Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 01673

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н-д холбогдох,

Зээлийн төлбөр 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.Б нь Б.Нд 2015 оны 11 сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 2015 оны 12 сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг 7.5 хувийн хүүтэй, 2016 оны 02 сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр нийт 13.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан Д.Нын ХААН банкны 5024387... тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс 2015 оны 12 сарын 07-ны өдөр зээлүүлсэн 5.000.000 төгрөг болон 2016 оны 02 сарын 09-ний өдөр зээлүүлсэн 3.000.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу сар бүр хүүг төлж үндсэн зээлийн хүүг хамт бүрэн төлсөн болно. Харин 2015 оны 11 сарын 24-ний өдөр зээлдүүлсэн 5.000.000 төгрөгийн зээлийн хугацааг харилцан тохиролцож сунгасны дагуу гэрээнд заасан сарын хүүг 2018 оны 01 сарын 24-ний өдөр хүртэл сар бүрийн 24-нд Н.Бгийн ХААН банкны 5034080... тоот данс руу шилжүүлж байсан ба 2018 оны 02 сарын 19-ний өдөр уг зээлийг бүрэн эргүүлж төлөхөөр болсон. Ингээд 2018 оны 01 сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хүү 280.000 төгрөг мөн үндсэн зээлээс 2.000.000 төгрөгийн хамтаар нийт 2.280.000 төгрөгийг 2018 оны 02 сарын 19-ний өдөр Н.Бгийн ХААН банкны 5034080... дансанд шилжүүлж 3.000.000 төгрөгийг нь өгөөгүй. Иймд үлдэгдэл 3.000.000 төгрөг, мөн 3.000.000 төгрөгийн алдангийг 0.5 хувиар тооцсон 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод амьдрах охин Н.Бд орон сууц авахад нь зориулж 5.000.000 төгрөгийг өөрийн хувийн зүгээс өгсөн. Гэтэл тухайн үед намайг охиныхоо гэрт байж байхад энэ хэргийн хариуцагч Н гэж хүн “чи надад наад 5.000.000 төгрөгөө 7 хувийн хүүтэйгээр зээлээч энэ мөнгийг би цааш нь өөр хүнд хүүтэйгээр зээлүүлэх гэж байгаа юм” гээд гуйж байсан. Энэ үед охин маань итгээд энэ хүнд мөнгөө зээлүүлсэн. Уг үйл явдлын дараа буюу 2015, 2016 онуудад мөн адил дахин зээл авсан байдаг. Гэхдээ уг зээлүүдийн асуудал цэгцэрсэн, ямар нэгэн асуудал байхгүй болсон. Харин анхны зээлийг авснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2018 оны 2 дугаар сарын    20-ны өдөр “анх зээлсэн мөнгөний үлдэгдлээ авмаар байна” гэхэд “би чамд мөнгө төгрөгийг чинь нааш нь цааш нь болгож зөндөө ажил хийж өгсөн, энэ мөнгийг чинь өгч чадахгүй” гээд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь өгөхгүй болсон байдаг. Тэгэхээр нь би түүнтэй очоод уулзахад “Б бид хоёрын асуудал, танд хамаагүй асуудал” гэсэн. Тэгээд одоо хүртэл мөнгийг минь өгөхгүй хохироож байна. Миний хувьд түүний төрсөн эхтэй төрсөн ах дүүгийн хүүхдүүд юм. Энэ хүмүүст миний хувьд зөндөө тусалж байсан бөгөөд хүний мөсгүй зан чанар гаргаж байгаад нь үнэхээр дургүй хүрч байна. Энэ асуудал шийдэгдэхгүй удаж байгаа бөгөөд нааштай шийд гарна гэдэгт итгэж байна. Хариуцагч Б.Нын тухайд анх байгуулсан гэрээний хугацаа дуусахад “одоо цаашид дахин хугацаа сунгах шаардлагагүй” гэж хэлээд учир явдлаа тайлбарласан бол өнөөдөр ийм асуудал болохгүй байсан. Бидний зүгээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар “гэрээний талууд хоорондоо харилцан тохиролцсон бол дахин гэрээ байгуулахгүйгээр хугацаа сунгаж болно” гэх заалтын дагуу уг зээлийн гэрээг сунгаад явсан. Харин ч энэ хүнээс одоо нэхэмжилж байгаа 4.500.000 төгрөг дээрээ нэмээд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд алданги тооцмоор байгаа юм. Уг зээлийн маргааны асуудлаар миний зүгээс сум орон нутагт тус шүүхээс эвлэрүүлэн зуучлагч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр очсон байхад нь түүнтэй уулзаж “ах дүү хүмүүс юм чинь хэл ам хийхгүйгээр асуудлаа эвийн журмаар шийдвэрлүүлье” гэхэд тэрээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид “миний бие анх зээлсэн 5.000.000 төгрөгийн алдангийг тухайлсан хугацаа бүрт төлж явсан. Одоо энэ хүнд мөнгө төлөх боломжгүй” гэх утга бүхий тайлбарыг гаргаж өгсөн байсан. Тэгээд дараа нь шүүхэд дахин хариуцагчаар дуудагдан ирээд тайлбар гаргахдаа “2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу эхний 1 сарын хүүг төлж барагдуулсан. Түүнээс хойш үндсэн төлбөрийг хийж явсан. Одоо үлдэгдэлгүй” гэх тайлбарыг гаргасан байсан. Ийм утгагүй тайлбар гаргаж хуулийн байгууллагад хандаж байгаад нь харамсаж байна. Би түүнийг өнөөдөр өөрийн биеэр ирсэн бол хатуу хэлэх байсан. Эцэст нь хэлэхэд Иргэний хуулийн холбогдох заалт болох 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хариуцагчаас үндсэн зээл 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөгийн хамтаар  нийт 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Охин маань Улаанбаатар хотод албан ажилтай байдаг учир би өмнөөс нь тус шүүх хуралдаанд оролцож байгаа болно гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2015 оны 11 сарын 24-ний өдөр Н.Бтай харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 24-нд дууссан бөгөөд үүнээс хойш хугацаа сунгах эсэхийг талууд харилцан тохиролцохоор заасан. Гэрээний 1 сарын хүү 350.000 төгрөгийг гэрээний хугацаа дууссаны маргааш өдөр буюу 2015 оны 12 сарын 25-нд төлсөн. Гэрээ сунгаагүй. Үүнээс хойш миний бие зээлсэн мөнгөн төлбөрөө сайн дураараа сар бүрийн 24, 25-ны өдрүүдэд хэсэгчлэн төлсөөр нийт 11.030.000 төгрөгийг зөвхөн энэ 5.000.000 төгрөгийн төлбөрт төлсөн. Бидний хооронд гэрээ сунгасан тухай тохиролцоо хийгдээгүй бөгөөд төлбөр авагч төлбөрөө хэсэгчлэн барагдуулаад яваарай гэсний дагуу миний бие сайн дураар төлбөрийг төлж бүрэн барагдуулсан. Би Н.Бгаас нийт 13.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн төлбөрт миний бие 2018 оны 02 сарын 29-ний байдлаар 29.500.000 төгрөгийн төлбөрийг хүүгийн хамт Н.Бд шилжүүлсэн. Үндсэндээ 13.000.000 төгрөг авч 29.500.000 төгрөг болгож 2 дахин өсгөж төлбөрийг төлсөн. Цаашид миний бие нэг ч төгрөгийг Н.Бд төлөх үүрэггүй бөгөөд Н.Бгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н нь нэхэмжлэгч Бтай харилцан тохиролцож гэрээ байгуулан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг түүнээс зээлж авсан байдаг. Тухайн үедээ Н.Б нь “надад бэлэн мөнгө байна, чи надаас энэ мөнгийг зээлж аваад дараа нь хүүтэй мөнгө зээлэх хүн байвал өг, дараа нь урамшууллыг нь надаас авч болно” гэж тохиролцсон байдаг. Үүнээс гадна 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг тус тус түүнд зээлсэн байдаг. Тухайн мөнгийг миний үйлчлүүлэгчид өгч хүүлүүлсний үндсэн дээр дараа нь түүнд урамшуулал олгох байсан. Гэвч уг асуудлыг гэрээгээр тохиролцоогүй болохоор сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээний хугацаанд авах ёстой байсан урамшууллын мөнгийг нэхэмжлэх боломжгүй болсон юм. Миний зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байгаа гэрээний харилцаа нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс анх Нтай тохиролцохдоо “нэгэнт чамаар мөнгө хүүлүүлж байгаа юм чинь тодорхой хэмжээгээр урамшуулал өгнө, бидэнд харилцан итгэлцэл байх ёстой, хамгийн гол нь уг зээлсэн мөнгөө бусдад өгч хүүлсэн бол надад тодорхой хэмжээний тайлан гаргаж өгөөрэй” гэсэн байдаг. Ингээд нийт 3 удаагийн зээлийн гэрээгээр түүнд 13.000.000 төгрөг зээлсэн байдаг юм. Харин Нын хувьд тухайн мөнгийг эргүүлэн төлөхдөө 29.500.000 төгрөг болгон төлж барагдуулсан бөгөөд уг баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн анх зээлж авсан буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан мөнгийг 11.030.000 төгрөг болгож өгсөн. Иймд нэхэмжлэгч Бг хохиролтой үлдээсэн зүйл байхгүй. Харин ч түүнээс зээлсэн нийт мөнгөн дээрээ нэмээд 16.500.000 төгрөг олж өгсөн. Тэр ч бүү хэл түүнээс банкнаас шилжүүлсэн баримтын шимтгэл, утасны зардал зэргийг аваагүй. Гэтэл хамгийн сүүлд гэнэт 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг асуудал ярьсан. Нэгэнт тэрээр өөрийнхөө хувьд хангалттай мөнгө өгсөн гэж ойлгож байсан болохоор гайхсан. Тэгээд учир явдлыг нь Бгаас тодруулахад “1 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний чинь үлдэгдэл” гэдэг байдлаар тайлбарласан. Тэгээд ч тус маргаан бүхий 7 хувийн хүү тооцсон, 1 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгах талаар миний үйлчлүүлэгчид хэлж, хүсэлт тавиагүй байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх ба талуудын анх байгуулсан гэрээ нь миний үйлчлүүлэгч Нын зөвшөөрлөөр сунгагдаагүй байдаг. Харин ч түүний зүгээс Бд 11.030.000 төгрөгийг сайн дураар шилжүүлсэн. Иймд хуульд зааснаар түүнд шаардах эрх байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг, 2015 оны 12 сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2016 оны 02 сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Нд зээлж зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх-ийн 30-32-р тал/,

Зохигч нь дээрх зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, уг зээлсэн мөнгийг хүлээн авсан эсэх тухай үйл баримтанд маргаагүй ба харин 2015 оны 11 сарын 24-ний өдөр байгуулагдсан 5.000.000 төгрөгийг хариуцагч Б.Нд зээлдүүлсэн зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх, гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөгдөж байсан эсэх талаар өөр өөрөөр тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.Нд 2015 оны 12 сарын 07-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөг, 2016 оны 02 сарын 09-ний өдөр зээлсэн 3.000.000 төгрөгийг хариуцагч нь хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан тул маргахгүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг хариуцагч Б.Нд зээлсэн зээлийн гэрээний хугацааг бид харилцан тохирч сунгасан, сар бүрийн 24-ний өдөр зээлийн хүүг хариуцагч нь төлж ирсэн ба бид харилцан ярилцсаны үндсэн дээр 2018 оны 02 сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 2.000.000 төгрөг, 2018 оны 01 сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны хүү болох 280.000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөөгүй тул алданги болох 1.500.000 төгрөгийг нэмж нийт 4.500.000 төгрөгийг хариуцагч Б.Нас гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч Б.Н нь нийт 13.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бгаас зээлж авсан ба 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар эдгээр зээлийн төлбөрт нийт 29.500.000 төгрөгийг Н.Бд шилжүүлж өгсөн. 2015 оны 12 сарын 07-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2016 оны 02 сарын 09-ний өдөр байгуулсан 3.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээнд маргах маргаан байхгүй. Харин 2015 оны 11 сарын 24-ний өдөр байгуулсан 5.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож гэрээг байгуулсан ба 2015 оны 12 сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болж гэрээг цаашид сунгаагүй. Гэрээ ёсоор хүүг 2015 оны 12 сарын 25-ны өдөр Н.Бд шилжүүлж өгсөн. Үлдэх төлбөрийг сар бүрийн 24, 25-ны өдрүүдэд хэсэгчлэн төлсөөр 2015 оны 11 сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний төлбөр 5.000.000 төгрөгийг 11.030.000 төгрөг болгож Н.Бд өгсөн ба нийт зээлийн гэрээний төлбөрт 29.500.000 төгрөгийг Н.Бд төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.Нд 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги бодохоор тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулжээ. /хх-ийн 30-р тал/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Нас төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-нд нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацааг сунгасан талаарх тохиролцоо тусгагдаагүй байх хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Б.Н нь 29.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бгийн ХААН банкан дахь 5034080... тоот дансанд шилжүүлж байснаас үзвэл хариуцагч нь өрийг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэж байсан байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй тул гэрээний хугацааг талууд харилцан тохирч сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч зохигчийн 2015 оны 12 сарын 07-ны өдөр болон 2016 оны 02 сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг хэзээ дуусгавар болсон, дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Н нь хэдэн төгрөгийг нэхэмжлэгч Н.Бд төлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар тайлбар гаргаж мэтгэлцэхгүй зэргээс шүүх зохигч талын хооронд 2015 оны 11 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь төлбөр төлөх эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй,

Түүнчлэн зохигчийн 2015 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг гэрээнд зааснаар 2016 оны 01 сарын 07-ны өдөр, 2016 оны 02 сарын 09-ний өдөр байгуулсан  зээлийн гэрээний үүрэг гэрээ ёсоор 2016 оны 03 сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж үзвэл хариуцагч Б.Н нь 2016 оны 03 сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Н.Бд нийт 27.640.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-29-р тал, 47-67-р тал/, ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 68-71-р тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б.Нд 2015 оны 11 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ ёсоор нэхэмжлэгч Н.Бд үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, түүний алданги болох 1.500.000 төгрөгийг төлөх  үүрэг үүсэхээргүй байна.   

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу өөрийн нэхэмжлэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Нас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БЯМБАСҮРЭН