Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00373

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр Дугаар 142/ШШ2019/00373 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо бага тойруу *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг *******/-д холбогдох

318,283,350 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2,587,635,105 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******,*******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХХК нь 2011 оны 11 дүгээр сард Эрдэнэт Үйлдвэр ХХК-аас зарласан "тус Компанийн ажиллагсдад халуун хоол нийлүүлэх тухай тендерт урилгаар оролцон шалгарч 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчтай тоот гэрээ байгуулсан юм. Гэтэл гэрээ байгуулах үед хариуцагчийн зүгээс тендерийн үнээр бус, уг үнийг бага зэрэг бууруулах шахалт үзүүлсэн үндэслэл нь төсөв батлагдаагүй байна, хамтарсан үйлдвэрийн советаар төсөв батлуулсны дараа гэрээний үнийг тендерт заасан үнээр өөрчилнө гэсэн шаардлага тавьсан. Нэгэнт бид тендерт ялж, ажиллагсдыг халуун, илчлэг хоолоор хангах үүрэг хүлээсний хувьд хариуцлагаа ухамсарлан уг саналыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Манай компанийн зүгээс хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн бөгөөд гэрээний бүхий л хугацаанд ХХК-ийн удирдлагын зүгээс тавьсан энэ гэрээтэй холбоотой ямарваа саналыг өөрт илт хохиролтой л биш бол тухай бүр өөрийн бололцооны хүрээнд шийдвэрлэж ирсэн юм. Ийнхүү анхны гэрээ байгуулагдаж тэдний тавьсан бага үнээр 6-7 орчим сар үйл ажиллагаа явуулсны дараа 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үнийг Иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4950 төгрөгөөр тооцож байсныг 5250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4600 төгрөгөөр тооцож байсныг 4650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр талууд харилцан тохиролцсон болно. Гэтэл хариуцагч нь гэрээний энэ үүргээ хэвийн гүйцэтгэж байснаа гэнэт гэрээгээ зөрчиж 2013 оны 11, 12, 2014 оны 01 дүгээр сарын халуун хоол нийлүүлсний төлбөрийг дутуу төлж бидний эрхийг зөрчөөд байна. Иймд 2012 онд байгуулсан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тоот гэрээгээр манайд төлвөл зохих 2013 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сарын төлбөрийн үлдэгдэл болох 318 283 350 /гурван зуун арван найман сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун тавин төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Захиалагч ХХК болон гүйцэтгэгч ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай тоот гэрээ байгуулсан байна. Тухайн гэрээний 2.6-д захиалагчийн ажилтан бүрийн сард идсэн хоолны тооцоог хийхдээ, цехийн хөдөлмөрийн эдийн засагч, гүйцэтгэгч байгууллагын нягтлан бодогч нар тухайн ажилтны сард ажилласан хоног, идсэн хоолны тоотой тулгалт хийсэн талаар акт үйлдэж сар бүрийн нэгний дотор захиалагч талын НББ-ийн хэлтсийн цалингийн товчоонд хүргүүлнэ гэсэн заалтын дагуу бодит гүйцэтгэлээр нь тооцож холбогдох баримтуудыг бүрдүүлсэн байна. ХХК-ийн нийт ажилтнуудын үйлчлүүлсэн хоолны тооцоог гаргаж дараах байдлаар төлбөрийг шилжүүлж тооцоог дуусгасан байна. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын тооцоог №89 тоот төлбөрийн даалгавраар 179,443,553.63 төгрөг, 12 дугаар сарын тооцоог №259 тоот төлбөрийн даалгавраар 195,693,120.82 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын тооцоог №330 тоот төлбөрийн даалгавраар 194,415,359.31 төгрөгийг тус тус гүйцэтгэгч тал болох ХХК-ийн 499058554 дугаар Орхон аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн байна. ХХК-ийн тухай бүр ирүүлсэн хоолны үнийн нэхэмжлэхэд дурдсан үнийн дүнгээр шилжүүлсэн байна.

Иймд ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Захиалагч ХХК болон гүйцэтгэгч ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай тоот гэрээний хэрэгжих явцад захиалагч талаас 2,587,635,105 төгрөгийг илүү шилжүүлсэн байх тул гүйцэтгэгч талаас гаргуулан авах.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай тоот гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сараас 2013 оны 10 дугаар сарын хооронд давхардсан тоогоор 668,535 ажилтанд халуун хоолоор үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд үйлчилгээний төлбөр бодит гүйцэтгэлээр 3,538,379,722 төгрөг болж байна. Гэтэл ХХК нь давхардсан тоогоор 1,124,640 ажилтанд халуун хоолоор үйлчилснээр бодит бус тооцоо гаргаж манай компаниас 6,126,010,000 төгрөг шилжүүлэн авсан байна. ХХК-ийн гаргаж ирүүлсэн тооцоогоор 1,124,640 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн гэх боловч бодит байдал дээр 668,535 ажилтан халуун хоолны үйлчилгээ авсан нь тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн тооцоо, мөнгө шилжүүлсэн баримт, Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийг арилгах тухай акт зэргээр батлагдаж байна. ХХК-аас дээрх 21 сарын хугацаанд 1124640-668535=456105 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн мэтээр нэхэмжлэх ирүүлэн нийт 2,587,635,105 төгрөгийг илүү шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл: ХХК нь тухайн халуун хоолыг үйлдвэрлээгүй, үйлчлээгүй, хоол идээгүй байхад хийсвэр тооцоолол гаргаж манай компаниас онц их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь заалтуудыг зөрчиж бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь заалтын дагуу үндэслэлгүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ХХК-аас буцаан авах хууль зүйн үндэслэлтэй байна. ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай тоот гэрээний бодит биш гүйцэтгэлээр 456,105 ажилтанд халуун хоолоор үйлчилсний төлбөр гэх 2,587,635,105 төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. ХХК-аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,096,126 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: ...Тус шүүхээр хянагдаж буй манай ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт Үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Бид хариуцагч ХХК-тай анх 2012 оны 02 дугаар сарын 01 -ны өдөр 5/063-12 тоот Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ХХК-ийн ажиллагсдад халуун хоол цайгаар үйлчилж байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Гэрээгээр иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4950 төгрөгөөр, оройн болон шөнийн нэгж хоолны үнийг 4600 төгрөгөөр тогтоох бөгөөд өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна. Дээрх үнүүдэд НӨАТатвар багтаагүй болно" гэж зааснаар талууд тооцоо нийлж төлбөр тооцоог барагдуулж байсан. Түүнээс Эрдэнэт үйлвэр ХХК-аас манай компанид 2,587,635,105 төгрөгийг илүү шилжүүлсэн зүйл огт байхгүй болно. Гэтэл ХХК нь өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж чөлөөт байдлын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу үйлчилгээ авсныхаа хариу төлбөрт шилжүүлсэн төлбөрөө одоо манай компаниас эргүүлэн шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний хооронд байгуулагдсан 5/063-12 тоот гэрээнд талууд харилцан тохиролцож 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 01 дугаар нэмэлт гэрээг байгуулсан юм. Тус гэрээний 1 дэх заалтаар үндсэн гэрээний 2.3-д заасныг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4950 төгрөгөөр тооцож байсныг 5250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4600 төгрөгөөр тооцож байсныг 4650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01 -ны өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн, тооцож байхаар тогтож үндсэн гэрээний өөр бусад зүйлд өөрчлөлт оруулаагүй юм. Харин 5/063-12 тоот гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр 02 дугаар нэмэлт гэрээг дахин байгуулсан бөгөөд тус гэрээний 2 дахь заалтаар гэрээний нэг иж бүрдэл хоолны үнийг 6500 төгрөг, оройн болон шөнийн нэг иж бүрдэл хоолны үнэ 5900 төгрөг гэж өөрчлөх, өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэснийг тухайн өдрийн бодит гүйцэтгэлээр нэхэмжлэн тооцох тухай өөрчлөлтийг оруулсан байдаг. Үндсэн гэрээ болох 5/063-12 дугаар гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх төлбөр тооцоог үндсэн гэрээнд заасны дагуу тооцож байсан бөгөөд нэмэлт оруулах тухай 02 дугаар гэрээ байгуулагдсан өдрөөс тус гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог талууд хийж байсан. Өөрөөр хэлбэл манай компани ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ тус гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүдэд заасны дагуу үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг ХХК-аас авсан. ХХК-ийн зүгээс ч манай компаниас авсан үйлчилгээнийхээ төлбөрийг бидэнд шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монголин катеринг ХХК нь хариуцагч ХХК-аас 318,283,350 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас 2,587,635,105 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ХХК нь 2011 оны 11 дүгээр сард Эрдэнэт Үйлдвэр ХХК-аас зарласан тус Компанийн ажиллагсдад халуун хоол нийлүүлэх тухай тендерт урилгаар оролцон шалгарч 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчтай тоот гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

Гэрээ байгуулах үед хариуцагч төсөв батлагдаагүй байна, хамтарсан үйлдвэрийн советаар төсөв батлуулсны дараа гэрээний үнийг тендерт заасан үнээр өөрчилнө гэсэн шаардлага тавьсан байна.

Нэхэмжлэгч нэгэнт бид тендэрт ялж, ажиллагсдыг халуун, илчлэг хоолоор хангах үүрэг хүлээсний хувьд уг саналыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч гэрээ байгуүлан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Ийнхүү анхны гэрээ байгуулагдаж хариуцагчийн тавьсан бага үнээр 6-7 орчим сар үйл ажиллагаа явуулсан байна.

Үүний дараа 2012 оны 9 дүгээр сарын 25.-ны өдөр гэрээний үнийг Иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4,950 төгрөгөөр тооцож байсныг 5,250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4,600 төгрөгөөр тооцож байсныг 4,650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээ багуулсан, уг нэмэлт гэрээ үндсэн гэрээний салшгүй хэсэг болсон байна.

Талууд анх байгуулсан гэрээндээ нэгж хоолны үнэ хэд байх, үнийн тохируулга, үнийг өөрчлөх бол хэрхэн шинэчлэн тогтоох талаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд санал болгосон үнэ /тендерийн үнэ/ зах зээлийн бодит өртөгийг харилцан судлаж, тооцоолон нэгж хоолны үнийг талууд харилцан тохиролцож шинэчлэн тогтоох бөгөөд гэрээний хэрэгжилтийн явцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т нөхцөл байдал үүссэн тохиолдолд үнийн тохируулга хийнэ. Уг үнэ нь тендерт ирүүлсэн үнийн саналаас хэтрэхгүй байхаар тохиролцов гэж заасан байна. Энэхүү заалтын дагуу талууд 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хоолны үнийн дүнд дээрх өөрчлөлтийг оруулжээ.

Бэлтгэн нийлүүлсэн хоолны үнийг хэзээ хэрхэн төлж байхын тухайд гэрээний 2.4-т : Гүйцэтгэгч нь бүтэн сарын үйлчилгээний буюу эцсийн нэхэмжлэхээ дараа сарын эхний ажлын 3 хоногт багтааж захиалагчид гаргаж өгнө. Уг нэхэмжлэл нь шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл /огноо, цаг хугацаа, үйлчлүүлэгчийн бүртгэл, нэр, хооллосон цэг, гэх мэт/-ийг агуулсан байна. Захиалагч эцсийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор төлбөрийг банкаар шилжүүлнэ гэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Дээрх заалтын дагуу талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлж ирсэн байх бөгөөд гэрээний үүргийн талаар ямар нэгэн маргаангүй байсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон төлөх арга,журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу талууд энэ талаар гэрээндээ харилцан тохиролцож тодорхой тусгажээ. Мөн төлөх хөлсний тухай зохигч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед буюу дараа сарын 3 хоногт багтан төлөхөөр тохиролцож энэ заалтын дагуу хөлсийг төлж байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч ХХК нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар нэхэмжлэгч ХХК-ийг гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байсан талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, энэ талаар талууд маргахгүй байна.

Харин гэрээний явцад хариуцагч нь гэрээний үүргээ гэнэт зөрчиж 2013 оны 11, 12, 2014 оны 01 дүгээр сарын халуун хоол нийлүүлсний төлбөрийг дутуу төлж энэ байдлын улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.

Хариуцагч нь халуун хоол нийлүүлсний хөлсийг дутуу төлсөн шалтгаанаа Монгол Улсын Үндэсний Аудитын газраас тавьсан Зөрчлийг арилгах тухай 2013-12-17-ны өдрийн 09/85 тоот акттай холбон тайлбарлаж байна.

Үндэсний Аудитын газар нь 2013 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу ХХК-ны 2012 он,2013 оны эхний 9 сарын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдлийн аудит хийх явцад дараахи зөрчил илэрсэн гэж үзэн акт тавьсан байна.

Дээрх актанд ХХК-тай 2012 онд хийсэн ажиллагсдын цай хоол нийлүүлэх гэрээнд ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа 3 компаний гэрээнд тусгагдаагүй өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэсэн нэмэлт мэдээллийг оруулан өгч уг гэрээний дагуу ажиллагсадын хоолны картаар гарсан гүйцэтгэл,гэрээнд тусгасан 1760 хоол 2-ын зөрүү буюу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт компани төлсөөр ирсэн ба 2012 он, 2013 оны 11 сар хүртэл нийт 2,591.5 сая төгрөгийг илүү төлсөн байна гэжээ.

Хариуцагч нь ХХК-иас гадна өөр 3 компанитай ажилчдыг халуун хоолоор хангах тухай гэрээ байгуулсан байх бөгөөд Аудитын тавьсан актанд ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа 3 компанийн гэрээнд тусгагдаагүй өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэсэн нэмэлт мэдээллийг оруулан өгч илүү мөнгө төлсөн гэж дүгнэжээ. Гэтэл ямар учраас ХХК-тай байгуулсан гэрээ нь өөр компанитай байгуулсан гэрээтэй ижил нөхцөлтэй байх ёстой гэж үзэж байгаа нь тодорхойгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна.

Хариуцагч ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь 56.1.1-д зааснаар хууль зөрчөөгүй, 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, 56.1.9 үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл биш байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтай нэгдэл буюу хуулийн этгээдүүд байна.

Актанд дурьдсанаар өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна гэсэн нь нэмэлт мэдээллийг оруулан өгч илүү мөнгө төлсөн хэрэг биш бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т заасан хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусвал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл буюу гэрээний гол нөхцөлд хамаарч байна.

Талууд тендерийн шалгаруулалт явуулж тендерт оролцох үед өдөрт нэхэмжлэх хоолны тооны талаар мөн хүсэл зоригоо илэрхийлж байсан байх ба өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1950 гэж ярилцсан боловч гэрээ байгуулах үед хариуцагч санал гаргаж хүссэний дагуу дээрх тоог 1760 байхаар тохиролцжээ.

Ийнхүү Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.12-т зааснаар талууд тохиролцон,нэг бичиг баримт үйлдэж гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцогдсон байна.

Хариуцагч нь нэгэнт Үндэсний Аудитын газрын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн № 09/85 тоот актыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болгож байх тул дээрх акт,түүнд заасан үндэслэлийн талаар үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай болж байна.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээнд :

ХХК, ХХК-ны хооронд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/063-12 тоот гэрээний 2.3 дугаар заалтыг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4950 төгрөгөөр тооцож байсаныг 5250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4600 төгрөгөөр тооцож байсныг 4650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн, тооцож байхаар тогтов.

Үнийн өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад өөрчлөлт орохгүй.

Энэхүү нэмэлт гэрээ нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот гэрээний салшгүй хэсэг байна хэмээн зааж талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болсон байна.

Энэхүү нэмэлт гэрээгээр өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 ширхэг байхаар тохиролцсон 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот гэрээний заалтыг хөндөөгүй, зөвхөн гэрээний 2.3 дугаар заалтыг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4950 төгрөгөөр тооцож байсаныг 5250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4600 төгрөгөөр тооцож байсныг 4650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн,тооцож байхаар тогтсон байна.

Гэтэл Үндэсний аудитын газрын актанд нэмэлт гэрээг талуудын тохиролцсон тохиролцоо, гэрээгээр хүлээсэн үүргээс өөрөөр тайлбарлан ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд дээрх нэмэлт гэрээг зөрчин, өөрчлөгдсөн гэрээний заалтын дагуу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт Монгол катеринг ХХК-д төлж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байна гэж дүгнэжээ.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих...гэж заасныг үндэслэн ХХК-д илүү төлсөн хоолны үнэ 2,591.5 сая төгрөгийг тус компаниас гаргуулан авч ХХК-ийн дансанд гэрээ дуусах хугацаа буюу 2014 оны 7 сарын 30-ны дотор төвлөрүүлэхээр акт тогтоосон байна.

Талуудын байгуулсан гэрээнд тухайн өдөр нийт идсэн хоолны тоо 1760 ширхэгээс бага байх эсэхээс үл хамааран нэхэмжлэгч нь өдөр бүр 1760 ширхэг хоол бэлтгэх, хариуцагч нийт хичнээн тооны хоол хэрэглэсэн,1760-аас бага байхаас үл шалтгаалан өдөрт 1760 ширхэг хоолны үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ. Энэхүү байдал нь нэхэмжлэгч хариуцагч нар сар бүр тооцоо нийлж нийт хэрэглэсэн хоол,үйлчлүүлсэн хүний тоог гаргаж үнийг төлөхдөө бодит гүйцэтгэлээр биш гэрээнд заасан тоог баримталдаг байснаар батлагдаж байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний 2.4,2.5,2.6 заалтыг үндэслэн хоолны үнийг бодит гүйцэтгэлээр төлөхөөр талууд тохиролцсон, үүний дагуу хоолны үнийг төлөх ёстой байсан гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч энэ талаар тухайн өдөр хичнээн хоол бэлтгэх ёстойг урьд өдөр нь урьдчилан мэдэж тогтоох боломжгүй байдаг. ХХК нь олон мянган ажилчидтай, өдөрт бэлтгэх хоолны тоог тогтмол байхаар хатуу тохиролцсоны үндсэн дээр энэ олон хүнийг халуун хоолоор хангах үүргийг гүйцэтгэх боломжтой болдог. Хоолны орц материалыг сарын өмнөөс татаж, бэлтгэх, нөөцлөх бэлэн байлгах шаардлагатай байдаг , бөгөөд энгийн гуанзны үйлчилгээтэй адилгүй, тогтсон тусгай технологи, менежменттэй үйл ажиллагаа юм гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын ажилчид нэг хүн өдөрт нэг хоол идэх журамтай, нэг хүн нэгээс илүү хоол идэх явдалыг гаргуулахгүй байх үүднээс хариуцагчийн зүгээс хяналт тавьж, ямар хэлтэс тасаг цехийн ажилчид хэдийд хичнээн тооны хоол идсэн болохыг тооцож гаргах шаардлагатай болдог. Энэхүү ажиллагааг ажилчдад карт олгож түүгээр дамжуулан хянадаг байсан болох нь талуудын тайлбараар батлагдаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д Гүйцэтгэгч нь захиалагчаас албан ёсоор гаргаж өгсөн халуун хоолоор үйлчлүүлэх ажиллагсадын нэрсийн жагсаалтын дагуу хоолны картыг өөрийн зардлаар нэг удаа хийж өгнө. ...Карт авсан захиалагчийн ажиллагсад ажиллаж буй хоногт /ээлжинд/ картаар нэг удаа хоол идэх ба нэгээс илүү хоол идэх явдлыг захиалагч, гүйцэтгэгч талууд сар бүр уншигдсан картын тооцоог цех тус бүрийн ажилтан нэг бүрээр тулгалт хийж хоолны үнийг нэхэмжилнэ гэжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу гэрээний 2.5 заалт нь ажиллагсадын нэрсийн жагсаалтын дагуу карт хийх, ажиллагсад картаар хоногт нэг удаа хоол идэх,талууд сар бүр уншигдсан картын тооцоог цех тус бүрийн ажилтан нэг бүрээр тулгалт хийх, хоногт нэгээс илүү удаа хоол идсэн бол үнийг тухайн ажилтанаас нэхэмжилж төлүүлэх тухай зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг хэрхэн төлөх талаарх тохиролцоо биш байна.

Мөн гэрээний 2.6-д Захиалагчийн ажилтан бүрийн сард идсэн хоолны төлбөр тооцоог хийхдээ, цехийн хөдөлмөрийн эдийн засагч, гүйцэтгэгч байгууллагын нягтлан бодогч нар тухайн ажилтны сард ажилласан хоног,идсэн хоолны тоотой тулгалт хийсэн талаар акт үйлдэж сар бүрийн нэгний дотор захиалагч талын НББ-ын хэлтсийн цалингийн товчоонд хүргүүлнэ гэжээ. Энэхүү заалт нь ХХК-ийн зүгээс өөрсдийн ажилчиддаа чиглэсэн тухайн ажилтны сард ажилласан хоног, идсэн хоолны тоотой тулгалт хийх, энэ талаар акт үйлдэж сар бүр өөрийн байгууллагын НББ-ын хэлтсийн цалингийн товчоонд хүргүүлж тооцоо хийж байх тухай заалт байх бөгөөд талуудын хоорондын хөлс төлөх тохиролцоонд хамааралгүй байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байх бөгөөд хариуцагчийн илүү төлсөн хоолны үнэ гэж нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг 1760 тооны хоол өдөр бүр бэлтгэдэг байсан гэдгээ нотлоогүй, хэрвээ хоол илүү гардаг байсан бол устгал хийсэн акт баримт байхгүй байна гэж буруутгаж байна. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь 1760 тооны хоол бэлтгэж тухайн өдөр хоол идсэн хүмүүсийн тооноос илүү гарсан хоолыг устгаж энэ тухай хариуцагчид мэдэгдэх, устгасан талаар акт үйлдэх энэ талаар хариуцагч хяналт тавих үүрэг хүлээгээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан ХХК-иас 318.283.350 төгрөг гаргуулан ХХК-нд олгож, ХХК-ийн 2.587.635.105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,749,400.00 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13,096,126,00 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1,749,400.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН