Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2019/01963

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2019/01963

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Г.Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХ ХХК /РД:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчГ.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн төлөөлөгч Л.р, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биеГ.Э нь 2011 онд Худалдаа хөгжлийн хөгжлийн банканд оператороор ажилд орж түүнээс хойш хяналтын ажилтан, данс хариуцсан ажилтнаар нийт 8 жил үр бүтээлтэй, үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл намайг ХХны Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б-19/1401 дүгээр дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Тус тушаалд: ...Г.Э нь банкны зээлдэгч болох Их цэнхэр ХХК-тай хамтран ажилласан, хувийн бизнес хийсэн, өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийн талаар зохих шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэл нь ХХны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан холбогдох заалтыг тус тус зөрчсөн нь Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.3, 10.2.5, 10.2.12, 10.2.22 дахь заалтад тусгасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр цуцалж, дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ээлжийн амралттай байхад гэнэт банкны хүний нөөцийн газраас чамайг ажлаас халсан ирж тушаалаа аваарай мэдэгдсэн. Энэхүү тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчлийг миний бие гаргаагүй бөгөөд өөрт байгаа эд хөрөнгөө бусдад худалдах нь миний эрх бөгөөд ажлаас халагдах шалтгаан, үндэслэл гэж үзэхгүй байна. ИймдГ.Э намайг ХХ ХХК-ийн Занабазар салбарын данс хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Э нь Худалдаа, хөгжлийн банктай 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18/928 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр тус банкны Занабазар салбарт данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийнГ.Эыг ажлаас халах тухай Б-19/1401 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэнГ.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, түүнийг ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Ажил олгогч нь дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахын тулд нэгдүгээрт, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх, хоёрдугаарт, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан нь мөн зүйлийн 10.2.1-10.2.26 дахь заалтад заасан зөрчил гаргасан тохиолдолд түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон болно. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт талууд дараах зүйлийг ноцтой зөрчил хэмээн үзэж, хугацаанаас нь өмнө ажил олгогч гэрээг дангаараа цуцлахыг зөвшөөрч байна гээд 10.2.12 дахь заалтад Худалдаа, хөгжлийн банкны ёс зүйн дүрэм зөрчсөн гэж заасан байна.Г.Э нь Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрмийг хэд хэдэн удаа зөрчсөн болно. Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.2. 4.10.3 дахь заалтыг зөрчсөн тухайд: Худалдаа, хөгжлийн банкны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.2 дахь заалтад Банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажлын цагт нөлөөлөхгүйгээр банкнаас өөр байгууллагад ажил эрхлэх бол Захиргаа, хүний нөөцийн газарт мэдэгдэх ба удирдлагаас зөвшөөрөл авна гэж, 4.10.3 дахь заалтад Банкны гүйцэтгэх удирдлагаас урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд ажилтан нь банкны өмнө хүлээсэн үүрэгт ажилтай хавсарган өөр ажил эрхлэхийг хориглоно гэж тус тус заасан байна.Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр Боруужин ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг банкнаас өөр байгууллагад ажил эрхэлсэн гэж ойлгох бөгөөд энэ тухай Худалдаа. хөгжлийн банкны Захиргаа, хүний нөөцийн газарт мэдэгдээгүй, Гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл аваагүй эс үйлдэхүй нь Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.2, 4.10.3 дахь заалтыг тус тус зөрчсөн. Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.3 дахь заалтыг зөрчсөн тухайд: Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дэх заалтад "Ажилтан нь өөрийн ашиг сонирхол болон банк, түүний хувьцаа эзэмшигч, харилцагчийн ашиг сонирхлын хооронд зөрчил үүсгэж болохуйц аливаа нөхцөл байдлаас ангид байна гэж, мөн зүйлийн 4.5.2 дахь заалтад Дараах тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэж болно гээд 4.5.2.а дахь дэд заалтад Ажилтан нь банкны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хувийн харилцаа тогтоох үед гэж, 4.5.2.6 дэх дэд заалтад "Ажилтан нь банкнаас гадуур ажил хийх, үйл ажиллагаа эрхлэх үед гэж, 4.5.3 дахь заалтад Хэрвээ ажилтан нь өөрийн болон банкны ашиг сонирхлын хооронд ямар нэгэн зөрчил үүсгэхүйц нөхцөл байна гэж үзвэл энэ тухай Захиргаа, хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөрГ.Эын 419000333 тоот дансанд түүний өмнө нь ажиллаж байсан Худалдаа, хөгжлийн банкны Пийс тауэр салбарын зээлдэгч болох Их цэнхэр ХХК-аас 17,800,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн бөгөөд энэ тухайГ.Э нь тус компанид тоног төхөөрөмж нийлүүлсний үнэ гэж аудитын шалгалтын явцад тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл,Г.Э нь тус банканд ажиллаж байх үедээ банкны харилцагч болох Их цэнхэр ХХК-тай хувийн харилцаа тогтоосон, банкнаас гадуур тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлснээр Банк болон Ажилтны хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болж, түүнийг ажлаас халах хүртэлх хугацаанд үргэлжилсээр байсан байхад энэ тухай Захиргаа, хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдээгүй эс үйлдэхүй нь Ёс зүйн дүрмийн дээрх заалтыг тус тус зөрчсөн болно. Мөн,Г.Э нь гадаад худалдааны чиглэлээр Боруужин ХХК-ийг үүсгэн байгуулсныг банкнаас гадуур үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Банк болон Ажилтны хооронд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохуйц нөхцөл байдал үүссэн байх тулГ.Э нь энэ тухай Захиргаа, хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүргээ зөрчсөн буюу Ёс дүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.3 дахь заалтыг зөрчсөн болно. Ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх тайлбарын тухайд:Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ээлжийн амралттай байхад гэнэт банкны хүний нөөцийн газраас чамайг ажлаас халсан ирж тушаалаа аваарай гэж мэдэгдсэн гэжээ.Г.Э нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтаа 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоног эдлэхээр болсон боловч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажилдаа эргэж орсон тул түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэсэн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно гэж заасны дагууГ.Э нь өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа хэсэгчлэн авахаар, тодруулбал ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн хоногийг дараа биеэр эдлэхээр 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэж орсон болно. Дээрхээс дүгнэвэл,Г.Э нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.12 дахь заалтад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.3, 4.10.2, 4.10.3, 4.15.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан 18/928 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж,Г.Эыг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тулГ.Эын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

НэхэмжлэгчГ.Э нь хариуцагч ХХ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

НэхэмжлэгчГ.Э нь ХХ ХХК-ийн Занабазар салбарын данс хариуцсан ажилтны ажлын байранд 2018 оны 05 сарын 28-ны өдөр 18/928 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-3-11 тал/ байгуулан ажиллаж байгаад ХХ ХХК-ийн захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн Б-19/1401 дугаартайГ.Эыг ажлаас халах тухай тушаал /хх-15 тал/-аар 2019 оны 07 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2019 оны 08 сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

ХХ ХХК-ийн захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн Б-19/1401 дугаартайГ.Эыг ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан байх баГ.Э нь банкны зээлдэгч болох Их цэнхэр ХХК-тай хамтран ажилласан, хувийн бизнес хийсэн, өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийн талаар зохих шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэл гаргасан, энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарах тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар тушаалд дурдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дахь заалтад заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Г.Эрдэнэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.12 дахь заалтад ХХны ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил хэмээн үзэж хугацаанаас нь өмнө ажил олгогч гэрээг дангаар цуцлах талаар заасан байна.

Г.Эрдэнэбаярын гаргасан гэх зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байх боловч ажил олгогчоос гаргасан дүрэм, журмын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчил-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг зөрчлийн тохиолдлыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасантай адилтган үзэх боломжтой.

НэхэмжлэгчГ.Э нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд дурдсан ХХны зээлдэгч болох Их цэнхэр ХХК-тай хамтран ажилласан, хувийн бизнес хийсэн, өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийн талаар зохих шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэл гаргасан гэдэгтээ маргадаггүй боловч өөрт байгаа хөрөнгөө бусдад худалдах болон хуулийн этгээд үүсгэн байгуулах нь миний эрх бөгөөд үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс бус уг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулаагүй, банкны 600,000 харилцагчийн нэгэнд тоног төхөөрөмжөө худалдсаныг хувийн харилцаа үүсгэсэн гэж үзэх боломжгүй, ашиг сонирхлын зөрчил үүсээгүй гэж маргасан.

ХХ ХХК-ийн Ёс зүйн дүрэм /хх-29-33 тал/-ийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дахь заалтад Ажилтан нь өөрийн ашиг сонирхол болон банк, түүний хувьцаа эзэмшигч, харилцагчийн ашиг сонирхлын хооронд зөрчил үүсгэж болохуйц аливаа нөхцөл байдлаас ангид байна, 4 дүгээр зүйлийн 4.5.2.а дахь заалтад Ажилтан нь банкны хамтран ажиллагч түнш болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хувийн харилцаа тогтоох үед ашиг сонирхлын зөрчил үүсэж болно, 4 дүгээр зүйлийн 4.5.2.б дахь заалтад Ажилтан нь банкнаас гадуур ажил хийх, үйл ажиллагаа эрхлэх үед ашиг сонирхлын зөрчил үүсэж болно, 4 дүгээр зүйлийн 4.5.3 дахь заалтад Хэрвээ ажилтан нь өөрийн болон банкны ашиг сонирхлын хооронд ямар нэгэн зөрчил үүсгэхүйц нөхцөл байдал байна гэж үзвэл энэ тухайгаа Захиргаа хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Ашиг сонирхлын зөрчил гэдгийг ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үед түүний хувийн ашиг сонирхол ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон ажил үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчГ.Э нь ажил олгогч ХХны зээлдэгч этгээдээс 18,700,000 төгрөгийг барааны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан /хх-39 тал/, мөн өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийг өөрийн ажиллаж буй ХХны харилцагчаар бүртгүүлэн, гэрээ байгуулж данс нээлгэсэн /хх-34-38 тал/ нь ажилтан болон ажил олгогчийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц нөхцөл байдалд хамаарна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 18,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан ХХны зээлдэгч хуулийн этгээдэд өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг худалдсан, Боруужин ХХК-ийг үүсгэн байгуулсан хэдий ч уг хуулийн этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч ХХ ХХК-ийн Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.3 дахь заалтад Хэрвээ ажилтан нь өөрийн болон банкны ашиг сонирхлын хооронд ямар нэгэн зөрчил үүсгэхүйц нөхцөл байдал байна гэж үзвэл энэ тухайгаа Захиргаа хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу дээрх нөхцөл байдлуудын талаар ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч ХХ ХХК нь нэхэмжлэгчГ.Эыг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтад заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч нэхэмжлэгчГ.Э нь өөрийн болон банкны ашиг сонирхлын хооронд ямар нэгэн зөрчил үүсгэхүйц нөхцөл байдал байгаа талаар Захиргаа хүний нөөцийн газарт мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, уг зөрчил нь үргэлжилсэн хэвээр байсан тул шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлд намайг ээлжийн амралттай байх хугацаанд гэнэт банкны хүний нөөцийн газраас чамайг ажлаас халсан, ирж тушаалаа аваарай гэж мэдэгдсэн гэж дурдсан боловч хариуцагчийн зүгээсГ.Э нь өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа хэсэгчлэн авахаар, ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн хоногийг дараа биеэр эдлэхээр 2019 оны 07 сарын 16-ны өдрөөс ажилдаа эргэж орсон гэсэн тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч нь 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж тус тус үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчГ.Эын хариуцагч ХХ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР