Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 477

 

Ц.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 101/ШШ2019/00209 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ц.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                                            Ц.Т-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                             Н.Ө

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-ийн төлөөлөгч                                                                                                          Н.Эр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                                   Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэн миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 00 дугаар байрны 00 тоотод байрлах Ү-22040378868 тоот Улсын бүртгэлийн дугаартай 92,93 м.кв орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. НШШГГ нь миний өгсөн үнийн саналыг харгалзан үзэлгүй “М О Т” ХХК-иар үнэлгээ хийлгүүлж тус газар нь миний орон сууцыг 160 750 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тус үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн байдаг. Миний бие уг мэдэгдлийг хүлээн аваад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэгчдээ хэлж хүчингүй болгуулах талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/69 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн мэдэгдлээр иргэн миний орон сууцыг 160 750 000 төгрөгөөр үнэлж түүний 70 хувиар буюу 112 525 000 төгрөгөөр дуудах үнийг тогтоосон талаар мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. “М О Т” ХХК нь намайг байхгүйд манайд ирж орон сууцыг үзсэн байсан бөгөөд үнэлгээ гаргахдаа тухайн орон сууцны насжилт, орц гарцыг үнэлгээний тайландаа 1 гэж ижлээр гаргасан, мөн ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтад орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцсон байдаг ба үүгээр тооцвол 10 000 000 гаруй төгрөгийн зөрүү гарч байна. Үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу миний бие хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байгаа тул гомдлыг хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “М О Т” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32017/02114 дүгээр захирамжаар Ц.Т-, Ц.Б нараас 24 495 842 төгрөгийг гаргуулж “Цэншижир ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Б нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 01 тоотод байрлах 92,93 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17261708/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17261708/06 дугаар тогтоолоор барьцаалан хураасан. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дахин шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний “М О Т” ХХК-аар үнэлгээг тогтоолгоход 160 750 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон. Уг үнэлгээг талуудад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/13458, 4/13457, 4/13455, 4/13456 тоот мэдэгдлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлж, төлбөр төлөгч Ц.Т-тэй уулзаж эрх, үүргийг тайлбарласан. Төлбөр төлөгч Ц.Т- 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус газарт хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон боловч хөрөнгийг худалдан борлуулаагүй тул анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулж, худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Ц.Т-гийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулж байна гэх гомдлоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/Ш32018/19754 дугаар захирамжаар түдгэлзүүлээд байна. Үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шинжээчээс хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Б нарт мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 11/13 дугаар тогтоолыг мэдэгдлийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Ц.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ц ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Т-, Ц.Б нар “Ц ББСБ” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Герман улсад явж эмчлүүлэх гэсэн хувийн хэрэгцээнд 20 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл аваад хугацаандаа төлөөгүй. Шүүхийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 24 495 842 төгрөг гаргуулж “Ц ББСБ” ХХК-д олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад манай компаниас үнэлгээний хөлс 150 000 төгрөг төлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын томилсон “С Э” ХХКнь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 158 000 000 төгрөгөөр тогтоосон нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байсан. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/13456 тоотоор “М О Т” ХХК-аар 160 750 000 төгрөгөөр үнэлүүлсэн мэдэгдэл ирсэн. Би мэдэгдэл ирэх үед үнэгүй цэг эм эн сайт руу орж үзэхэд 2014 онд ашиглалтад орсон байрны үнэ харахад яг л иймэрхүү байсан. Одоо ч Банязүрх дүүргийн 15дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх байрны зарах заруудыг харахад: Зарын дугаар 2291846 бөхийн өргөөний урд талд 2010 онд ашиглалтад орсон 3 өрөө 96 мкв байр 155 000 000 төгрөг, зарын дугаар 1633796 бөхийн өргөөний хажууд 2015 онд ашиглалтад орсон 3 өрөө 94,6 мкв байр 178 000 000 төгрөг, зарын дугаар 2364894 Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол 2013 онд ашиглалтад орсон 3 өрөө 94,4 мкв байр 163 000 000 төгрөг байгаа нь энэ үнэлгээ үнэн зөв явагдсаныг харуулж байна гэж үзэж байна Ц.Т- нь авсан зээлээ төлөхгүй цаг хугацаа хожиж шүүхийн шийдвэрийн үйл ажиллагааг удаашруулж манай компанийн эрх ашигт хохирол учруулж байна. Иймээс “М О Т” ХХК-ийн үнэлгээ зах зээлийн үнээр үнэлэгдсэн болон Ц.Т- нь үнэлгээ хийсэн тухай мэдэгдэл аваад үнэлгээг үл хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “М О Т” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 28/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Т-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Т- давж заалдах гомдолдоо:

... НШШГГ нь миний өгсөн үнийн саналыг харгалзан үзэлгүй “М О Т” ХХК-аар үнэлгээ хийлгүүлж, тус газар нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 92,93 м.кв миний орон сууцыг 160 750 000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээнийхээ талаар мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлээр надад хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээн аваад гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний 70 хувиар буюу 112 525 000 төгрөгөөр дуудах үнийг тогтоосон талаар мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу уг хугацаанд багтаан гомдлоо гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.Т- намайг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Үүнээс гадна “М О Т” ХХК намайг байхгүйд манайд ирж орон сууцыг үзсэн бөгөөд үнэлгээ гаргахдаа орон сууцны насжилт, орц гарцны үнэлгээний тайландаа 1 гэж ижлээр гаргасан. мөн ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтад орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцсон байдаг ба үүгээр тооцвол 10 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Т- би 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Энэ хэрэгт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамжийг үл ойшоон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулсан. Миний бие хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэн ч байсан дагаж мөрдөх үүрэгтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын илтэд хууль бус үйл ажиллагааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, татгалзах эрхээр минь хангаагүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, “Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан” хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Т-, Ц.Б нар нэхэмжлэгч “Ц ББСБ” ХХК-д 26 622 913 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 11 тал/

 

Дээрх захирамжийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 101/Ш32017/13250 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. НШШГГ 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн Ц.Т-, Ц.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 01 тоотод байрлах 92,93 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 3-ний өдрийн 1726 1708/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17261708/06 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх 60, 67-68 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй тул 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 121 дугаартай тогтоолоор “М О Т” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна.

 

“М О Т” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр НШШГГт хүлээлгэн өгсөн, НШШГГ 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч Ц.Т-, Ц.Б, төлбөр авагч “Ц ББСБ” ХХК-д тус тус мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан эсэх асуудлаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т- үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай гомдлоо 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Т- НШШГГт 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлтийг гаргаж, уг хугацааг авч байсан байна.       

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Т- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО