Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/02651

 

 

 

 

                            2019 оны 10 сарын 02 өдөр

 Дугаар 101/ШШ2019/02651

Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц” ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б

 

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн төлөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь “Шинэ еөүтө” ХХК-тай 2016 онд ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд авсан орон сууцнуудыг 2017.06 сараас эхлэн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг авч үлдэгдэл төлбөрийг зээлээр төлөхөөр тохиролцон гэрээ хийж борлуулж эхэлсэн юм. Худалдан авагч нар төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад байрандаа орж амьдарч эхэлсэн. “Ц” ХХК нь иргэн Б.Бтэй 2017.018.09-ний өдөр орон сууц захиалах №17/07 тоот гэрээг байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүргийн 5-р хороо, “Аптан сан цогцолбор” хорооллын 1-р байрны 1-р орцны 7-р давхрын 704 тоот 44.48 м.кв талбайтай 2 ерөө орон сууцыг 1 м.кв-ийг 1500000 төгрөгөөр тооцож, нийт 66.720.000 төгрөг, урьдчилгаа 20.016.000 төгрөг бэлнээр төлж үлдэгдэл төлбөрийг компанийн зээлд хамрагдаж төлж зээлээр худалдан авахаар тохиролцсон юм. Худалдан авагч Б.Б нь 1 удаа төлөлт хийсэн бөгөөд түүнээс хойш дахин төлөлт хийгээгүй учир 2018.09.19-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг шаардсан мэдэгдлийг 3 удаа хүргүүлсэн болов ч үр дүнд хүрсэнгүй. Иймд иргэн Б.Бтэй байгуулсан орон сууц захиалах №17/07 тоот гэрээнээс татгалзаж байгаа учир орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид гэрээ байгуулсан. Үүний дагуу 704 тоот 2 өрөө орон сууцыг худалдахаар тохирсон. Урьдчилгаа авсан ба үлдэгдлийг зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь урьдчилгаанаас хойш ямар нэг байдлаар төлбөр төлөөгүй. Орон сууцандаа орсон. Нэхэмжлэгч нь хувийн зээлд хамрагдах, түрээс төлөх гэх мэт санал тавьсаныг хүлээж аваагүй. Уг байр нь нэхэмжлэгчийн өмч болох нь захиалагчтай байгуулсан гэрээгээр тогтоогдоно. Иймд хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзсан албадан чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгч нь өмчлөгч мөн гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээ болон түүний нэмэлт гэрээгээр нотлогдоно. Иргэний хуулийн 101-д зааснаар өмчлөх эрхийг гэрээгээр хүлээн авах боломжтой. Хариуцагч нь 2 жил уг байранд амьдарч байгаа ба энэ хугацаанд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр орсон тул аливаа шахалтгүй амьдарсан. Уг гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь хохирч байна. Урьдчилгаанаас хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч нь хангалттай хөнгөлттэй нөхцөл заасан. Удаа дараа мэдэгдээд үр дүнд хүрээгүй. Бусад этгээдүүд хүлээн аваад маргаан үүсгээгүй. Бид “Шинэ еөүтө” ХХК-д байрыг улсын комисст хүлээлгэж өг, эсвэл мөнгөө төл гэсэн шаардлага тавьж байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.П нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ц” ХХК нь иргэн Б.Бтэй 2017.08.09-ний өдөр орон сууц захиалах №17/07 тоот гэрээг байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүргийн 5-р хороо, “Алтан сан цогцолбор” хорооллын 1-р байрны 1-р орцны 7-р давхрын 704 тоот 44.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв -ийг 1500000 төгрөгөөр тооцож, нийт 66.720.000 төгрөг, урьдчилгаа 20.016.000 төгрөг бэлнээр төлж үлдэгдэл төлбөрийг компанийн зээлд хамрагдаж төлж зээлээр худалдан авахаар тохиролцсон юм... гэж ээ. Гэтэл тус 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №17/07 тоот орон сууц захиалах гэрээ” -ний 3 дахь хэсэгт “Орон сууцны нийт үнийн дүнгээс 20,016,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлж үлдэгдэл төлбөрийг уг байрыг улсын комисс хүлээн авсаны дараа орон сууцны зээлд хамрагдсанаар төлнө.” гэж заасан байх боловч одоог хүртэл иргэн Б.Бийн худалдан авсан орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байна.

Иймд иргэн Б.Бийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь:

  • Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 106-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэгт байгаа нэмэлт гэрээг харвал хариуцагчийн авсан байр нь 704 тоот байхад уг гэрээнд хариуцагчийн байр огт дурдагдаагүй байна. Нэмэлт гэрээг байгуулсан этгээд нь гэрчилгээнээс харахад эрхгүй этгээд байна. Мөн “Шинэ еөүтө” ХХК эсвэл Их сүндэр захиалагч эсэх нь ойлгомжгүй байна. Учир нь хэрэгт байгаа баримтаар Их сүндэр нь ерөнхий захиалагч гэдэг нь харагдаж байна.
  • Зохигчдын байгуулсан гэрээний 3-т зааснаар үлдэгдэл төлбөрийг улсын комисс хүлээн авсанаар зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй. Улсын комисс хүлээн аваагүй тул хариуцагч нь зээлд хамрагдах боломжгүй болоод байна. Гэрээг үгийн шууд утгаа ойлгоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүүлд өгсөн нэмэлт гэрээгээр өмчлөх эрх нотлогдож байна гэдэг нь үгүй юм. Уг гэрээгээр барьцааллаа л гэсэн байгаа. Мөн энэ гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хариуцагчийн байгуулсан гэрээний 3 дахь заалт нь гол татгалзах үндэслэл юм. Уг гэрээ нь худалдах худалдан авах гэрээ тул эрхийн доголдолгүй зүйлийг хүлээж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч нь банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Энэ нь бүх мэдэгдэлд зааснаар тогтоогдож байгаа юм. Банкны зээл нь комиссын акт болон үл хөдлөхийн гэрчилгээ гарсаны дараа гардаг болно. Хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй юм. Улмаар ашиглалтын зардлаа төлөөд явж байгаа нь Их сүндэрийн бичгээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаа зээлд хамрагд гэснийг хүлээн авах боломжгүй. Түрээс төлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь маргаж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, “Алтан сан цогцолбор” хороолол, 1 дүгээр байр, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, 704 тоот хаягт байрлах 44,48 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч биш, зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр уг байрыг улсын комисс хүлээн авсаны дараа банкны зээлд хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон, улсын комисс хүлээж аваагүй байгаа нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17/07 дугаар орон сууц захиалах гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 16 дугаар тал/ Гэрээний нэр өөр байх боловч зохигчийн төлөөлөгчийн тайлбар буюу гэрээ байгуулагдах үед уг орон сууц ашиглалтад орсон байсан, улмаар хариуцагч түлхүүрийг хүлээн авч, амьдарч эхэлсэн гэх тайлбараар энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байна. Энэхүү гэрээгээр худалдагч тал буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, “Алтан сан цогцолбор” хороолол, 1 дүгээр байр, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, F тоот хаягт байрлах 44,48 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгөний үнэнд нийт 66,720,000 төгрөг төлөх бөгөөд урьдчилгаанд 20,016,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг уг байрыг улсын комисс хүлээн авсаны дараа орон сууцны зээлд хамрагдсанаар төлнө гэж гэрээний 2, 3 дахь хэсэгт заажээ. Улмаар хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 20,016,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэж маргаагүй.

            Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Шинэ еөүтө” ХХК-тай байгуулсан 16/04 дугаар нэмэлт гэрээний дагуу шилжүүлж авсан гэж тайлбарласан. Уг нэмэлт гэрээнд заасан 2 өрөө орон сууцны оршин байгаа хаяг нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан маргаж буй 2 өрөө орон сууцны хаягтай тохирч байна. /хэргийн 59-60 дугаар тал/ Энэхүү нэмэлт гэрээнд “Шинэ еөүтө” ХХК-ийг төлөөлж ханз үсгээр тайлалгүй гарын үсэг зурсан боловч компанийн тэмдэг дарагдсан байх тул хүчин төгөлдөр гэж үзлээ. Улмаар нэмэлт гэрээний 2.9-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэгчид маргаж буй орон сууцыг төлбөрт тооцож барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгосон байна.

            Гэвч “Шинэ еөүтө” ХХК нь ийнхүү F тоот буюу маргаж буй 704 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн төлөх төлбөрт тооцон бусдад шилжүүлэх эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ц” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 82 дугаар албан тоотоор маргаж буй орон сууцыг хариуцагч Б.Бөд худалдаж байгаа талаар дурдаж, захиалгын гэрээг түүний нэр дээр шилжүүлэн хийхийг “Их сүндэр констракшн” ХХК-с хүссэн байна. /хэргийн 43 дугаар тал/ Энэхүү байдал нь нэхэмжлэгчийг уг байрны захиалагч буюу захиран зарцуулах эрх бүхий этгээд нь “Шинэ еөүтө” ХХК биш, харин “Их сүндэр констракшн” ХХК болохыг мэдэж байсан гэж үзэхээр байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

            Шүүхээс зохигчид өөрийн тайлбар татгалзлыг нотлох боломжийг олгож 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14880 дугаар захирамжаар нэхэмжлэгчид маргаж буй орон сууцны өмчлөх эрхтэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасан.

            Ийнхүү шүүгчийн захирамж гарсаны дагуу нэхэмжлэгч нь дээрх 16/04 дугаар нэмэлт гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлжээ. Гэвч “Шинэ еөүтө” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрт маргаж буй орон сууцыг бусдад шилжүүлэх эрхтэй гэдгийг нотолж чадаагүй. Тодруулбал нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, “Алтан сан цогцолбор” хороолол, 1 дүгээр байр, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, 704 тоот хаягт байрлах 44,48 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрх бүхий этгээдээс шилжүүлэн авсан гэх тайлбараа нотолж чадаагүй.

 

            Дээрхээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй боломжгүй юм.

            Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хэдийгээр нэхэмжлэгч болон “Шинэ еөүтө” ХХК-ний хооронд гэрээ байгуулагдсан боловч “Шинэ еөүтө” ХХК нь уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэдэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Мөн зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд зааснаар маргаж буй орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөний дараа зээл авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч уг орон сууц буюу байрыг улсын комисс хүлээж аваагүй талаар зохигч хэн аль нь маргахгүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэхгүй.

 

            Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь маргаж буй 704 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээдээс хүлээн авсан байх тул түүнийг мөн адил шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүйг тэмдэглэж байна.

 

            Үүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “бид “Шинэ еөүтө” ХХК-иас байрыг улсын комисст хүлээлгэн өгөх, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө төлөхийг шаардаж байгаа” гэх тайлбараар нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгч биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

            Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, “Алтан сан цогцолбор” хороолол, 1 дүгээр байр, 1 дүгээр орц, 7 дугаар давхар, 704 тоот хаягт байрлах 44,48 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх өмчлөгчийн эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Бөд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгч “Ц” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД