Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00678

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00373 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 318 283 350 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний хугацаанд илүү шилжүүлсэн 2 587 635 105 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, П.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь 2011 оны 11 дүгээр сард “Э” ХХК-иас зарласан тус Компанийн ажиллагсдад халуун хоол нийлүүлэх тухай тендерт урилгаар оролцон шалгарч, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчтай 5/062-12 тоот гэрээ байгуулсан юм. Гэтэл гэрээ байгуулах үед хариуцагчийн зүгээс тендерийн үнээр бус, уг үнийг бага зэрэг бууруулах шахалт үзүүлсэн үндэслэл нь төсөв батлагдаагүй байна, хамтарсан үйлдвэрийн советаар төсөв батлуулсны дараа гэрээний үнийг тендерт заасан үнээр өөрчилнө гэсэн шаардлага тавьсан.

Нэгэнт бид тендерт ялж, ажиллагсдыг халуун, илчлэг хоолоор хангах үүрэг хүлээсний хувьд хариуцлагаа ухамсарлан уг саналыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Манай компанийн зүгээс хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн бөгөөд гэрээний бүхий л хугацаанд “Э” ХХК-ийн удирдлагын зүгээс тавьсан энэ гэрээтэй холбоотой ямарваа саналыг өөрт илт хохиролтой л биш бол тухай бүр өөрийн бололцооны хүрээнд шийдвэрлэж ирсэн юм.

Ийнхүү анхны гэрээ байгуулагдаж тэдний тавьсан бага үнээр 6-7 орчим сар үйл ажиллагаа явуулсны дараа 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үнийг иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4 950 төгрөгөөр тооцож байсныг 5 250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4 600 төгрөгөөр тооцож байсныг 4 650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр талууд харилцан тохиролцсон болно. Гэтэл хариуцагч нь гэрээний энэ үүргээ хэвийн гүйцэтгэж байснаа гэнэт гэрээгээ зөрчиж 2013 оны 11, 12, 2014 оны 01 дүгээр сарын халуун хоол нийлүүлсний төлбөрийг дутуу төлж бидний эрхийг зөрчөөд байна.

Иймд 2012 онд байгуулсан “Э” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх 5/062-12 тоот гэрээгээр манайд төлбөл зохих 2013 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сарын төлбөрийн үлдэгдэл болох 318 283 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиалагч “Э” ХХК болон гүйцэтгэгч “М” ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээ байгуулсан байна. Тухайн гэрээний 2.6-д захиалагчийн ажилтан бүрийн сард идсэн хоолны тооцоог хийхдээ цехийн хөдөлмөрийн эдийн засагч, гүйцэтгэгч байгууллагын нягтлан бодогч нар тухайн ажилтны сард ажилласан хоног, идсэн хоолны тоотой тулгалт хийсэн талаар акт үйлдэж сар бүрийн нэгний дотор захиалагч талын НББ-ийн хэлтсийн цалингийн товчоонд хүргүүлнэ гэсэн заалтын дагуу бодит гүйцэтгэлээр нь тооцож холбогдох баримтуудыг бүрдүүлсэн байна.

“Э” ХХК-ийн нийт ажилтнуудын үйлчлүүлсэн хоолны тооцоог гаргаж дараах байдлаар төлбөрийг шилжүүлж тооцоог дуусгасан байна. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын тооцоог №89 тоот төлбөрийн даалгавраар 179 443 553.63 төгрөг, 12 дугаар сарын тооцоог №259 тоот төлбөрийн даалгавраар 195 693 120.82 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын тооцоог №330 тоот төлбөрийн даалгавраар 194 415 359.31 төгрөгийг тус тус гүйцэтгэгч тал болох “М” ХХК-ийн 499058554 дугаар Орхон аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн байна. “М” ХХК-ийн тухай бүр ирүүлсэн хоолны үнийн нэхэмжлэхэд дурдсан үнийн дүнгээр шилжүүлсэн байна.

Иймд “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “М” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээний дагуу 2012 оны 02 дугаар сараас 2013 оны 10 дугаар сарын хооронд давхардсан тоогоор 668 535 ажилтанд халуун хоолоор үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд үйлчилгээний төлбөр бодит гүйцэтгэлээр 3 538 379,722 төгрөг болж байна.

Гэтэл “М” ХХК нь давхардсан тоогоор 1 124 640 ажилтанд халуун хоолоор үйлчилснээр бодит бус тооцоо гаргаж, манай компаниас 6 126 010 000 төгрөг шилжүүлэн авсан байна. “М” ХХК-ийн гаргаж ирүүлсэн тооцоогоор 1 124 640 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн гэх боловч бодит байдал дээр 668 535 ажилтан халуун хоолны үйлчилгээ авсан нь тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн тооцоо, мөнгө шилжүүлсэн баримт, Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийг арилгах тухай акт зэргээр батлагдаж байна. “М” ХХК-иас дээрх 21 сарын хугацаанд 1 124 640 - 668 535 = 456 105 ажилтанд халуун хоолоор үйлчилсэн мэтээр нэхэмжлэх ирүүлэн нийт 2 587 635 105 төгрөгийг илүү шилжүүлэн авсан байна.

Өөрөөр хэлбэл “М” ХХК нь тухайн халуун хоолыг үйлдвэрлээгүй, үйлчлээгүй, хоол идээгүй байхад хийсвэр тооцоолол гаргаж манай компаниас онц их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2 дахь заалтуудыг зөрчиж, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь заалтын дагуу үндэслэлгүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг “М” ХХК-иас буцаан авах хууль зүйн үндэслэлтэй байна.

“Э” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээний бодит биш гүйцэтгэлээр 456 105 ажилтанд халуун хоолоор үйлчилсний төлбөр гэх 2 587 635 105 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 096 126 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид хариуцагч “Э” ХХК-тай анх 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5/063-12 тоот “Э” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн “Э” ХХК-ийн ажиллагсдад халуун хоол цайгаар үйлчилж байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д “Гэрээгээр иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнийг 4 950 төгрөгөөр, оройн болон шөнийн нэгж хоолны үнийг 4 600 төгрөгөөр тогтоох бөгөөд өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1 760 байна. Дээрх үнүүдэд НӨАТатвар багтаагүй болно” гэж зааснаар талууд тооцоо нийлж төлбөр тооцоог барагдуулж байсан. Түүнээс “Э” ХХК-иас манай компанид 2 587 635 105 төгрөгийг илүү шилжүүлсэн зүйл огт байхгүй болно.

Бидний хооронд байгуулагдсан 5/063-12 тоот гэрээнд талууд харилцан тохиролцож 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 01 дугаар нэмэлт гэрээг байгуулсан юм. Тус гэрээний 1 дэх заалтаар үндсэн гэрээний 2.3-д заасныг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4 950 төгрөгөөр тооцож байсныг 5 250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4 600 төгрөгөөр тооцож байсныг 4 650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01 -ны өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн, тооцож байхаар тогтож, үндсэн гэрээний өөр бусад зүйлд өөрчлөлт оруулаагүй юм.

Харин 5/063-12 тоот гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр 02 дугаар нэмэлт гэрээг дахин байгуулсан бөгөөд тус гэрээний 2 дахь заалтаар гэрээний нэг иж бүрдэл хоолны үнийг 6 500 төгрөг, оройн болон шөнийн нэг иж бүрдэл хоолны үнэ 5 900 төгрөг гэж өөрчлөх, өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1 760 байна гэснийг тухайн өдрийн бодит гүйцэтгэлээр нэхэмжлэн тооцох тухай өөрчлөлтийг оруулсан байдаг. Үндсэн гэрээ болох 5/063-12 дугаар гэрээнд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх төлбөр тооцоог үндсэн гэрээнд заасны дагуу тооцож байсан бөгөөд нэмэлт оруулах тухай 02 дугаар гэрээ байгуулагдсан өдрөөс тус гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог талууд хийж байсан.

Өөрөөр хэлбэл манай компани “Э” ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ, тус гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүдэд заасны дагуу үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг “Э” ХХК-иас авсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “Э” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00373 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-иас 318 283 350 төгрөг гаргуулан “М” ХХК-нд олгож, “Э” ХХК-ийн 2 587 635 105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 749 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13 096 126 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1 749 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ/2019/373 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-иас 318 283 350 төгрөг гаргуулан “М” ХХК-нд олгож, “Э” ХХК-ийн 2 587 635 105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-иас 136 134 181 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 182 149 169 төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн гаргасан 2 587 635 105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 1 749 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...хариуцагчаас 838 621 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, П.Э нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14 845 526 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 78 дугаар магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

Талуудын хороонд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/062-12 тоот гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болохыг анхан шатны шүүх тогтоож “М” ХХК-ийн нэхэмжилсэн 318 283 350 төгрөгийг анхан шатны шүүх бүхэлд нь “Э” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

“М” ХХК нь “Э” ХХК-иас зарласан тус компанийн 1 970 ажилчдад халуун хоолоор үйлчлэх тендерт оролцон шалгарч, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5/062-12 тоот гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 2.2-т “Гэрээгээр иж бүрдэл өдрийн хоолны үнийг 4 950 төгрөгөөр, оройн болон шөнийн нэгж хоолны үнийг 4 600 төгрөгөөр тогтоох бөгөөд өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1 760 байна. Дээрх үнүүдэд НӨАТатвар багтаагүй болно” гэж заасан тул гэрээний хугацаанд “Э” ХХК-ийн ажилчдад чанартай халуун хоол хүнсээр үйлчилж байсан талаар хариуцагч маргадаггүй болно. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу “Э” ХХК-тай тооцоо нийлж ажлын хөлсөө авч байсан. Түүнээс гэрээг зөрчиж илүү мөнгө авч байсан удаа байхгүй болно .

“Э” ХХК гэрээний 2.2-д заасны дагуу 2013 оны 10 дугаар сарыг дуустал хоолны үнийг ямар нэгэн маргаангүйгээр төлж ирсэн. Гэвч тус компанийн 2012 он, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийсэн Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 09/85 дугаар акттай холбогдуулан “Э” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж “М” ХХК-ийн үйлдвэрлэсэн хоолны үнийг бүрэн гүйцэд төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байгаа учир гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

Тодруулбал, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хоорондох хоолны үлдэгдэл төлбөр 102 117 750 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хоорондох хоолны үлдэгдэл төлбөр 92 436 750 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хоорондох хоолны үлдэгдэл төлбөр 94 794 000 төгрөг, нийт 289 348 500 төгрөг, НӨАТ 28 934 850 төгрөг, нийт 318 283 350 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

“Э” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх 5/062-12 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Гэрээний хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд талууд 6 сар тутамд гэрээг дүгнэж, санал солилцож, шаардлагатай бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан 01 тоот гэрээг байгуулсан.

Гэрээний 1-т “...“Э” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/062-12 тоот гэрээний 2.3 дугаар заалтыг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4 950 төгрөгөөр тооцож байсныг 5 250 төгрөг болгож 300 төгрөгөөр, орой болон шөнийн ээлжийн нэгж хоолны үнэ 4 600 төгрөгөөр тооцож байсныг 4 650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн, тооцож байхаар тогтов...” гэж өөрчилсөн бөгөөд гэрээний 2-т “Үнийн өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад өөрчлөлт орохгүй”, 3-т “Энэхүү нэмэлт 01 тоот гэрээ нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/062-12 тоот гэрээний салшгүй хэсэг байна” гэж тус тус заасан байна. Нэмэлт гэрээгээр талууд зөвхөн үндсэн гэрээний 2.2-д заасан үнийн дүнд өөрчлөлт оруулсан болох нь хавтаст хэргийн 6-13 талд авагдсан 5/062-12 тоот үндсэн гэрээ, 01 тоот нэмэлт гэрээгээр тус тус тогтоогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сарын байдлаар 5/062-12 тоот үндсэн гэрээний 2.2-д заасан өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1 760 байна гэсэн заалтыг өөрчлөөгүй нь тогтоогдож байх тул гэрээний дагуу тухайн саруудын үлдэгдэл төлбөр болох 318 283 350 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлтэй юм.

Гэтэл “Э” ХХК нь Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 09/85 дугаар гэрээний талаар ““Э” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд дээрх нэмэлт гэрээг зөрчин, өөрчлөгдсөн гэрээний заалтын дагуу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт “М” ХХК-д төлж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байна...” хэмээн гэрээг буруу тайлбарласан актыг үндэслэн “М” ХХК-ийн үйлдвэрлэсэн хоолны үнийг төлөхгүй 75 хоногийн хугацаа хэтрүүлсний улмаас цаашид хоол үйлдвэрлэх, “Э” ХХК-ийн ажиллагсдыг халуун хоолоор хангах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг шийдвэрлэх үүднээс талууд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр уулзаж, Үндэсний аудитын газрын акт шийдвэрлэгдэх хүртэл 2013 оны 11, 12 дугаар саруудын төлбөрийг үндсэн гэрээний 2.2-д зааснаар бус гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцсон тохиролцооны дагуу “М” ХХК-иас “Э” ХХК-д хүргүүлсэн нэхэмжлэхээс дутуу төлсөн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд зөрүүтэй гарах үндэслэлийг үүсгэсэн байна.

2013 оны 11 дүгээр сарын хоолны төлбөрийн нэхэмжлэх болох хэргийн 35, 36 дугаар талд авагдсан “М” ХХК-иас “Э” ХХК-д хүргүүлсэн 187 443 135 төгрөг, 5 840 670 төгрөг, нийт 193 283 805 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын хоолны төлбөрийн нэхэмжлэх болох хэргийн 43, 44 дүгээр талд авагдсан 207 864 195 төгрөг, 5 621 880 төгрөг, нийт 213 486 075 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын хоолны төлбөрийн нэхэмжлэх болох хэргийн 52, 53 дугаар талуудад авагдсан 205 187 400 төгрөг, 5 451 435 төгрөг, нийт 210 638 835 төгрөгийн нэхэмжлэхүүд нь гэрээний 2.2-т заасны дагуу хүргүүлсэн нэхэмжлэх бус зөвхөн ажиллагсдын идсэн хоолны үнэ бөгөөд “М” ХХК үйлдвэрлэсэн боловч “Э” ХХК захиалсан хоолоо идээгүйн улмаас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хоорондох хоолны үлдэгдэл төлбөр 102 117 750 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хоорондох хоолны үлдэгдэл төлбөр 92 436 750 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 31 өдрийн хоорондох хоолны үлдэгдэл төлбөр 94 794 000 төгрөг, нийт 289 348 500 төгрөг, НӨАТ 28 934 850 төгрөг, нийт 318 283 350 төгрөгийг байгаа талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр тооцооллын алдаа гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндэслэлгүйгээр 182 149 169 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзнэ.

Нэгэнт шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн гэж үзэж байгаа бол гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үүргээ биелүүлээгүй төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй юм.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, П.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар магадлалыг гаргахдаа хариуцагчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгч тал буюу нэг талын нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

“Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2 587 635 105 төгрөг нь Үндэсний аудитын газрын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 09/85 тоот актаар баталгаажсан байхад сөрөг нэхэмжлэлийг хангалгүй, Үндэсний аудитын газрын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг нотлох баримтаар хэрхэн үнэлсэн талаар дүгнэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Үндэсний аудитын газрын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0348 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 337 дугаар тогтоолоор тус тус хууль зүйн үндэслэл бүхий акт болохыг тогтоосон байхад Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлээгүй.

“М” ХХК нь өдөрт 1 760 ширхэг хоол хийсэн тухайгаа нотолсон нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй бөгөөд шүүх өдөрт 1 760 ширхэг хоол хийсэн гэж хийсвэр дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөвхөн нэхэмжлэхийг үндэслэн 136 134 181 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00373 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан “Э” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу нийлүүлсэн хоолны 3 сарын үлдэгдэл төлбөр 318 283 350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаанд илүү шилжүүлсэн 2 587 635 105 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 136 134 181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнөөс тооцооллын алдаа гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндэслэлгүйгээр 182 149 169 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон... тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарны 17-ны өдрийн 09/85 тоот актын талаар болон тус актыг хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн талаар дүгнэлт хийгээгүй атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, үндсэн нэхэмжлэлийг хангасан, ...тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэж тус тус гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Зохигчдын хооронд 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Э ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан, гэрээгээр талууд “Э” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажиллаж байгаа ажиллагсдыг гэрээний Хавсралт-01-д заасан цех, хэсгүүдэд чанар, стандартад тохирсон илчлэг сайтай халуун хоолоор үйлчлэх, гэрээний хугацаа 2 жил, гэрээгээр иж бүрдэл өдрийн нэгж хоолны үнэ 4 950 төгрөг, оройн болон шөнийн нэгж хоолны үнэ 4 600 төгрөгөөр тогтоох бөгөөд өдөрт нэхэмжлэх нэгж хоолны тоо 1 760 байна, Гүйцэтгэгч нь бүтэн сарын үйлчилгээний буюу эцсийн нэхэмжлэхээ дараа сарын эхний ажлын 3 хоногт багтаан Захиалагчид гаргаж өгнө, Захиалагч эцсийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор төлбөрийг банкаар шилжүүлэхээр тохиролцжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, зохигчийн хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хэлцэл гэж үзсэн, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.” гэж,  344 дүгээр зүйлийн 344.1.-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж, 346 дугаар зүйлийн 346.2-т “ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж, 349 дүүгээр зүйлийн 349.1.-д “...гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ...гаргана” гэж тус тус зохицуулжээ.

Гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш ямар нэг зөрчилгүй хэрэгжиж, талууд үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2013 оны 11 дүгээр сараас захиалагч нийлүүлсэн ажлын төлбөрийн дутуу төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зохигчдын хооронд маргаан үүссэн, хариуцагч “Э” ХХК-иас төлбөр дутуу төлсөн шалтгааныг Үндэсний Аудитын газраас тавьсан Зөрчлийг арилгах тухай 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот акттай холбож тайлбарлажээ.

Үндэсний Аудитын газрын актад “...“Э” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан гэрээнд “өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1 760 байна” гэсэн нь ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа 3 компанийн гэрээнд тусгагдаагүй, гэрээний дагуу ажиллагсдын хоолны картаар гарсан, гүйцэтгэл, гэрээнд тусгагдсан хоол хоёрын зөрүү буюу ажиллагсдын идээгүй хоолны үнийг төлсөөр ирсэн ба 2012, 2013 оны 11 сар хүртэл нийт 2 591.5 сая төгрөгийг илүү төлсөн байна...” гэжээ.

“Э” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол-Оросын хамтарсан “Э” ХХК-ийн үйлдвэрийн районд ажилладаг ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ2011/01 дугаартай шалгаруулалт зарлаж, тус шалгаруулалтын шаардлагад “Э” ХХК-ийн хэмжээнд 4 700 гаруй ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх шаардлагатай, ...хоногийн хэмжээг бүсчлэлээр нь 4 багцад хувааж,  1-р багцад 1 970  ажилтан, 2 дугаар багцад 729 ажилтан, 3 дугаар багцад 1 012 ажилтан, 4 дүгээр багцад 1 005 ажилтан хамрагдахаар хуваарилсан байна.

“М” ХХК 1 дүгээр багцад хамаарах тендерт шалгарч, талууд гэрээ байгуулахдаа нэг өдөрт гарах халуун хоолыг тендерт заасан 1 970 ажилтны тоогоор бус 1 760 ажилтны тоогоор тогтоохоор харилцан тохиролцож, гэрээнд энэ талаар “хоногт нэхэмжлэх нь хоолны тоог 1 760” гэж тусгажээ.

Гэрээний дээрх заалтыг нэг талаас захиалагчаас хоногт захиалах хоолны тоо гэж, нөгөө талаас гүйцэтгэгчийн бэлтгэх зохих хоолны тоо гэж ойлгох бөгөөд талууд хөлсийг гүйцэтгэсэн буюу хүлээн авч, гаргасан хоолны тоогоор тооцох талаар тусгайлан зохицуулаагүй нь захиалсан хоолны тоогоор тооцоогоо хийх агуулгатай байна.

Гэрээний 2.4, 2.5, 2.6 дахь заалтууд нь захиалагчаас өөрсдийн ажилчиддаа чиглэсэн, тухайн сард ажилласан хоног, идсэн хоолны тоотой тулгалт хийж, хоногт нэгээс дээш удаа хоол идсэн ажилтны цалингаас суутгал хийх агуулгатай зохицуулалт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Зохигч сар бүр тооцоо хийж, төлбөрийг төлж байсан бөгөөд энэ хугацаанд захиалагчаас үндэслэлгүй их хэмжээний зардал гарсан гэж үзсэн бол гэрээ байгуулснаас хойш 1 жил 9  сарын хугацаанд нийлүүлэх хоолны тоог багасгах, төлбөрийг гүйцэтгэлээр тооцох зэрэг гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, харилцан тохиролцож холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг бусад гэрээтэй адилтгах боломжгүй, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнд тусгагдсан нөхцөлийн талаар зохигч маргаагүй, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. дэх заалтыг зөрчөөгүй, гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-56.1.10.-т заасан  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэж үзэн, захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Харин нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талууд 2014 оны 01 дүгээр сард уулзалт хийж, 2013 оны 11 дүгээр сарын хоолны төлбөрийг гүйцэтгэлээр төлөхөөр харилцан тохиролцсон тохиролцоог анхаараагүйгээс төлбөрийг буруу тооцсон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг зааж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тооцооны алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах замаар тооцоог зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын хоолны төлбөрт 102 117 750 төгрөгийг НӨАТ-ын 10% 10 211 775 төгрөгийн хамт нийт 112 329 525 төгрөгийг нэхэмжилсэн, талууд 11 төлбөрийг гүйцэтгэлээр төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлага 318 283 350 төгрөгөөс дээрх төлбөрийг хасч үлдэх 205 942 825 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зохигчийн хооронд байгуулсан “Э” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хоолны үнэд шилжүүлсэн төлбөрөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэхгүй гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

    Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлоос тооцооллын алдаа гаргасан гэх хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгог ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...136 134 181 төгрөг...” гэснийг “...205 942 825 төгрөг...” гэж, “...182 149 169 төгрөг...” гэснийг “...112 340 525 төгрөг...” гэж, “...838 621 төгрөг...” гэснийг “...1 187 664 төгрөг...”  гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жын гомдлын заримыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, П.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э” ХХК-иас төлсөн 838 621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас төлсөн 1 068 695.85 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД