Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2129

 

Г.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02099 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээний үүрэгт 1 149 289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Байгууллагад учруулсан хохирол 550 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Номиндалай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чинбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “А” ХХК-д санхүүгийн төлөвлөлтийн менежерээр ажилд орсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны нэр, үүрэгт өөрчлөлт орж улмаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Тус байгууллагын захирал Борис Громовт ээлжийн амралтын 16,5 хоногийн олговорт 1 136 689 төгрөг шилжүүлэхийг хүссэн боловч хариуцагч бусад улсын туршлагыг дурдан, утасны дугаар блоклон, хариу и-мэйлдээ би “чиний салсан нөхөр биш” гэх мэтээр амралтын мөнгийг шилжүүлэхээс эрс татгалзсан. Г.А нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санхүүгийн тайлан гаргах үеэр ажлын байраа орхиж яваагүй. Тайлан гарах үе гэдэг нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тооцогддог. Г. Ариунсарнай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Борис Громовын хүссэнээр ажлаа хүлээлгэж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-д ажилласан 5 дугаар сарын цалин авсан.

Тухайн үед Борис Громовт тайлангуудаа файлаар компьютерт нь нэрээр хадгалж, тайлбарлаж өгсөн. Г.Агийн буруугаас компанид 550 000 төгрөгийн хохирол учраагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд хариуцагч байгууллагаас 16,5 хоногийн амралтын олговор болох 1 136 689 төгрөгийг баталгаат орчуулга, нотариатад төлсөн хөлс 12 600 төгрөгийн хамт гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Г.А нь манай байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Санхүүгийн төлөвлөлтийн менежерийн албан тушаалд ажилд орсон бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 11 сар ажиллаад урьдчилан мэдэгдэлгүйгээр, тодорхой шалтгаангүй ажлаа орхин явсан. Г.Аг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 9 хоног хүлээгээд түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Г.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.9 дүгээр зүйлд ажилтан 1 жил буюу 12 сар ажилласан тохиолдолд жилийн чөлөө буюу ээлжийн амралт авч болох талаар тусгасан боловч Г.А нь нийт 11 сар ажиллаад хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй.

Гэтэл Г.А нь эд хариуцсан, хариуцлагатай албан тушаал хашдаг атлаа урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт ажлын байраа орхин явснаас манай байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Манай байгууллага “Мэжик консалтинг” ХХК-тай Санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж санхүүгийн тайланг гаргуулж төрийн эрх бүхий байгууллагад тушаасан. “Мэжик консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр нь 550 000 төгрөг бөгөөд энэ нь Г.Агийн ажлын байраа орхиж явснаас манай байгууллагад учирсан хохирол юм. Г.Агаас ажлын байраа орхиж явсны улмаас манай байгууллагад учирсан хохирол болох 550 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “А” ХХК-аас 959 841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 189 448.3 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 550 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 32 132 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 20 000 төгрөгийн 17 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас 27 586 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2 850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “А” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчтой тохиролцолгүй, ажлаа дур мэдэн орхин явсан тул хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын мөнгөнөөс 20 хувийн суутгал хийх эрхтэй гэж үзэж байна.

Шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “үүрэг хариуцлагыг өөрчилж батлах болон цалингийн өөрчлөлт” нэртэй баримтыг үндэслэн худалдааны ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлын байранд компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргах үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй гэж нотлох баримтыг буруу орчуулгыг үндэслэсэн, бусад тохиролцоог дурдалгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр байгаа нь “2-р улирлаас өмнө нягтлан бодох бүртгэлийн дүрэм журам, аргачлал бэлтгэж үүнийгээ автомат компьютерийн шийдэл дээр ашигладаг болох, эдгээр үүрэг даалгаврын явцыг байнга мэдэгдэх, удирдлагаас зөвлөгөө авах, ажлын тодорхойлолтод заасан нягтлан бодох бүртгэлээс гадна, таныг ISI-ийн Diamond 5 программ хангамжийг суурилуулах, сурах ашиглах ажилд анхаарч, нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж дуусгах, мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад бэлдэхийг хүсч байна”, гэрээний 2.4-т “... нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо, хамтын сангийн ажил болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ” гэсэн заалтыг “... нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо, бодлого боловсруулах болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ” гэж өөрчилнө, өөрчлөлтийг зөвшөөрч байвал гарын үсэг зурж баталгаажуулна уу гэсэн даалгавар удирдлагын зүгээс өгөгдсөн.

Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээний 2.4-т өөрчлөлт ороогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.А хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын олговорт 1 136 689 төгрөг, баталгаат орчуулга болон нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12 600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 550 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Г.А нь “А” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс санхүүгийн төлөвлөлтийн менежерээр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс худалдааны ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хэргийн 32-34 дүгээр талд авагдсан “Үүрэг хариуцлагыг өөрчилж батлах болон цалингийн өөрчлөлт” гэх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн баримтын орчуулгад “нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудлыг бүрэн хариуцах ажил үүрэг өөрчлөгдөж, худалдааны ажлаар солих тухай бид хэлэлцэж тохиров” гэсэн байх ба орчуулгыг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгээгүй тул Г.Аг худалдааны ажилтнаар ажиллаж байсан гэж зөв дүгнэжээ. Иймд баримтын орчуулга алдаатай байсан талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Г.А нь “А” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, энэ гэрээнд ажлын байрыг санхүүгийн төлөвлөлтийн менежер гэж заасан, гэрээнд бичгээр өөрчлөлт оруулаагүйд ажилтан буруугүй юм.

 

Ажил олгогчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн шийдвэрээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохдоо ажилтныг ажил тасалсан гэж үндэслэл заажээ. /хх5-6/

 

Г.А хөдөлмөрийн гэрээний дагуу 11 сар ажилласан, ээлжийн амралтын олговор олгогдоогүй талаар талууд маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “ ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговрыг олгоно”, 55.2 дахь хэсэгт “ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.9-д “ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тооцно” гэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд шүүх хуралдаанд хариуцагч байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан учир 12 сар ажиллаж байж хуульд заасан амралтаа эдлэнэ” гэх үндэслэл нь ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь ажилтан ямар хугацаатай ажиллах нь ээлжийн амралт олгохгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх Г.Ад Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5, мөн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралтын олговрыг 947 241 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч, хариуцагчаас хохиролд 12 600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч тус тус давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь Г.А нь худалдааны ажилтанаар ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар санхүүгийн тайлан тооцоо гаргах үүрэггүй юм.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор...” санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэж заасан ба уг хугацаанаас 1 сар 7 хоногийн өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тул санхүүгийн тайлан гаргах үүргийг биелүүлээгүй гэж Г.Аг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажил олгогчоос өгсөн даалгавраар “хөдөлмөрийн гэрээний 2.4-д “...нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо, хамтын тооцоо болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.” гэж заасныг “нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо бодлого боловсруулах болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ” гэж өөрчилсөнд Г.А гарын үсэг зурсан, ажилтан санхүүгийн тайлан гарах үүрэгтэй байсан гэх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 737 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА