Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2018/01373

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр          Дугаар 182/ШШ2018/01373          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.З-т холбогдох, 

 

“21,203,720 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

“2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.О, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А би ХБНГУ-д эхнэр хүүхдийн хамт ажиллаж амьдардаг. Миний төрсөн ах Б.Ганбаяр хүнд өвчин тусаж байнгын эмчилгээ шаардлагатай болсон учраас би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байр, 44 тоот 38 м.кв 3 өрөө байрыг худалдан авч тохижуулан ах Б.Ганбаярын нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулсан.

Ингээд уг байрыг бусдад түрээслэн түрээсийн төлбөрийг ах Б.Ганбаярт зориулахаар болсон. Ийнхүү манай хамаатны ах болох хариуцагч О.З бидэнтэй уулзан тавилгатай нь хөлслөхөөр харилцан тохиролцож 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сарын 420 ам.долларын түрээсийн төлбөртэйгөөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан.

Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан өдрөөс эхлэн уг орон сууцанд О.З нь эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч эхэлсэн. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч О.З нь үргэлжлүүлэн хөлслөх санал тавьж 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уг орон сууцанд амьдарч байсан.

Гэтэл хөлслөгч түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгдөггүй байсан учраас ах Б.Ганбаяр О.Зт удаа дараа мэдэгдэх хуудас өгч мөн дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргаж байсан.

Мөн хариуцагч О.З надтай уулзан эвлэрлийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлж барагдуулаагүй.

Ахын маань бие муудаж улмаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барж би уг байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулж өөрийн нэр дээр гаргуулж авсан.

Иймд О.З нь 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр мөн уг хугацаанд орон сууцанд сууж ашиглаж байсан ашиглалтын зардал болох СӨХ-ны үлдэгдэл төлбөр 150,720 төгрөг, орон сууцны үлдэгдэл төлбөр 462,000 төгрөг, 179,000 төгрөг нийт 791,720 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй О.Заас түрээсийн төлбөр 13,608,000 төгрөг, ашиглалтын зардал 791,720 төгрөг, алданги 6,804,000 төгрөг, нийт 21,203,720 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн О.З эхнэр, хүүхдүүдийнхээ хамт тус байранд амьдарч эхэлсэн. Ингээд гэрээний хугацаа дуусахад хариуцагч хөлслүүлэх гэрээг дахин үргэлжлүүлэх санал тавьсан. Ингээд 2 тал тохиролцоод сарын 420 ам.доллар байхаар тохирч гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, аман хэлцэл хийсэн. Гэтэл О.З нь түрээсийг цаг тухайд нь өгөхгүй байсан учраас Б.А нь О.Зт удаа дараа мэдэгдэх хуудас өгч, цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан. 2014 оны 06 дугаар сард Б.Аы ах Б.Ганбаярын бие муудаж, хавдрын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч бие нь өдөр ирэх тусам муудаж байсан учраас хамаатнуудад нь хэл дуулгасан. Ингэхэд нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч О.З хавдрын эмнэлэгт очиж Б.Ганбаяртай уулзсан. Тухайн үед дүү Б.А, эгч Б.Ариунаа нар ахыгаа сахиж байсан. Ингээд О.З нь эмнэлэг дээр ирээд Б.Ганбаярт уучлаарай түрээсийн мөнгийг чинь уул уурхайн лиценз зараад удахгүй өгнө, итгэхгүй байвал эвлэрлийн гэрээ юм уу? хэлцэл байгуулъя гэж хэлсэн. Тухайн өдөр Б.Ганбаяр нь гэдэснээсээ ус авахуулчихсан биеийн байдал нь маш муу байсан учраас дүү Б.Аыгаа өөрийнхөө өмнөөс төлөөлөн гэрээ байгуул, түрээсийн төлбөр тооцоог дуусга гэж хэлсэн. О.З ч энийг хүлээн зөвшөөрч Б.Атай эмнэлгээс гараад нотариат дээр очиж хоёулаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээ буюу хэлцлийг хийсэн байдаг. Удалгүй түүний ах Б.Ганбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барж уг байрыг өв залгамжлалаар Б.А авч үл хөдлөхийн гэрчилгээг. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан. Хариуцагч нь гэр бүлийн хамт 2010 оны 11 дүгээр сарын 26-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 3 жил 7 сар буюу 43 сар тус байранд амьдарсан. Үүнээс нэхэмжлэгч Б.А 2010 оны 11 дүгээр сарын 26-2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэхгүй байгаа. Харин 2013 оны 01 дүгээр сарын 26-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 1 жил 6 сар буюу 18 сарын түрээсийн төлбөр 1 сарын 756,000 төгрөг буюу нийт 13,608,000 төгрөгийг төлөхөөс 2013.01.26-2014.07.01 өдөр хүртэлх хугацаанд Голомт банкны 1805007434 тоот дансаар буюу 2013.08.23-ны өдөр 1,260,000 төгрөг, 2013.12.11-ний өдөр 720,000 төгрөг, 2014.02.08-ны өдөр 800,000 төгрөг, 2014.04.15-ны өдөр 500,000 төгрөг, 2014.06.13-ны өдөр 700,000 төгрөг, нийт 3,980,000 төгрөгийг О.З О.Ганбаярын дансанд шилжүүлсэн байдаг. Нийт 13,608,000 төгрөгөөс энэ төлбөрийг хасаад 9,628,000 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангийг 0.5%-иар тооцож 4,814,000 төгрөг, нийт 14,442,000 төгрөгийг О.З төлөх үүрэг хүлээсэн. Алдангиа 2014.07.01-ний өдрийн хэлцлийн 4 дэх заалтад зааснаар 2013.01.26-2014.07.01-ний өдөр хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүрэг буюу 9,628,000 төгрөгөөс 50% гэж тооцоод байгаа юм. Мөн ашиглалтын зардал орон сууцны үлдэгдэл төлбөр 2014.07.01-ний өдрийн хэлцэл, эвлэрлийн гэрээний 7 дахь заалтад зааснаар 2014.07.01-ний өдөр хүртэлх СӨХ, цахилгаан, байрны төлбөр тооцоо 2014.07.07-ны дотор хариуцагч төлөх үүрэг хүлээнэ гэсний дагуу шаардаж байгаа 462,000 төгрөг, энэ нь 14 сарын төлбөр 1 сарын 33,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал, ус дулааны төлбөр юм. Үүнээс төлсөн төлбөрийг хасаад 2013.12-2014.07 сар хүртэл нийт 8 сарын 264,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, сууц өмчлөгчдийн холбооны 150,724 төгрөг 17 сарын төлбөр 1 сарын 8,866 төгрөг 2013.01.01-2014.06.30-ны өдөр хүртэлх мөнгө байгаа. Цахилгааны төлбөр 179,825 төгрөг буюу орсноос хойш 2014.11.14-ний байдлаар үлдэгдэл төлбөр байгаа. Нийт ашиглалтын зардал 594,545 төгрөг болж байгаа. Ингээд нийт 15,360,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-аар сөрөг нэхэмжлэл гаргахдаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу Б.Ганбаярын зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэж байгаа юм байна гэж ойлгож байна. 2010.11.25-ны өдөр хөлслөх гэрээ Б.Ганбаяр О.З нарын хооронд хийгдсэн, энэ гэрээнд маргахгүй байна гэж ойлголоо. Зөвхөн 2014.07.01-ний өдрийн хэлцэлд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хэлцлийн агуулгаас харахаар хөлслөх гэрээгээ, төлбөрийн үлдэгдлээ тооцоод 2014.07.01-ний өдрийн байдлаар тохиролцоо хийсэн байгаа. Б.Ганбаяр О.З нар тохиролцоод бичгийн хэлбэрт буулгахдаа өөрөө өвчтэй байсан учраас Б.А, О.З нарын хооронд хөлслөх гэрээгээрээ биш тусад нь хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 62.1, 2-т заасанд харшилсан зүйл байхгүй. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар амаар төлөөлүүлэгчид бүрэн эрх олгож болно гэж байгаа О.З, Б.А, Б.Ганбаяр гурвуулаа байсан мөн хажууд нь одоо гэрчээр асуугдах Б.Ариунаа гэж хүн ч байсан. Агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж үзэж байна. Ийм учраас энэ хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүсч, шаардах эрх нь үүсэж байгаа гэж үзэж байна.

Хариуцагч тал хэлэхдээ Иргэний хуулийн 13.1, 50.1, 54.1 гэж хоорондоо авцалдаа хамааралгүй зүйлүүдийг хольж хутгаж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн агуулгын хувьд хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудыг талийгаачийн Голомт банкны орлого, зарлагын данстай харьцуулж үзсэн. Энд 2013.01.26-2014.07.01-ний хоорондох хугацаанд ярихлаар сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт нь 2012 оны баримтууд яваад тайлбарлаад төлөгдсөн гээд байгаа. Дансыг нь тулгахаар Зоригтбаатараас 3 удаагийн үйлдлээр мөнгө орж ирсэн. 2013.08.23-1,260,000 төгрөг Зоригтбаатараас, 2014.02.08-800,000 Зоригтбаатараас, 2014.04.15- 500,000 төгрөг орж ирсэн. Энийг бид хасаж тооцсон. Мөн 96200129 гэсэн утасны дугаартай Баярцэцэг гэж хүнээс 2014.06.13-ны өдөр 700,000 төгрөг орж ирсэн байгааг мөн л хассан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан шаардлага хангаагүй байна. Мөн 56.5-д зааснаар үр дагавар шаардах ёстой, гэтэл үр дагавар байхгүй, эргээд 56.5-аа үгүйсгээд байгаа. Хуульч хүний хувьд юу л хамаагүй бичээд өгчихвөл шүүх шийднэ гэж үзсэн юм шиг байна гэж бодож байна. Иргэн хүн шүүхэд өөрийгөө хамгаалах боловч үндэслэлтэй тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Үр дагаваргүй юманд тайлбар өгөх боломжгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч О.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2010.11.25-ны өдөр Зоригтбаатар нь Ганбаяртай орон сууц хөлслөх гэрээг байгуулж сарын 400 ам.доллараар 6 сарын хугацаатай байгуулсан. О.З нь ямар шалтгаанаар тус байрыг түрээсэлсэн бэ? гэвэл. Хариуцагч О.З нь эхнэр н.Баярцэцэгтэйгээ 2010.07.14 өдөр гэр бүлээ цуцлуулсан. О.З байранд өөрөө амьдарч байгаагүй, н.Баярцэцэг нь миний төрсөн эгч бөгөөд миний ээж 1921 онд төрсөн өндөр настай хэвтэрт орсон хүн байсан, ээжийгээ асрах шалтгааны улмаас бид түр хугацаанд тэнд нийлж амьдрах болсон. Амьдарч байх хугацаандаа Б.Ганбаярт гэрээнд заасны дагуу төлбөрүүдийг төлж байсан. Гэрээг сунгасан ямар нэгэн хэлцэл огт хийгдээгүй, үргэлжлүүлэн амьдраад төлбөрийг төлөөд явж байсан. Б.Ганбаярт дахин төлбөр төлөх үндэслэлгүй. Бид 2014.06.25-ны өдөр хүртэл байранд амьдарсан. Энэ хугацааны түрээсийн төлбөрийг хийж байсан, Зоригтбаатар энд амьдардаггүй байсан. Зоригтбаатарын ээж н.Сүрэнтэй, Б.Ганбаярын эцэг Базаррагчаа гэж хүн садан төрлийн холбоотой байсан, үүний үндсэн дээр дээрх орон сууц хөлслөх гэрээг хийсэн. 2014.06.25 өдөр бид байрыг чөлөөлсөн, тэр үед байранд иж бүрэн засвар хийж хүлээлгэж өгсөн. Ингээд Б.Ганбаяр нь чимээгүй байж байгаад 2018 онд Б.А нэхэмжлэл гаргах үед бид хэлцлийн талаар мэдсэн. Байшинг хүлээлгэж өгсний дараа Б.Атай холбоотой хэлцэл хийгдсэн гэдгийг Зоригтбаатар мэдсэн бөгөөд 2014.06.25-ны өдөр хүртэл тэр байранд би амьдарч байсан. Хэлцэл хийх эрхтэй этгээд нь Б.Ганбаяр байсан, Б.А гэдэг хүн хэлцэл гэсэн юм аваад ирэхээр энэ талаар Ганбаярт бид мэдэгдэх хуудас явуулсан. Мэдэгдэлд хийж байгаа хэлцэл нь хууль бус байна гэдэг талаар бичсэн, та бидний эрхийг зөрчөөд байна, гэсэн агуулгатай байсан. Б.Ганбаярт 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг явуулсан, мөн 9.17-нд шуудан хүргэгч 2 удаа хүргүүлдэг, гэтэл эмнэлэгт хэвтэж байгаа гээд хоёуланг нь аваагүй буцаасан. Үүнээс хойш чимээгүй байж байгаад Б.Аыг нэхэмжлэл өгөх үед мэдэж О.Зыг төлөөлөн хэрэгт оролцож байна. Нэхэмжлэгч хэдий нэхэмжлэл гаргах эрхтэй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүхэд үнэн бодитой тайлбар өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэл нь энэ шаардлагыг хангахгүй байна. Анх нэхэмжлэлээ 2012.05.26-ны өдрөөс 2014.07.01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр, орон сууцны ашиглалтын зардлууд, нийт 21,320,000 төгрөг нэхэмжилдэг. Гэтэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар орон сууц хөлслөх хэлцлийг Б.А хийнэ гэдэг талаар хариуцагч талд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Хуульд зааснаар итгэмжлэл авах ёстой, энэ итгэмжлэлийг О.Зт өгөх ёстой бөгөөд үүний дараа тооцоогоо бодоод хэлцлээ хийсэн бол хуулийн шаардлага хангасан хэлцэл гэж үзнэ. Биднийг амьдарч байх хугацаанд Ганбаяр байнга ирдэг байсан, хувь хүний нууц, иргэдийн халдашгүй байх эрхийг зөрчиж дуртай цагтаа орж ирж, цагдаад өгчихдөг, оршин суудаггүй хүний ч регистрийн дугаарыг мэдээд гомдол гаргаад бусдын эрхийг зөрчиж байсан. Сая нэхэмжлэгч тал Голомт банкнаас ирсэн бичгийн дараа төлбөрийн хэмжээг багасгаад байгаа ч түүнээс илүү хэмжээгээр бид  төлбөрийг  төлсөн. 2012.05.29-2014.06.13 өдөр хүртэл 9,788,212 төгрөг буюу доллараар 7,515.13 доллар төлсөн. СӨХ-ны төлбөрт мөнгө төлсөн баримт байхгүй учраас төлөхгүй, ашиглалтын зардлыг тухайн үед төлж байсан, цахилгааны төлбөрийн тухайд 2014.06.25-ны өдөр байрыг чөлөөлсөн гэтэл 2014.10.01-2014.11.14 өдөр хүртэл хамрах хүрээ гээд 179,825 төгрөгийг баримт байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үедээ СӨХ-ны төлбөрийг төлөөд явж байсан. Орон сууцны ашиглалтын зардал гэж нэхэмжилж байгаа төлбөрийг ойлгохгүй байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан 1 баримт тухайн үед төлбөрүүд төлж байсан тухай баримт байгаа. Төлбөрүүд төлөгдөж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой, хэлцлийн хүрээнд бол Ганбаяртай хийсэн хэлцлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай гэж үзэж байгаа. Ганбаяртай  байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар итгэмжлэлээр шаардах эрх үүснэ. Ариунсайханы хувьд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрх нь үүснэ. Өнөөдөр хүнд өвчтэй байсан гээд байдаг боловч түүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй, Ариунсайханд итгэмжлэл олгосон байсан бол нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэх боломжтой. 2012.05.29-өөс 13 удаа 9,788,212 төгрөгийг, 2013.06.14-ний өдөр хүртэл төлсөн. Ариунсайхан, Зоригтбаатар нарын хооронд хэлцэл байгуулагдах ёсгүй, энэ бол зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Бид амьдрах хугацааныхаа төлбөрүүдийг төлчихсөн. Ганбаяртай хийсэн гэрээтэй холбоотой төлбөрүүд төлөгдчихсөн. Ариунсайхантай хийсэн хэлцлийн хувьд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн учраас зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Ганбаяр хүнд өвчтэй учраас өөрийнхөө зардлаар байр авч өгөөд эмчилгээнд нь зарцуулаад явдаг гэж байгаа, энэ үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Ганбаяр 3 орон сууцтай түүнийгээ хөлслүүлээд тодорхой хэмжээний орлоготой бүх түрээсийг нь аваад явдаг байсан, Ариунсайхан, Ганбаярт байр авч өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байгаа, энэ бодит үнэнд нийцэхгүй байгаа. Удаа дараа Ганбаяр мэдэгдэл өгдөг би ч мэдэгдэлд нь хариу өгдөг байсан. Ариунсайхантай хийсэн хэлцлийн хувьд гадаад илэрхийлэл бий болгох гэсэн агуулгатай байдаг.” гэв.

 

Хариуцагч О.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “2014.07.01-ний өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Анх Зоригтбаатар нь 2010 онд Ариунсайхантай орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, Ариунсайханы орон сууцыг огт хөлсөлж байгаагүй. Ганбаярыг өвчтэй байсан учраас Зоригтбаатарыг хавдар судлалын үндэсний төв дээр дуудаж ирээд Ариунсайхантай хэлцэл хийлгэсэн гэдэг. Гэтэл орон сууц хөлслөх гэрээг талууд цааш нэмэлт гэрээ хийгээгүй учраас үргэлжлээд явж байгаа 2014.06.25 хүртэл үргэлжилсэн. Ингэхэд хэдий хүнд өвчтэй байсан бол нотариатын тухай хуулийн 5.2-т зааснаар эмнэлэг дээр нотариатчийг дуудаад нотариатын үйлдэл хийлгэх боломжтой байж. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.10 дахь хэсэгт зааснаар нотариатчийн хийх үйлдэл тодорхой байгаа, өнөөдөр хүнд өвчтэй байсан л гэдэг яг ямар хүнд өвчтэй байсан бэ? гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Өвчтэй, эрүүл байсан ч хүн хэлцэлд төлөөлөөд итгэмжлэлээр оролцуулах боломжтой. Ганбаяр өвчтэй байсан бол Ариунсайханыг төлөөлүүлэх итгэмжлэлийг хэдий хугацаанд ч хийх боломжтой байсан. Урьд нь цагдаагийн байгууллагад ч өгөөд шалгуулдаг Зоригтбаатар нь хамт амьдардаггүй болохоор тухайн асуудлуудыг хэлэхгүй дараа нь л бид мэддэг байсан. Цагдаагийн байгууллагаар дарамтлуулдаг асуудал, хүүхдүүдийн чинь албан газар луу явуулна гэдэг асуудлууд байнга яригддаг байсан. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар Ганбаярт хэлцэл хийх зөвшөөрлийг олгосон тухайгаа хэлцлийн талуудад заавал бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д зааснаар төлөөлүүлэх эрхийг хэлцэл хийгч нөгөө талд мэдэгдээгүй бол татгалзах эрхтэй гэсний дагуу хэлцлээс татгалзаад 2014.08.16-ны өдөр таны байгуулж байсан хэлцэл нь хууль бус байна гэдэг талаар мэдэгдэл, албан бичиг явуулж байсан байдаг бөгөөд энийг хүлээн авч хариу өгдөггүй. Нэгэнт хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Ганбаяраас Ариунсайхан зөвшөөрөл аваагүй, Ганбаяр гэрээгээ дүгнээд, тооцооны үлдэгдлийг тооцох эрхийг олгоод зөвшөөрөл өгөөд итгэмжлэл олгоод итгэмжлэлийн дагуу хэлцэл хийгдсэн бол хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Ариунсайхан энэ орон сууцны өмчлөгч биш, орон сууцнаас үр шим хүртэх эрхгүй этгээд, Ганбаяр өвчтэй зовлонтой гэсэн байдлаар Зоригтбаатарт дарамт үзүүлж, хүч хэрэглэн хийсэн гэж үзэх ч боломжтой. Хуульд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус байлгах агуулгад хамаараад байгаа. Нотлох баримтад Голомт банкнаас авсан лавлагаанд 2013.01.26-аас хойших Ганбаярын дансанд орсон төлбөрийн асуудал орсон байгаа. Зохигчийн тайлбар, бодит үнэнд нийцсэн байх ёстой. Ийм хэлцэл огт хийгдэх ёсгүй, орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой биш. 2015.12.15-ны өдрийг хүртэл Ариунсайханд маргаан бүхий орон сууцыг бусдад түрээслүүлэх эрх нь үүсээгүй байсан, тийм байж эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа нь үндэслэлгүй байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.Зт холбогдуулан “21,203,720 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.З нь нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан “2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 6,167,175 төгрөгөөр багасгаж, 15,036,545 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилсөн байна.

    

            1.Нэхэмжлэгч Б.Аы “Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9,628,000 төгрөг, алданги 4,814,000 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 264,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 150,720 төгрөг, цахилгааны төлбөр 179,825 төгрөг, нийт 15,036,545 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

            Б.Ганбаяр нь хариуцагч О.Зтай 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Б.Ганбаярын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 43 дугаар байрны 44 тоот хаягт байршилтай 38 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай, нийт 2,400 ам.доллараар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож, эхний 2 сарын төлбөр 800 ам.долларыг 2010 оны 11 дүгээр сарын 25-нд төлсөн байх бөгөөд, үлдэгдэл 1,600 ам.долларыг 2010 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, эд хөрөнгийн лавлагаа болон  шүүхэд гаргасан зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

            Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.Зтай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл /эвлэрлийн гэрээ/ байгуулсан байх бөгөөд уг хэлцлээр О.З нь Б.Аы ах болох Б.Ганбаярын хувийн сууцыг 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хөлсөлж суусан байх ба 18 сарын /1 сарын төлбөр 420 ам.доллар/ 7,560 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлөх үүргийг О.З хүлээж, ам.долларын ханшийг 1,800 төгрөгөөр тооцож, О.З нь 13,608,000 төгрөгийг Голомт банк 1805007434 тоот дансанд хийснээр гэрээ дуусгавар болгохоор, хугацаандаа О.З нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээж, 2014 оны 07 дугаар сарын 07-ны дотор эвдэрсэн эд хогшлыг засан сэлбэж ашиглах боломжтой хэвийн байдалд оруулах үүргийг хүлээж, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 5,000,000 төгрөгийг өгөх, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгаан, байрны төлбөр тооцоог О.З 2014 оны 07 дугаар сарын 07-ны дотор бүрэн төлөх үүргийг хүлээж, 13,608,000 төгрөг төлөх хугацааг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах боломжтой талаар талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцэл /эвлэрлийн гэрээ/ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 11 дүгээр тал/

 

            Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байрны 44 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Ганбаяр нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах” тухай гэрээний үндсэн дээр худалдан авч өмчлөгч болсон бөгөөд Б.Ганбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №18 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээрээ Б.Ганбаярын төрсөн дүү Б.Ад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байрны 44 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө Г-000218506, Ү-2202000249 дугаартай орон сууцыг өвлүүлсэн байх ба уг орон сууцны өмчлөгчөөр Б.Аыг бүртгэж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №18 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, №0000153602 дугаартай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаарт Б.Ганбаярын нас барсныг бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000468136 дугаартай гэрчилгээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний хугацаа дуусахад хариуцагч хөлслүүлэх гэрээг дахин үргэлжлүүлэх санал тавьсан. Ингээд 2 тал тохиролцоод сарын 420 ам.доллар байхаар тохирч гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, аман хэлцэл хийсэн.

О.З ч энийг хүлээн зөвшөөрч Б.Атай эмнэлгээс гараад нотариат дээр очиж хоёулаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээ буюу хэлцлийг хийсэн байдаг. Удалгүй түүний ах Б.Ганбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барж уг байрыг өв залгамжлалаар Б.А авч үл хөдлөхийн гэрчилгээг. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан. Хариуцагч нь гэр бүлийн хамт 2010 оны 11 дүгээр сарын 26-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 3 жил 7 сар буюу 43 сар тус байранд амьдарсан.

2013 оны 01 дүгээр сарын 26-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 1 жил 6 сар буюу 18 сарын түрээсийн төлбөр 1 сарын 756,000 төгрөг буюу нийт 13,608,000 төгрөгийг төлөхөөс төлбөрийг хасаад 9,628,000 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангийг 0.5%-иар тооцож 4,814,000 төгрөг, нийт 14,442,000 төгрөгийг О.З төлөх үүрэг хүлээсэн.

Мөн ашиглалтын зардал орон сууцны үлдэгдэл төлбөр 2014.07.01-ний өдрийн хэлцэл, эвлэрлийн гэрээний 7 дахь заалтад зааснаар нийт ашиглалтын зардал 594,545 төгрөг болж байгаа. Ингээд нийт 15,360,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2010.11.25-ны өдөр Зоригтбаатар нь Ганбаяртай орон сууц хөлслөх гэрээг байгуулж сарын 400 ам.доллараар 6 сарын хугацаатай байгуулсан.

Гэрээг сунгасан ямар нэгэн хэлцэл огт хийгдээгүй, үргэлжлүүлэн амьдраад төлбөрийг төлөөд явж байсан. Ганбаярт дахин төлбөр төлөх үндэслэлгүй. Бид 2014.06.25-ны өдөр хүртэл байранд амьдарсан. Энэ хугацааны түрээсийн төлбөрийг хийж байсан.

2014.06.25 өдөр бид байрыг чөлөөлсөн, тэр үед байранд иж бүрэн засвар хийж хүлээлгэж өгсөн.

Байшинг хүлээлгэж өгсний дараа Ариунсайхантай холбоотой хэлцэл хийгдсэн гэдгийг Зоригтбаатар мэдсэн бөгөөд 2014.06.25-ны өдөр хүртэл тэр байранд би амьдарч байсан. Хэлцэл хийх эрхтэй этгээд нь Ганбаяр байсан, Ариунсайхан гэдэг хүн хэлцэл гэсэн юм аваад ирэхээр энэ талаар Ганбаярт бид мэдэгдэх хуудас явуулсан.

Нэхэмжлэгч хэдий нэхэмжлэл гаргах эрхтэй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүхэд үнэн бодитой тайлбар өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэл нь энэ шаардлагыг хангахгүй байна. Анх нэхэмжлэлээ 2012.05.26-ны өдрөөс 2014.07.01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр, орон сууцны ашиглалтын зардлууд, нийт 21,320,000 төгрөг нэхэмжилдэг. Гэтэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар орон сууц хөлслөх хэлцлийг Б.А хийнэ гэдэг талаар хариуцагч талд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Хуульд зааснаар итгэмжлэл авах ёстой, энэ итгэмжлэлийг Зоригтбаатарт өгөх ёстой бөгөөд үүний дараа тооцоогоо бодоод хэлцлээ хийсэн бол хуулийн шаардлага хангасан хэлцэл гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал Голомт банкнаас ирсэн бичгийн дараа төлбөрийн хэмжээг багасгаад байгаа ч түүнээс илүү хэмжээгээр бид  төлбөрийг  төлсөн. 2012.05.29-2014.06.13 өдөр хүртэл 9,788,212 төгрөг буюу доллараар 7,515.13 доллар төлсөн. СӨХ-ны төлбөрт мөнгө төлсөн баримт байхгүй учраас төлөхгүй, ашиглалтын зардлыг тухайн үед төлж байсан, цахилгааны төлбөрийн тухайд 2014.06.25-ны өдөр байрыг чөлөөлсөн гэтэл 2014.10.01-2014.11.14 өдөр хүртэл хамрах хүрээ гээд 179,825 төгрөгийг баримт байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үедээ СӨХ-ны төлбөрийг төлөөд явж байсан. Орон сууцны ашиглалтын зардал гэж нэхэмжилж байгаа төлбөрийг ойлгохгүй байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан 1 баримт тухайн үед төлбөрүүд төлж байсан тухай баримт байгаа. Төлбөрүүд төлөгдөж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Ариунсайханд итгэмжлэл олгосон байсан бол нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэх боломжтой. 2012.05.29-өөс 13 удаа 9,788,212 төгрөгийг, 2013.06.14-ний өдөр хүртэл төлсөн.

Ариунсайхантай хийсэн хэлцлийн хувьд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн учраас зөвшөөрөхгүй байна. Ариунсайхан, Ганбаярт байр авч өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байгаа, энэ бодит үнэнд нийцэхгүй байгаа...” гэж маргажээ.

 

Орон сууц хөлслөх гэрээний хөлслүүлэгч Б.Ганбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барж, түүний өв залгамжлагчид Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1, 527 дугаар зүйлийн 527.3-т зааснаар эд хөрөнгийн болон бусад эрх шилжсэн, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Өвлөх эрхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 018 дугаар гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байрны 44 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө Г-000218506, Ү-2202000249 дугаартай орон сууцыг Б.А өвлөсөн байх тул О.Зт холбогдуулан Б.А нь Б.Ганбаярын орон сууц хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Иймд Б.Ганбаяр болон О.З нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.А нь О.Зтай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцэл /эвлэрлийн гэрээ/-ний дагуу түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 13,608,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Хэдийгээр Б.Ганбаяр нь нэхэмжлэгч Б.Ад О.Зтай гэрээ дүгнэх хэлцэл байгуулах эрхийг олгосон гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч дээрх итгэмжлэлийг Б.Ганбаяр нь Б.Ад олгосон эсхүл шаардах эрх шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, баримтаар нотлогдохгүй байна.

 

Харин орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч буюу өв залгамжлагч Б.А нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч О.Заас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч О.З нь орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны орон сууц ашигласны хөлсийг хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгууд, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч О.З нь орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашигласан болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 13,608,000 төгрөгөөс хариуцагч О.З нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,260,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 720,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөг, нийт 3,980,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үлдэгдэл төлбөр 9,628,000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлтэй байна.

 

 Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Атай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хэлцлийг Б.Ганбаяраас хуульд зааснаар итгэмжлэл авах ёстой, энэ итгэмжлэлийг О.Зт өгөх ёстой бөгөөд үүний дараа тооцоогоо бодоод хэлцлээ хийсэн бол хуулийн шаардлага хангасан хэлцэл гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа нь дээрх талуудын хооронд байгуулсан хэлцлээр орон сууц ашигласны үлдэгдэл төлбөрийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Хариуцагч О.З нь 18 сар орон сууцыг ашиглаж нийт 13,608,000 төгрөгөөс 3,980,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 9,628,000 төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч О.Заас орон сууц ашигласны төлбөрт 9,628,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.А нь дээрх хэлцэлд заасны дагуу хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 4,814,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж шүүх үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 150,720 төгрөг, цахилгааны төлбөрт 179,825 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөрт 462,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан “Мандах-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, УБЦТС ХК-ийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, төлбөр тооцооны  дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 12-14 дүгээр тал/

 

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабель, СӨХ-ны төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч О.З нь орон сууц хөлсөх хугацаанд дээрх зардлуудыг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд уг ашиглалтын зардлууд болох 594,545 төгрөгийг хариуцагч О.Заас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Хариуцагч О.З нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Заас орон сууц ашигласны хөлсөнд 9,628,000 төгрөг, ашиглалтын зардал 594,545 төгрөг, нийт 10,222,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 4,814,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Хариуцагч О.Зын “2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...О.З нь 2010 онд Б.Атай орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, Б.Аы орон сууцыг огт хөлсөлж байгаагүй.

орон сууц хөлслөх гэрээг талууд цааш нэмэлт гэрээ хийгээгүй учраас үргэлжлээд явж байгаа 2014.06.25 хүртэл үргэлжилсэн.

Ингэхэд хэдий хүнд өвчтэй байсан бол нотариатын тухай хуулийн 5.2-т зааснаар эмнэлэг дээр нотариатчийг дуудаад нотариатын үйлдэл хийлгэх боломжтой байж. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.10 дахь хэсэгт зааснаар нотариатчийн хийх үйлдэл тодорхой байгаа, өнөөдөр хүнд өвчтэй байсан л гэдэг яг ямар хүнд өвчтэй байсан бэ? гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Өвчтэй, эрүүл байсан ч хүн хэлцэлд төлөөлөөд итгэмжлэлээр оролцуулах боломжтой. Ганбаяр өвчтэй байсан бол Ариунсайханыг төлөөлүүлэх итгэмжлэлийг хэдий хугацаанд ч хийх боломжтой байсан.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар Ганбаярт хэлцэл хийх зөвшөөрлийг олгосон тухайгаа хэлцлийн талуудад заавал бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д зааснаар төлөөлүүлэх эрхийг хэлцэл хийгч нөгөө талд мэдэгдээгүй бол татгалзах эрхтэй гэсний дагуу хэлцлээс татгалзаад 2014.08.16-ны өдөр таны байгуулж байсан хэлцэл нь хууль бус байна гэдэг талаар мэдэгдэл, албан бичиг явуулж байсан байдаг бөгөөд энийг хүлээн авч хариу өгдөггүй. Нэгэнт хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.

Ариунсайхан энэ орон сууцны өмчлөгч биш, орон сууцнаас үр шим хүртэх эрхгүй этгээд, Ганбаяр өвчтэй зовлонтой гэсэн байдлаар Зоригтбаатарт дарамт үзүүлж, хүч хэрэглэн хийсэн гэж үзэх ч боломжтой. Хуульд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус байлгах агуулгад хамаараад байгаа...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Хэлцлийн агуулгаас харахаар хөлслөх гэрээгээ, төлбөрийн үлдэгдлээ тооцоод 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тохиролцоо хийсэн байгаа. Б.Ганбаяр О.З нар тохиролцоод бичгийн хэлбэрт буулгахдаа өөрөө өвчтэй байсан учраас Ариунсайхан, Зоригтбаатар нарын хооронд хөлслөх гэрээгээрээ биш тусад нь хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 62.1, 62.2-т заасанд харшилсан зүйл байхгүй. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар амаар төлөөлүүлэгчид бүрэн эрх олгож болно гэж байгаа Зоригтбаатар, Ариунсайхан, Ганбаяр гурвуулаа байсан мөн хажууд нь одоо гэрчээр асуугдах Ариунаа гэж хүн ч байсан. Агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж үзэж байна. Ийм учраас энэ хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүсч, шаардах эрх нь үүсэж байгаа гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн агуулгын хувьд хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан шаардлага хангаагүй байна. Мөн 56.5-д зааснаар үр дагавар шаардах ёстой, гэтэл үр дагавар байхгүй, эргээд 56.5-аа үгүйсгээд байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.

 

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.”, мөн зүйлийн 50.2-т “Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй”, 50.3-т “Хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцийг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол энэ хуулийн 54.5-д заасан журам нэгэн адил хамаарна” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцаан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Хариуцагч О.З нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэх шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй болно.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулсан талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл болон үр дагавраа зааж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан “2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хэлцэл /эвлэрлийн гэрээ/-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай хариуцагч О.Зын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.Заас 10,222,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,814,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Ад холбогдох “2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хэлцэл /эвлэрлийн гэрээ/-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай хариуцагч О.Зын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,000 төгрөг, хариуцагч О.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Заас улсын тэмдэгтийн хураамжид 178,511 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС