Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/02082

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2019/02082 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Ч /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШШт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, Ж.Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Ч.У бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Та  ББСБ ХХК-ийн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 05 сарын 09-ний өдөр 1080 тоот шийдвэр гарч 87,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 594,200 төгрөгийг Та глобап капитал ББСБ-д төлөхөөр шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн Ү-2204032175, Ү-2201032176, Г-2204004601 тоот хөрөнгүүдийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.1.2, 33.1.3-т заагдсан эрхүүд зөрчигдсөн. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших Ү-2204032175, Ү-2201032176, Г-2204004601 тоот хөрөнгүүд нь үнэ цэнэ, зах зээлийн ханш өндрөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүд бөгөөд Да хүрээ захын 4 дүгээр хаалганы харалдаа, зам дагуу байршилтай, 520 м.кв газартай, газар дээрх обьектууд нь 2 давхар хувийн орон сууц, 10 машины гараш, 2 давхар ажлын байрны зориулалттай орон сууц, 1 давхар өвлийн зориулалттай байшин зэрэг 180,000,000 төгрөгийн өртөг хүрэх хөрөнгүүдийг маань надад мэдэгдэлгүй хямдаар үнэлүүлж, төлбөр авагчид шилжүүлэх үйлдэл хийгдэх гэж байгаа учир аргагүйн эрхэнд шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага үүслээ. Миний эд хөрөнгүүдээс зөвхөн газар нь гэхэд Та глобал капитал ББСБ-д өгөх 87,850,000 төгрөгийг бүрэн хааж чадах байтал түүний дээр орших, газраас салгамагц өөрийн шинж чанараа алдаж болох 4 нэр төрөл бүхий обьектуудыг оролцуулаад 67,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Сэлэнгэ эстимейт ХХК нь үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч Н.Ч надад огт мэдэгдээгүй, миний бие өөрийн үл хөрөнгүүдийг барьсан материал, үнэ цэнэ, байршил гээд холбогдох ажиллагаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй. Энэ нэг талыг барьсан үнэлгээг хийхдээ Сэлэнгэ эстимейт ХХК-ийг сонгох болсон шалтгааныг ч ойлгохгүй байна. Хэрэв Сэлэнгэ эстимейт ХХК-ийн энэхүү үнэлгээгээр миний эд хөрөнгө үнэлэгдэх аваас миний бие бүх хөрөнгөө өр төлбөрт өгөөд цаана нь дахиад 20,000,000 төгрөгийн өртэй үлдэх нь тодорхой боллоо. Да хүрээ зах нь гэдэг Монголчуудын хамгийн их цуглардаг, амьдрал буцалсан газар бөгөөд түүний хажууд орших зэргэлдээ газрууд төдийгүй, түүний дээрх обьектууд ч маш их үнэ цэнэтэй байдаг билээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.3, 4.1.4-ийг зөрчиж шударга бус, хууль тогтоомжид нийцээгүй үнэлгээг Сэлэнгэ эстимейт ХХК гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үнэлгээг зөвшөөрөхгүй гэж дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах гэхэд шийдвэр гүйцэтгэгч Урангоо нь Та гомдол гаргана гэвэл үнэлгээтэй танилцсан гэж гарын үсгээ зур гэсэн учир аргагүйн эрхэнд гарын үсгээ зурж, Сэлэнгэ эстимейт ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргах эрх нээгдсэн болно. Үнэлгээний талаар НШШШт гомдол гаргасан бөгөөд 2019 оны 01 сарын 11-ны өдрийн 4/01 тоот тогтоолыг 2019 оны 01 сарын 14-ний өдөр гардан аваад 7 хоногийн дотор, гомдол гаргах хугацаанд нь багтааж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр нэг талд үйлчилж миний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн Сэлэнгэ эстимейт ХХК-ийн 67,000,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Чгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1080 дугаар шийдвэрээр Нацагдоржийн Чинсанаагаас 87,844,200 төгрөгийг гаргуулж Та глобал капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Н.Чгийн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үндэслэл болно. Мөн нэхэмжлэгч Н.Ч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэгч Н.Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч НШШШт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн гаргаж буй тайлбар, татгалзлыг дэмжсэн байр суурийг шүүх хуралдаанд илэрхийлж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 1617 дугаар магадлал /хх-18-30 тал/-аар Н.Чгаас 87,250,000 төгрөгийг гаргуулж Та глобал капитал ББСБ ХХК-д олгож, Н.Чгаас улсын тэмдэгтийн 594,200 төгрөгийг гаргуулж Та глобал капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 181/ШЗ2018/09477 дугаар захирамж /хх-17 тал/-аар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 1617 дугаар магадлалыг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 18280995 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-31 тал/-оор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 2/01 дугаартай, мөн өдрийн 2/02 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд /хх-39,40 тал/-аар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176 дугаарт бүртгэлтэй, Г-2204004601 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 185/10 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-49 тал/-оор эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176 дугаарт бүртгэлтэй, Г-2204004601 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг хураасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь заалтад Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ гэж заасан байх ба эд хөрөнгө хураасан болон битүүмжилсэн тогтоолд дурдагдсан Ү-2204032176, Г-2204004601, Ү-2204032175 дугаартай хөрөнгүүд нь ямар төрлийн эд хөрөнгө болох, шинж байдал, тоо ширхэг нь ямар болох талаар дурдагдаагүй бөгөөд хэрэгт дээрх хөрөнгүүдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд хэрэгт авагдаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 4/18822 тоот мэдэгдэл /хх-52 тал/-ээр Н.Чгаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176, Г-2204004601 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авах талаар мэдэгдсэн байх ба эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа хийгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

2018 оны 11 сарын 14-ний өдөр Та глобал капитал ББСБ ХХК нь 18/63 дугаартай албан бичиг /хх-53 тал/-ээр НШШШт хандан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004601 дугаарт бүртгэлтэй 521 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаарт бүртгэлтэй 230 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220432176 дугаарт бүртгэлтэй 206.2 м.кв талбайтай 2 ширхэг гаражийн үнэлгээг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг гаргасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 297 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-54 тал/-оор Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176, Г-2204004601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон газрын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Сэлэнгэ эстимэйт ХХК нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 2 ширхэг хувийн сууц, Ү-2204032176 дугаартай 2 ширхэг гараж, Г-2204004601 дугаартай, 700 м.кв газрыг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ цэнийг 67,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-55-61 тал/-г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 4/01 дугаартай тогтоол /хх-4 тал/-ыг 2019 оны 01 сарын 14-ний өдөр гардаж аваад 2019 оны 01 сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарласан, хариуцагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтад заасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 297 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-54 тал/-оор Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176, Г-2204004601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон газрын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон байхад шинжээч нь шинжээч томилох тухай тогтоолд дурдагдаагүй хөрөнгө буюу Ү-2204032175 дугаартай 2 ширхэг хувийн сууцны үнэлгээг хийсэн байх ба үнэлгээний тайлангийн үнэлгээний тооцоолол хэсэгт шинжээч томилох тухай тогтоолд дурдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээний тооцооллын талаар дурдагдаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Чгийн хариуцагч НШШШт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 2 ширхэг хувийн сууц, Ү-2204032176 дугаартай 2 ширхэг гараж, Г-2204004601 дугаартай, 700 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 67,000,000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс тайлбар гаргах явцдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь заалтад заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас НШШШ болон Сэлэнгэ эстимэйт ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ болон үнэлгээний компанийг тойргийн журмаар хуваарилах талаар гарсан журмыг гаргуулж өгнө үү гэж хүссэн хэдий ч хүсэлт хэлэлцэх үе шатанд бус хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж буй тайлбар, хүсэлтийг үндэслэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь заалтыг баримтлан нотлох баримт бүрдүүлж цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Чгийн хариуцагч НШШШт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 2 ширхэг хувийн сууц, Ү-2204032176 дугаартай 2 ширхэг гараж, Г-2204004601 дугаартай, 700 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 67,000,000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/01776 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Чгаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Чд, шинжээчийн зардалд 150,000 төгрөгийг гаргуулан Мөнх оргил трейд ХХК-д тус тус олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР