Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2019/01816

 

 

 

 

2019 оны 09 сарын 17 өдөр Дугаар 181/ШШ2019/01816 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Э /РД:/-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С.Н /РД:/-д холбогдох

 

44,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2,000,000 төгрөг гаргуулах, караокены тохижилт, тоног төхөөрөмжийг буцаан авахыг даалгуулж, талбай чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, О.М, гэрч С.Н, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 02 сард үнэгүй.мн веб хуудаснаас караоке зарна машин оролцуулж болно гэсэн зарын дагуу Г.Мөнх-Учралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах Их хотын караоке-ны тохижилт тоног төхөөрөмжийг 23 сая төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн Ланд 100 маркийн автомашинаар солихоор тохиролцсон байдаг. Г.Мөнх-Учрал нь 2015 оны 11 сард Бадрал гэх залуугаас тухайн караокены тохижилт, техник хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан авч, объектын эзэн С.Нарантуяатай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулдаг байсан болно. Б.Э нь 2016 оны 03 дугаар сараас эхлэн тухайн караокег ажиллуулж эхэлсэн байдаг бөгөөд удалгүй тухайн караокены эзэн гэх С.Нарантуяа нь өмнөх түрээсийн төлбөрөө нэхэж, тухайн караокег ашиглуулахгүй хэмээн цоожийг нь солиод Эрдэнэчулууныг гаргаж, караокег бүхэлд нь С.Нарантуяа эзэмшилдээ авсан байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сард асуудалтай караокег хууран мэхлэх замаар худалдаж, залилсан гэх үндэслэлээ Г.Мөнх-Учралд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг боловч 2017 оны 05 дугаар сард Прокуророос эрүүгийн хэрэг биш, иргэний маргаан хэмээн шийдвэрлэсэн, улмаар 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Т.Мөнх-Учрал, Б.Э нарын дунд Ланд 100 маркын автомашин, караокены тохижилт тоног төхөөрөмжийг сольсон арилжааны гэрээ байгуулагдсан байна. Ланд-100 маркын автомашин нь хууль ёсоор Г.Мөнх-Учралд шилжсэн, харин караокены тохижилт, тоног төхөөрөмж нь Б.Эы өмч мөн гэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Тухайн караокег С.Нарантуяа гэгч нь хүлээн авснаасаа хойш маргаантай байх хугацаанд ажиллуулж, ашиг олдог байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын шүүхийн шийдвэрийн дараа нэхэмжлэгч Б.Э өөрийн өмчлөлийн караокены тохижилт, тоног төхөөрөмжийг авч ажиллуулахаар очиход Нарантуяа нь өөр этгээдүүдэд уг караокег ашиглуулж байсан гэдэг. Б.Э караокег авах талаар удаа дараа шаардлага гаргасан боловч ажиллуулж буй хүмүүс нь бид нар С.Нарантуяагаас худалдаж авсан гэх тайлбар өгч, Нарантуяа нь тухайн караокег Эрдэнэчулуунд буцаан өгөхөөс татгалзсан тул нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байх ба 2018 оны 11 дүгээр сард иргэний маргаан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн билээ. Тиймээс хариуцагч С.Нарантуяа нь 2016 оны 04 дүгээр сард эзэмшил, ашиглалтдаа авснаас хойш 2019 оны 03 дугаар сар хүртэл тухайн караокег өөрөө болон өөр этгээдэд ашиглуулан, байнгын ашиг, орлого олсон бөгөөд караокены тоноглол, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхгүй байх тул караокены тохижилт, тоног төхөөрөмжийн үнэ болох 16,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад С.Нарантуяа нь бусдад 1 сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлдэг болох нь тогтоогдсон байх тул маргаантай байх хугацаа буюу нийт 36 сар ашиглаж , үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, олсон орлого 28,800,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөгийг хариуцагч С.Нарантуяагаас гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нарантуяа миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 13345 ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах гэрчилгээний 000246219, улсын бүртгэлийн Ү-220404936 дугаартай, нийт 130 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь бөгөөд уг эд хөрөнгө нөхөр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ганбат овогтой Мөнх-Учралтай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулан сарын 1,100,000 төгрөгөөр караокены үйлчилгээ явуулах зориулалтаар түрээслүүлсэн болно. Миний бие анх Г.Мөнх-Учралд хоосон талбай түрээслүүлсэн ба ямар нэгэн караокены тоног төхөөрөмж огт түрээслүүлээгүй юм. Түрээсийн төлбөрт түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахдаа ашиглах хэрэглээний зардал, дулаан, халуун хүйтэн ус, цахилгааны төлбөр ороогүй бөгөөд түрээслэгч тусад нь төлөхөөр тохиролцсон байдаг. Харин Г.Мөнх-Учрал нь миний түрээслүүлсэн талбайг караокены зориулалтаар тохижуулан Их хотын караоке нэртэй караокены газрыг ажиллуулж байсан юм. Г.Мөнх-Учрал нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд миний өмчлөлийн талбайг түрээслэн ашигласан ба энэ хугацаанд түрээсийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй ба надад 6,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй байгаа юм. Энэ түрээсийн төлбөрт нэхэмжлэгч гэх Б.Эы нэг сар ажиллуулсны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал нийт 2,000,000 төгрөг багтсан болно. Г.Мөнх-Учрал нь 2016 оны 03 дугаар сараас эхлээд ...би караокены тоног төхөөрөмжийг өөр хүнд өгсөн байгаа, удахгүй мөнгийг чинь төлнө... гэсэн боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр надад 2016 оны 03 дугаар сараас эхлэн Болд овогтой Эрдэнэчулуун гэх хүн ажиллуулах болсон, би карокены тоног төхөөрөмжөө энэ хүнд зарсан гэж хэлсэн бөгөөд 2016 оны 03 сараас эхлэн ажиллуулсан ба Б.Эаас ажиллуулсан хугацааны түрээсийн төлбөрийг төлөхийг шаардахад би Г.Мөнх-Учралаас авлагатай гээд надад түрээсийн нэг ч төгрөг төлөөгүй. Тухайн үед бид Б.Эаас түрээсийн төлбөр төлөхгүй гэж байгаа бол талбай чөлөөлж өг гэхэд талбай чөлөөлж өгөхгүй байсан тул арга буюу 2016 оны 04 дүгээр сард манай нөхөр, Б.Э бид гурав сууж байгаад Б.Эыг байлцуулан хаалганы цоожийг солиод түлхүүрийг би авсан. Тухайн үед тоног төхөөрөмжөө аваад талбай суллаж өг гэсэн боловч Б.Э талбай суллаж өгөхгүй байсан ба хаалганы түлхүүр сольсноос хойш тус караокены газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй юм. Тухайн карокены тоног төхөөрөмж нь Г.Мөнх-Учрал болон Б.Э нарын хэний нь өмч болох нь тодорхойгүй Б.Э нь Г.Мөнх-Учралаас худалдан авсан гэж тайлбарладаг. Б.Э, Г.Мөнх-Учрал нарын хоорондын худалдах худалдан авах харилцааны маргаантай асуудлаас болж бид өөрийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж өнөөдрийг хүртэл хохирсоор ирсэн. Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Г.Мөнх-Учралд холбогдуулан түрээсийн төлбөрөө шаардсан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа миний бие Г.Мөнх-Учралыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Миний бие Б.Эд бусдын өмчлөлийн тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан зүйл байхгүй тул надаас тоног төхөөрөмжийн үнэ гэж 16,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийн үнэ гэж ийм хэмжээний мөнгө огт аваагүй бөгөөд түүнтэй худалдах худалдан авах гэрээний харилцаанд ороогүй болно. Б.Э болон Г.Мөнх-Учрал нарын хоорондын худалдах худалдан авах гэрээтэй холбоотой асуудал надад огт хамаагүй юм. Миний бие 2016 оны 04 дүгээр сар буюу хаалганы цоожийг сольсноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн талбайг бусдад ямар нэг байдлаар түрээслүүлэн ашиг олсон зүйл байхгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 28,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаалганы цоожийг тухайн үед түрээсэлж байсан Б.Эд мэдэгдэн улмаар хамт байлцуулан сольсон бөгөөд тоног төхөөрөмжөө ав гэхэд аваагүй байж миний өмчлөлийн тоног төхөөрөмжийг хууль бусаар ашиглаад байна гэх тайлбарыг нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Миний хувьд өөрийн өмчлөлийн талбайд байгаа тоног төхөөрөмжийг Б.Эд эсхүл Г.Мөнх-Учралд өгөх, өөрийн талбайг чөлөөлж авах хүсэлтэй байгаа ба тухайн тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгч нь хэн болохыг сайн мэдэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Э нь надаас нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн үнэ болон ашиг орлого олсон гэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл надад 16,000,000 төгрөгийг хэзээ яаж өгсөн, бидний хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа байсан эсэх зэргийг баримтаар нотлох ёстой. Түүнчлэн маргаан бүхий караокены төхөөрөмж нь нэхэмжлэгчийн өмч мөн гэдгийг нотолж улмаар түүний өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэдэг үндэслэлээ нотлох ёстой. Мөн караокены тоног төхөөрөмжийг миний бие яаж 36 сар ашигласан, ашиглахдаа ямар орлого олсон, энэ олсон орлого нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болох эсэхийг нотлох үүрэгтэй. Миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх зэргээр чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй тул яаж хууль бусаар ажиллуулсан бэ гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нарантуяа миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, /13345/ ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байршилтай гэрчилгээний 000246219 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204049367 дугаартай, үйлчилгээний зориулалттай, нийт 130 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь бөгөөд энэ хөрөнгө нь нөхөр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг. Бид өөрсдийн өмчлөлийн 130 м.кв талбайг Ганбат овогтой Мөнх-Учралд түрээслүүлэхээр болж улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Мөнх-Учралтай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай, сарын 1,100,000 төгрөгөөр тооцон түрээслүүлсэн. Анх Г.Мөнх-Учралд хоосон талбай түрээслүүлсэн бөгөөд түрээслэгч нь тухайн үед караокены зориулалтаар түрээслэхээр болж 2016 оны 03 дугаар сар хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие Г.Мөнх-Учралд хоосон талбай түрээслүүлсэн ба ямар нэгэн караокены тоног төхөөрөмжийг огт түрээслүүлээгүй юм. Г.Мөнх-Учрал нь надаас хүлээн авсан талбайг тохижуулан караокены тоног төхөөрөмж суурилуулан ...Их хотын караоке... нэртэй караокены газрыг ажиллуулж байсан. Дээр дурдсан түрээсийн төлбөрт түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахдаа ашиглах хэрэглээний зардал, дулаан, халуун хүйтэн ус, цахилгааны төлбөр, СӨХ-ийн төлбөр ороогүй бөгөөд уг төлбөрийг түрээслэгч нь тусад нь холбогдох байгууллагад нь төлдөг байсан бөгөөд гэрээгээр бид ингэж тохиролцсон. Түрээслэгч Г.Мөнх-Учрал нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 03 дугаар сар хүртэл хүртэл хугацаанд надад түрээсийн төлбөр төлж байсан ба ингэхдээ түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу бүрэн төлдөггүй байсан. Энэ хугацаанд тэрээр надад 4,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Бидний зүгээс түрээсийн үлдэгдэл төлбөр төлөхийг Г.Мөнх-Учралаас удаа дараа шаардаж байсан ба тэрээр хэлэхдээ ...2016 оны 03 дугаар сараас эхлээд би караокены тоног төхөөрөмжийг өөр хүнд зарж байгаа, мөнгөө аваад удахгүй төлнө... гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй байдаг. Түрээслэгч Г.Мөнх-Учрал нь бидэнтэй Б.Э гэх хүнийг уулзуулан та энэ хүнтэй түрээсийн гэрээ байгуулаарай цаашид энэ хүн түрээслэхээр болсон, би караокены тоног төхөөрөмжөө энэ хүнд зарсан гэж хэлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сараас эхлэн Болд овогтой Эрдэнэчулуун нь тухайн караокег ажиллуулах болсон. Ингээд бидний зүгээс Б.Эаас нэг сар ажиллуулсны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөхийг 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр шаардахад ...би Г.Мөнх-У'чралаас авлагатай гээд түрээсийн төлбөр төлөхөөс татгалзсан. Миний зүгээс Б.Эыг ашигласан хугацааныхаа түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөхгүй бол талбай чөлөөлж өг, тоног төхөөрөмжөө ав гэхэд тоног төхөөрөмжөө авахгүй, талбай чөлөөлж өгөхгүй байсан тул арга буюу 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр манай нөхөр болон, Б.Э бид гурав сууж байгаад Б.Эыг байлцуулан хаалганы цоожийг солиод түлхүүрийг бид авсан. Тухайн үед тоног төхөөрөмжөө аваад талбай суллаж өг гэсэн боловч Б.Э талбай суллаж өгөхгүй байсан ба хаалганы түлхүүр сольсноос хойш тус караокены газар нь ямар эгэн үйл ажиллагаа огт явуулаагүй болно. Бидний зүгээс өөрийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгө чөлөөлж авах хүсэлтэй байгаа бөгөөд дотор нь байгаа бусдын эд хөрөнгийг цаашид хамгаалах, харж хандах ямар ч шаардлага байхгүй тул Б.Эд караокены тоног төхөөрөмжийг буцаан өгч талбайгаа чөлөөлж авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Б.Эаас 2016 оны 03 сараас 04 дүгээр сарыг дуустал ашигласан хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал болох 2,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож, караокены тохижилт, тоног төхөөрөмжийг буцаан авахыг хариуцагч Б.Эд даалган талбай албадан чөлөөлж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Караокены тоног төхөөрөмж хэний өмчлөлийн зүйл вэ гэдгийг Баянзүрх дүүргийн шүүх тогтоосон. Б.Э, Г.Мөнх-Эрдэнэ нарын хооронд арилжааны гэрээ хийгдсэн талаар шүүх дүгнэсэн байдаг. 2016 оны 04 дүгээр сард С.Нарантуяагийн үл хөдлөх эд хөрөнгө цоожлогдсон тул тоног төхөөрөмжийг буцаан авч чадаагүй. Г.Мөнх-Учралтай маргаан бүхий байдал байсан нь бас нөлөөлсөн. Тоног төхөөрөмжийг буцаан авч болно. Гэхдээ тоног төхөөрөмжийг ашиглах явцад элэгдэл хорогдол үүсгэж муутгасан тул зөрүүг нь авах ёстой. Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн ашиглалтын зардал төлсөн баримт байхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Нарантуяад холбогдуулан караокены тоног төхөөрөмжийн үнэд 16,000,000 төгрөг гаргуулах, караокены тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ашиглаж ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 28,800,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан 1 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 2,000,000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс караокены тоног төхөөрөмжийг авч талбай чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь караокены тоног төхөөрөмжийг буцаан авч болох боловч энэ хугацаанд ашиглаж, элдэгдэл хорогдол үүсгэсэн тул зөрүүг нь төлөх ёстой, түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, хуульд заасан журмаар бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус, мөн түрээсийн талбайг ашиглах боломж олгоогүй тул 1 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 03 сард хариуцагч С.Нарантуяатай түүний Б.Буянхүүтэй хамтран өмчилдөг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө /хх-30 тал/-ийг караокены үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээслэхээр харилцан тохиролцсон, ийнхүү тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулаагүй болох нь зохигч талуудын гаргасан тайлбар, гэрч Б.Буянхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

С.Нарантуяа нь Б.Эд аж ахуйн үйл ажиллагаа буюу караокены үйлчилгээ эрхлэхэд нь зориулж түүний эзэмшил ашиглалтад өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, Б.Э нь түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээхээр талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцааны шинжийг агуулж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн зүйлийн 318.4 дахь заалтад Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.

Б.Э С.Нарантуяа нар нь түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул тэдний хооронд хийгдсэн тохиролцоо буюу хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б.Э нь С.Нарантуяад холбогдуулан караокены тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Б.Э нь караокены тоног төхөөрөмжийг Г.Мөнх-Учралаас 16,000,000 төгрөгт тооцон, Тоёота ланд круйзер 100 маркын автомашин дээр 1,000,000 төгрөгийг нэмж төлөн өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/01280 дугаартай шийдвэрийн хуулбар /хх5-7 тал/-аар тогтоогдож байна.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар хийгдсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад заасан шаардлага хангаагүй, мөн зүйлийн 318.4 дахь заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус байхад С.Нарантуяа нь караокены тоног төхөөрөмжийг Б.Эд буцааж өгөлгүй өөр этгээдэд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн хамт түрээслүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч нь Одонхорол гэгчид өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлсэн гэдэгт маргадаггүй бөгөөд Б.Эы караокены тоног төхөөрөмж 2019 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар С.Нарантуяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд байрлаж ашиглагдаж, хэрэглэгдэж байгаа байдалтай байж байсан болох нь шинжээчийн дүгнэлт /хх-101-111 тал/, түүнд хавсаргагдсан гэрэл зургуудаар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилга дахь караокены зориулалттай тоног төхөөрөмжийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгоход БНХАУ-д үйлдвэрлэсэн чанга яригч 2 ширхэг, БНСУ-д үйлдвэрлэсэн өсгөгч 1 ширхэг, БНСУ-д үйлдвэрлэсэн тоглуулагч 1 ширхэг, утастай микрофон 2 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн гэрэл 1 ширхэг, 1.5*1.2 м хэмжээтэй толь 1 ширхэг, 60*110 см хэмжээтэй явган ширээ 1 ширхэг, 1.1+1.7+1.1 м урттай буйдан 3 ширхэг, 32 инчийн хэмжээтэй дэлгэц 1 ширхэг, 60*60*40 см хэмжээтэй шүүгээ 1 ширхэг, сэнс 1 ширхэг, 2.7+2.7+1.4 м урттай буйдан 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 инчийн хэмжээтэй дэлгэц 1 ширхэг, сэнс 1 ширхэг, 60*110 см хэмжээтэй ширээ 2 ширхэг, 2.9+1.8+1.4 м урттай буйдан 3 ширхэг, сэнс 1 ширхэг, 120*90 см хэмжээтэй ширээ 2 ширхэг, 40 инчийн хэмжээтэй дэлгэц 1 ширхэг, 1.4+1.4+1.8 м урттай буйдан 3 ширхэг, сэнс 1 ширхэг, 120*90 см хэмжээтэй ширээ 1 ширхэг, 1.2*1.2 м хэмжээтэй толь 1 ширхэг, 40 инчийн хэмжээтэй дэлгэц 1 ширхэг, шүүгээ 1 ширхэг, 600*110 см хэмжээтэй ширээ 1 ширхэг, 1.4+1.4+1.7 м урттай буйдан 3 ширхэг, 1.6+1.5 м урттай буйдан 2 ширхэг, чанга яригч 2 ширхэг, 175 л багтаамжтай шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, 280 л багтаамжтай хөргөгч 1 ширхэг, 500*1200 см хэмжээтэй цагаан ширээ 1 ширхэг, печь 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан бөгөөд дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг караокены иж бүрэн төхөөрөмж нэг иж бүрдэл нь 1,500,000 төгрөг, нийт 5 иж бүрдэл нь 7,500,000 төгрөг, нийт 5 ширхэг сэнс нэг бүр нь 35,000 төгрөг, нийт 175,000 төгрөг, шилэн нүүртэй 1 ширхэг хөргөгч 200,000 төгрөг, 1 ширхэг хөргөгч 150,000 төгрөг, 1 ширхэг печь 50,000 төгрөг, 1 ширхэг буйдан 100,000 төгрөг, 1 ширхэг гал тогооны ширээ 50,000 төгрөг, 2 ширхэг чанга яригч нэг бүр нь 40,000 төгрөг, нийт 80,000 төгрөг, 1 ширхэг ширээ 25,000 төгрөг, бүгд 8,350,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дахь заалтад Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан, С.Нарантуяа нь Б.Эы караокены тоног төхөөрөмжийг Б.Эы зөвшөөрөлгүйгээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамт бусдад түрээслүүлж, ашигласан, үүний улмаас Б.Эы эд хөрөнгийн үнэлгээ буурсан болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Эы гаргасан караокены тоног төхөөрөмжийн үнэд 16,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас эд хөрөнгийн үнэлгээ буурсан хэмжээнд буюу 7,650,000 төгрөг /16000000-8350000=7650000/-ийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн эд хөрөнгийг буцаан авахад татгалзахгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан тул уг шаардлагын үлдэх хэсэг болох 8,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг караокены тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ашиглаж ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 28,800,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Уг шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дахь заалтад Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан бөгөөд С.Нарантуяа нь караокены төхөөрөмжийг ашигласны улмаас 28,800,000 төгрөгийн орлого олсон тул нэхэмжлэгч уг орлогыг шаардах эрхтэй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Караокены тоног төхөөрөмжийг Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбогдуулан С.Нарантуяад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дахь заалтад заасан бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр  өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого гэх ойлголтод нэхэмжлэгчийн гаргаж буй 28,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлага хамаарахгүй.

С.Нарантуяа нь Одонхорол гэгчид өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг караокены тоног төхөөрөмжийн хамтаар түрээслүүлж тодорхой хэмжээний орлого олсон гэх боловч уг орлогыг дан ганц караокены тоног төхөөрөмжийг бусдад түрээслүүлэх байдлаар олоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч караокены тоног төхөөрөмжийг дангаар нь бусдад түрээслүүлэхэд ямар үнэ хөлстэй байдаг болохыг шүүхэд баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б.Э С.Нарантуяа нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар хийсэн тохиролцоо нь хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч энэ байдал нь хэн нэгэнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрхийг олгохгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь заалтад Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу С.Нарантуяа нь Б.Эаас 1 сарын түрээсийн үнийг шаардах эрхтэй байна.

Б.Э нь С.Нарантуяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 03 сараас 2016 оны 04 сарын хооронд 1 сарын хугацаанд караокены үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан ... Эрдэнэчулуун 2016 оны 03 сараас эхлэн тухайн караокег ажиллуулж эхэлсэн байдаг..., ... хариуцагч С.Нарантуяа нь 2016 оны 04 дүгээр сард эзэмшил ашиглалтдаа авснаас хойш 2019 оны 03 сар хүртэл тухайн караокег өөрөө болон бусад этгээдэд ашиглуулан ... гэх тайлбар, хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан ... 2016 оны 03 дугаар сараас эхлэн Болд овогтой Эрдэнэчулуун нь тухайн караокег ажиллуулах болсон, ... 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Б.Эыг байлцуулан хаалганы цоожийг солиод түлхүүрийг бид авсан гэх тайлбар, гэрч гэрч С.Нармандах, Б.Буянхүү нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн түрээсийн зах зээлийн ханшийг хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Буянхүү, Г.Мөнх-Учрал нарын хооронд 2015 оны 11 сарын 25-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ /хх-34/ тал-ний 1 сарын түрээсийн төлбөрийн үнийн дүнгээр буюу 1,100,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч Б.Эаас 1,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нарантуяад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

С.Нарантуяа нь түрээсийн төлбөрөөс гадна ашиглалтын зардал нэхэмжилсэн байх боловч ашиглалтын зардалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул С.Нарантуяагийн Б.Эд холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын үлдэх хэсэг болох 900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтад Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтын дагуу С.Нарантуяа нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дотор байгаа караокены тоног төхөөрөмжийг авч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг Б.Эаас шаардах эрхтэй бөгөөд Б.Эы хувьд караокены тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдолтой холбоотой үнийн зөрүүг шүүх шийдвэрлэж өгсөн тохиолдолд караокены тоног төхөөрөмжийг буцаан авахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан, шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Эы караокены тоног төхөөрөмжийн ашиглалт, элэгдэл хорогдолтой холбогдох үнийг С.Нарантуяагаас гаргуулан Б.Эд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул С.Нарантуяагийн гаргасан Б.Эд холбогдох С.Нарантуяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс караокены тоног төхөөрөмжийг авч талбай чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг баримтлан хариуцагч С.Нарантуяагаас 7,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 37,150,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Б.Эаас 1,100,000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Нарантуяад олгож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг чанга яригч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг өсгөгч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг тоглуулагч, 2 ширхэг утастай микрофон, БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг гэрэл, 1.5*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 60*110 см хэмжээтэй 1 ширхэг явган ширээ, 1.1+1.7+1.1 м урттай 3 ширхэг буйдан, 32 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 60*60*40 см хэмжээтэй 1 ширхэг шүүгээ, 1 ширхэг сэнс, 2.7+2.7+1.4 м урттай 3 ширхэг буйдан, БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг сэнс, 60*110 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 2.9+1.8+1.4 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1.4+1.4+1.8 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.2*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг шүүгээ, 600*110 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.4+1.4+1.7 м урттай 3 ширхэг буйдан, 1.6+1.5 м урттай 2 ширхэг буйдан, 2 ширхэг чанга яригч, 175 л багтаамжтай 1 ширхэг шилэн нүүртэй хөргөгч, 280 л багтаамжтай 1 ширхэг хөргөгч, 500*1200 см хэмжээтэй 1 ширхэг цагаан ширээ, 1 ширхэг печь зэргийг гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч Б.Эд даалгаж, хариуцагч С.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 382,000 төгрөгийн 381,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Нарантуяагаас 137,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, хариуцагч С.Нарантуяагаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 117,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Эаас 101,150 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Нарантуяад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР