Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01979

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01979

 

 

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01963 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, Ц.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь 2011 онд Х банканд оператороор ажилд орж түүнээс хойш хяналтын ажилтан, данс хариуцсан ажилтнаар нийт 8 жил үр бүтээлтэй, үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл намайг Х банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б-19/1401 дүгээр дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Тус тушаалд: Г.Э нь банкны зээлдэгч болох Их цэнхэр ХХК-тай хамтран ажилласан, хувийн бизнес хийсэн, өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийн талаар зохих шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэл нь Х банкны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан холбогдох заалтыг тус тус зөрчсөн нь Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.3, 10.2.5, 10.2.12, 10.2.22 дахь заалтад тусгасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр цуцалж, дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралттай байхад гэнэт банкны хүний нөөцийн газраас чамайг ажлаас халсан ирж тушаалаа аваарай мэдэгдсэн. Энэхүү тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчлийг миний бие гаргаагүй бөгөөд өөрт байгаа эд хөрөнгөө бусдад худалдах нь миний эрх бөгөөд ажлаас халагдах шалтгаан, үндэслэл гэж үзэхгүй байна. Иймд Г.Э намайг Х банк ХХК-ийн Занабазар салбарын данс хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь Х банктай 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18/928 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр тус банкны Занабазар салбарт данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2019 оны дугаар сарын 26-ны өдөр Г.Эыг ажлаас халах тухай Б-19/1401 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Г.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, түүнийг ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Ажил олгогч нь дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахын тулд нэгдүгээрт, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх, хоёрдугаарт, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан нь мөн зүйлийн 10.2.1-10.2.26 дахь заалтад заасан зөрчил гаргасан тохиолдолд түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон болно. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт талууд дараах зүйлийг ноцтой зөрчил хэмээн үзэж, хугацаанаас нь өмнө ажил олгогч гэрээг дангаараа цуцлахыг зөвшөөрч байна гээд 10.2.12 дахь заалтад Х банкны ёс зүйн дүрэм зөрчсөн гэж заасан байна. Г.Э нь Х банкны Ёс зүйн дүрмийг хэд хэдэн удаа зөрчсөн болно. Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.2. 4.10.3 дахь заалтыг зөрчсөн тухайд: Худалдаа, хөгжлийн банкны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.2 дахь заалтад Банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажлын цагт нөлөөлөхгүйгээр банкнаас өөр байгууллагад ажил эрхлэх бол Захиргаа хүний нөөцийн газарт мэдэгдэх ба удирдлагаас зөвшөөрөл авна гэж, 4.10.3 дахь заалтад Банкны гүйцэтгэх удирдлагаас урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд ажилтан нь банкны өмнө хүлээсэн үүрэгт ажилтай хавсарган өөр ажил эрхлэхийг хориглоно гэж тус тус заасан байна. Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр Боруужин ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг банкнаас өөр байгууллагад ажил эрхэлсэн гэж ойлгох бөгөөд энэ тухай Х банкны Захиргаа хүний нөөцийн газарт мэдэгдээгүй, Гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл аваагүй эс үйлдэхүй нь Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.2, 4.10.3 дахь заалтыг тус тус зөрчсөн. Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.3 дахь заалтыг зөрчсөн тухайд: Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дэх заалтад "Ажилтан нь өөрийн ашиг сонирхол болон банк, түүний хувьцаа эзэмшигч, харилцагчийн ашиг сонирхлын хооронд зөрчил үүсгэж болохуйц аливаа нөхцөл байдлаас ангид байна гэж, мөн зүйлийн 4.5.2 дахь заалтад Дараах тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэж болно гээд 4.5.2.а дахь дэд заалтад Ажилтан нь банкны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хувийн харилцаа тогтоох үед гэж, 4.5.2.6 дэх дэд заалтад "Ажилтан нь банкнаас гадуур ажил хийх, үйл ажиллагаа эрхлэх үед гэж, 4.5.3 дахь заалтад Хэрвээ ажилтан нь өөрийн болон банкны ашиг сонирхлын хооронд ямар нэгэн зөрчил үүсгэхүйц нөхцөл байна гэж үзвэл энэ тухай Захиргаа хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г.Эын 419000333 тоот дансанд түүний өмнө нь ажиллаж байсан Х банкны Пийс тауэр салбарын зээлдэгч болох Их цэнхэр ХХК-аас 17 800 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн бөгөөд энэ тухай Г.Э нь тус компанид тоног төхөөрөмж нийлүүлсний үнэ гэж аудитын шалгалтын явцад тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, Г.Э нь тус банканд ажиллаж байх үедээ банкны харилцагч болох Их цэнхэр ХХК-тай хувийн харилцаа тогтоосон, банкнаас гадуур тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлснээр Банк болон Ажилтны хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болж, түүнийг ажлаас халах хүртэлх хугацаанд үргэлжилсээр байсан байхад энэ тухай Захиргаа, хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдээгүй эс үйлдэхүй нь Ёс зүйн дүрмийн дээрх заалтыг тус тус зөрчсөн болно. Мөн, Г.Э нь гадаад худалдааны чиглэлээр Боруужин ХХК-ийг үүсгэн байгуулсныг банкнаас гадуур үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд банк болон ажилтны хооронд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохуйц нөхцөл байдал үүссэн байх тул Г.Э нь энэ тухай Захиргаа хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүргээ зөрчсөн буюу Ёс дүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.3 дахь заалтыг зөрчсөн болно. Ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх тайлбарын тухайд: Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ээлжийн амралттай байхад гэнэт банкны хүний нөөцийн газраас чамайг ажлаас халсан ирж тушаалаа аваарай гэж мэдэгдсэн гэжээ. Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоног эдлэхээр болсон боловч 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажилдаа эргэж орсон тул түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэсэн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно гэж заасны дагуу Г.Э нь өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа хэсэгчлэн авахаар, тодруулбал ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн хоногийг дараа биеэр эдлэхээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэж орсон болно. Дээрхээс дүгнэвэл, Г.Э нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.12 дахь заалтад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.3, 4.10.2, 4.10.3, 4.15.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан 18/928 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Г.Эыг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Г.Эын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Эын хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэсэн заалтыг хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан "Энэ зүйлд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана", 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар "Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зарчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм" гэсэн заалттай зөрчилдөж хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.12-т заасан Х банкны ёс зүйн дүрмийг зөрчсөн нь ноцтой зөрчил гэж үзэж гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байна гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж ажилтныг хохироох, цаашид бусад ажилчдыг ч энэ мэт хохироох боломжийг ажил олгогчид өгсөн шийдвэр болсон. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01963 тоот дугаартай шийдвэр нь бодит байдлаас хэт зөрүүтэй, асуудлыг хэт нэг талд шийдвэрлэсэн байх тул тус шийдвэрийн тогтоох хэсэгт хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцэж гаргасан тогтоол, зөвлөмжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Этай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Занабазар салбарын данс хариуцсан ажилтнаар ажиллуулж байгаад Х банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б-19/1401 дугаартай ажлаас халах тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х банкны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.10.6, Х банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Г.Э нь банкны зээлдэгч болох Их цэнхэр ХХК-тай хамтран ажилласан, хувийн бизнес хийсэн, өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийн талаар зохих шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэл нь Х банкны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан холбогдох заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч дуусгавар болгосон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.3-т сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл байгууллагын дотоод дүрэм, журам, заавар зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь хяналт шалгалт, бусад баримтаар тогтоогдсон боловч буруугаа сайн дураар хүлээгээгүй гэж, 10.2.5-д албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан гэж, 10.2.12-т ХХБ-ны ёс зүйн дүрэм, ХХБ-ны дотооддоо баримтлах жендерийн бодлого, TDB соёлын стандарт зөрчсөн, ёс зүйн зөрчсөн, нэр холбогдсон гэж, 10.2.22-т ажил олгогчийн холбогдох заавар, журмыг ноцтой зөрчсөн болох нь Дотоод аудитын газрын аудитын тайлан болон Хуулийн газрын дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж заасныг зөрчсөн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь ажил олгогч буюу хариуцагч байгууллагаас гаргасан компанийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.1-д Ажилтан нь өөрийн ашиг сонирхол болон банк, түүний хувьцаа эзэмшигч, харилцагчийн ашиг сонирхлын хооронд зөрчил үүсгэж болохуйц аливаа нөхцөл байдлаас ангид байна гэж, мөн зүйлийн 4.5.2.б-д Ажилтан нь банкнаас гадуур ажил хийх, үйл ажиллагаа эрхлэх үед ашиг сонирхлын зөрчил үүсэж болно гэж, 4.5.3-д Хэрвээ ажилтан нь өөрийн болон банкны ашиг сонирхлын хооронд ямар нэгэн зөрчил үүсгэхүйц нөхцөл байдал байна гэж үзвэл энэ тухайгаа Захиргаа хүний нөөцийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Боруужин ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Боруужин ХХК-ийг төлөөлж хариуцагч байгууллагад данс нээлгэх, цахим үйлчилгээ авахаар гаргасан хүсэлт, тус өдрийн байгууллагын харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх №452610880 тоот гэрээ, гарын үсгийн баталгааны баримт зэргээр тогтоогдож байна./хэргийн 34-38, 63 дугаар тал/

 

Шүүхээс ашиг сонирхлын зөрчил гэдгийг ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үед түүний хувийн ашиг сонирхол ажил олгогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон ажил үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Г.Э нь ажил олгогч Х банкны зээлдэгч этгээдээс 18 700 000 төгрөгийг барааны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан, мөн өөрийн үүсгэн байгуулсан Боруужин ХХК-ийг өөрийн ажиллаж буй Х банкны харилцагчаар бүртгүүлэн, гэрээ байгуулж данс нээлгэсэн нь ажилтан болон ажил олгогчийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц нөхцөл байдалд хамаарна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь Х банкны зээлдэгч хуулийн этгээдэд өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг 18 700 000 төгрөгөөр худалдсан болон 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Боруужин ХХК-ийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар хариуцагч байгууллагад мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч байгууллагаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн цахим шуудангаар дээрх байдлыг тодруулан, нэгдмэл сонирхолтой этгээдийн маягт-ыг бөглөж өгсөн эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна. Үүний хариуд нэхэмжлэгч мэдээлэл өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 40 дүгээр тал/

 

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР