Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00513

 

 Чөлөөт хэвлэл сан ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02060 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2053 дугаар магадлалтай,

Чөлөөт хэвлэл сан ТББ-ын нэхэмжлэлтэй,

Жужу ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 26,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чөлөөт хэвлэл сан ТББ нь Жужу ХХК-тай 2013.12.11-ний өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ байгуулан өөрийн эзэмшилд байдаг Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхрын 207 тоот нийт 37 м.кв ажлын байрыг оффисын зориулалтаар түрээслүүлсэн. Хариуцагч Жужу ХХК нь 2018.10.31-ний өдрийг хүртэл уг ажлын байрыг түрээсэлсэн бөгөөд түрээсийн гэрээний дагуу төлөх нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 2018.10.31-ний өдрийн байдлаар 26,370,000 төгрөг болсон. Жужу ХХК-ийн зүгээс уг төлбөрийг тодорхой график гарган төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулахыг хариуцагч талд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Иймд Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл нийт 26,370,000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компанийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2013.12.11-ний өдрийн Т13 дугаартай Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдоно. Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн нэхэмжилсэн төлбөр үндэслэлгүй учир түрээсийн гэрээний үүрэгт 26,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж ирээд байгаа баримтууд болох тооцоо нийлсэн акт, төлбөр төлөхийг зөвшөөрсөн гэсэн баримтуудад М.Адилбиш гэдэг хүн гарын үсэг зурсан баримтууд байгаад байдаг. Гэтэл М.Адилбиш гэдэг хүний өөрийнх нь гаргаж өгсөн бичгийн тайлбараар би ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурж байгаагүй гэдэг. Тийм учраас нэг талдаа бол нэхэмжлэгчийн нотлох баримт болгож өгөөд байгаа баримтууд төлбөр нэхэх баримт болж чадахгүй байна. Мөн түрээсийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн юм билээ. Тэрийгээ үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй байгаа учир хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэдэг хуулийн заалттай. Хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд тус хэлцлийн үр дагаврыг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02060 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Жужу ХХК-аас 26,370,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чөлөөт хэвлэл сан ТББ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 289,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жужу ХХК-аас 289,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чөлөөт хэвлэл сан ТББ-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2053 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Жужу ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь Чөлөөт хэвлэл сан ТББ-ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудад гарын үсэг зураагүй талаараа тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Энэхүү тодорхойлолтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.03-ны өдрийн 06531 дугаартай захирамжаар хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудад зурсан гарын үсэг М.Адилбишийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох үүднээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Чөлөөт хэвлэл сан ТББ-ын нэхэмжлэлтэй Жужу ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.24-ний өдрийн 07470 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ захирамжийн үндэслэх хэсэгт ... дурдсан утасны дугаараар түүнийг дуудах ажиллагаа хийхэд утсаа авахгүй, шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуу шинжээч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул ... гэжээ. Хүмүүс хот хөдөө, гадаад дотоодод чөлөөтэй зорчдог болсон цаг үед ганц нэг удаа утасны дуудлага хийхэд авахгүй байсан гэсэн шалтгаанаар захирамжийг биелүүлэхгүй орхисон байна. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхийн тулд гарын үсгийн хэвийг шинжлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр шинжээч томилсон атал шинжээчийн дүгнэлтгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь ИХШХШТХуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Чөлөөт хэвлэл сан ТББ нь хариуцагч Жужу ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26,370,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Жужу ХХК-аас 26,370,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чөлөөт хэвлэл сан ТББ-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Зохигчийн хооронд 2013.12.11-ний өдөр байгуулагдсан Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ-гээр Сүхбаатар дүүргийн X хороо, VII хороолол, 54 хаягт байрлах барилгын 2 давхрын 207 тоот 37 м.кв талбай бүхий нэг өрөөг оффисын зориулалтаар, 1 м.кв-ыг 20,000 төгрөгөөр, хогны зардлыг сарын 5,000 төгрөгөөр тооцон нэг сард 745,000 төгрөг төлөх, хугацааг 1 жилээр тохиролцон тогтоосон байна.

Хариуцагч байгууллага нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2013.12.12-ны өдрөөс 2018.10.31-ний өдрийг хүртэлх хугацаанд эзэмшин, ашиглаж байсан нь тогтоогдсон тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллага нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн М.Адилбиш би Жужу ХХК-д ажиллаж байх үедээ Чөлөөт хэвлэл сан ТББ-тай гэрээ хэлцэл хийж байгаагүй болно гэсэн агуулга бүхий тайлбарыг нотариатаар баталгаажуулан гаргасан боловч тухайн этгээд уг тодорхойлолт, тайлбарт өөрөө гарын үсэг зурсан эсэх талаар тодруулах боломжгүй байсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх уг баримтыг үнэлээгүйг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтыг хариуцагч нь гаргаж өгөөгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болж буй 207 тоот 37 м.кв талбай бүхий нэг өрөө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тусдаа обкъетоор бүртгэгдээгүй, бүртгэлтэй объектын нэг өрөө байх тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдахгүй, иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн байна.

Иймээс шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд зааснаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2053 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 289,800 /хоёр зуун наян есөн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД