Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00951

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00951

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох

 

28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлийг бүрэн бүтэн байдлыг хангасан байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.******* нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа өөрөө буулгагч Самосвал КАМА маркийн 28-60 ОРХ дугаартай 26.105.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж Тамгын газарт тээврийн хэрэгслийг буцааж өгөхийг удаа дараа шаардахад буцааж өгөөгүй ба танай өмчийг эвдэж хэмхэлсэн гэсэн тайлбар өгсөн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтуудыг үндэслэн иргэн Н.*******гээс манай өмч болох 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг анх эзэмшүүлэхээр өгөхөд байсан /шинэ/ чанар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангасан байдлаар гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Засаг даргын Тамгын газарт нийлүүлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны зориулалттай КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг иргэн Н.*******тэй 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хугацаа дуусч гэрээг дүгнэж, эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг томилж ажиллуулсан боловч иргэн Н.******* нь гэрээний үүргийг биелүүлээгүй танай өмчлөлийг эвдсэн гэх тайлбарыг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хамтран ажиллах гэрээнд заасны дагуу авто машины элэгдэл хорогдлыг хөндлөнгийн аудитын байгууллагын мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлэх тул иргэн *******гийн эзэмшилд байгаа өөрөө буулгагч Самосвал КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар 2014 онд нийлүүлэгдсэн 2860 ОРХ улсын дугаартай Хятад улсад үйлдвэрлэгдсэн Кама маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглуулахаар иргэн Н.*******тэй 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээнд 3 жилийн хугацаанд гэрээний дагуу ажилласан бол тухайн тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг тооцож давуу эрхтэйгээр иргэн Н.*******д шилжүүлнэ гэж заасан. Гэрээний хугацаа 2017 онд дуусаж 2018 онд ЗДТГ-ын зүгээс гэрээгээ дүгнэе гэж Н.*******д мэдэгдсэн. Гэрээг дүгнэх талаар 2018.01.19-ний өдрийн Засаг даргын тушаал гарсан. Гэтэл иргэн Н.******* нь өгсөн машин чинь эвдэрсэн гэж машин биш нэг төмөр рам л харуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Баян-Өндөр сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, манайх төрийн байгууллага учраас дээрээс хяналт шалгалт хийгддэг. Холбогдох шалгалтаар хууль дүрмийн дагуу байгууллагын өмчид шилжүүлнэ үү гэсэн удирдамж гарсан. Иргэн Н.*******гийн хувьд түүний хэдэн жил хог тээвэрлэсэн хүч хөдөлмөр нь шингэсэн машин учир ЗДТГ-ын зүгээс түүнийг хохироох санаа зорилго байхгүй. Гэрээнд тохирсны дагуу элэгдэл хорогдлыг тооцож гэрээгээ дүгнүүлж асуудлыг шийдвэрлэх л шаардлага тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс 2860 ОРХ улсын дугаартай Хятад улсад үйлдвэрлэгдсэн Кама маркийн авто машиныг одоо байгаа байдлаар нь иргэн Н.*******гийн эзэмшлээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.******* 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №4 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу Орхон аймаг Булаг багийн хогийг Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ААНБ болон айл өрхийн хогийг зөөж тээвэрлэн ажилласан. Хамтран ажиллах гэрээ 2014 оны 12 дугаар сарын 24 -ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болохоор заасан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 д зааснаар гэрээний /Б тал/ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн хогны авто машиныг зориулалтын дагуу ашиглаж, эдэлгээ үйлчилгээнд онцгой анхаарч засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гурван жилийн хугацаанд гэрээний үүргийн дагуу ажиллуулсан тохиолдолд авто машиныг давуу эрхтэйгээр, элэгдэл хорогдлыг тооцон /Б талд/ шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сард гэрээний хугацаа дуусч Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтод хандаж үүргээ биелүүлэхийг шаардахад намайг огт ажиллаж байгаагүй ,би таныг мэдэхгүй юм байна гэж хэлээд гаргасан .Одоогийн байдлаар Кама маркийн 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байгаа болно . Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нэр дээр байгаа болно. Гэрээний 2.9-д зааснаар миний нэр дээр тээврийн хэрэгслийг гэрчилгээг акт үйлдэж олгохгүй байж 2019 оны 5 сарын 16 өдөр нэхэмжлэл гарган машиныг минь байсан хэвээр нь буцааж авна гэж юу гэсэн үг вэ би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөргүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №4 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу Орхон аймаг Булаг баг хогийг Кама маркын 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ААНБ болон айл өрхийн хогийг зөөж тээвэрлэн ажилласан . Хамтран ажиллах гэрээ 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24 -ны өдөр дуусгавар болохоор заасан .Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 д зааснаар гэрээний /Б тал/ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн хогийн авто машиныг зориулалтын дагуу ашиглаж, эдэлгээ үйлчилгээнд онцгой анхаарч засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гурван жилийн хугацаанд гэрээний үүргийн дагуу ажиллуулсан тохиолдолд авто машиныг давуу эрхтэйгээр, элэгдэл хорогдлыг тооцон /Б талд/ шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сард гэрээний хугацаа дуусч Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтод хандаж үүргээ биелүүлэхийг шаардахад намайг огт ажиллаж байгаагүй ,би таныг мэдэхгүй юм байна гэж хэлээд гаргасан .Одоогийн байдлаар Кама маркийн 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байгаа болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нэр дээр байгаа болно. Гэрээний 2.9-д зааснаар миний нэр дээр тээврийн хэрэгслийг гэрчилгээг акт үйлдэж олгохгүй байна. Иймд Баян-Өндөр сумын өмчлөлд байгаа Кама маркийн 28-60 ОРХ тээврийн хэрэгслийг хамтран ажиллах гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг дарга С.Ганцогтод ******* овогтой ******* *******гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: уг машиныг 2014-2017 оны хооронд ашиглаж, сүүлд нь өөрөө авахаар гэрээ байгуулсан. Энэ хугацаанд би нэг ч төгрөгийн цалин аваагүй. Нэг л өдөр бичиг баримтын зөрчилтэй байна гэж хэлээд машины бичиг баримтыг хураагаад авсан. Дараа нь мөн түлхүүрийг нь авсан байсан. Би өмнө нь ийм машин яг ийм гэрээний дагуу ямар ч асуудалгүйгээр өөрийн өмчлөлд авч байсан. Тэгж л авах юм байх гэж бодож байсан боловч намайг ажил хийгээгүй гэж хэлж машиныг хурааж авна гэсэн. Би машиныг эвдэрчихээр нь өөрийн хуучин машинтай нийлүүлж сэлбээд нэг машин болгосон. Тиймээс л би машиныг нь өгөөгүй. Эвдэрсэн учир юуг нь өгөх билээ. Үнэлгээний газар нь ирж үнэлнэ биз. Иргэн хүнийг дээрэлхэж олон хүмүүс ирж түлхүүр хурааж авдаг хууль дүрэм байдаг гэдгийг мэдэхгүй байна. Тиймээс шаардаж байгаа зүйлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч гэрээний дагуу машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг шаардаж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар хариуцагч Н.*******д холбогдуулан 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлийг бүрэн бүтэн байдлыг хангасан байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******гийн эзэмшилд байгаа өөрөө буулгагч Самосвал Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг хариуцагч Н.*******гээс гаргуулах гэж өөрчилжээ.

 

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 06 сарын 12-нд хариуцагч Н.******* нь Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтод холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу Баян-Өндөр сумын өмчлөлд байгаа Кама маркийн 28-60 ОРХ тээврийн хэрэгслийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ нарын хооронд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн хогны автомашиныг зориулалтын дагуу ашиглаж, эдэлгээ үйлчилгээнд онцгой анхаарч засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, 3 жилийн хугацаанд гэрээний үүргийн дагуу ажиллуулсан тохиолдолд автомашиныг давуу эрхтэйгээр, элэгдэл хорогдлыг тооцон нэхэмжлэгч Н.*******гийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ 2014 оны 12 сарын 24-ний өдөр байгуулагдсан байна. /хэргийн 15-р тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан байна.

 

Нэхэмжлэгч Н.******* нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу ямар ажил үүрэг гүйцэтгэж, уг ажил үүргийг гүйцэтгэхэд ямар зардал гаргасан, машины засвар үйлчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн зохигчид байгуулсан гэрээгээ дүгнээгүй байх ба, уг гэрээний үр дүнг дүгнэж, автомашины элэгдэл хорогдлыг тооцон гэрээний дагуу өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд давуу эрхтэйгээр шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашин нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын өмчлөлд байх ба өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас хуульд зааснаар өмчлөлийн эд зүйлээ гаргуулахаар шаардах үндэслэлтэй байна.

 

Уг автомашин нь Баян-Өндөр сумын ЗДТГ-ын өмчлөлд байдаг ба хариуцагч Н.******* нь Кама маркийн 28-60 ОРХ тээврийн хэрэгслийг өөрийнхөө өмчлөлд хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлэхийг Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг дарга С.Ганцогтод даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.*******гээс өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан хариуцагч Н.*******гээс өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгож, хариуцагч Н.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ