Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2018/00582

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй

Хариуцагч: холбогдох

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний ажлын хөлс 182 160 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сайннямбуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* аймгийн Засаг даргын албан тоот ******* аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн компаниудын хууль бусаар ашигт малтмал олборлож байснаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу  Хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээг харилцан тохиролцож байгуулж, улмаар гэрээний 2.2 болон 2.3.1 дэх заалтуудын дагуу захиалагч тал томилолтын зардал болох 9 653 440 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд ******* аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс Байгаль орчны газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагын оролцоотой тус аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд ноцтой хохирол учруулсан 19 аж ахуй нэгж, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг хийж тухайн газруудын нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолох ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний 5.1, 5.2 дахь заалтуудад заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай акт үйлдэж, гүйцэтгэгч тал гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж захиалагч тал хүлээн зөвшөөрч 2015 оын 05 дугаар сард багтаан гүйцэтгэсэн ажлын хөлсийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон билээ.

Гэвч гэрээний захиалагч тал дээрх ажлын хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй учраас уг төлбөрийг төлж барагдуулахыг манай компанийн зүгээс удаа дараа холбогдож шаардахад...төлбөрийг төлөх мөнгөний бололцоогүй байна,удахгүй төлнө гэсэн олон янзын тайлбар, хариуг өгсөөр нилээд хугацаа өнгөрсөн бөгөөд манай комданийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар хууль ёсны шаардлагад ямар нэгэн албан ёсны хариу өгөлгүй өнөөдрийг хүрч байна.

Үндэслэл, шаардлага:Иргэний хуулийн 343.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний 2.1 дэх зүйл болон Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай акт №3-ыг баримтлан байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 182 160 000 төгрөгийг ******* аймгийн Засаг дарга болон ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК нь ******* аймгийн Засаг даргатай  өдөр хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-т зааснаар ажлыг хөлсийг 182.160.000 төгрөгөөр талууд харилцан тохиролцсон байдаг. ******* ХХК-ийн зүгээс ******* аймгийн 7 сумын нутагт зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосонтой холбоотой байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнд нь зохих шинжилгээг хийж үнэлгээг гаргаж 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тайланг ******* аймгийн Засаг даргын тамгын газар хүлээлгэж өгсөн. 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээн дээр аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Гантулга гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга болон ******* ХХК-ийн захирал гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний дагуу ******* ХХК-ийн зүгээс хүлээсэн үүргээ биелүүлж 19 сумын нутагт хохирлын үнэлгээг холбогдох дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэж өгсөн. ******* аймгийн Засаг даргын зүгээс 182.160.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сардаа багтааж ******* ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс хойш удаа дараа ажлын хөлсийг шилжүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй учраас ******* ХХК-ийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч талаас хөлсийг хэзээ төлөх талаар ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

                        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг ******* ХХК нь ******* аймгийн Засаг даргатай байгуулсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч тал хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр байгаль орчны хохирлын үнэлгээний тайланг хүлээлцсэн актыг харицагч тал хүлээн зөвшөөрсөн. Төлбөрийг удаа дараа нэхэмжлэгч талын зүгээс шаардсан боловч гэрээнд заасан хөлсийг хариуцагч тал өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хариуцагч тал тайлбарыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь хуулийн дагуу, хугацаандаа гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

... Хариуцагч тал 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тайлангаа хүлээж авсан. Архивт материал байхгүй гэдэг нь тухайн байгууллагатай холбоотой асуудал байх. Нэхэмжлэгч талд холбоотой бүх нотлох баримтаа гаргаж өгсөн. Тамга тэмдэгний асуудал гэвэл Засаг дарга өөрөө гэрээгээ баталсан байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчсөн гэдгийг тодорхой тайлбарлаж чадсангүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Мөн хуулийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 344.-д .Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан учраас талууд хөлсийг харилцсан тохиролцсон гэв.

... томилолтын зардлын 9653440 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК ийн дансанд шилжүүлсэн байдагИргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан. Тухайн үед гомдол гаргаагүй. Төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн гэв.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хохирлын үнэлгээ тогтоох гэрээг 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага хангах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолох ёстой гэж үзэж байна. 2013 оноос хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад гэрээ, акт, тайлан эх хувиараа манай байгууллагад байхгүй талаар хөгжлийн бодлогын хэлтэс болоод архиваас албан бичиг ирсэн байгаа. Мөн гэрээнд заасан ажлыг 78 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байгаа. Ажлын тайлан хүлээлцсэн актыг 2015 оны 04 дүгээр сарын 19-ний хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээнд заасан хугацаанаас 500 гаруй хоног хэтрүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасныг шүүх харгалзан үзнэ үү.

Хэрэгт авагдсан гэрээ болон акт нь албан бичгийн шаардлага хангаагүй. Гэрээн дээр аймгийн Засаг даргыг төлөөлж гарын үсгээ зурсан боловч тамга дарагдаагүй байгаа. Монгол улсын баримт бичиг, бүрдлүүд тэдгээрт тавигдах шаардлагын 6.19-т байгууллагын удирдах албан тушаалтны гарын үсэг болон баримт бичгийн хуулийн хүчинтэй эх болохыг баталгаажуулж тамга тэмдэг дарна. Зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурсан баримт бичигт тэмдэг дарна гэж заасныг хангаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга гэрээг баталсан эсэх нь хуульд заасан хэлбэр биш. Өөрөөр хэлбэл энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээнд заавар баталгаажуулсан байхыг шаардаггүй учраас аймгийн Засаг дарга баталгаажуулсан эсэх нь тодорхой үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна. Энэ гэрээ нь үнэлгээ хийлгэх үйл ажиллагаатай холбоотой асуудал 2013 оны аймгийн Засаг даргын үндсэн чиглэл болоод төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй. Хөрөнгийг хаанаас гарах нь тодорхойгүй мөн санхүүгийн өр авлагаар тусгагдсан асуудал өнгөрсөн онуудад энэ талаар хүсэлт баримт материал тухайн компаниас ирээгүй. Энэ талаар байгууллагын архивт нотлох баримт байхгүй. Хохирлын үнэлгээ хийлгэхээр тухайн үед сонгон шалгаруулалт болон тендер зарлаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

... Тайлан актыг хүлээлгэж өгсөн талаар баримт байхгүй учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Гэрээн дээр Г.Гантулгын гарын үсэг байгаа хэдий ч тамга, тэмдэг байхгүй учраас хуулийн хүчинтэй акт биш гэж байна гэв.

... Нотлох баримт дээр үндэслэж хэргийг шийддэг. Худлаа зүйл ярьж тайлбар өгөөгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын санал болгосон хавтаст хэргийн 3-5,8-10,12-16,18-19 тал, хариуцагч талын санал болгосон 23,51,61,71 дүгээр талд авагдсан баримтуудыг дэлгэцээр харуулж тал бүрээс нь шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Байгаль орчинд учруулсан хохиролд хохирлын үнэлгээ хийсний ажлын хөлс 182 160 000 төгрөгийг ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахыг хүссэн ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөвшөөрөөгүй, татгалзсан байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ...******* аймгийн Засаг даргын тамгын газар,Хөрөнгийн үнэлгээ,төслийн ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай тоот акт зэрэг баримтад захиалагч тал тэмдэг дараагүй, Засаг даргыг төлөөлж гарын үсэг зурсан, уг ажил нь төлөвлөгөөнд ороогүй, сонгон шалгаруулалтад ороогүй, хүсэлт нь байгууллагын архивт байхгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч ******* аймгийн Засаг даргын тамгын газар,Хөрөнгийн үнэлгээ,төслийн ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ-г хүчин бус хэлцэлд тооцох Иргэний хуульд заасан үндэслэлээ тодорхой гаргаагүй, түүнийг нь нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар ...байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх...-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгож, 3 жилийн хугацаагаар сунгасан 2011/29 тоот эрхийн гэрчилгээтэй Ландс ХХК,******* аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Й/88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна./хэргийн 4-15 дугаар тал/

Гэрээний талууд 2015 оны 04 дүгээр сарын 19-ний гэрээгээ дүгнэж, 19 ширхэг хохирлын үнэлгээний тайланг хүлээлцэж, гэрээний үүрэг бүрэн биелэсэн, гүйцэтгэгч тал ******* ХХК нь үүргээ бүрэн биелүүлсэн гэж хоёр тал зөвшөөрөөд үнэлгээний ажлын хөлс 182 160 000 төгрөгийг 2015 оы 05 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон болох нь Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот актаар тогтоогдсон байна./хэргийн 16-17 дугаар тал/

Мөн захиалагч ******* аймгийн Засаг даргын тамгын газар нь хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний хоёрдугаар зүйлийн 2.2-д заасныг баримтлан томилолтын зардлын 9653440 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэх ******* ХХК-ийн өмгөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* үгүйсгээгүй, маргаангүй байгаа зэрэг нь хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ байгуулагдсан болохыг нотолж байна.

Нөгөө талаар хариуцагч ******* аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэлийн хувийг шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гардаж авсан боловч 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар болон татгалзсан талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болон няцаасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлэхээр санал болгосон баримтууд нь бүхэлдээ шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд байна. /хэргийн 23, 29,51,61,71 дүгээр тал/

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэсэн ажлын үр дүн болох ******* аймгийн 19 сум дахь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайланг захиалагч ******* аймгийн Засаг даргын тамгын газар хүлээн авсан болох нь Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай актаар тогтоогдож байх тул ажлын хөлс 182 160 000 төгрөгийг хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Лэнд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1068750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1068750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсний ажлын хөлс 182 160 000 төгрөгийг хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1068750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1068750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэ.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ