Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/01410

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/01410

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ГБ

Хариуцагч: Р.Г

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11 525 094.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Р. Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р овогтой Г нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан. Р. Гд банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөхгүй банкийг хохироож байна. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тус кредит картны үндсэн зээл 4 992 275 төгрөг, хүүгийн төлбөр 3 582 146.28 төгрөг, торгуулийн хүү 1 644 973.58 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөр 1 305 699.61 төгрөг нийт 11 525 094.47 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд Р. Гас 11 525 094.47 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Р. Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Голомт банк ХХК-ийн Орхон салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлд зээлдэгч зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүү нь үндсэн зээлийн 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт байдаг. Гэрээ хууль зөрчсөн замаар хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. 3 500 000 төгрөгийг авсан болохоо зөвшөөрч байна. Харин банк миний зөвшөөрөлгүй үлдсэн мөнгийг авсан тул авсан хэмжээндээ мөнгийг зөвшөөрч миний зөвшөөрөлгүй авсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ байдлаа хэлэх гэж өөрийн биеэр шүүх хуралд оролцож байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Р. Гд холбогдуулан кредит карт эзэмшигчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг нийт 11 525 094. 47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Р. Г нэхэмжлэлийн шаардлагаас картаар хэрэглэсэн төлбөр 3 500 000 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч бусад төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Р. Гтай 2016 оны 04 сарын 29-ний өдөр № дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлийн эрхийн хэмжээ 5 000 000 төгрөг, картын эрхийн хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь, бэлэн гүйлгээний хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн хувь 0 хувь, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь байхаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Голомт банк шаардах эрхтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Р. Г нь зээлийн эрхтэй картнаас 2016 оны 05 дугаар сарын 03-нд 2 500 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-нд 40 198 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 11-нд 69 348 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 12-нд 1 781 429 төгрөгийн гүйлгээг бэлэн бусаар зарлагадсан, 2016 оны 05 дугаар сарын 16-нд 1 000 000 төгрөгийн орлого хийж, 2016 оны 05 дугаар сарын 19-нд 800 500 төгрөгийн гүйлгээг 2 удаа АТМ-р бэлнээр авч ашигласан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: үндсэн зээл 4 992 275 төгрөг, хүү 3 582 146.28 төгрөг, торгуулийн хүү 1 644 973.58 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 305 699.61 төгрөг, нийт 11 525 094.47 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг.

Хариуцагч Р. Г нь кредит картын эрхийн хэмжээний дотор буюу 4 992 275 төгрөгийн гүйлгээг бэлэн болон бэлэн бусаар картнаас авч ашигласан нь дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд түүнийг эрх хэтрүүлсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан тул нэхэмжлэгч торгуулийн хүү 1 644 973.58 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 305 699.61 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Р. Г нь кредит картаар нийт 4 992 275 төгрөгийг авч ашигласан ба үүнээс 1 601 000 төгрөгийг бэлнээр авч ашигласан тул гэрээнд зааснаар 42 хувийн хүү 672 400 төгрөг, бэлэн бусаар 3 390 975 төгрөгийг авч ашигласан тул гэрээнд зааснаар 24 хувийн хүү 813 834 төгрөг, гэрээний 3.5-д нэмэгдүүлсэн хүүг 2 хувь байхаар тохирсон тул 29 725 төгрөг, нийт 6 508 234 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 5 016 860.47 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199 352 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р. Гас улсын тэмдэгтийн хураамжинд 119 082 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Р. Гас 6 508 234 /зургаан сая таван зуун найман мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 016 860.47 /таван сая арван зургаан мянга найман зуун жаран төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 352 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р. Гас улсын тэмдэгтийн хураамжинд 119 082 /нэг зуун арван есөн мянга наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ