Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 166/2017/0141/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт ***өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000027 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, ***тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрийн *** тоот өөрийн гэртээ хамт архи ууж байсан ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16-17 цагийн үед манай гэрт надтай хамтран амьдардаг ***, хамтран амьдрагчийн төрсөн дүү болох *** бид нар 2 шил архи уусан юм. Бид 3 архи ууж байтал *** “Би Хавцал явлаа, надад ахиухан 2 хийгээд өгөөдөх” гэж хэлсэн. Тэгээд аягаар 2 удаа шилтэй архи хийж өгсөн. *** архи уучихаад гараад яваад өгсөн. Удалгүй *** буцаж орж ирээд “Хавцал явахаа больчихлоо” Машин нь явахгүй гэнээ” гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн *** өид хоёр хэрэлдэж муудалцсан байсан. Би ***ыг “Чи хөдөө явлаа гэж худлаа ярьж их архи уулаа” гэж хэлээд маргаж байсан. Маргаж байгаад нэг мэдсэн унтчихсан байсан. Маргааш өглөө нь сэрсэн чинь *** надад “Энд жоохон өвдөөд байна.” гэж хэлэхэд нь хартал ***ы зүүн талын гуя цус болчихсон хутгаар хатгачихсан байдалтай байсан. *** бид хоёр ***ы гуяанд тогтсон цусыг нь цэвэрлэж боож өгсөн. Бид нар зах орж хүнсний талоноор авсан нэг шуудай гурилаа зарж архи авч уусан юм. Би гэрт байсан хар өнгийн иштэй нарийхан хутгаар хутгалсан болов уу гэж бодоод байна. Тэр хутгаар маргааш нь би хаймар зүсэж байгаад хугарахаар нь хаячихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, ...

Хохирогч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг буцаад очиход ***х “яасан явах чинь” гэхэд нь би “маргааш явна” гэж хэлсэн. Тэгсэн ***х “дахиад нэг шил архи уухаа” гэж хэлсэн. Бид хоёр ууж байгаад маргалдсан юм шиг байна. Маргааш өглөө нь намайг босоход миний зүүн хөл чинэрээд хөдлөхгүй, миний өмд гуя 2 цус болчихсон байсан. Тэгээд ***, ***х нар миний хөлний цусыг угааж, цэвэрлэж боож өгсөн. ..Тэднийд 3 хонож байтал манай найз Мөнхсанаа, Эрдэнэцэцэг нар “хаагуур яваад байгаа юм, манайд очъё” гэж хэлсэн. Би Мөнхсанаагийнд очоод 2 хонож байтал Мөнхсанаа “яагаад доглоод байгаа юм бэ, хүргэнийдээ зүгээр байж ид хоёрыг харахаараа доглоод байх юм гэж хэлсэн Тэгээд би “хэл хоногийн өмнө манай хүргэн гуя руу хутгалсан байна лээ” хэд хоног хэлэхгүй явчихлаа, одоо өвдөөд байна” гэж хэлсэн. ... ***хөд гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэгийн ор хоногийн төлбөр 200,000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***тай 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Тосгоны хуучин уулзварын тэнд таарч гэрлүүгээ дагуулаад явсан юм. *** надтай таарахдаа архи уусан, зүүн хөлөө чирэх маягтай доглоод яваад байсан. *** надтай өмнө утсаар ярьж байхдаа “Хүнд хутгалуулчихсан юм аа. Хаана явна” гэж байсан. ***тай уулзахаар болоод тосгонд хуучин уулзварын тэнд таарч гэрлүүгээ авч явж байхдаа “Яасан юу болсон. Хэнд хутгалуулсан юм “ гэж асуухад *** надад “Эгчийн хамтран амьдрагч ***х архи уусан үедээ хутгаар хутгалчихсан юм” гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Гэрч Ш.***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө босож ирэхэд манай дүү *** “Миний гуя сонин болоод байх юм” гэж хэлсэн. Тэгээд өмдөө өвдөг хүртэл тайлаад хартал зүүн талын гуянаас нь цус гарчихсан өмд нь цус болчихсон байсан. *** ***ы гуяыг нь даавуугаар боож өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 13-19, 112 дугаар хуудас/,

ШШҮХүрээлийнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 50 дугаартай “...***ы биед зүүн гуяны шарх, том судасны тасрал, цээжний зулгалттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 3.1.8-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

***ы өвчний түүх /хавтаст хэргийн 38-67 дугаар хуудас/,

***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрийн 5 дугаар гудамж 20 тоот өөрийн гэртээ хамт архи ууж байсан ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн баримтууд, шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн прокурорын газраас ***өд холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

ШШҮХүрээлийнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 50 дугаартай “...***ы биед зүүн гуяны шарх, том судасны тасрал, цээжний зулгалттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 3.1.8-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр хохирогч ***ы бие махбодид учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл болох нь тогтоогдож байна.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатад “***хөд гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэгийн ор хоногийн төлбөр 200,000 төгрөг төлсөн” гэж байх тул ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***өд хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 
*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишгүй ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, хохирогч ***ы өмсөж явсан шар өнгийн канттай хөх өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ***өд 3 жил, 4 сар, 1 хоногийн хугацаагаар /гурван жил, дөрвөн сар, нэг хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***өд оногдуулсан 3 жил, 4 сар, 1 /гурван жил, дөрвөн сар, нэг хоног/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.Лодойдамба нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишгүй ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, хохирогч ***ы өмсөж явсан шар өнгийн канттай хөх өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***өд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Лодойдамбад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Г.ГЭРЭЛТ-ОД

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Я.ТУУЛ

                ШҮҮГЧ                Т.ЭНХЖАРГАЛ