Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар      101/ШШ2020/03173

 

                            

 

 

 

                                 2020        09          16

 

 

 

 

                            101/ШШ2020/03173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б д холбогдох

 

2016 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл 37 сарын хугацааны дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус татуулах төлбөр, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, бохир татуулсан төлбөр, баримтын үнэ зэрэгт нийт 1,749,725.60 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А, Ж.Д хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь Монгол Улсын Бүртгэлийн гэрчилгээг 2008 оны 06-р сарын 05-ны өдөр авсан бөгөөд Орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь Эрчим Хүчний Зохицуулах хорооноос “Дулаан түгээх”, “Дулаанаар зохицуулалттай хангах’’, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах” зэрэг тусгай зөвшөөрлүүдийг авч, Баянзүрх дүүргийн 1, 4, 5, 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 1, 8-р хороо, Баянгол дүүргийн 7, 20-р хороонд байрлалтай 55 байрны орон сууцны байруудыг халаалт, халуун, хүйтэн усаар тасралтгүй хангаж, инженерийн гадна, дотор шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн үйлчлэх хүрээнд байрладаг Баянзүрх дүүргийн 5-р хороо Сэнгүр горхи хотхон, 53 а байрны 48 тоотод оршин суугч Балжиннямын Б нь:  2016 оны 10-р сарын төлбөр -48436.96 төгрөг

2016 оны 11 -р сарын төлбөр - 89851.96 төгрөг

2016 оны 12-р сарын төлбөр - 40717.16 төгрөг

2017 оны 01-р сарын төлбөр - 56431.76 төгрөг

2017 оны 02-р сарын төлбөр - 44450.56 төгрөг

2017 оны 03-р сарын төлбөр - 46474.56 төгрөг

2017 оны 04-р сарын төлбөр - 48702.06 төгрөг

2017 оны 05-р сарын төлбөр - 39945.73 төгрөг

2017 оны 06-р сарын төлбөр - 18816.60 төгрөг

2017 оны 07-р сарын төлбөр - 38502.20 төгрөг

2017 оны 08-р сарын төлбөр - 21263.00 төгрөг

2017 оны 09-р сарын төлбөр - 36680.93 төгрөг

2017 оны 10-р сарын төлбөр - 51346.46 төгрөг

2017 оны 11-р сарын төлбөр - 51346.46 төгрөг

2017 оны 12-р сарын төлбөр -42401.26 төгрөг

2018 оны 01-р сарын төлбөр - 43413.26 төгрөг

2018 оны 02-р сарын төлбөр - 60683.26 төгрөг

2018 оны 03-р сарын төлбөр - 45045.66 төгрөг

2018 оны 04-р сарын төлбөр - 62707.26 төгрөг

2018 оны 05-р сарын төлбөр - 38533.33 төгрөг

2018 оны 06-р сарын төлбөр - 2915.00 төгрөг

2018 оны 07-р сарын төлбөр - 25696.00 төгрөг

2018 оны 08-р сарын төлбөр - 22969.80 төгрөг

2018 оны 09-р сарын төлбөр - 87601.73 төгрөг

2018 оны 10-р сарын төлбөр - 53398.66 төгрөг

2018 оны 11 -р сарын төлбөр - 35061.66 төгрөг

2018 оны 12-р сарын төлбөр - 82044.86 төгрөг

2019 оны 01 -р сарын төлбөр - 27251.66 төгрөг

2019 оны 02-р сарын төлбөр - 87707.66 төгрөг

2019 оны 03-р сарын төлбөр - 47403.66 төгрөг

2019 оны 04-р сарын төлбөр - 75948.66 төгрөг

2019 оны 05-р сарын төлбөр - 31444.53 төгрөг

2019 оны 06-р сарын төлбөр - 24518.60 төгрөг

2019 оны 07-р сарын төлбөр - 22494.60 төгрөг

2019 оны 08-р сарын төлбөр - 8595.00 төгрөг

2019 оны 09-р сарын төлбөр - 17113.76 төгрөг

2019 оны 10-р сарын төлбөр - 171809.33 төгрөг

Нийт - 1749725.60 /нэг сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун хорин  таван төгрөг жаран мөнгө/ төгрөг байна.

Иймд Баянзүрх дүүргийн 5-р хороо Сэнгүр горхи хотхон, 53 а байрны 48 тоотод оршин суугч Балжиннямын Бгаас 2016 оны 10-р сараас 2019 оны 10-р саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1749725.60 /нэг сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун хорин таван төгрөг жаран мөнгө/ төгрөгийг удаа дараа нэхдэг боловч төлөхгүй байгаа учир төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Дарьсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.10-2019.10 дуустал хугацаанд 1 749 725.60 төгрөг гаргуулна. Энэ нь дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус энэ нь цэвэр усны хэмжээтэй тэнцүү, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, бохир татуулсан төлбөр, баримтын үнэ орж байгаа юм.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага. Бид барилгын компаниас байрыг хүлээн авахдаа ус дулаанаар хангана гэж гэрээ хийдэг. Бид 2 байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрлийн нөхцөлөөр үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөл өгдөг байгууллагатай гэрээ хийж эдгээр байгууллага нь төлбөрөө манайхаар дамжуулж авдаг тул бид нэхэх эрхтэй. Бид төлбөрийн хэмжээг дээрх 2 байгууллагаас гаргасан үнэ тарифаар тооцдог. Мөн эдгээр байгууллагаар үнэ тарифын бодолтыг шалгуулсан. Бид айл өрхтэй биш барилгын компанитай гэрээ байгуулж хотхоноор нь хүлээж авсан. Айлтай гэрээ хийх шаардлагагүй. Тоолуурын аль заалтыг буруу авсан талаар хэлээгүй.  Дулааны хөлс нь эрчим хүчний байгууллагаас тогтоосон тарифаар тогтмол гардаг. Усны суурь үнэ хүртэл тогтмол гарч байдаг. Тоолуурыг авсан гэдэг нь нэхэмжлэл гаргаснаас хойших асуудал юм гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь БЗД-ийн 5-р хороо, Сэнгүр горхи хотхоны 53а байрны 48 тоотод амьдардаг. 2016 оны 08 сард манай Сэнгүр горхи хотхоны 53а, 53б байрны оршин суугчдын цахилгааны хүчдэл онцгой хүчтэй ирж манай гэрийн телевизор, угаалгын машин ажиллагаагүй болсон. Мөн оршин суугчид олноороо цахилгаан хэрэгслүүд нь шатаж хохирсон байна. Оршин суугчид бүгд ярилцаж яаралтай өргөдөл бичиж БЗД-ийн Бөхийн өргөөний урд байдаг Баянзүрх дүүргийн Цахилгаан шугам сүлжээ компанид очиж өргөдлөө өгсөн. Тус компани тодорхой хугацааны дараа хариу өгнө гэж оршин суугчдад хэлж явуулсан. Ингээд сарын дараа иргэд очиж өргөдлийн хариугаа асуухад “манайх хариуцахгүй, танай орон сууц нам даралтаар халдаг учир “Х” ХХК хариуцна. Тус компанид ханд” гэсэн. Бид олноороо Х ХХК дээр очиж асуухад манайх хариуцахгүй гэсэн. Эргээд Цахилгаан сүлжээ компани дээр очиход мөн манайх хариуцахгүй, орон сууцны компаниуддаа ханд гэх зэргээр оршин суугчдыг маш олон удаа энэ  хоёр байгууллага нааш цааш нь явуулж хохироосон. Миний бие дээрх хоёр байгууллагуудад олон удаа хэлж яриад миний хохирлыг барагдуулаагүй. Х ХХК манайх хариуцахгүй гэсэн боловч би танай Х ХХК, Цахилгаан шугам сүлжээ компанитайгаа яриад хэн нь хариуцахаа тодорхой болгож өг гэхэд манайд хамаагүй гэсэн. Энэ хоёр байгууллагаас болж олон айл хохирсон бөгөөд нэг айл нь манайх юм.

 Манай нөхөр 2016 оны 11 сард тал цус харваж, би нөхрөө асарч сувилж ядарч зүдрэхийн хажуугаар хөргөгч, угаалгын машингүй маш их зовсон бөгөөд хохиролтой учир гомдолтой байна. Эдгээр хоёр байгууллагад энэ байдлаа олон удаа хэлсэн боловч өдийг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй, хоёр байгууллага бие бие рүүгээ түлхэж, улмаар үе үе тог таслах, Х ХХК-ийн Амаржаргал гэгч нь хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн, нэг нь хэвтэрт, миний бие нэгнээ асарч сувилж ядарсаар эрүүл хөлөө хугалж, хоёр суга таягтай бараг явж чадахгүй байгааг харсан хэрнээ хаалга тогшиж тоолуурын заалт авах гэсэн юм гэхэд нь өгөх гээд хаалгаа нээхэд гаднаас тогны тоолуурыг булааж, тог таслан харанхуйд дайрч орж ирээд нэг нь намайг түлхэж, нөгөө нь тоолуурыг аваад зугтаад явсан. Энэ үед ванны хаалга унаж золтой л намайг цохичхоогүй. Нөхөр маань хэвтэж байгаад намайг хараад сандарч өндөлзөхөд нь би тайвруулж хэвтүүлсэн. Энэ хоёр байгууллагад би “миний хохирлыг барагдуулахгүй бол мөнгөнүүдийг нь өгөхгүй” гэдгээ анхнаас нь анхааруулж хэлж байсан. Х ХХК-ийн Амаржаргал гэдэг нь слесарьтайгаа дайрч орж ирээд усны тоолуурыг харахуйд сугалуулан авч явсны дараа ус алдаж, Амаржаргал руу утасдахад “одоохон хүн явуулна” гэж хэлээд хүн явуулаагүй хариуцлагагүй хандсан. Би өөрөө хүн авчирч ус алдсан байдлыг зогсоосон. Х ХХК, Цахилгаан шугам сүлжээ компани хоёр бие бие рүүгээ буруу чихэж ард иргэдийг хохироосон нь цус харвасан нөхрөө асарч байсан надад маш хүнд үе байсан. Нөхөр маань 2020.03.22-нд нас барсан бөгөөд эдгээр хоёр байгууллагын буруугаас болж угаалгын машингүй учир гараар юмаа угааж, хөргөгчгүй учир хүнсээ хадгалах газаргүй байсан зэрэг маш их хүнд дарамтын байдалд байсан. Ардчилсан нийгэмд ийм хүнд дарамтад амьдрах нь хуулийн зүйл ангид хамрагдах нь гарцаагүй гэж бодож байна. Нөхөр бид хоёр хоёулаа хөдөлмөрийн чадвар алдалттай, нөхөр маань 80 хувь, би 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Нөхөр маань амьд байхдаа энэ хоёр байгууллагыг хөргөгч, угаалгын машиныг янзлаад өгчих байх гээд итгээд байсан. Энэ олон хүмүүсийн дотор ухаантай, хариуцлагатай хүн байж л таарна гэж сайхан санаад байсан. Гэтэл Х ХХК-ийн Амаржаргал гэх эмэгтэй гаднаас цахилгааны фускатл буулгаж, тог тасалж /цахилгаан шугам сүлжээнээс тог таслаагүй байхад/, орж ирээд хулгайч луйварчин шиг тоолуур хулгай хийгээд намайг түлхэж унагасан зэргийг нөхөр маань сонсоод үнэхээрийн гайхаж, “Монголчууд ийм хариуцлагагүй, мөс чанаргүй” болох гэж толгой сэгсэрч байсан. Х ХХК шүүхэд хандсанд би маш их баяртай байна. Тэдний гаргасан хуурамч мөнгөн дүнг эсэргүүцэж байна. Манай байрны оршин суугчид ус дулааны төлбөр нь дулаан зогсоход зун 5,000-8,000 төгрөг, өвөл 10,000-25,000 төгрөг л байдаг. Өөрсдийн буруугаас болж өвчтэй зовлонтой хүмүүсийг хохироосон бөгөөд Х ХХК далимдуулан маш их мөнгө гаргасныг би эсэргүүцэж байна. Харин Х ХХК-д ял шийтгэл оногдуулж өвчтэй зовлонтой, нас барсан хүмүүс төлбөрийн чадвар байхгүйг харгалзан үзэж, Х ХХК-д өөрсдөд нь төлбөр тооцож бидний хохирлыг барагдуулж өгнө үү. Эцэст нь хэлэхэд бүхэл бүтэн 4,5 жил өвчтэй зовлонтой хүмүүс ядарч зовохын хажууд Х ХХК, Цахилгаан сүлжээ компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маш их дарамтад байлгаж байна. Эх орондоо байна уу харийн нутагт байна уу гэсээр зовж өдийг хүрлээ. Иймээс Х ХХК-ийн доромжлолд нөхөр бид хоёр маш их гомдолтой байна. Өөрсдийн дураар гаргасан асар их мөнгөн дүнг шаардаж байгааг хүчингүй болгож өгнө үү. Өөрсдөөр нь төлүүлж зохих арга хэмжээ авч өгнө үү. 

Миний бие 2020.03.22-ны өдөр нөхрөө алдаж, дараа нь орон байраа алдаж, одоо өөрөө бие муу группийн зээлтэй, төлбөрийн ямар ч чадваргүй, хэвтэрт байна. Шүүх хурлын товтой танилцахаар ирэхэд “Х” ХХК гэрээний дэвтэр шинээр гаргаж нээгээд миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Ямар ч үндэслэлгүйгээр ус дулааны мөнгө их хэмжээгээр бичиж, тооцооны хуудас гэх тамга бүхий цаасан дээр Н.Содгэрэл гэх хүний нэр байгаа зэрэг нь тус компани надтай гэрээ хийгээгүй гэдгийг нотолж байгаа юм. Хоёр байгууллага огт хөдлөхгүй байхаар нь би аргаа бараад Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-д 2020 оны 05 сард хандаж өргөдөл өгсөн. Х ХХК нь хариуцаж айлуудыг хохиролгүй болгох ёстой гэсэн албан бичгээр надад хариу өгсөн. Миний бие хоёр байгууллагад олон удаа хэлээд миний хохирлыг барагдуулаагүй. Миний хөргөгч, угаалгын машиныг засаж өгөөгүй учраас аргаа бараад 2020.12.12-нд хүүхэд маань засварчин дуудаж хөргөгч угаалгын машинаа үзүүлэхэд засвар авахгүй бараг шинийг авсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд 2020.03.03-нд шинэ угаалгын машин 329.900 төгрөгөөр худалдаж авсан. Хөргөгчөө 90,000 төгрөгөөр засуулсан. Тиймээс Х ХХК-ийн буруутай үйл ажиллагааг харгалзан, тоолуурыг өөрсдөө дээрэмдэн авч явж, их хэмжээний хүү, алданги тооцон задгайгаар бичсэн байж болзошгүй зэргийг хянан үзэж их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгч Иргэний хуульд заасан тэгш эрхийг хамгаалж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь тоолуурын заалтыг үнэн зөв аваагүй. Тоолуурыг авч явж дээрэнгүй үзэл гаргасан. Анхнаасаа оршин суугчидтай гэрээ байгуулаагүй. Оршин суугчид ус дулааны мөнгө хамаагүй бичдэг юм байна гэж ярьсан. Тэгээд очиход мөнгө хассан гэсэн. Гэрээ хийхээ болих гээд байж байтал цахилгаан хүчтэй ирж манай угаалын машин болон хөргөгч шатсан. Ингээд эрчим хүчний байгууллага болон нэхэмжлэгч нар нь хэн хэн нь хариуцахгүй гэдэг. Манай нөхөр өвчтэй байсан тул хэцүү байсан. 2016 оны 7 сард байцаагч ирэхэд хөргөгч, угаалгын машин янзалж өг гэхэд дараа нь янзалж өгнө гээд янзалж өгөөгүй. Сүүлдээ мөнгө нь их болж эхэлсэн. Би хэн нь миний хохирлыг хариуцах талаар албан бичиг өг гэхэд өгөөгүй. Манай цахилгааныг тасалдаг байсан. Дайрч орж ирээд тоолуурыг булааж авсан. Улмаар ус алдаад дуудахад ирээгүй. Би хувиараа хүн дуудаж засуулсан. Би тоолуурын заалтыг зөвшөөрөхгүй байгаа юм. Би одоо байрнаасаа хөөгдөөд гарчихсан байгаа юм. Намайг гаргасан хүмүүс нь хууль зөрчсөн гээд хэрэг үүссэн байдаг. Би байрандаа байсан бол төлөх байсан. Төлбөрийг нэхэмжлэгч өөрөө л тооцсон. Надад төлбөрийн чадвар байхгүй. Би банкны зээлтэй. Иймд би төлбөрийг зөвшөөрөхгүй. Эрчим хүчний газар нь Хыг миний хохирлыг барагдуулах ёстой гэж бичиг хийж өгсөн. Иймд нэхэмжлэгч нь миний хохирлыг барагдуулах ёстой. Айлуудаас зөвшөөрөл авч гэрээ хийж ажиллах ёстой. Тоолуурын заалт анхнаасаа буруу. Гэрээг хуурамчаар хийсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл 37 сарын хугацааны дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус татуулах төлбөр, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, бохир татуулсан төлбөр, баримтын үнэ зэрэгт нийт 1,749,725.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээ байгуулаагүй, тоолуурын заалт буруу, төлбөрийг буруу тооцсон, цахилгааны хэлбэлзлээс шалтгаалж хөргөгч болон угаалгын машин эвдэрч хохирол учирсан, энэхүү хохирлыг төлөөгүй тул нэхэмжилж буй төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны турш гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил юм. Улмаар орон сууцны ус, дулаан зэрэгтэй холбогдох төлбөр нь хэрэглэгчийн хэрэглээнээс шалтгаалж дараа сард нэхэмжлэгддэг болох нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдоно. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн төлбөр нэхэмжилсэн нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Сэнгүр горхи хотхон, 53а байр, 48 тоот хаягт байрлах орон сууцны холбогдох төлбөрийн талаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нь уг орон сууцыг 2014 онд худалдан авч, өмчлөгч байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өмчлөл шилжсэн гэж тайлбарласан. Мөн хариуцагч нь уг байранд 1 машины авто зогсоол өмчилж байсан болохыг зөвшөөрч байна. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан хугацааны холбогдох төлбөрийг төлөөгүй болох нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд төлбөр төлсөн талаар баримт шүүхэд ирүүлээгүй.

Иймд хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар дулааны эрчим хүч, түүнтэй холбогдох бусад төлбөр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, түүнтэй холбогдох бусад төлбөрийг тус тус төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах эрх авсан болох нь 34/2017, 35/2017 тусгай зөвшөөрлүүд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах эрх авсан болох нь 00369 дүгээр тусгай зөвшөөрлөөр тус тус тогтоогдож байна. /хэргийн 19-21 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т тус тус зааснаар нэхэмжлэлд дурдсан дулаан, ус хангамжтай холбогдох төлбөрийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох дулааны эрчим хүчний төлбөрийн талаар: Хариуцагчийн өмчилж байсан 48 тоот орон сууцны нэхэмжлэлд дурдсан хугацааны  холбогдох төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тооцож шүүхэд ирүүлсэн байна. /хэргийн 107-108 дугаар тал/

Энэхүү тооцоог хариуцагч нь зөв тооцогдсон гэж зөвшөөрсөн боловч цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс шалтгаалсан хохиролтой холбогдуулан төлөхөөс татгалзсан. Гэвч хариуцагч нь цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс шалтгаалж хохирол учирсан гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулах нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд ийнхүү хохирол учирсан гэх тайлбар нь дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд дээрх хорооноос гаргасан тооцоогоор хариуцагч нь 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусах хүртэлх 37 сарын хугацаанд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 354,127.10 төгрөг төлөх үндэслэлтэй.

Мөн энэхүү тооцоонд бичигдсэн дулааны суурь үнэ гэх үйлчилгээний төлбөрийн талаар хариуцагч маргахгүй байна. Иймд дээрх тооцоонд дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан 37 сарын дулааны суурь үнэ буюу үйлчилгээний төлбөрт нийт 105,400 төгрөг төлөх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох баримтын үнэ сар тус бүрийн 150 төгрөгийн талаар маргаагүй тул нийт 37 сарын баримтын үнэ болох 5,550 төгрөгт холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Харин хариуцагч нь усны тоолуурын заалтыг буруу гэж маргасан. Гэвч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Өөрөөр хэлбэл усны тоолуурын заалтын талаар холбогдох байгууллагад хэвийн ажиллагаатай байсан эсэх талаар шалгуулахаар хүсэлт, гомдол гаргаж байсан талаар тайлбар гаргаагүй бөгөөд ямар нэг баримт ирүүлээгүй. Иймд усны тоолуурын заалт буруу гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 02/472 дугаар албан тоотод нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн тооцоог зөв гэж тодорхойлжээ.

Эдгээр үндэслэлээр хариуцагч нь хэрэглээний цэвэр ус, халуун устай холбогдох зардал болон бохир усны үйлчилгээтэй холбогдох зардлуудыг тоолуурын заалтын дагуу төлөх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тооцооны дагуу хэрэглээний халуун ус халаасны төлбөрт 37 сарын хугацаанд нийт 348,724 төгрөг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэлийн шаардлага болох цэвэр усаар хангасан усны суурь үнийн талаар хариуцагч маргахгүй байх тул энэхүү төлбөрт 37 сарын хугацаанд нийт 95,500 төгрөг төлөх үүрэгтэй.

Түүнчлэн дээрх 02/472 дугаар албан тоотоор цэвэр, бохир устай холбогдох зардлыг зөв тооцсон гэж тодорхойлсон байх тул хэрэгт авагдсан тооцооны хуудсанд бичигдсэн 37 сарын цэвэр, бохир усны төлбөр болох нийт 521,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. /хэргийн 4-16 дугаар тал/

Энд зарим саруудад төлбөр тооцогдоогүй, зарим саруудад харьцангуй илүү төлбөр тооцогдсоныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг тоолуурын заалтаа өгөөгүй байснаас илүү бичигдсэн саруудад нөхөж, нэмж тооцогдсон гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй. Ийнхүү нэгтгэж нэмж тооцсон үндэслэлийг хариуцагч үгүйсгэж чадаагүй.

 

Хариуцагч нь 1 машины дулаан авто зогсоол өмчилж байсан талаар маргаагүй, зөвшөөрсөн, тооцсон төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргахгүй байх тул дулаан зогсоолын холбогдох төлбөрийг тооцооны хуудсанд заасан хэмжээ болох нийт 84,640 төгрөгөөр тооцох үндэслэлтэй. Энд мөн зарим сард төлбөр тооцогдоогүй байгаа нь дулааны эрчим хүчээр хангагдах сартай холбоотой гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тооцооны хуудсанд бичигдсэн бохир соруулах зардал болох 6 сарын хугацааны сард 379 төгрөг, нийт 2,274 төгрөгний талаар маргахгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь цахилгааны хэлбэлзлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэхүү учирсан гэх хохирлын гэм буруу болон хохирлын хэмжээний талаар дүгнэлт өгөх боломжгүй. Иймд дээр дурдсанаар хариуцагч нь энэ асуудлын талаар шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм.

 

Мөн нэхэмжлэгч нь банкнаас авсан зээлийн төлбөртэй, улмаар төлбөрийн чадваргүй гэж маргаж байх боловч энэхүү тайлбар нь ус, дулаан болон тэдгээртэй холбогдох төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусталх 37 сарын хугацааны дулаан, цэвэр ус, халуун ус халаасан хөлс, бохир ус татуулах төлбөр, дулааны суурь үнэ буюу үйлчилгээний хөлс, усны суурь үнэ, авто зогсоолын дулааны төлбөр, бохир татуулсан төлбөр, баримтын үнэнд нийт 1,517,665.10 / 354,127.10 + 105,400 + 5,550 + 348,724 + 95,500 + 521,450 + 84,640 + 2,274 / төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлага болох НӨАТ-н талаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж тус тус заасан.

Иймд дээр нэгтгэн тооцсон ус, дулааны үнэ болон тэдгээртэй холбогдох үйлчилгээний төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар 10 хувийн татвар тооцож нэхэмжлэх үндэслэлтэй юм. Ийнхүү тооцвол хариуцагчийн төлөх төлбөр болох 1,517,665.10 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар нь 151,766.51 төгрөг юм.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас нийт 1,669,431.61 /1,517,665.10+151,766.51/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80,293.99 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар хариуцагч Б.Бгаас 1,669,431.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80,293.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,661 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД