Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар       101/ШШ2020/04081

 

 

 

 

 

 

 

 

                                  2020        12         16

                        101/ШШ2020/04081

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.М

Хариуцагч: Б.Б

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 24,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Э.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.М нь 2016 оны 08-р сарын 17-ны өдөр иргэн Б. Бтай Зээлийн гэрээ байгуулан 16 100 000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг 11-р сарын 01 хүртэл буюу 2 cap 14 хоногийн хугацаатай хүүгүйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 3.1-т “Зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө зээлсэн мөнгийг бүгдийг болон хэсэгчлэн төлж болно. Энэ хоёр талын гарын үсэг эсхүл банкны баримтаар баталгаажна”. Гэрээний 3.2-т “Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаас хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно”. Гэрээний 2.6-д “Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан. Иргэн Б.Б нь Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй зээлийг хугацаанд нь буцаан төлөхгүй байна. Иймд иргэн Б. Баас үндсэн зээл 16 100 000 /арван : ац нэг зуун мянга/ төгрөг, алданги 8 050 000 төгрөг нийт 24 150 000 /хорин дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн эрээний үүрэгт нийт 24 150 000 төгрөг нэхнэ. Нэхэмжлэгч нь 2016.8.17-нд зээлийн гэрээ байгуулж, 16 100 000 төгрөгийг 8.17-11.1 хүртэл хүүгүйгээр зээлсэн. Гэрээний 3.1-т мөнгийг төлөх талаар болон 3.2-т мөнгө өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан. Мөн гэрээнд алданги тооцохоор заасан. Иймд үндсэн зээл 16 100 000, алданги 8 050 000-г нэхнэ. Хариуцагчийн төлөөлөгч зээлийн гэрээг 2 компанийн хоорондох өр төлбөртэй холбож тайлбарлаж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2016.8.17-нд дууссан баримт байдаг. Зээлийн гэрээ нь мөн 2016.8.17-нд хийгдсэн байдаг. Өрөнд тооцсон машиныг Бын өмч гэх боловч нэр дээр нь л байсан. Шийдвэр гүйцэтгэлд өгсөн тайлбартаа машинаараа төлөхөөр хэлсэн байдаг. Гэрч нь уг машиныг компанийн өмч гэдэг. Б нь машиныг ломбардад барьцаалснаа нуусан байдаг бөгөөд хайж олсон байдаг. Ломбардын хүн нь Быг дуудаад шийдвэр гүйцэтгэгч цуг очиж хураасан байдаг. Б нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээд ломбардын төлбөрийг төлсөн. Хариуцагч нь өрөндөө худаг гаргаж өгөхөөр тохирсон боловч хийж өгөөгүй. Хүний газар тул худаг ухаагүй гэдэг нь худлаа юм гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ч.Ш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Э.Мтай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч 16,000,000 төгрөгийг гардаж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно.

            Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь гэрээ хүчин төгөлдөр бус юм. Гэрээ байгуулсан боловч 282.4-т зааснаар мөнгийг бодитоор өгөөгүй. Иймд гэрээний зүйл болох мөнгийг аваагүй тул үүрэг үүсэхгүй. Зээлийн гэрээ байгуулах шаардлага нь 2 хуулийн этгээдийн хооронд өр төлбөрийн асуудал байсан. Улмаар хариуцагч Бын машинаар төлөхөөр тохиролцсон. Үүнийг нэхэмжлэгч тал маргадаггүй. Энэ асуудал нь шүүх дээр эвлэрлээр шийдсэн. Энэ үед машин ломбардад байгаа гэдгийг мэдэж байсан. Улмаар ломбардаас чөлөөлөөд машиныг хүлээлгэж өгсөн тул төлбөр дууссан гэж шийдвэр гүйцэтгэлийн хэрэг хаагдсан. Нэхэмжлэгч тал нь үүнийг зөвшөөрдөг. Баримт өгсөн байдаг ба мөнгийг ломбардад өгсөн байдаг. Энэ нь мөнгийг Б аваагүй гэдгийг нотолно. Хариуцагч нь нэхэмжлэгчийг таньдаггүй бөгөөд компани нь гэрээ хий гэж хийлгэсэн. Мөн баримт бичүүлж авсан байдаг. Мөнгө төл гэхэд нь мөнгө байгаагүй тул ажил хийж өгөхөөр тохиролцсон боловч уг ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Гэрч нь 2 компанийн хооронд өр төлбөр байгаад Бын машинаар төлөхөөр тохиролцсон гэдгээ хэлдэг. Мөн гэрч нь олон зүйлийг худлаа хэлсэн байдаг. Гэрч нь дүүгийнхээ машинаар өрөө төлсөн байдаг. Гэтэл мөнгө өгөхийг харсан мэт ярьсан байдаг. Учир нь төлбөр нь өөр дээрээ ирнэ гэж бодоод худлаа хэлсэн байдаг. Б нь гэрчийг хадам ээжийн дүү нь гэж хэлдэг. Хамтарч ажиллаж байгаад  төлбөрт орчлоо гэхээр нь өөрийнхөө машинаар төлсөн байдаг. Ломбардаас машин чөлөөлөхөд гэрч байгаагүй ба байх шаардлагагүй юм. Хариуцагч нь ингэж худлаа хэлсэнд гомдолтой байдаг. Магадлалд ямар харилцаа болохыг тогтоох гэсэн. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал гэж томилсон нь компанийн хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч нь уг хуулийн этгээдтэй холбоотой гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь компанийг төлөөлж байгаа юм уу иргэний хувьд нэхэмжлэл гаргасан гэдэг нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэлж байна. Компанийн өр төлбөрийг төлөхөөр тохирсон гэдгийг хэлж байна. Б нь машин ломбардад байгаа гэдгээ нуугаагүй бөгөөд мөнгө байгаагүй тул машинаа чөлөөлж чадахгүй байсан. Машин Бын өмч гэдгийг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ хийсэн. Хуулийн зөвлөхийн хэлснээр л гэрээ хийсэн. М зээлийн эх үүсвэр нь тодорхойгүй бөгөөд компани л мөнгө гаргасан байдаг. Мн өмнө хүлээх үүрэг байхгүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.М нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,100,000 төгрөг, алданги 8,050,000 төгрөг, нийт 24,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16,100,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 5 дугаар тал/

            Нэхэмжлэгч нь энэхүү зээлийг барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний төлбөр төлөх зорилгоор олгосон гэж тайлбарлаж байх боловч гэрээнд энэ талаар дурдаагүй. Улмаар мөнгө олгосон гэх баримтыг судалж үзвэл “Синчи ойл” ХХК-с “Цэц нум” ХХК-д 15,555,000 төгрөг олгосон гэсэн байна. Энэхүү баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгосон гэдгийг нотлогдохгүй ба мөнгөн дүн зөрүүтэй байна. /хэргийн 102 дугаар тал/

            Иймд зээлийн гэрээний дагуу мөнгө олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна.

            Үүнээс гадна хэргийн 25 дугаар талд байх гараар бичсэн баримт нь эх хувь гэдэг нь эргэлзээтэй, мөн хариуцагчийн төлөөлөгч нь “Цэц нум” ХХК-ийн төлбөрийг өөрийн машинаар төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байх тул зээлийн гэрээний дагуу зээл олгосон гэдгийг шууд эргэлзээгүйгээр нотлохгүй юм.

 

            Харин “Синчи ойл” ХХК болон “Цэц нум” ХХК нарын хоорондын төлбөрт тооцсон гэх авто машиныг барьцаалдан зээлдүүлэх газрын барьцаанаас чөлөөлөхтэй холбогдох төлбөрийг төлсөн эдгээд нь өөрт хохирол учирсан гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь зээл олгосон гэж үзэж зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжилсэн тул шүүх бусдын үүргийг биелүүлсэн, эсхүл өр шилжсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгох талаар тайлбарласан боловч уг асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шийдвэрлэгддэг болохыг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 24,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Мн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД