Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2019/02099

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2019/02099

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ГА /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ас ХХК /РД/-д холбогдох,

 

1,149,289.3 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГА нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ас ХХК-д санхүүгийн төлөвлөлтийн менежерээр ажилд орсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны нэр, үүрэгт өөрчлөлт орж улмаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан тушаал авсан болно. Тус байгууллагын захирал Г.Борист Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын дагуу ээлжийн амралтын 16.5 хоногийн олговорт нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын дараах байдлаар 1,136,689.30 төгрөгийг шилжүүлэхийг хүссэн боловч Монгол Улсын хууль тогтоомжийг үл хүндэтгэн бусад улсын туршлагыг дурдан, утасны дугаар блоклон, хариу и-мэйлдээ би чиний салсан нөхөр биш гэх мэтээр амралтын мөнгийг шилжүүлэхээс эрс татгалзаж байгаа тул 16.5 хоногийн амралтын мөнгө болох 1,136,689.30 төгрөг, баталгаат орчуулга, нотариатад төлсөн 12,600 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГАгийн тус шүүхэд гаргасан 16.5 хоногийн амралтын мөнгө болох 1,136,689.30 төгрөг болон баталгаат орчуулга. нотариатад төлсөн 12,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ГА нь манай байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Санхүүгийн төлөвлөлтийн менежерийн албан тушаалд ажилд орсон бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 11 сар ажиллаад, урьдчилан мэдэгдэлгүйгээр, тодорхой шалтгаангүй ажлаа орхин явсан. Г.Ариунсанааг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 9 хоног хүлээгээд түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байдаг. ГАтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.9 дүгээр зүйлд ажилтан 1 жил буюу 12 сар ажилласан тохиолдолд жилийн чөлөө буюу ээлжийн амралт авч болох талаар тохиролцсон боловч Г.Ариунсанаа нь нийт 11 сар ажиллаад хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 -т заасны дагуу ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй байна. Гэтэл ГА нь эд хариуцсан, хариуцлагатай албан тушаал хашдаг атлаа урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт ажлын байраа орхин явснаас манай байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГА нь Ас ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн санхүүгийн төлөвлөлтийн менежерийн албан тушаалд ажилд орсон бөгөөд 2019 оны 6 сарын 4 өдрийг хүртэл ажилласан ба урьдчилан мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санхүүгийн тайлан гаргах үеэр ажлын байраа орхиж явсан. Манай байгууллага Мэжик консалтинг ХХК-тай Санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж санхүүгийн тайланг гаргуулж төрийн эрх бүхий байгууллагад тушаасан. Мэжик консалтинг ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр нь 550,000 төгрөг бөгөөд энэ нь иргэн ГАгийн ажлын байраа орхиж явснаас манай байгууллагад учирсан хохирол юм. Иргэн ГАгаас ажлын байраа орхиж явсны улмаас манай байгууллагад учирсан хохирол болох 550,000 төгрөг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ас ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг ГА нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санхүүгийн тайлан гаргах үеэр ажлын байраа орхиж яваагүй. Тайлан гарах үе гэдэг нь 2019 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн 07 дугаар сарын 20-ны хооронд тооцогддог болно. ГАгийн ажлаас халагдсан үе бол 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр юм. Г. Ариунсарнай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Борис Громовын хүссэнээр ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд санхүүгийн тайлан хуулиараа 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд тушаах боломжтой байдаг. Энэ хугацаанд хөдөлмөрийн харилцааг дуусгасан байсан. 2019 оны 06 дугаар сарын 03-нд Борис Громовын хүссэнээр өөрийн ажлын байрны эд зүйлийг хүлээлгэж өгөөд явсан байдаг. Мөн 06 дугаар сарын 04-ний өдөр Ас ХХК-д 5 дугаар сард ажилласан цалингаа өөрийн дансаар Ас ХХК-аас хүлээж авсан. Тухайн үед Борис Громовын бий болгосон эксел файлын дагуу бүх тайлангуудаа файлаар компьютерт нь өөрийнх нь хүссэн нэрээр хадгалж, тайлбарлаж өгсөн. Үүний хариуд Борис Громовын утаснаас 19 цаг 32 минутад чамд баярлалаа маргааш өдөр 16 цагт оффист ирнэ үү. Би чамд ажлаас халсан тушаалаа өгье гэсэн байдаг. ГА нь тухайн ажлын байранд шаардагдах ажил үүргийнхээ дагуу ажлаа хүлээлгэж өгөөд тайлан тооцоогоо дуусгаад, ажилласан сүүлчийн сарын цалин, ажлаас халагдсан тушаалаа авч хөдөлмөрийн харилцаа бүрэн дуусгавар болсон байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар ГАгийн буруугаас 550,000 төгрөгийн хохирол тус компанид учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ГА нь хариуцагч Ас ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын олговорт 1,136,689.30 төгрөг, баталгаат орчуулга болон нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12,600 төгрөг, нийт 1,149,289.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгчид холбогдуулан хохиролд 550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ГА нь Ас ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтад талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл хуульд нийсэн эсэх талаар тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтад зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох бөгөөд мөн зүйлийн 55.2 дахь заалтад зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

ГА нь Ас ХХК-д 11 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн байх ба энэ хугацаанд ээлжийн амралт эдлээгүй байна.

Хариуцагчийн зүгээс ГАтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан 1 жил буюу 12 сар ажилласан тохиолдолд ээлжийн амралт авч болохоор тохиролцсон, ГА нь 11 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн тул ээлжийн амралтын олговрыг олгох үндэслэлгүй гэж тайлбар гаргасан байх боловч ажилтан 12 сар ажиллалгүй 11 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэл нь ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй.

Ажилтанд ээлжийн амралт олгох хугацаа болоогүй байхад ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны
166 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
аар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 15 дугаар зүйлд заасны дагуу   ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийх бөгөөд ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалтад зааснаар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Нэхэмжлэгч ГА нь 16.5 хоногийн ээлжийн амралтын олговрыг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч 16.5 хоногийн ээлжийн амралтын олговрыг нэхэмжилсэн шалтгаанаа ГАн нийт ажилласан хугацааг тооцож үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу үндсэн амралт дээр нэмэгдэл амралт олгогдохоор байгаа тул ээлжийн үндсэн амралтын хугацаа болох ажлын 15 өдрөөр бус 16.5 хоногоор тооцон ээлжийн амралтын олговрыг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байх боловч ГАн нийт ажилласан хугацаатай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

Иймд ГАгийн ээлжийн үндсэн амралтын хугацааг нэг жилд ажлын 15 өдрөөр тооцох бөгөөд Ас ХХК-д 11 сар ажилласан байх тул Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 15 дугаар зүйлд заасны дагуу  тухайн ажилтны ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж, нэг сард ногдох амралтын өдрийг 1.25 хоногоор, үүнийг ажилласан 11 сард үржүүлэн тооцож үзэхэд ГАгийн Ас ХХК-д ажилласан хугацаанд ногдох амралтын өдөр нь 13.75 өдөр болж байна.

13.75 хоногт ногдох ээлжийн амралтын олговрын хэмжээг тооцохдоо Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-ыг баримтлах бөгөөд уг журмын 5 дугаар зүйлд заасны дагуу ГАгийн Ас ХХК-д нийт ажилласан 11 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ГАгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4 тал/-д тусгагдсан 2018 оны 07 дугаар сарын цалин хөлс болох 1,862,255 төгрөг, 08 дугаар сарын цалин хөлс болох 1,977,548 төгрөг, 09 дүгээр сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 10 дугаар сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 11 дүгээр сарын цалин хөлс болох 1,895,196 төгрөг, 12 дугаар сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 02 дугаар сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 03 дугаар сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 04 дүгээр сарын цалин хөлс болох 1,862,255.52 төгрөг, 05 дугаар сарын цалин хөлс болох 1,500,000 төгрөг, нийт 20,270,787.37 төгрөгийг 11 сард хуваан тооцоход 1,842,798.85 төгрөг, үүнийг нэг сарын дундаж ажлын хоног 21.5 хоногт хувааж тооцоход нэг хоногт ногдох ээлжийн амралтын олговрын хэмжээ нь 85,711.5 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч хувь хүний орлогын албан татварын дараах байдлаар буюу 68,890.26 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэг хоногт ногдох ээлжийн амралтын олговрын хэмжээг 68,890.26 төгрөгөөр тооцон, үүнийг 13.75 хоногоор үржүүлэн, ээлжийн амралтын олговорт 947,241 төгрөгийг хариуцагч Ас ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ГАд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал буюу баталгаат орчуулга болон нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 12,600 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэгчээс ийм хэмжээний зардал гарсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дабльчек ХХК-ийн 9,900 төгрөгийн төлбөрийн баримт /хх-7 тал/, нотариатын үйлчилгээний зардалд 2,700 төгрөг төлсөн баримт /хх-8 тал/-уудаар тогтоогдсон ба уг зардал нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зайлшгүй зардал бөгөөд нэхэмжлэгчээс уг зардал гарахад нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговрыг олгох үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, хариуцагч Ас ХХК-аас 12,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГАд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Мэжик консалтинг ХХК-д Санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлсөн 550,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ГА ажлын байраа орхиж явсны улмаас өөр этгээдээр санхүүгийн тайлан гаргуулж компанид 550,000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр тайлбарласан.

Ас ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ГАтай санхүүгийн төлөвлөлтийн менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх-22-25 тал/ байдаг ба уг гэрээний 2.4 дахь заалтад санхүүгийн төлөвлөлтийн менежер нь нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо, санхүүгийн болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэх талаар заасан байна.

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ГАгийн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудлыг бүрэн хариуцах ажил үүрэг өөрчлөгдөж, худалдааны ажлаар солих талаар талууд хэлэлцэн тохиролцсон болох хэрэгт нотлох баримтаар авагдсан Үүрэг хариуцлагыг өөрчилж батлах болон цалингийн өөрчлөлт нэртэй баримт /хх-32-34 тал/-аар тогтоогдож байна.

Дээрх тохиролцооны дагуу худалдааны ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлын байр нь ямар ажил, албан тушаал болох, гүйцэтгэх ажил үүрэг нь юу байх талаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохиролцсон хөдөлмөрийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Худалдааны ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтад заасны дагуу ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй бөгөөд  ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг тодорхой бус тохиолдолд ГАг компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргах үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар ажилтан ажлаас чөлөөлөгдсөнөөр компани санхүүгийн тайлан тооцоогоо гаргах ямар ч боломжгүй болсон гэж үзэхгүй, компани өөр ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулан санхүүгийн тайлан тооцоог гаргуулах, эсхүл өөр хуулийн этгээдтэй гэрээ байгуулан санхүүгийн тайлан тооцоогоо гаргуулах эсэх нь хариуцагч байгууллагын өөрийн эрх хэмжээний асуудал тул ГАгийн буруугаас Ас ХХК нь Мэжик консалтинг ХХК-д Санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу 550,000 төгрөг төлж хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ас ХХК-аас 959,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГАд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 189,448.3 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 32,132 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 20,000 төгрөгийн 17,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ас ХХК-аас 27,586 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГАд, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ас ХХК-д тус тус олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР