Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02060

 

 

 

 

2019 оны 10 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2019/02060 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ч ТББ /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ж ХХК /РД:/-д холбогдох,

 

26,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч ТББ нь Ж ХХК-тай 2013 оны 12 сарын 11-ний өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ байгуулан өөрийн эзэмшилд байдаг Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхрын 207 тоот нийт 37 м.кв ажлын байрыг оффисын зориулалтаар түрээслүүлсэн. Хариуцагч Ж ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл уг ажлын байрыг түрээсэлсэн бөгөөд түрээсийн гэрээний дагуу төлөх нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 2018 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 26,370,000 төгрөг болсон болно. Ж ХХК-ийн зүгээс уг төлбөрийг тодорхой график гарган төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулахыг хариуцагч талд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Иймд Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл нийт 26,370,000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Т13 дугаартай Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдоно. Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн нэхэмжилсэн төлбөр үндэслэлгүй учир түрээсийн гэрээний үүрэгт 26,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж ирээд байгаа баримтууд болох тооцоо нийлсэн акт, төлбөр төлөхийг зөвшөөрсөн гэсэн баримтуудад Адилбиш гэдэг хүн гарын үсэг зурсан баримтууд байгаад байдаг. Гэтэл Адилбиш гэдэг хүний өөрийнх нь гаргаж өгсөн бичгийн тайлбараар би ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурж байгаагүй гэдэг. Тийм учраас нэг талдаа бол нэхэмжлэгчийн нотлох баримт болгож өгөөд байгаа баримтууд төлбөр нэхэх баримт болж чадахгүй байна. Мөн түрээсийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн юм билээ. Тэрийгээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй байгаа учир хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэдэг хуулийн заалттай. Хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд тус хэлцлийн үр дагаврыг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч ТББ нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 26,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ч ТББ болон Ж ХХК нарын хооронд 2013 оны 12 сарын 11-ний өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ нэртэй гэрээ /хх-7-12 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ч ТББ нь Ж ХХК-д Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 14181, Их тойруу 54 хаягт байрлах барилгын 2 дугаар давхрын 207 тоот 37 м.кв талбай бүхий нэг өрөөг оффисын зориулалтаар, 1 м.кв-ыг 20,000 төгрөгөөр, хогны зардлыг сарын 5,000 төгрөгөөр тооцон нэг сард 745,000 төгрөгийн төлбөртэйгөөр 2013 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд түрээслүүлэх, Ж ХХК нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Улмаар гэрээний сүүлийн хуудсанд Түрээсийн хугацааг 2014 оны 12 сарын 11-нээс 2015 оны 12 сарын 11 хүртэл 1 жилийн хугацаагаар сунгав гэсэн гараар бичсэн тэмдэглэгээг хийж талуудын төлөөлөгч нар гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдэг даран баталгаажуулсан байна.

Дээрх гэрээгээр Ч ТББ нь Ж ХХК-ийн эзэмшил ашиглалтад оффисын зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 14181, Их тойруу 54 хаягт байрлах барилгын 2 дугаар давхрын 207 тоот 37 м.кв талбай бүхий нэг өрөөг шилжүүлэх, Ж ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон байх тул дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байна.

Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө нь Ч ТББ-ын өмч болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасны дагуу түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдах бөгөөд уг гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дахь заалтад Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.

Ч ТББ нь Ж ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл байлгаж ашигласан гэх тайлбарыг гаргадаг бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад Ж ХХК-ийн өмнөх удирдлага болон холбогдох хүмүүс өөрчлөгдсөн тул энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй, гэхдээ Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь Ж ХХК-д ажиллаж байх үедээ Ч ТББ-тай гэрээ хэлцэл байгуулж байгаагүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Мишигийн Адилбиш гэсэн нэртэй гараар бичсэн баримт /хх-45 тал/-д Мишиг овогтой Адилбиш миний бие барилга угсралтын Ж ХХК-д ажиллаж байх үедээ Ч төрийн бус байгууллагад гэрээ хэлцэл байгуулж гарын үсэг зурж байгаагүй болно. Тэднийхийг таньж мэдэхгүй хүн юмаа. Ямар хүн миний гарын үсгийн дардас дарсныг би мэдэхгүй юм байна гэсэн агуулга бичигдсэн байх ба уг гараар бичсэн баримтын гарын үсгийн үнэн зөвийг 2019 оны 07 сарын 02-ны өдөр нотариатч гэрчилсэн байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр хэрэгт нотлох баримтаар авагдсан Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ-нд хийсэн сунгалт, түрээсийн төлбөртэй холбоотой Ж ХХК-аас өгсөн гэх албан бичиг, тооцоо нийлсэн акт зэрэгт Ж ХХК-ийг төлөөлж зурсан М.Адилбишийн гэх гарын үсгийг М.Адилбишийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор 2019 оны 06 сарын 03-ны өдрийн захирамжаар шинжээч томилсон боловч шүүхэд тодорхойлолт гаргасан гэх М.Адилбиш нь уг тодорхойлолтын ар талд хуулбарласан иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй, тодорхойлолтод бичсэн утасны дугаараар нь холбогдоход утсаа авахгүй, утас нь холбогдох боломжгүй байдалтай байсны улмаас гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд шаардлагатай харьцуулан шинжлэх хэв загварыг авах боломжгүй байдал үүсэж, улмаар шинжээч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

Мишигийн Адилбиш гэсэн нэртэй гараар бичсэн баримтад зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн нь тухайн баримтын агуулгыг үнэн зөв, эргэлзээгүй болохыг гэрчилсэн явдал биш бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтууд дахь М.Адилбишийн гэх гарын үсэгтэй холбоотой шинжилгээ хийх боломжит нөхцөл байдал бүрдээгүй тул М.Адилбишийн гаргасан гэх тодорхойлолтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна.

Ч ТББ болон Ж ХХК нарын хооронд 2013 оны 12 сарын 11-ний өдөр байгуулагдсан Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ нэртэй гэрээнд Ж ХХК-ийг төлөөлж Цэрэнжамцын Онон гэгч гарын үсэг зурсан байх бөгөөд 2019 оны 09 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс Онон гэгч нь Ж ХХК-д ямар ажил албан тушаал эрхэлдэг талаар тодруулахад хариуцагчийн төлөөлөгч нь Онон нь Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байсан гэж хариулсан.

2013 оны 12 сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнд Ж ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гарын үсэг зурж гэрээ байгуулсан, уг гэрээн дахь 2014 оны 12 сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны сунгалтыг мөн Ц.Онон хийсэн байдал болон 2018 оны 03 сарын 01-ний өдрийн огноо бүхий тооцоо нийлсэн акт нэртэй баримт /хх-17 тал/-д талууд 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тооцоог нийлэхэд Ж ХХК нь Ч ТББ-д 20,875,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцоог гаргаж, Ж ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан, 2018 оны 10 сарын 31-ний өдрийн огноо бүхий, 125А/2018 дугаартай, Ж ХХК-ийн албан бланк дээр бичигдсэн Чгийн 207 тоот өрөөг түрээсэлдэг
Ж ХХК түрээсийн гэрээг 2018 оны 10 сарын 31-ний өдрөөр цуцалж дуусгавар болгож өгнө үү гэсэн агуулга бүхий албан бичиг /хх-14 тал/-т Ж ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан, захирал М.Адилбиш гэсэн гарын үсэг зурагдсан байгаа зэргээс Ж ХХК-ийг Ч ТББ-ын үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг дээрх хугацаанд эзэмшиж ашиглаж байгаагүй болохоо үнэн зөв, эргэлзээгүй баримтаар шүүхэд нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх боловч Ж ХХК нь Ч ТББ-ын үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 12 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшин, ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч Ж ХХК-ийг энэ хугацаанд нэхэмжлэгч Ч ТББ-ын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглан хөрөнгөжсөн гэж үзнэ.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь заалтад Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу Ч ТББ нь Ж ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсантай холбоотой үнийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тооцоо нийлсэн актаар Ж ХХК нь Ч ТББ-д 2018 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаар 20,875,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байх ба 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх нийт 8 сарын хугацааны төлбөрийг гэрээнд заасан үнэ болох нэг сарын 745,000 төгрөгөөр тооцоход 8 сарын хугацааны төлбөрийн дүн 5,960,000 төгрөг, үүн дээр 2018 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаарх төлбөрийн үлдэгдэл 20,875,000 төгрөгийн нэмж тооцоход нийт төлбөрийн хэмжээ нь 26,835,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас 26,370,000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 26,370,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 26,370,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ТББ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 289,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 289,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ТББ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР