Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2072

 

Н.Ч-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 1080 тоот шийдвэр гарч, 87 250 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 594 200 төгрөгийг “Та глобап капитал ББСБ” ХХК-д төлөхөөр шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн Ү-2204032175, Ү-2201032176, Г-2204004601 тоот хөрөнгүүдийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.3-т заагдсан эрхүүд зөрчигдсөн. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших Ү-2204032175, Ү-2201032176, Г-2204004601 тоот хөрөнгүүд нь үнэ цэнэ, зах зээлийн ханш өндрөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүд бөгөөд Да хүрээ захын 4 дүгээр хаалганы харалдаа, зам дагуу байршилтай, 520 м.кв газартай, газар дээрх обьектууд нь 2 давхар хувийн орон сууц, 10 машины гарааш, 2 давхар ажлын байрны зориулалттай орон сууц, 1 давхар өвлийн зориулалттай байшин зэрэг 180 000 000 төгрөгийн өртөг хүрэх хөрөнгүүдийг маань надад мэдэгдэлгүй хямдаар үнэлүүлж, төлбөр авагчид шилжүүлэх үйлдэл хийгдэх гэж байгаа учир аргагүйн эрхэнд шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага үүслээ. Миний эд хөрөнгүүдээс зөвхөн газар нь гэхэд “Та глобал капитал ББСБ” ХХК-д өгөх 87 850 000 төгрөгийг бүрэн хааж чадах байтал түүний дээр орших, газраас салгамагц өөрийн шинж чанараа алдаж болох 4 нэр төрөл бүхий обьектийг оролцуулаад 67 000 000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч Н.Ч- надад огт мэдэгдээгүй, миний бие өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьсан материал, үнэ цэнэ, байршил гээд холбогдох ажиллагаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй. Энэ нэг талыг барьсан үнэлгээг хийхдээ “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг сонгох болсон шалтгааныг ч ойлгохгүй байна. Хэрэв “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн энэхүү үнэлгээгээр миний эд хөрөнгө үнэлэгдэх аваас миний бие бүх хөрөнгөө өр төлбөрт өгөөд цаана нь дахиад 20 000 000 төгрөгийн өртэй үлдэх нь тодорхой боллоо. Да хүрээ зах нь гэдэг монголчуудын хамгийн их цуглардаг, амьдрал буцалсан газар бөгөөд түүний хажууд орших зэргэлдээ газрууд төдийгүй, түүний дээрх обьектууд ч маш их үнэ цэнэтэй байдаг билээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасныг зөрчиж, шударга бус, хууль тогтоомжид нийцээгүй үнэлгээг “Сэлэнгэ эстимэйт” ХХК гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үнэлгээг зөвшөөрөхгүй гэж дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах гэхэд шийдвэр гүйцэтгэгч Урангоо нь та гомдол гаргана гэвэл үнэлгээтэй танилцсан гэж гарын үсгээ зур гэсэн учир аргагүйн эрхэнд гарын үсгээ зурж, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргах эрх нээгдсэн болно. Үнэлгээний талаар НШШГГ-т гомдол гаргасан бөгөөд 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 4/01 тоот тогтоолыг 2019 оны 01 сарын 14-ний өдөр гардан аваад 7 хоногийн дотор, гомдол гаргах хугацаанд нь багтааж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр нэг талд үйлчилж, миний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 67 000 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 1080 дугаар шийдвэрээр Н.Ч-гаас 87 844 200 төгрөгийг гаргуулж, “Та глобал капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Н.Ч-гийн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн төлж, барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үндэслэл болно. Мөн нэхэмжлэгч Н.Ч- нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэгч Н.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 23 дугаар гудамж, 678 тоот хаягт байрлах 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 2 ширхэг хувийн сууц, Ү-2204032176 дугаартай 2 ширхэг гарааш, Г-2204004601 дугаартай, 700 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар 67 000 000 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Ч-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Ч-д, шинжээчийн зардалд 150 000 төгрөгийг гаргуулан “Мөнх-Оргил трейд” ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх зөрчигдөх нөхцөл үүслээ. Учир нь шүүх хэргийн нотлох баримтыг судлаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эрх зөрчигдсөн болохыг үндэслэлтэй тогтоосон. Нэхэмжлэгч Чинсанаагийн төлбөрт хураагдсан байгаа эд хөрөнгө нь Да хүрээ захын дэргэд хот төлөвлөлтөнд багтсан Азийн хөгжлийн банкны төслөөр дулааны шугам сүлжээний зурагт орсон бөгөөд тус обьект нь 250 000 000 төгрөгийн үнэ хүрэхүйц үнэлгээтэй хөрөнгө болно. Иймд 2082 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинжээч томилж бодит үнэлгээ гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                       

 

Нэхэмжлэгч Н.Ч- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 16-ны өдрийн 1617 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.Ч-гаас 87 250 000 төгрөгийг гаргуулж “Та глобал капитал ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 25-30-р тал/

 

Төлбөр төлөгч Н.Ч- нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Та глобал капитал ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 сарын 30-ны өдөр 819 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 16-р тал/

 

Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Ч-д хариуцагч НШШГГ- нь 2018 оны 9 сарын 25, 10 сарын 02-ны өдрүүдэд хүргүүлж, барьцааны эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176, Ү-2204004601, Ү-2204032175 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 10 сарын 02-ны өдөр тус тус битүүмжилж, 2018 оны 10 сарын 22-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалтыг үйлдээгүй байна. /хх-ийн 37, 41, 39-40, 49-р тал/

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэрт зээлийн барьцаанд Н.Ч-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоотод байршилтай 206.2 м.кв, 2 ширхэг гарааш, мөн хаягт байрлах 230 м.кв 2 ширхэг хувийн орон сууц, 521 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан талаар дурджээ. /хх-ийн 20-р тал/

 

Хариуцагч НШШГГ- нь 2018 оны 11 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Н.Ч-гаас үнийн санал авах мэдэгдэл хүргүүлэхдээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176, Ү-2204004601 дугаартай 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2018 оны 11 сарын 16-ны дотор өгөхийг мэдэгдсэн байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай эд хөрөнгөд үнийн санал авах ажиллагааг хийгээгүй байна. /хх-ийн 52-р тал/

 

Төлбөр авагч “Та глобал капитал ББСБ” ХХК нь 2018 оны 11 сарын 14-ний өдөр барьцааны хөрөнгүүд болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004601 дугаартай 521 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 230 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032176 дугаартай 206.2 м.кв талбайтай 2 ширхэг гараашийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 53-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ- нь 2018 оны 11 сарын 22-ны өдөр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч томилсон тогтоолдоо Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 23 дугаар гудамжны 678 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032175 дугаартай 230 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцыг орхигдуулсан байна. /хх-ийн 54-р тал/

 

             Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасантай тус тус нийцжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэх боловч энэхүү гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                            ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Г.ДАВААДОРЖ