Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00139

 

Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг даргын

Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч

*******д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг, нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00951 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Самосвал кама маркийн 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг хангасан байдлаар гаргуулан авах тухай иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа өөрөө буулгагч Самосвал КАМА маркийн 28-60 ОРХ дугаартай 26.105.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж Тамгын газарт тээврийн хэрэгслийг буцааж өгөхийг удаа дараа шаардахад буцааж өгөөгүй ба танай өмчийг эвдэж хэмхэлсэн гэсэн тайлбар өгсөн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтуудыг үндэслэн иргэн *******гээс манай өмч болох 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг анх эзэмшүүлэхээр өгөхөд байсан /шинэ/ чанар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангасан байдлаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ:

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Засаг даргын Тамгын газарт нийлүүлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ачааны зориулалттай КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг иргэн *******тэй 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хугацаа дуусч гэрээг дүгнэж, эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг томилж ажиллуулсан боловч иргэн ******* нь гэрээний үүргийг биелүүлээгүй танай өмчлөлийг эвдсэн гэх тайлбарыг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хамтран ажиллах гэрээнд заасны дагуу авто машины элэгдэл хорогдлыг хөндлөнгийн аудитын байгууллагын мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлэх тул иргэн Доржсүрэнгийн эзэмшилд байгаа өөрөө буулгагч Самосвал КАМА маркийн 28-60 ОРХ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №4 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу Орхон аймаг Булаг багийн хогийг Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ААНБ болон айл өрхийн хогийг зөөж тээвэрлэн ажилласан. Хамтран ажиллах гэрээ 2014 оны 12 дугаар сарын 24 -ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болохоор заасан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 д зааснаар гэрээний /Б тал/ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн хогны авто машиныг зориулалтын дагуу ашиглаж, эдэлгээ үйлчилгээнд онцгой анхаарч засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гурван жилийн хугацаанд гэрээний үүргийн дагуу ажиллуулсан тохиолдолд авто машиныг давуу эрхтэйгээр, элэгдэл хорогдлыг тооцон /Б талд/ шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сард гэрээний хугацаа дуусч Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтод хандаж үүргээ биелүүлэхийг шаардахад намайг огт ажиллаж байгаагүй ,би таныг мэдэхгүй юм байна гэж хэлээд гаргасан .Одоогийн байдлаар Кама маркийн 28-60 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байгаа болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нэр дээр байгаа болно. Гэрээний 2.9-д зааснаар миний нэр дээр тээврийн хэрэгслийг гэрчилгээг акт үйлдэж олгохгүй байж 2019 оны 5 сарын 16 өдөр нэхэмжлэл гарган машиныг минь байсан хэвээр нь буцааж авна гэж юу гэсэн үг вэ би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөлгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч гэрээний 2.9-д зааснаар миний нэр дээр тээврийн хэрэгслийг гэрчилгээг акт үйлдэж олгохгүй байна. Иймд Баян-Өндөр сумын өмчлөлд байгаа Кама маркийн 28-60 ОРХ тээврийн хэрэгслийг хамтран ажиллах гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Засаг дарга С.Ганцогтод Пүрэв овогтой Ням-Осорын Доржсүрэнгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00951 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс өөрөө буулгагч Кама маркийн 28-60 ОРХ улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 951 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба уг гэрээний эрх зүйн харилцааг шүүх бүрэн гүйцэд, тухайн хэрэгт хамааралтай, үндэслэлтэйгээр тодорхойлж дүгнээгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний төрөлд дангаар хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Нөгөө талаас анхан шатны шүүх хэргийн оролцогч мөн эсэх, эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийг сольж өөрөөр үүсгэсэн, хариуцагчаас хэргийн оролцогч биш этгээдэд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, уг этгээдээс тайлбар гаргуулж хэрэгт хавсаргасан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байх уг алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байна. Иргэний хэргийн шүүх диспозитив зарчмын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай ба хэргийн оролцогчийн өмнөөс тэдний гаргаж буй нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тодорхойлж залруулах үүрэггүй байтал зохигчийг эрх зүйн байдлыг өөрчилж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00951 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газар нь хариуцагч *******гээс 2860 ОРХ улсын дугаартай Кама маркийн авто машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогтод холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу Кама маркийн 2860 ОРХ улсын дугаартай самосвал авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд үндэслэсэн байна.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн хогны авто машиныг ашиглах, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гэрээний дагуу ашиглуулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч ******* нь энэ хүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.-т заасан автомашиныг давуу эрхтэйгээр элэгдэл хорогдлыг тооцон Б талд шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллана гэсэн заалтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Шүүх хариуцагч *******гээс автомашиныг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1. дэх заалт хэрэгжих боломжтой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй байна.

Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэнэ.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогтод холбогдуулан гаргасан байгаа боловч үндсэн нэхэмжлэл нь Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газарт холбогдолтой түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан атлаа хариуцагч биш С.Ганцогтоос хариуцагчаар тайлбар авсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлийг зөрчжээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ