Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02032

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02032

 

 

Б.Ариунсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01373 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ариунсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Зоригтбаатарт холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 15 360 545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байр, 44 тоотод 38 м.кв 3 өрөө байрыг худалдан авч, ах Б.Ганбаярын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгүүлсэн.

Хариуцагч О.Зоригтбаатар нь бидэнтэй уулзаж орон сууцыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сарын 420 ам.доллараар хөлслөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад хөлслөгч орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөх санал гаргаснаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.

Түүнээс түрээсийн төлбөрийг удаа дараа шаардсан, мэдэгдэх хуудас өгч байсан бөгөөд дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан. Тэрээр надтай уулзаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй.

Хариуцагч О.Зоригтбаатар нь гэр бүлийн хамт 3 жил 7 сар буюу 43 сар тус орон сууцанд амьдарсан. Үүнээс 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэхгүй. Харин 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 1 жил 6 сар буюу 18 сарын түрээсийн төлбөр 1 сарын 756 000 төгрөг буюу нийт 13 608 000 төгрөгийг төлөхөөс 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн 3 980 000 төгрөгийг төлснийг хасч 9 628 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээний 4 дэх заалтад зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүрэг буюу 9 628 000 төгрөгөөс алдангийг 0.5 хувиар тооцож, 4 814 000 төгрөг, ашиглалтын зардлын үлдэгдэл төлбөр 594 545 төгрөг нийт 15 360 545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэлцлийн агуулгаас харахаар хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдлийг тооцож, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тохиролцоо хийсэн. Б.Ганбаяр О.Зоригтбаатар нар тохиролцож бичгийн хэлбэрт буулгасан, Б.Ганбаяр нь өвчтэй байсан учраас Б.Ариунсайхан, О.Зоригтбаатар нарын хооронд хөлслөх гэрээгээрээ биш тусад нь хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасанд харшилсан зүйл байхгүй. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар амаар төлөөлүүлэгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Зоригтбаатар нь Б.Ганбаяртай 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сарын 400 ам.доллараар 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Тэрээр амьдарч байх хугацаандаа гэрээнд заасны дагуу төлбөрүүдийг төлж байсан. Гэрээг сунгасан ямар нэгэн хэлцэл огт хийгдээгүй. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тухайн орон сууцанд амьдарсан, бид байрыг чөлөөлсөн, тэр үед байранд иж бүрэн засвар хийж хүлээлгэж өгсөн.

2018 онд Б.Ариунсайхан шүүхэд нэхэмжлэл гаргах үед бид хэлцлийн талаар мэдсэн. Байшинг хүлээлгэж өгсний дараа Б.Ариунсайхантай холбоотой хэлцэл хийгдсэн талаар мэдсэн. Нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр, орон сууцны ашиглалтын зардлууд, нийт 21 320 000 төгрөг нэхэмжилдэг. Гэтэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх хэлцлийг Б.Ариунсайхан хийх талаар хариуцагч талд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 9 788 212 төгрөг буюу доллараар 7 515.13 доллар төлсөн. СӨХ-ны төлбөрт мөнгө төлсөн баримт байхгүй тул төлөхгүй, ашиглалтын зардлыг тухайн үед төлсөн. Цахилгааны төлбөрийн тухайд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байрыг чөлөөлсөн гэтэл 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хамрах хүрээ гэж 179 825 төгрөгийг баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид амьдрах хугацааныхаа төлбөрүүдийг төлчихсөн. Б.Ганбаяртай хийсэн гэрээтэй холбоотой төлбөрүүд төлөгдчихсөн. 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 13 удаагийн төлөлтөөр 9 788 212 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл төлсөн.

Б.Ганбаяртай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар итгэмжлэлээр шаардах эрх үүснэ. Б.Ариунсайханы хувьд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрх нь үүснэ. Б.Ганбаярыг өвчтэй байсан учраас О.Зоригтбаатарыг хавдар судлалын үндэсний төв дээр дуудаж ирээд Б.Ариунсайхантай хэлцэл хийлгэсэн. Гэтэл орон сууц хөлслөх гэрээг талууд цааш нэмэлт гэрээ хийгээгүй учраас 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Хэдий хүнд өвчтэй байсан бол Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар эмнэлэг дээр нотариатчийг дуудаад нотариатын үйлдэл хийлгэх боломжтой байсан. Б.Ариунсайхан орон сууцны өмчлөгч биш, орон сууцнаас үр шим хүртэх эрхгүй этгээд, Б.Ганбаяр нь өвчтэй зовлонтой гэсэн байдлаар О.Зоригтбаатарт дарамт үзүүлж, хүч хэрэглэн хийсэн гэж үзэх боломжтой. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Б.Ариунсайханд маргаан бүхий орон сууцыг бусдад түрээслүүлэх эрх нь үүсээгүй байсан, Эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа нь үндэслэлгүй байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Зоригтбаатараас 10 222 545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 814 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Ариунсайханд холбогдох 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хэлцэл /эвлэрлийн гэрээ/-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч О.Зоригтбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ариунсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 000 төгрөг, хариуцагч О.Зоригтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Зоригтбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 178 511 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж Б.Ганбаяр болон хариуцагч О.Зоригтбаатар нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ-г сунгаж нэмэлт өөрчлөлт ороогүй, сарын төлбөрийн хэмжээг ихэсгэсэн, бичгээр хийсэн хэлцэлгүй байхад нэхэмжлэгч талын тайлбараар шууд 1 сарын төлбөрийг 420 ам.доллар гэж үндэслэлгүй дүгнэж, мөн гэрээ байгуулагдах үед 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1255 төгрөг байсан байхад ханшийг 1800 төгрөгөөр, төлбөр хийх хугацааг 18 сараар тооцсон нь нэхэмжлэгч талын гаргасан баримтыг үнэлэх хуульд заасан заалтыг буруу хэрэглэсэн.

Нэхэмжлэгч шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ төлбөр төлөөгүй хугацааг 18 сарын хугацаа гэж заасан нь нэхэмжлэгчийн ах Б.Ганбаяр агсны хүргүүлж байсан мэдэгдэлд дурдсантай илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүй, цахилгааны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 179 825.35 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, орон сууцны хөлс 2014 оны 12 дугаар сарын байдлаар эхний үлдэгдэл 430 510.54 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба нийт 462 000 төгрөгийн төлбөрийн хэдэн төгрөг нь орон сууц хүлээлгэн өгсөн 2014 оны 7 дугаар сард хамаарах тухай баримтгүй.

Мөн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны сууц өмчлөлийн төлбөрийг төлсөн төлбөрийн баримтгүй байхад зөвхөн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нотолсон баримтгүй байхад хариуцагч О.Зоригтбаатараас байрыг чөлөөлж өгснөөс хойших хугацаанд ч мөн хамрах ашиглалтын зардалд 792 545 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Орон сууц хөлслүүлэгч Б.Ганбаяр нь нас барсаны улмаас Б.Ариунсайхан нь Б.Ганбаярын маргаан бүхий орон сууцыг өв залгамжилж авсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 42 дугаарр зүйлийн 42.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Ариунсайханд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний дагуу шаардах эрх үүсэн гэж шүүх дүгнэсэн гэж ойлгогдож байна. Гэрээнд орон сууцны засвар үйлчилгээг хөлслүүлэгч өөрийн хөрөнгөөр хийнэ гэж заасан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас орон сууцанд иж бүрэн засвар хийж хүлээлгэж өгсөн тухай гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахад зайлшгүй шаардлагатай орон сууц засварласантай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хариуцагч талаас шаардан гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж баримтыг ирүүлж байж хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй байсан. Шүүх 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч Б.Ариунсайхан О.Зоригтбаатар нарын хооронд хэлцэл хийх итгэмжлэлийг Б.Ганбаяр олгоогүй, шаардах эрх шилжүүлсэн болон итгэмжлэл олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй учир Б.Ариунсайхан нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 13 608 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн нь уг гэрээнд заасан засварын тооцоо болох 5 000 000 төгрөгт ч мөн хамаарах тул засварын хөлстэй холбоотой баримтуудыг шүүх шаардан гаргуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ариунсайхантай хийсэн гэрээг шүүх дүгнэх боломжгүй гэж дүгнэснээр 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний дагуу Б.Ганбаярын өөрийнх нь гаргаж байсан тооцооны хугацааг бус харин Б.Ариунсайханы шаардах эрхгүй гэж дүгнэгдэж буй гэрээний тооцооны хугацаа болон мөнгөн дүнг шууд шаардах эрхийн үндэслэл болсон гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон нэмэлт тайлбар гэх тодотголтой нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж багасгасан гэх баримтыг шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл гаргаж өгөөгүй байснаа шүүхийн хэлэлцүүлэг дуусах үед шүүгч шаардан байж хүлээж авсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн өөрчилж багасгаж буй шаардлагыг хариуцагч талд гардуулж хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлж өгөх тухайд хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэг дуусаны дараагаар нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардуулсан баримтад гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа гэх боловч агуулгын хувьд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах бус харин өөрчилж буй агуулгатай байсан учир шүүх хариуцагч талд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг заавал гардуулж хариу тайлбар авч нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь хангах үүрэгтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ариунсайхан нь хариуцагч О.Зоригтбаатарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 15 036 545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Б.Ганбаяр болон О.Зоригтбаатар нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43 дугаар байрны 44 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг О.Зоригтбаатар нь 6 сарын хугацаатай, 2400 ам.доллараар хөлслөн суухаар тохиролцож, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд уг орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж байсан нь бичгээр байгуулсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон байх тул үндэслэн анхан шатны шүүх энэ талаарх маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Гэрээний хөлслөгч тал болох Б.Ганбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг өв залгамжлалын журмаар нэхэмжлэгч Б.Ариунсайханд шилжснийг улсын бүртгэлд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаангүй.

 

Нэхэмжлэгч Б.Ариунсайхан болон хариуцагч О.Зоригтбаатар нар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний зүйл нь Б.Ганбаяр, О.Зоригтбаатар нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ, уг төлбөрийг төлөх хугацаа, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцох талаар тохиролцсон байна.

 

Иймд гэрээний хөлслөгч тал болох Б.Ганбаярыг төлөөлөх эрхгүй байх үед Б.Ариунсайхан нь хөлслөгч О.Зоригтбаатартай эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр эвлэрлийн гэрээг үндэслэн орон сууцны хөлслөх гэрээний хөлс шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцжээ.

 

Харин 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний хөлслөгч Б.Ганбаярын өвлөгчийн хувьд нэхэмжлэгч Б.Ариунсайхан нь орон сууц хөлслөх гэрээний үүргийг О.Зоригтбаатараас шаардах эрхтэй. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан ч Иргэний хуулийн Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашигласан бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох юм.

 

Хариуцагч орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх хөлсийг 1 сарын 400 ам.доллар гэж маргасан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд 1 сарын хөлсийг 1 сарын хөлсийг 420 ам.доллар гэж хүлээн зөвшөөрч О.Зоригтбаатар гарын үсэг зурсан, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэлд Б.Ганбаяр нь орон сууцны хөлсийг 2013 оны 01 дүгээр сараас эхлэн нэг сарын 420 ам.доллароор тооцохоор амаар тохиролцсон гэсэн баримттай харьцуулан дүгнэвэл гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээний хөлсийг 1 сарын 420 ам.доллараар тохиролцсон гэж дүгнэхээр байна. Улмаар орон сууцны ашигласан хугацаа болох 18 сараар тооцож тодорхойлсон 13 608 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3 980 000 төгрөгийг хасч анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалтаас дүгнэвэл үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөр тооцож гүйцэтгэх юм. Хариуцагчийн гэрээний үүргийг гүйцэтгэвэл зохих үеийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож мөн өдрийн ханшаар 1 ам.долларыг 1800 төгрөг гэж тодорхойлж нэхэмжлэл гаргасныг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймд гэрээ байгуулах үеийн ханшаар төлбөр тооцоог хийх байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Засвар хийсэн хөлсийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох ёстой байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Б.Ариунсайхан, О.Зоригтбаатар нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн хэлцэл гэх баримтад хөлсөлж авсан эд зүйлийг хэвийн байдалд оруулаагүй тохиолдолд 5 000 000 төгрөгийн завсарын зардлыг хариуцагч буюу хөлслөгч тал төлөхөөр тохиролцсон байна. Энэ нь орон сууцны хөлсөөс хасч тооцох агуулгыг тодорхойлохгүй юм.

 

Алдангийн талаар бичгээр хийсэн хэлцэл байхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нь ашиглалтын зардлыг гэрээний 5 дугаар зүйлд зааснаар төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн орон сууцанд амьдрах хугацаанд ямар хэмжээний ашиглалтын зардал гарч, түүнийг нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс төлсөн гэх нөхцөл байдал буюу өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлох учиртай. Цахилгаан эрчим хүч ашигласны 179 825 төгрөгийн төлбөрийн баримтад хамрагдах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэж заасан байх тул энэхүү орон сууцыг хариуцагч эзэмшилдээ аваагүй байсан хугацаанд хамааралтай зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй. /1хавтас, 13 дах тал/ Харин орон сууцны ашиглалтын хөлс 430 510 төгрөгийн баримт нь 2014 онд хамаарах тул хариуцагчийн төлбөл зохих хэмжээг 2014 оны 06 дугаар сар дуусах хүртэл хугацаагаар хувь тэнцүүлэн тооцвол 215 255 /430 51012 сар6сар/ төгрөгөөр тодорхойлох, /1 хавтас 14 дэх тал/ СӨХ-ны төлбөрийг 150 720 төгрөгөөр төлсөн болох нь Мандах Өргөө СӨХ-ны тодорхойлолтоор тогтоогдож байх /1хавтас 12 дах тал/ тул хариуцагчийн төлбөл зохих нийт ашиглалтын төлбөрт 365 979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал баримт гаргаж өгөөгүй, хариуцагч талаас 17 хуудас баримтыг гаргаж өгсөн байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар авсан, хариуцагчид гардуулж өгөөгүй гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч талаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт тайлбар гаргасан баримт хэргийн 1 дүгээр хавтас 227 дахь талд баримтаар авагдсан бөгөөд уг тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийг багасгасан байх тул хариуцагчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01373 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтын 10 222 232 төгрөгийг гэснийг 9 993 979 төгрөгийг гэж, 4 814 000 төгрөгт гэснийг 5 366 566 төгрөгт гэж

3 дахь заалтын 178 511 төгрөг гэснийг 174 853 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЗОЛЗАЯА