Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2126

 

МАГАДЛАЛ

 

2019.12.18                                               Дугаар 2126                             Улаанбаатар хот

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02826 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НХСО ” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 005 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “НХСО ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Амар амгалан 3 орон сууцны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 1 давхрын 112 тоотод орон сууцны зориулалттай 34.96 м.кв талбай бүхий 1 өрөөг Орон сууц захиалгын гэрээг байгуулж урьдчилгаа 11 005 000 төгрөг төлсөн боловч одоог болтол байшин ашиглалтад ороогүй байшин баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаагаар төлсөн 11 005 000 төгрөгийг “НХСО ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компанийн барьж байсан Амар амгалан 3, Орон сууц нь иргэдийг хямд орон сууцаар хангах төсөл хэрэгжиж байсан. Гэтэл манай компанийн “ЧХБ ” ХХК-д хадгалагдаж байсан тэрбум есөн зуун мянган төгрөгийг зөвшөөрөлгүйгээр татан авснаас бид эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгаа. Энэ байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НХСО ” ХХК-иас 11 005 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НХСО ” ХХК-иас 191 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11 005 000 төгрөгийг хариуцагч авсанаа хүлээн зөвшөөрсөн ч гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа “Иргэний хуулийн 355 дугаар зуйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул захиалагч гэрээг цуцалж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 11 005 000 төгрөгийг буцаан шаардах эрх байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хүсэлт явуулсан, түүнийг нь хариуцагч хүлээн авсан гэх баримт огт байхгүй бөгөөд одоог хүртэл гэрээ хүчин төгөлдөр байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шйдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч “НХСО ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 005 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч 11 005 000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч гэрээг цуцалж буй шаардлага гаргаагүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэгт баригдах Амар амгалан 3 хотхоны 1 дүгээр байрны 2 орцны 1 давхрын 112 тоотод байрлах 34.96 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 1 м.кв талбайн үнийг          1 850 000 төгрөгөөр тооцон, хэсэгчлэн хариуцагчид төлөхөөр тус тус тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хэргийн 4-5 дугаарт тал/

Орон сууцны урьдчилгаа төлбөрт 11 005 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн талаар талууд маргаагүй, харин гэрээг цуцлах үндэслэлийн талаар маргажээ.

Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцлаж, шилжүүлсэн 11 005 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарласан ба хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн боловч “ЧХБ ” ХХК-д хадгалагдаж байсан тэрбум есөн зуун мянган төгрөгийг зөвшөөрөлгүйгээр татан авснаас бид эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэжээ.

Иймээс нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар биет байдлаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02826 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 030 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ