлбартаа: Би 2015 оны 11 сарын 24-ний өдөр Н.Бтай харилцан тохиролцож 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 24-нд дууссан бөгөөд үүнээс хойш хугацаа сунгах эсэхийг талууд харилцан тохиролцохоор заасан. Гэрээний 1 сарын хүү 350,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссаны маргааш өдөр буюу 2015 оны 12 сарын 25-нд төлсөн. Гэрээ сунгаагүй. Үүнээс хойш миний бие зээлсэн мөнгөн төлбөрөө сайн дураараа сар бүрийн 24, 25-ны өдрүүдэд хэсэгчлэн төлсөөр нийт 11,030,000 төгрөгийг зөвхөн энэ 5,000,000 төгрөгийн төлбөрт төлсөн. Бидний хооронд гэрээ сунгасан тухай тохиролцоо хийгдээгүй бөгөөд төлбөр авагч төлбөрөө хэсэгчлэн барагдуулаад яваарай гэсний дагуу миний бие сайн дураар төлбөрийг төлж бүрэн барагдуулсан. Би Н.Бгаас нийт 13,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн төлбөрт миний бие 2018 оны 02 сарын 29-ний байдлаар 29,500,000 төгрөгийн төлбөрийг хүүгийн хамт Н.Бд шилжүүлсэн. Үндсэндээ 13,000,000 төгрөг авч 29,500,000 төгрөг болгож 2 дахин өсгөж төлбөрийг төлсөн. Цаашид миний бие нэг ч төгрөгийг Н.Бд төлөх үүрэггүй бөгөөд Н.Бгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1673 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Нас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо:  Хариуцагч Б.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үндсэн дээр 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг зээлсэн байдаг. Зээлийг хариуцагч тал төлсөн хэдий ч дутуу төлсөн тул үлдэгдэл төлбөр болон хүү алданги тооцоод 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс, нэхэмжлэгч нотлоогүй гэдгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юмаа.  Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.2, 232.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээтэй тул хариуцагч Б.Нас төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Б.Н нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг 3 удаа  байгуулж, нийт 13 сая төгрөг өгч, авсан байх ба нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сард  шилжүүлсэн 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг, алданги 1,500,000 төгрөгийн хамт нэхэмжилжээ.

Зохигч зээлийн гэрээндээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүү тогтоож,  үүргээ хугацаанд нь  гүйцэтгэхгүй бол мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөхөөр  бичгээр тохирсон  байх бөгөөд  гэрээ нь  хуульд заасан  хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Зохигч гэрээний дагуу тохирсон мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар маргаангүй байх ба харин зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх, үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэрээний хугацааг сунгасан” гэж тайлбарлахдаа зээлийн гэрээнд “Сунгав XII/24, 2016 01/24 ...2018.01.24, 02.19” гэж бичсэн тэмдэглэгээг үндэслэжээ. Уг тэмдэглэгээнд гэрээг хэдийд, ямар нөхцөл, үндэслэл, хугацаагаар сунгасан тухай талуудын тохиролцоо тусгагдаагүй учир түүнийг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй юм.

Талууд гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ үйлдээгүйн дээр хариуцагч “зээлсэн мөнгөн төлбөрөө сайн дураараа сар бүрийн 24, 25-ны өдрүүдэд хэсэгчлэн төлсөн” гэж тайлбарлаж байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх, хариуцагчийг зөвхөн хүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Бгийн данс руу хариуцагч Б.Н-ын Хаан банкны 5024387063 данснаас болон нэр, утасны дугаараа бичиж шилжүүлсэн орлогыг тооцоход 29,070,000 төгрөг болж байх ба аль гэрээний үүрэгт хэдэн төгрөг шилжүүлснийг  тодорхойлох боломжгүй байна. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Н.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

                                    ШҮҮГЧИД                                       Ё.БЯМБАЦЭРЭН            

                                                                                            Б.СОСОРБАРАМ