| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00734/И |
| Дугаар | 142/ШШ2019/01052 |
| Огноо | 2019-09-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2019/01052
| 2019 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 142/ШШ2019/01052 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Швед улсын Стокхолм хотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,
Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* одоо 74 настай Орхон аймагт 2017 оноос ирж амьдарсан. Миний том хүү Д.Энхбаатар Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн цахилгаан цехэд ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 04-нд нас барсан. Хүү маань Б.тай хамтран амьдрах байдлаар явж байгаад 2016 онд орон сууц зээлээр авахын тулд зээлд хамтран зээлдэгч хэрэгтэй гэсний дагуу гэрлэлтээ батлуулж, Их хаадын цуваа орон сууцны цогцолборт 2 өрөө орон сууц зээлээр авсан. Ингээд Б.тай хамтын амьдрал нь ирэн очин байсан бөгөөд 2017 оноос тусдаа амьдарч байсан. Би хүүтэйгээ цуг амьдарч, охин Э.******* нь Швед улсад амьдарч, ажиллаж, сурдаг. Хүү маань нас барж, хуулийн дагуу өв нээгдсэн. Миний бие өөрөө өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүссэн, мөн Шведээс охин Э.******* өвлөх эрхийн гэрчилгээ авахыг хүссэн итгэмжлэл өргөдөл материалыг өгсөн. Хүү Д.******* нэр дээрх Их хаадын цуваа орон сууцны 203 тоот 2 өрөө байрны хууль ёсны өвлөгчөөр талийгч Д.******* ээж Д.*******, охин Э.******* биднийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.гаас хүү Д.******* орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг зээлийн үлдэгдэл 15.941.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг талийгаач хүү маань төлсөн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг иргэн Д.******* миний өмчлөлд үлдээж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өв нээгдэж, өвлөгдөх эд хөрөнгийг миний бие эзэмшиж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Харин Б.д оногдох хувь хэсэг 32.206.250 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй болно. Б. уг байрны тодорхой хувь хэсгийг өмчлөх эрхтэй ч байрны банкны зээлийн үүргийг төлөх үүрэгтэй. Иймд зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгний 50 хувь 9.664.875 төгрөг нийт 15.457.047 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулахдаа: 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгний үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг тус тус орхигдуулсан тул 15.457.047 төгрөг дээрээ нэмээд 13.680.879 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Харуицагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б. нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Д.*******ийн хэлж ярьсан шиг хүү Д.Энхбаатартай нь ашиг сонирхол харж суугаагүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг харилцан ярилцаж байгаад байрны зээлд хамрагдаж, зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Д.Энхбаатар, хамтран зээлдэгчээр Б. миний бие болсон. Хэрвээ хүний байранд ирээд суугаад байгаа бол ашиг сонирхол харж суусан гэж хэлж болох байсан. Гэтэл бид хоёр энэ орон сууцаа өөрсдөө авч, өөрсдөө зээлийг нь төлөөд өнөөдрийг хүрсэн. Иймд ямар ч үндэслэлгүйгээр миний нэр дээр байгаа орон сууцыг өвлөгчөөр тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл, тодруулж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн орон сууцыг авахад нэхмжлэгч Д.*******аас ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Нөхөр бид хоёр өөрсдийн хүчээр орон сууцны 5 хувийн зээлд хамрагдаж байртай болцгоосон. Надаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19.198.873 төгрөгний 50% хувь буюу 9.599.365, 8.161.759 төгрөгний 50 хувь буюу 4.080.879 төгрөг, 15.457.047 зэрэг нийт 29.137.291 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ. Миний бие нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би байрныхаа өмчлөгч анхнаасаа сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Хуулийн дагуу оногдох хэсгийг нэхэмжлэгч Д.*******ид гаргахад татгалзах зүйлгүй. Энэ их нэхээд байгаа мөнгөнүүдээс нэхэмжлэгч өөрөө нэг ч төгрөг оруулаагүй мөртлөө нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б. нь анх нөхөр Д.Энхбаатартай 2012 онд Эрдэнэт Үйлдвэр ХХК-д цахилгааны цехэд хамт ажиллаж байх хугацаандаа дотносож 2013 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед Д.Энхбаатар нь гэр бүлгүй, орон сууцгүй, манай ажлын газрын залуугийнд хамт амьдардаг байсан. 2013 оноос манай хүү болох Л.Гантулга бид хоёртой хамтдаа амьдарч байгаад 2016 онд харилцан ярилцаж байгаад гэрлэлтээ батлуулсан. Цаашид миний хүү Л.Гантулгаас тусдаа амьдаръя гэж шийдэж, ипотекийн орон сууцны зээлийг судалж үзээд лизингээр байрны зээлд хамрагдаж, миний бие хамтран хариуцагч болсон. Бид 2 Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39 м2 Ү2101020018 гэрчилгээтэй орон сууцны өмчлөгч болцгоосон. Хоёулаа 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ам бүл 2 гэж амьдарч ирсэн. Манай нөхөр 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөд болж, тухайн үед ээж нь ирсэн. Тэр өдрөөс эхлэн ээж Д.******* нь манай байранд амьдарч байна. Нөхрийн ээж Д.*******ийг эх хүний хувьд хүндэтгэн үзэж сэтгэл санаа нь хямарсан байсан болохоор миний бие байрнаас гаргах зүрх хүрэхгүй өдийг хүрсэн билээ. Гэтэл намайг ашиг сонирхол харж хүүтэйгээ гэрлэсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасанд маш их гомдолтой байна. Анх намайг хүүтэй нь байртай болоод хамт амьдарч эхлэхэд хадам ээж Д.******* Ээжийнх нь сэтгэл амарч байна гэж хэлж байсан, манай хүн гэртээ танилцуулж дагуулж очиход бүгд халуун дулаанаар угтаж авч байсан. Тухайн үедээ хүү минь сайн ханьтай боллоо гэж хэлж байсан хүмүүс одоо бүгдийг үгүйсгэж байгаад үнэхээр гайхаж байна. Э.******* нь Швед улсад багаасаа ээжтэйгээ ажиллаж амьдардаг, аавтайгаа нэг удаа ирж уулзаж байгаагүй, холбоо барьж байгаагүй. Д.******* нь 2018 оны 10 дугаар сараас Хөвсгөл аймгийн Галт сумаас албан ёсоор шилжин ирж, миний байрны хаяг болох Орхон аймаг Баян-Өндөр сум Цазгаанчулуут 7а хороолол 5-р байр 203 тоотод бүртгүүлсэн байсныг өв хүлээн авах бичиг баримт хөөцөлдөж байгаад мэдсэн. Мэдээд удалгүй байж байтал шүүхээс намайг дуудуулан нэхэмжлэл гаргасан байсан. Цаашид нэхэмжлэгчийн үйлдлийг тэвчиж чадахгүй тул ийнхүү нэхэмжлэгч Д.*******ийг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоотоос албадан гаргуулж /нүүлгэж/, тухайн орон сууцны Д.******* хууль ёсны өвлөгчөөр эхнэр болох Б. намайг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГВСС2016042016-1 зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг адил тэгш хувааж, нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь миний хүүг нас барсны дараа намайг гэрт нь ирж суучхаад гарахгүй байна гэж маргасаар өнөөдрийг хүрлээ. Би Б.г тэр гэрээс явснаас нь хойш буюу 2017 оны 11 сарын эхээр хүү дээрээ ирж, хүүгээ асарч хамт амьдрах болсон. Үүнийг талийгаач хүүгийн маань ажлын газрынхан ч сайн мэднэ. Хүү маань Эрдэнэт үйлдвэрт 10 гаран жил ажилласан хөдөлмөрийнхөө хөлс хүчээр тэр байрыг худалдаж авсан. Би хүүгээ төрүүлж өсгөсөн, өнгөрөх хүртэл нь толгойг нь түшиж асарч байсны хувьд хүүгийнхээ өмчлөлийн байрыг хууль ёсны дагуу өмчлөн авах хүсэлтэй байгаа. Хүүгийн маань төрсөн ганц охин гадаадад сурдаг. Түүнийг мөн хамтран өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна. Б. намайг бодвол ажил хөдөлмөр хийдэг, өөрийн гэсэн өөр байртай хүн байж надтай ингэж заргалдаж байгааг ойлгохгүй байна. Б. намайг тус байрыг авахад ямар ч мөнгө оруулаагүй учраас өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй гэж үздэг бололтой. Талийгаач хүү маань байрныхаа урьдчилгаа 30 хувь бүрдүүлэхэд нь би хөгшнийхөө тэтгэврийн зээлийг авч 6.400.000 төгрөг өгч байсан. Тиймээс би тэр байрны 30 хувийн урьдчилгааны 1/3 хувийг төлсөн гэж үзэж байна. Харин Б. тэр байрыг авахад нэг ч төгрөг өгөөгүй гэж хүү маань амьд сэрүүн байхдаа ярьж байсан. Одоо үхсэн хүн үг хэлэх биш гэж бодож ингэж хандаж байгаа бололтой. Талийгаач хүүгийн маань ажил явдал дээр Б. ирсэн байхдаа байрны зээл надад хамаагүй, би хамтран зээлдэгчээр л оролцсон юм. Та нар энэ байрныхаа бичиг баримтыг бүрдүүлж аваарай гэж хэлж байсан. Үүнийг тэр үед хамт байсан ажлын газрын хүмүүс нь ч гэрчилнэ. Би өдий 70 гаран нас наслах хүртлээ хэзээ ч сонсож байгаагүй муухай үгсийг Б.гаас сонсож байгаадаа үнэхээр гомдолтой байна. Хүүгээ нас барснаас хойш хүүгийн маань дансанд байсан мөнгөнөөс бэлэн бусаар 2018 оны 5, 6, 7 дугаар саруудын байрны зээл төлөгдсөн байдаг. Хүүгийнхээ барьж байсан дугаарыг би барьдаг учраас надад мессэж нь ирдэг юм. Хүүгийнхээ 49 хоногийг дуусгаад бид Хөвсгөл рүү явсан. Тэр үед Б. руу ярьж юу болж байна гэж асуухад банк хамтран зээлдэгч рүү нь зээлийг шилжүүлнэ гэж байна гэж хэлсэн. Ингээд хүүгийн маань данснаас 2018 оны 08 сараас 10 сарыг хүртэл сард 60.000-70.000 орчим төгрөг суутгагдлаа гэж мессэж ирж байсан. Энэ ямар учиртай юм бэ гэж Б.гаас асуухад зээлийн хүү гэж төлөгдөж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 12 сараас 2019 оны 05 сарыг хүртэл сард 158.000 төгрөгийг байрны зээлд суутгагдлаа гэж мессэж ирсэн. 2019 оны 06, 07 саруудад харин мессэж ирэхгүй байж байгаад 08, 09 саруудад дахин сард 158.000 төгрөг суутгагдсан тухай мессэж ирсэн. Ямар учиртайг мэдэхгүй байна. Мөн Эрдэнэт үйлдвэрээс 2019 оны 01 сард 13 дахь сарын цалин гэж 500.000 орчим төгрөгийн орлого орсон байдаг. Мөн сар бүр урьдчилгаа гэж 25.000 орчим төгрөг Эрдэнэт үйлдвэрээс орсон байдаг. Мөн амь насны даатгалын мөнгө хүүгийн маань дансанд орсон байна гэж дуулаад Б.гаас асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Ер нь ямар учиртай мөнгө төгрөг яаж суутгагдаад байгааг ойлгохгүй л байна. Банкнаас асуухаар надад мэдээлэл өгдөггүй. Ямар ч байсан би хүүгээ өсгөж төрүүлсэн, нас барах хүртэл нь хажууд нь байж толгойг нь түшиж байсны хувьд хүүгийнхээ өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг болон ач охин Э.*******ыг тогтоож өгөхийг хүсэж байна. Харин байрны зээлийн үлдэгдлийг хэн төлөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөх байх гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Талийгаач ******* хууль ёсны өвлөгч болох ээж Д.*******, охин Э.******* нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, ******* тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Д.*******, Э.Энхбаатар нар нь талийгаач ******* 1-р зэргийн хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байгаа. Иймээс хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм. Иргэний хуульд зааснаар өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвийг хүлээж авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргах ёстой байдаг. Нэхэмжлэгч Д.******* болон түүний ач охин Э.******* нар уг хүсэлтээ хуулийн дагуу нотариатын газар гаргасан. Ийнхүү Монголын Нотариатчдын танхимын лавлагаанаас харахад талийгаач ******* хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хүсэлтийг Д.*******, Э.*******, Б. гэсэн 3 хүн гаргасан байдаг. 2018 оны 06 сарын 05-ны өдөр нас барснаас хойш 2019 оны 06 сарын 05-ны өдөр гэхэд нэг жил болсон. Гэтэл энэ өдөр нотариатын газраас өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгох ёстой. Нотариатын газраас олгохгүй гэж татгалзах эрхгүй байтал шүүхэд асуудал явж байгаа учраас шийдвэр гарсны дараа олгоно гэсэн тайлбарыг хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Хуулиар тодорхой зохицуулчихсан байхад үүнийг зөрчиж шүүхээр шийдвэрлэсний дараа олгоно гэж ямар ч хууль, дүрэм журамд заагаагүй тайлбар хэлээд байгааг ойлгохгүй байгаа юм. Хэрвээ өвлөх эрхийн гэрчилгээгээ авчихсан байсан бол асуудал өөр байх байсан. Уг гэрчилгээг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар дахь бүртгэлд өөрчлөлт орох ёстой байсан. Гэтэл нотариатын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор уг асуудал шийдэгдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Д.******* болон Э.******* нар нь талийгаач Д.******* хууль ёсны 1-р зэргийн өвлөгч учраас талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, ******* тоот 2 өрөө орон сууцны түүнд оногдох хувь хэмжээг өвлөн авах хууль зүйн үндэслэлтэй байгаа. Үүнийг хариуцагч Б. үл зөвшөөрч, шүүх нь шийдэх байх гэсэн хариултыг өнөөдрийг хүртэл өгсөөр байгаа. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд тайлбар хэлэхэд нэхэмжлэгч Д.******* нь хүү Энхбаатарыг нас барах хүртэл хажууд нь асарч сувилж хамт амьдарч байсан, мөн тэрээр тэтгэвэрт гарсан хөдөлмөрийн насны бус хүн учраас хүүгийнхээ байрыг өөрийн эзэмшилд хэвээр үлдээхийг хүсэж байгаа. Нэхэмжлэгч Д.*******, ач охин Э.******* нар нь талийгаач ******* хууль ёсны 1-р зэргийн өвлөгч мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь талийгаачийг нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, түүнийг нас барсны дараа түүний өмчлөлийн байрыг өөрийн эзэмшилд авч үлдсэн, Б. нь тухайн үед Энэ байр надад хамаагүй. Хамтран зээлдэгчээс нэрээ салгуулна гэж хэлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг маргаан бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй юм. Б. нь тус байрыг зарж мөнгийг нь хувааж авах талаар ярьж байснаас харахад анхнаасаа түүний санаа зорилго ямар байсан нь харагдаж байна. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Сүхбат, Эрдэнэцогт, талийгаачийн дүү Энхзаяа, Энхтуяа нар хариуцагч Б.г энэ асуудалд яаж хандаж байсан талаар маш тодорхой хэлж гэрчилсэн. Эдгээр хүмүүсээс хууль сануулж мэдүүлэг авсан учраас тэдний мэдүүлж ярьсан бүхнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй. Цалингийн зээл 12.000.000 төгрөгийг талийгаач Энхбаатар нь дүү нараасаа авч байсан гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Хариуцагч Б. нь талийгаачтай хамт амьдарч байх хугацаанд хоол унд зэрэг хэрэглээний зардлыг би цалингаараа төлж байсан гэж тайлбар хэлж байгаа ч үүнийг нотлох баримт байхгүй байна. Хариуцагч үүнийгээ нотолж чадаагүй. Харамсалтай байна миний нөхөр гэж хэлж байгаа ч гэсэн найз нөхөдтэйгээ нийлж архи дарс уудаг байсан гэх мэтчилэнгээр муулж ярьж байгаагаас харахад түүний хэлж байгаа зүйл агуулгаараа зөрөлдөж байгааг анзаарч болно. Тэгэхээр хэрвээ хань ижлээ гэж боддог байсан бол тайлбартаа ингэж ярих нь зохимжгүй байсан байх гэж бодож байна. Тэр ч бүү хэл талийгаачийг архины хордлогод орж байсан гэсэн онош бүхий баримтыг хаанаас ч юм олж шүүхэд гаргаж өгч байсан. Эндээс харвал түүний санаа бодол ямар байсан бэ гэдэг нь харагдаж байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нас барсан ханийнхаа ясыг өндөлзүүлж ингэж шүүхээр явах хэрэг байсан уу даа гэж би харамсаж байна. Бид хоорондоо ярилцаж тохиролцох олон боломж байсан. Гэвч шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Талийгаач нөхөр Энхбаатар нь надтай суухаасаа өмнө ямар байсныг ах дүү, ажлын газрын хамт олон нь маш сайн мэднэ. Энэ хүн надтай суухаасаа өмнө тогтсон ажилтай, өндөр цалинтай, ганц бие хүн байсан ч өөрийн гэсэн орон байргүй хүн байсан. Надтай суухаасаа өмнө ч байр орон сууц авах бүрэн боломжтой хүн байсан. Талийгаач маань маш тусархуу, эелдэг зөөлөн зантай, хүмүүстэй нийтэч, тусархуу, ажилч хичээнгүй, сайн хүн байсан. Нэг дутагдалтай тал нь бага зэрэг архи уудаг, нэг уухаараа олон хоногоор уугаад явчихдаг байсан. Бид хоёр 2011-2013 оныг хүртэл бие биенийхээрээ орж гарж л явдаг байсан. Энэ хугацаанд дуртай үедээ ирдэг, заримдаа найз нөхөдтэйгээ уугаад ирэхгүй алга болчихдог байсан. Энэ байдал нь надад хэцүү байсан. Би нэг өдөр энэ чигээрээ байгаад байх юм уу, нэг гэртээ орж амьдралаа бодохгүй юм уу. Үгүй бол хоёулаа зам замаа бодсон нь дээр байх гэж хэлэхэд талийгаач маань 2013 оны 01 сард надтай хамт амьдарна гэж жижиг цүнхээ бариад ирж байсан юм. Талийгаач маань найз нөхдөөр хүрээлүүлж хамт ууж идэж наргиж цэнгэх дуртай хүн байсан, харин би олон жил ганцаараа явсан болоод ч тэр үү бага зэрэг зожиг зантай, архи дарсанд дургүй хүн. Энэ бүхнээс болж бидний дунд хааяа зөрчилдөөн үүсэх үе байсан нь үнэн. Ингээд бид хоёр тусдаа гарж өөрсдийн гэсэн орон байртай болъё гэж ярилцаж Их хаадын цуваа ХХК-ийн барьж байгаа орон сууцны 2 дахь ээлжинд захиалга өгсөн. Байрны захиалгын гэрээг талийгаач маань явж хийсэн. Захиалсан байр маань 2015 оны 04 дүгээр улиралд орох байсан боловч хугацаандаа ороогүй. 2016 оны 1-р улиралд ашиглалтад орсон. Байрны захиалгын гэрээг байгуулахад эхлээд 10 хувийг тухайн компанийн дансанд байршуулах ёстой байсан. Тухайн үед бид хоёрт бэлэн мөнгө хараахан байхгүй байсан учраас талийгаачийн аавын тэтгэврийн зээлийг авч байсан юм. Энэ нь нэхэмжлэгч Д.******* гуайн ярьж байгаа 6 сая төгрөг юм. Байрны зээлийн төлбөр болон урьдчилгаа 30 хувийг шилжүүлсэн банкны хуулганд дандаа талийгаачийн нэр байгаа учраас нэхэмжлэгч Д.******* болон талийгаачийн дүү нар намайг тус байрыг авахад нэг ч төгрөг оруулаагүй мэтээр ойлгож боддог. Гэтэл уг байрыг анх захиалсан өдрөөс эхлэн бид хоёр хамтдаа оролцож, хэн хэн нь цалингаасаа өгч байсан юм. Нэгнийхээ цалинг байрны зээлд өгч, нэгнийхээ цалингаа хэрэглээний зардалдаа зарцуулж байсан юм. Нэг гэр бүлийн хүмүүс учраас хэн нь ч гарын үсэг зурсан ялгаагүй байх гэж бодож байсан. Хэрэв сүүлд нь ийм асуудал үүсэхийг мэдсэн бол тухайн үед байрны зээлийг төлөхөд би ч гэсэн нэрээ оруулж, захиалгын гэрээнд ч гарын үсгээ зураад явах боломж надад байсан. Ингээд бид хоёр 2016 оны 06 сарын 27-ны өдөр байрандаа орж байсан. Хамт амьдрах хугацаанд гэр бүлийн хоорондын янз бүрийн зөрчил байсан нь үнэн. Тэр бүрийг одоо ярьж талийгаачийнхаа ясыг өндөлзүүлээд яахав. Талийгаачийн найз нөхөдтэйгээ наргиж цэнгэдэг байдал нь надад хэцүү байсан. Тиймээс би 2017 оны 08 сард хэдхэн сар л тусдаа амьдарсан. Тэрнээс салж олон сар жилээр яваад өвчтэй зовлонтой байхад нь хаяад явсан зүйл байхгүй. Тэр үед талийгаач маань тэгтлээ их өвчин зовлонтой байгаагүй, эрүүл саруул, ажил төрлөө хэвийн хийгээд л явж байсан. Мөн намайг талийгаачийн ажил явдал болоход огт ирээгүй, харагдаагүй гэж ярьдаг. Би талийгаачийн дүү болон хамаатны хүмүүстэй нь хамт ажил явдлын хоол унд цуглуулж явж байсан юм. Ажил явдал дээр талийгаачийн 2 дүү болон тэдний нөхөр, бид хэд байрны талаар ярилцаж байсан. Ингээд 2018 оны 05 сарын 07-ны өдөр бид нар Худалдаа хөгжлийн банкин дээр очиж болдог юм бол хамаа алга. Энэ байрыг нь өгье гэхэд банкны ажилтан Анх таньтай гэрээ хийгдсэн учраас болохгүй. Даатгалын гэрээ хийгдсэн байсан учраас бичиг баримт бүрдүүлж даатгалын нөхөн төлбөр орох боломжтой зэргийг тайлбарлаж өгсөн. Ингээд даатгалын газраас 19.000.000 төгрөг орж ирсэн. Энэ талаар нэхэмжлэгч Д.******* болон талийгаачийн дүү нараас хэн нь ч надаас асуугаагүй. Байрыг яах гэж байна л гэхээс байрны зээл цаашдаа яаж төлөгдөх талаар хэн ч асууж лавлаагүй. Талийгаачийн төрсөн дүү Энхтуяа руу утасдаж банкнаас асууж тодрууллаа. Хамтран зээлдэгчээр би байгаа учраас байрны зээл хамтран зээлдэгч рүү нь шилждэг юм байна гэж тайлбарлаж хэлэхэд тийм бол наад байрыг чинь би төрсөн охинд нь авч өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь дахиж залгаад би наад байрыг чинь ээждээ авч өгнө гэж хэлсэн. Тэр бүрт нь би эвээр тайлбарлаж байсан. Талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд талийгаачийн эзэмшиж байсан данс болон бусад зүйлийг өөрчлөх эрх хэнд ч байдаггүй юм билээ. Тиймээс би огт оролцоогүй. Ингээд 2019 оны 04 сарын 26-ны өдөр талийгаачийн дүү Энхтуяа надруу залгаж бид нар нотариат орох гэсэн юм. Байрны гэрчилгээ аваад өг гэхэд нь би гэрчилгээ нь надад байдаггүй, банкинд байдаг юм. Чи өөрөө ном журмаар нь очоод аваарай гэхэд тэгвэл өгөхгүй юм байна. Тэгвэл би чамайг шүүхэд өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь манай ажлын газрын залуу, энэ хэрэгт гэрчээр асуугдсан Батболд гэгч чамд Д.******* гуайн ээж нь 10.000.000 төгрөг өгье гэж байна. Чи байрны гэрчилгээг нь аваад өг гэж хэлэхэд нь би чи айлын гэр бүлийн асуудалд оролцох ямар эрхтэй юм бэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ мэтчилэн манай ажлын газрын 3 хүн энэ хэрэгт гэрчээр оролцсон. Ингэхдээ ажил дээр миний талаар элдэв хов жив гаргаж, би ажлын байрандаа тайван ажиллахад ч хэцүү байгаа. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, ******* тоот 2 өрөө орон сууц талийгаач болон бидний нэр дээр байдаг учраас би уг байраа өөрийн өмчлөлдөө үлдээнэ. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа зүйлийг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх байх гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж заасан байгаа. Нэхэмжлэгч тал тухайн маргаан бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож эзэмшилдээ авахаас гадна нэмж 29.137.926 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй, үүнийг шаардах хуульд заасан эрх түүнд байхгүй юм. Учир нь талийгаач Энхбаатар болон Б. нар нь байрны урьдчилгаа төлбөр 19.000.000 төгрөгийг бүрдүүлэхэд аль аль хөрөнгө оруулсан, энэ бол тэдний гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Байрны 30 хувийн урьдчилгаа болох 19.000.000 төгрөгийг бүрдүүлэхдээ аавынхаа тэтгэврийн зээлийг авахуулж 6.000.000 төгрөг авсан нь үнэн. Үүнийг үгүйсгэдэггүй. Нэхэмжлэгч талын шаардаад байгаа 29.000.000 төгрөг нь тухайн 64.000.000 төгрөгийн үнэ бүхий байрны үнэд багтсан мөнгө учраас тус байрнаас гадна нэмж нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Мөн зээлийн гэрээний дагуу төлсөн мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тус байрны зээлийн гэрээг нэг талаас Худалдаа хөгжлийн банк, нөгөө талаас талийгаач Энхбаатар болон Б. нар байгуулсан бөгөөд үүнд Д.******* болон Э.******* гэх хүмүүс ямар ч оролцоогүй, уг гэрээний дагуу шаардах ямар ч эрхгүй юм. Даатгалын нөхөн төлбөр 19.000.000 төгрөгийг мөн нэхэмжилсэн байна. Даатгалын гэрээний 7.2-р зүйлд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн Худалдаа хөгжлийн банкны данс руу орсон байхад үүнийг хариуцагч Б.гаас шаардаж байгааг ойлгохгүй байна. Тэрээр энэ мөнгийг аваагүй юм. Хэрвээ даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг хариуцагч Б. өөрөө хөөцөлдөөгүй байсан бол энэ мөнгө байрны зээлээс хасагдахгүй байх байсан. 15.672.108 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үүнийг хуулийн дагуу хуваах байх. Тус байр нь талийгаач Д.Энхбаатар болон хариуцагч Б. нарын нэр дээр бүртгэлтэй, тэдний гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Тиймээс талийгаач Д.Энхбаатарт оногдох хувь буюу 64.000.000 төгрөгийн үнэ бүхий байр учраас 32.000.000 төгрөгийн тухайд л өв залгамжлалын асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Тиймээс аль илүү хувь оногдож байгаа хүн нь тухайн байрыг биет байдлаар өөрийн өмчлөлдөө авч, бусад хүмүүс нь оногдох хувь хэмжээгээрээ мөнгөн хэлбэрээр авах боломжтой гэж үзэж байна. Аливаа гэр бүл ямар ч тохиолдолд дандаа нөхрийн нэрээр овоглож явдаг. Тиймээс талийгаач ******* нэр л байгаа учраас Б.гаас нэг ч төгрөг ороогүй гэж үзэж тайлбарлаж болохгүй юм. Бусдын гэр бүлийн харилцааг дотор нь орж үзээгүй байж дан ганц цаасан дээр байгаа нэрээр дүгнэж тэр гэр бүлд Б. ямар ч үүрэг оролцоогүй байсан мэтээр ойлгож болохгүй байх. Мөн Э.*******аас эмээ Д.*******ид олгосон итгэмжлэл нь ямар эрх олгож байгааг тодорхой тусгаагүй байна гэж үзэж байна. Тиймээс Д.******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлд 1/ талийгаач ******* хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б. нь 1-р зэргийн хууль ёсны өвлөгч мөн юм. 2/ Нэхэмжлэгч Д.*******ийн тухайн байранд хууль бусаар оршин сууж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас түүнийг албадан гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч Б. нь хууль ёсны өмчлөгч учраас өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа аливаа тохиолдлыг арилгуулахаар шаардах эрхтэй юм. 3/ Өнөөдрийн байдлаар байрны зээлээс үлдсэн 15.672.108 төгрөгийг хуулийн дагуу хууль ёсны өвлөгч нарт хуваан хариуцуулах шаардлага гаргасан. Эдгээр шаардлагаа дэмжиж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны зээл авах үед ямар нэг байдлаар зээлдэгч нарын амь нас болон барьцаа хөрөнгөд эрсдэл учирсан тохиолдолд даатгалын компаниас эрсдлийг төлөхөөр амь насны даатгал хийгддэг ба энэ нь 1 жил тутамд сунгагддаг. Үндсэн зээлдэгч нас барсан учраас хамтран зээлдэгчийн бүрдүүлж өгсөн материалын дагуу 2018 оны 07 сарын 06-ны өдөр 19.000.000 төгрөгийн нөхөн олговор даатгалын компаниас талийгаачийн зээлийн данс руу орж уг мөнгө зээлийн үндсэн төлбөрөөс суутгагдаж зээлийн үлдэгдэл 16.500.000 төгрөг үлдсэн байгаа. Зээл төлөх хуваарийн дагуу талийгаачийн зээлийн данснаас төлөгдөнө. Тэр дансанд мөнгө байхгүй бол хамтран зээлдэгч Б.гаас нэхэмжилнэ. 2018 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн зөвхөн хүүгийн төлбөрийг л талийгаачийн нэр дээрх зээлийн данснаас суутгаж байгаа. Үүнийг талийгаачийн 407190297 тоот данснаас суутгасан. 2018 оны 06 сарын 05-ны өдөр цалин гэж 2.700.000 төгрөг орсон. Мөн сар бүрийн сүүлд харилцах дансны хүү гэж тодорхой хэмжээний мөнгө ордог байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байр 203 тоот, Ү-2101020018 дугаартай, 39.05 м2 талбайтай, орон сууцны хууль ёсны өвлөгчөөр талийгаач Д.******* охин Э.*******, ээж Д.******* нарыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Б.гаас хүү Д.******* орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг, зээлийн үлдэгдэл 15.941.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөг гаргуулах гэж өөрчилж, дараа нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг өмчлөлдөө үлдээлгэх, зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгний 50 хувь 9.664.875 төгрөг, нийт 15.457.047 төгрөг гаргуулах, 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгний үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг тус тус орхигдуулсан тул 15.457.047 төгрөг дээрээ нэмээд 13.680.879 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж өөрчилж, нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гарган мэтгэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******ид холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот байрнаас албадан чөлөөлүүлэх, тухайн орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг адил тэгш хувааж, нэхэмжлэгч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэргийн 2-р талд авагдсан Швед улсын элчин сайдын яаманд 2019 оны 04 сарын 22-ны өдөр хийсэн Э.*******аас Д.*******ид өв залгамжлахтай холбоотой бүх асуудлаар шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, нэхэмжлэгч Э.*******ыг төлөөлөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор гаргасан Д.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
1970 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн ******* овогт Догсомын Энхбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 48 настайдаа нас барсан байх ба /хх-ийн 6, 7-р тал/ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* /талийгаачийн төрсөн эх/, нэхэмжлэгч Э.******* /талийгаачийн төрсөн охин/, хариуцагч Б. /эхнэр/ нар нь талийгаач Д.******* хууль ёсны өвлөгч болох нь 5184 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2705 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 392 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар /хх-ийн 8, 9, 21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч Орхон аймгийн нотариатчид хүсэлт гаргасан байх ба /хх-3, 11, 24, 70-р тал/ нэхэмжлэгч Д.*******, Э.*******, хариуцагч Б. нарт өвлөх эрхээ алдсан, өвлөх эрхээсээ татгалзсан нөхцөл байдал байхгүй байна.
Зохигчдын өв залгамжлагчаар тогтоолгож, өөрсдийнхөө өмчлөлд авахаар шаардлага гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байр 203 тоотод байрлах, Ү-2101020018 дугаартай, 39.05 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны тухайд талийгаач Д.Энхбаатар нь Их хаадын цуваа ХХК-тай Орон сууц захиалан бариулах тухай 2015 оны 06 сарын 11-ний өдрийн гэрээ байгуулж, тухайн орон сууцыг 64432500 төгрөгийн үнэтэйгээр худалдан авахаар тохиролцож, талийгаач Д.Энхбаатар, түүний эхнэр хариуцагч Б. нар нь Худалдаа хөгжлийн банкнаас 2016 оны 04 сарын 27-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 41.000.000 төгрөгийн зээлийг авч, урьдчилгаанд 23.432.500 төгрөгийг төлж, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн байна. /хх-ийн 22, 40-57-р тал/
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь ... талийгаач хүү Д.******* өмчлөлийн уг орон сууцыг худалдаж авахад хөгшнийхөө тэтгэврийн зээл 6 сая төгрөгийг авч урьдчилгаанд нь өгч байсан, энэ орон сууцыг бий болгоход Б.гийн хувь нэмэр байгаагүй, хүү маань орон сууцны зээл авахад хамтран зээлдэгчээр оруулахын тулд Б.тай гэрлэлтээ бүртгүүлснээс биш байранд нэг ч төгрөг төлөөгүй, оруулаагүй гэж хэлдэг байсан, цалингаасаа орон сууцны зээлээ төлдөг байсан, хүүгийн минь хөлс хүч шингэсэн учир уг байрыг би өөрийн өмчлөлд авна... гэж, хариуцагч Б. ...уг орон сууц нь талийгаач Д.Энхбаатар бидний дундын өмчлөлд байдаг, хөгшин настай ээж нь манай хүнийг өнгөрснөөс хойш манай байранд нүүж ирж амьдарч байгаа, бид уг орон сууцыг худалдаж зээлээр авсан, зээлийг манай нөхөр нэрээрээ төлдөг байсан, нэгнийхээ цалинг зээлэнд төлж, нэгнийхээ цалингаар амьдардаг байсан. Тийм учраас уг орон сууцнаас Д.*******ийг албадан чөлөөлж, байрыг миний өмчлөлд үлдээж, орон сууцны үлдэгдэл зээлийг нэхэмжлэгч нарт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү....гэх үндэслэлээр маргаж байна.
Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байр 203 тоотод байрлах, Ү-2101020018 дугаартай, 39.05 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц нь талийгаач Д.Энхбаатар, хариуцагч Б. нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа ба уг орон сууцны үнэ 64.432.500 төгрөг байх бөгөөд орон сууцны үнийн 50 хувь буюу 32.216.250 төгрөг нь талийгаач Д.Энхбаатарт, 50 хувь буюу 32.216.250 төгрөг нь Б.гийн өмчлөлийн эд хөрөнгө юм.
Иргэний хуульд заасны дагуу дээрх орон сууцны талийгаач Д.Энхбаатарт ногдох 50 хувь буюу 32.216.250 төгрөгийг хууль ёсны 3 өвлөгчид тэнцүү хэмжээгээр хуваахаар нэг хүнд 10.738.750 төгрөг ногдож байгаа ба харицагч Б.д уг орон сууцны 66.6 хувь буюу дийлэнхи хэсэг нь ногдож байгаа учир түүний өмчлөлд орон сууцыг үлдээж, талийгаачийн өмчлөлийн орон сууцнаас өвлөгдөх хэсэг болох 21.477.500 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулан нэхэмжлэгч Э.*******, Д.******* нарт тэнцүү хэмжээгээр олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг өмчлөлдөө үлдээлгэх, зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгний 50 хувь 9.664.875 төгрөг, нийт 15.457.047 төгрөг гаргуулах, 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгний үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг тус тус орхигдуулсан тул 15.457.047 төгрөг дээрээ нэмээд 13.680.879 төгрөгийг гаргуулаар буюу нийт хариуцагч Д.гаас 29.137.291 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулахад байрны зээлийн урьдчилгаанд төлсөн мөнгөний 50 хувь, даатгалын гэрээний дагуу талийгаач Э.Энхбаатарт олгогдсон 19.329.750 төгрөгний 50 хувь, зээлд төлсөн төлбөрийн 50 хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба нэхэмжлэгч нь хариуцагч болон талийгаач Д.******* өмчлөлийн орон сууцны зээлийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөр, урьдчилгаанд төлсөн төлбөр болон зээлийн гэрээний эрсдлийг даатгасан зээлдэгчийн амь насны даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй, өөрөөр хэлбэл түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б. нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байр 203 тоотод байрлах, Ү-2101020018 дугаартай, 39.05 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь байх ба шүүхийн шийдвэрээр уг орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлж шийдвэрлэж байх тул уг орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Д.*******ид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д өв хүлээн авсан өвлөгч буюу ......нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ, 535.2-т хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Энхбаатар, Б. нар нь орон сууцыг худалдаж авахдаа урьдчилгаанд 23432500 төгрөг төлж, Худалдаа хөгжлийн банкнаас 5 хувийн хүүтэй, 14 жилийн хугацаатай, 41.000.000 төгрөгийн зээлийг авсан ба уг зээлийн гэрээнд хариуцагч Б. нь хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийн гэрээний дагуу орон сууцны зээл, хүүгийн төлбөрт нийт 79.835.846 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 15.947.060 төгрөг үлдсэн болох нь тогтоогдож байгаа ба уг орон сууц нь Б.гийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө байх ба шүүхээс уг орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлж шийдвэрлэж байгаа, мөн тэрээр уг орон сууцны зээлийн хамтран зээлдэгч нь байх тул зээлийн үлдэгдлийг хариуцаж зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах боломжтой байна гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531.550 төгрөг, хариуцагчийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.900 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 195.137 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан талийгаач Д.******* хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Э.*******, Д.*******, хариуцагч Б. нарыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39.05 м2 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.гийн өмчлөлд үлдээж, хариуцагч Б.гаас 10.738.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******, 10.738.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.******* нарт тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг адил тэгш хувааж, нэхэмжлэгч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39.05 м2 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Д.*******ид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531.550 төгрөг, хариуцагч Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 195137 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ