Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01746

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 24 150 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Түвшинжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.М- нь 2016 оны 8 сарын 17-ны өдөр иргэн Б.Б-тай зээлийн гэрээ байгуулан, 16 100 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 2 сар 14 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 3.1-т “Зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө зээлсэн мөнгийг бүгдийг болон хэсэгчлэн төлж болно”. 3.2-т “Гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаас хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ” гэж заасан. Иргэн Б.Б- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй зээлийг хугацаанд нь буцаан төлөхгүй байна. Хариуцагчийн тайлбарлаад байгаа “Синчи ойл” ХХК болон “Цэц нум” ХХК-ийн хоорондох маргаантай асуудал 2015 онд дууссан. Харин Э.М-, Б.Б- нарын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа 2016 онд үүссэн. Тэдний хооронд төлбөр тооцоо байгааг хүлээн зөвшөөрч, 24 000 000 төгрөг төлөх үүрэгтээ Б.Б- нь худаг гаргаж өгөхөөр тохиролцсон баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна. Уг баримтад Б.Б- нь өөрөө гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн учир энэ баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан болохыг нотолж байна. Талуудын хооронд 2016 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа бөгөөд мөнгө хүлээлгэж өгсөн баримт байхгүй боловч хариуцагчаас гаргаж өгсөн өр авлага барагдуулах тухай баталгаагаар нотлогдоно гэж үзэж байна. Иймд Б.Б-аас үндсэн зээл 16 100 000 төгрөг, алданги 8 050 000 төгрөг, нийт 24 150 000 төгрөгийг гаргуулж Э.М-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б- нь 2014 оноос “Цэц нум” ХХК-д ажиллаж байхдаа “Синчи ойл” ХХК болон “Цэц нум” ХХК-ийн хооронд дараа төлөх нөхцөлтэй түлш нийлүүлэх гэрээ байгуулагдахад зуучилж өгсөн. Дээрх 2 компанийн хоорондох түлшний төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, “Цэц нум” ХХК нь 54 670 500 төгрөгийг “Синчи ойл” ХХК-д төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу “Цэц нум” ХХК нь төлбөрөө төлөхгүй байсан учраас анх зуучилж өгсөн хүн болох Б.Б-аас төлбөр төлөхийг шаардахад нь тэрээр өөрийн 2013 онд 73 000 000 төгрөгөөр худалдаж авсан “хово” маркийн автомашиныг төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон. Тухайн үед уг машин нь авто ломбардад 16 100 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг “Синчи ойл” ХХК нь төлснөөр барьцаанаас чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Ингэхдээ автомашины үнэлгээн дээр тохироогүй буюу өр төлбөрт хүрэлцэхгүй байгаа учраас ломбардад төлсөн 16 100 000 төгрөгийг төл, одоо мөнгө байхгүй бол Э.М-тай зээлийн гэрээ байгуулж баталгаажуулна гэсний дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. “Синчи ойл” ХХК болон Б.Б- нарын хооронд бэлнээр мөнгө өгч чадахгүй байгаа бол Сүхбаатар, Дорнод аймагт байрлах манай компанийн аж ахуйн газарт хоёр ширхэг гүний худаг гаргаж өгөх, худаг гаргахтай холбогдох бүх зардлыг бүрэн хариуцаж, уг ажлыг 2019 оны 11 сарын 16-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх тухай хэлэлцээр буюу баталгааны баримт үйлдэгдсэн. Б.Б- заасан газарт худаг гаргахаар очсон боловч тухайн нутаг дэвсгэрт “Синчи ойл” ХХК нь газар эзэмших эрхгүй, худаг гаргах зохих зөвшөөрөлгүй байсан учраас худаг ухах боломжгүй байсан учир уг ажлыг гүйцэтгээгүй юм. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Цэц нум” ХХК, “Синчи ойл” ХХК-ийн хоорондох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, түүний дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр баримтаас “Цэц нум” ХХК нь 54 670 500 төгрөгийг “Синчи ойл” ХХК-д төлөхөөс 320 000 төгрөгийг төлсөн, үлдэх 54 350 500 төгрөгийн төлбөрт Б.Б- нь өөрийн 68-51 УНУ улсын дугаартай “хово” маркийн автомашиныг тооцож төлөхөөр харилцан тохиролцсоноор уг ажиллагаа дуусгавар болсон нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Э.М- нь “Синчи ойл” ХХК-ийн өмнөөс үүрэг шаардаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Б.Б- нь “Синчи ойл” ХХК-ийн өмнө тодорхой хэмжээний төлбөр төлөх үүрэг байгаа ч иргэн Э.М-гийн өмнө үүрэг хүлээгээгүй бөгөөд тэрээр “Синчи ойл” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 24 150 000 төгрөг гаргуулах тухай Э.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б-аас үндсэн зээл 16 100 000 төгрөг, алданги 8 050 000 төгрөг, нийт 24 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02099 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрээний зүйл болох 16 100 000 төгрөгийг хариуцагч Б.Б-т хүлээлгэн өгсөн талаар тусгагдсан гэж үзэх боломжгүй, харин Б.Б- болон “Синчи ойл” ХХК-ийн хоорондох өр авлагыг барагдуулах талаар тохиролцсон” гэж дүгнэжээ. Гэтэл талуудын хооронд 2016 оны 8 сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Э.М-, зээлдэгч Б.Б- нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээний хүчин төгөлдөр бус эсэхэд маргаагүй байхад шүүхээс гэрээний харилцаанд хамааралгүй хуулийн этгээд болох “Синчи ойл” ХХК-д холбогдуулан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Мөн “... зээлдүүлэгч Э.М- нь 16 100 000 төгрөгийг зээлдэгч Г.Батбаярын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй” гэжээ. Хавтас хэргийн 25 дугаар талд Б.Б- нь уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч, зээлдүүлэгчтэй амаар харилцан тохиролцон “Синчи ойл” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөн буйр сумын нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн газарт 2 ширхэг гүний худгийг гаргах, уг ажлын зардлыг зээлийн гэрээний төлбөрт тооцохоор баталгаа гаргаж өгсөн байдаг. Ийнхүү зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зугтаж, “Синчи ойл” ХХК-ийг хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд шүүх энэхүү тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж, гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй, эд хөрөнгийг төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бус болжээ. Шүүхээс “... хариуцагч Б.Б-ын өмчлөлд бодитойгоор шилжүүлэн өгснийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэжээ. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч тухайн 16 100 000 төгрөгийг харилцан биечлэн хүлээлгэн өгч, авалцсан. Энэ  талаар   шүүхээс  нэхэмжлэгч  талыг   Иргэний   хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасан эрхээр хангаагүй болно. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч талаас Б.Б-ыг эрэн сурвалжилж, ихээхэн цаг хугацаа алдаж хохирсон бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь 2016 оны 8 сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон байх тул нэхэмжлэл гаргах эрх хуулийг дагуу үүссэн. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02099 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 24 150 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Б-тай 2016 оны 8 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 100 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг шаардсан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа гэрээний дагуу нэхэмжлэгч Э.М-гаас 16 100 000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй, харин Э.М-д биш “Синчи ойл” ХХК-д 16 100 000 төгрөгийн өр төлбөрийн асуудал байгаа гэжээ. /хх-ийн 57-58-р тал/

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хариуцагч Б.Б-ын автомашин нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалагдсан байсныг нэхэмжлэгч Э.М- 16 100 000 төгрөгийг төлж барьцаанаас чөлөөлсөн гэв.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээ байгуулахаас өмнө тэдгээрийн хооронд өөр гэрээний харилцаа байсан эсэх, үүнтэй холбоотойгоор “Синчи ойл” ХХК-ийн захирлаар Э.М- ажиллаж байсан эсэх үйл баримт, эсхүл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар шаардаж байгаа эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байна.

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ