Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 65

 

Д.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                          Я.Туул

Шүүгчид                                        Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                      О.Доржмаа

Хохирогч                                       Т.С-

                                                      Д.Я-

Шүүгдэгч                                       Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-ад холбогдох эрүүгийн 201609000063 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О- овогт Д-ийн Б- /РД: **********/ нь хохирогч Т.С-гаас 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нийт 15.900.000 төгрөг, 1.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлийг залилан мэхэлж авсан, хохирогч Д.Я-гаас 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5.700.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, хохирогч О.З-гоос 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдөр хүртэл хугацаанд 5.000.000 төгрөг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж бусдад 28.300.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-ад холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдох хөрөнгөнөөс 100.000 төгрөгийн хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас 28.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С-д 17.600.000 төгрөг, хохирогч Д.Я-д 5.700.000 төгрөг, хохирогч О.З-д 5.000.000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун нь иргэн Д.А-аас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн  “Д.Б- гэдэг хүн нь надаас Австрали явуулж өгнө гэж 10.000.000 төгрөг” залилан мэхэлж авсан гэх гомдлын дагуу хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон үндэслэлээр 2017260303322 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Ийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгч П.Батжаргал: Би өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын хүсэлтээр Д.Б-ын эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдолд гаргаж байх үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Д.Б-ад холбогдох хэргийг шийдвэрлэснээс хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 1-нээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд анх Д.Б-ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээ нь хөнгөрсөн, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа учраас давж заалдах гомдлын үндэслэлийг өөрчлөн түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал, бага насны 3 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж 7 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Б-ад 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний ял оногдуулсантай нийцүүлж 7 сарын ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэсэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Т.С-: Би Д.Б-ын ар гэрийн нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Бага насны олон хүүхэдтэй. Гэвч түүнийг ял завших ёсгүй гэж үзэж байна. Түүнд би олон удаа хэлж байсан. Тэр үед надад “би тэр шоронд чинь яваад өгье” гэж хэлж байсан. Хэргийг шийдвэрлэснээс хойш бас ч багагүй хугацаа өнгөрлөө гэвч түүний ар болон Д.Б-ын зүгээс хохирол төлбөрийг барагдуулах ямар ч санаачлага гаргахгүй байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Д.Я-: Би Д.Б-ад заавал ял эдлүүлэх гэсэн санаа бодол байхгүй. Гэвч түүний зүгээс болон ар гэрээс нь хохирол төлбөрийг барагдуулах санал санаачлага гаргахгүй байгааг хэлмээр байна. Д.Б- нь нөхөртэй, бага насны хүүхдүүдтэй заавал түүнийг хорих ял шийтгэж өг гэж хэлэхгүй, гэхдээ хохирол төлбөрөө авмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Д.Б-: Надад өмгөөлөгчийн тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Шүүхээс миний ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсмээр байна, хохирогч нараас уучлалт гуйж байна гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Д.Б- нь 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хохирогч Т.С-, хохирогч Д.Я-, хохирогч О.З- нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хийсэн хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Д.Б- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баимтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын үндэслэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б- болон түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын хүсэлтээр оролцсон өмгөөлөгч П.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолд хуульд заасан журмын дагуу өөрчлөлт оруулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нь шүүгдэгч Д.Б-ад холбогдох 201609000063 тоот хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтанд байгаа эрүүгийн 201726030332 тоот хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдол гаргаснаас хойш хэргийг давж заалдах шатны шүүх хүлээж авсны дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, Д.Б-ад холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч П.Батжаргалын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.Б-ад аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 5, 6, 7 дугаар заалтыг:

“1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”гэж;

“2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д-ийн Б-ад 3 жилийн хорих ял оногдуулж, ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.”гэж;

“5. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Хуавэй” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хохирол төлбөрт тооцуулахаар шилжүүлсүгэй.”гэж;

“6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2002 онд төрсөн хүү П.Төгөлдөр, 2008 онд төрсөн охин Б.Намуунцэцэг, 2012 онд төрсөн охин Б.Уянга, 2015 онд төрсөн охин Б.Уянгацэцэг нарт асран хамгаалагч тогтоохыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргад үүрэг болгосугай.”гэж;

“7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Д.Б-ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.”гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                          ШҮҮГЧИД                                             Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ