Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/00209

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 14 өдөр             Дугаар 101/ШШ2019/00209                 Улаанбаатар хот

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                 

Нэхэмжлэгч: Ц.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц ХХК

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэн миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, ******* тоотод байрлах Ү-******* тоот Улсын бүртгэлийн дугаартай 92,93 м.кв орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өгсөн үнийн саналыг харгалзан үзэлгүй “*******” ХХК-иар үнэлгээ хийлгүүлж тус газар нь миний орон сууцыг 160,750,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тус үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийи мэдэгдлээр хүргүүлсэн байдаг. Миний бие уг мэдэгдлийг хүлээн аваад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэгчдээ хэлж хүчингүй болгуулах талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/69 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлээр иргэн миний орон сууцыг 160,750,000 төгрөгөөр үнэлж түүний 70 хувиар буюу 112,525,000 төгрөгөөр дуудах үнийг тогтоосон талаар мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Үүний дагуу миний бие хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. “*******” ХХК нь намайг байхгүйд манайд ирж орон сууцыг үзсэн байсан бөгөөд үнэлгээ гаргахдаа тухайн орон сууцны насжилт, орц гарцыг үнэлгээний тайландаа 1 гэж ижлээр гаргасан, мөн ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтад орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцсон байдаг ба үүгээр тооцвол 10 сая орчим төгрөгийн зөрүү гарч байна. Үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32017/02114 дүгээр захирамжаар *******ын *******, *******ын ******* нараас 24,495,842 төгрөгийг гаргуулж “” ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.*******, Ц.******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ц.*******, Ц.******* нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 01 тоотод байрлах 92.93 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17261708/03 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17261708/06 дугаар тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгч Ц.*******, Ц.******* нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1- д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХКомпаниар зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 158,000,000 төгрөгөөр тухайн үл хөдпөх хөрөнгийн үнийг тогтоосон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар “Сэлэнгэ эстимэйт” ХХКомпаниар үнэлүүлсэн үнэлгээг талуудад мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч төлбөр төлөгч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00460 дугаар шийдвэрээр “Сэлэнгэ эстимэйт” ХХКомпаний үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр үнэлгээ хүчингүй болсон тул 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дахин шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний “*******” ХХКомпаниар үнэлгээг тогтоолгоход 160,750,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон. Уг үнэлгээг талуудад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/13458, 4/13457, 4/13455, 4/13456 тоот мэдэгдлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлж, төлбөр төлөгч Ц.*******тэй уулзаж эрх, үүргийг тайлбарласан. Төлбөр төлөгч Ц.******* 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус газарт хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 2018 оны 11 дүгээр сарын 12-ныг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон боловч хөрөнгийг худалдан борлуулаагүй тул Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулж, худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Ц.*******гийн зүгээс дээрх “үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулж байна” гэх гомдлоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/Ш32018/19754 дугаар захирамжаар түдгэлзүүлээд байна. Үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шинжээчээс хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Ц.*******, Ц.******* нарт мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/13 дугаар тогтоолыг мэдэгдлийн хамт хүргүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, хоёрдахь албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ ББСБ” ХХК-ийн захирал Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.*******, Ц.******* нар “Цэншижир ББСБ” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Герман улсад явж эмчлүүлэх гэсэн хувийн хэрэгцээнд 20,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл аваад хугацаандаа төлөөгүй тул 2017 оны 1 дүгээр сарын 06-нд эхлэн шүүхэд хандахад хаягандаа байхгүй гэсэн шалтгаанаар 2 удаа эрэн сурвалжлуулж байж олдож шүүхийн шийдвэр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 24,495,842 төгрөг гаргуулж “Цэншижир” ББСБ-д олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад манай компаниас үнэлгээний хөлс 150,000 төгрөг төлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын томилсон “Сэлэнгэ эстимейт” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 158,000,000 төгрөгөөр тогтоосон нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байсан. Энэ компани миний төлсөн үйлчилгээний хөлсийг одоо болтол өгөөгүй байгаа ба энэ өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандан дахин үнэлүүлэх төлбөрөө төлөн гүйцэтгэлийн үйл ажиллагааг хурдан шийдвэрлэж өгөөч гэж шаардахад Ц.******* байрандаа оруулж үнэлгээ хийлгэхгүй хаалгаа тайлж өгөхгүй байна гэдэг шалтаг шалтгаан хэлдэг байсан ба ингээд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/13456 тоотоор “Мөнхоргил трейд” ХХК-иар 160,750,000 төгрөгөөр үнэлүүлсэн мэдэгдэл ирсэн. Би мэдэгдэл ирэх үед үнэгүй.мн сайтруу орж үзэхэд 2014 онд ашиглалтанд орсон байрны үнэ харахад яг л иймэрхүү байсан. Одоо ч Банязүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрхи байрны зарах заруудыг харахад: Зарын дугаар 2291846 бөхийн өргөөний урд талд 2010 онд ашиглалтанд орсон 3 өрөө 96 мкв байр 155 сая, Зарын дугаар 1633796 бөхийн өргөөний хажууд 2015 онд ашиглалтанд орсон 3 өрөө 94,6 мкв байр 178 сая, Зарын дугаар 2364894 Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол 2013 онд ашиглалтанд орсон 3 өрөө 94,4 мкв байр 163,0 сая төгрөг байгаа нь энэ үнэлгээ үнэн зөв явагдсаныг харуулж байна гэж үзэж байна Ц.******* нь авсан зээлээ төлөхгүй цаг хугацаа хожиж шүүхийн шийдвэрийн үйл ажиллагааг удаашруулж манай компанийн эрх ашигт хохирол учруулж байна. Иймээс “*******” ХХК-ийн үнэлгээ зах зээлийн үнээр үнэлэгдсэн болон Ц.******* нь үнэлгээ хийсэн тухай мэдэгдэл аваад үнэлгээг үл хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэл хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжилийн шаардлагаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “*******” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 28/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 26,622,913 төгрөгөөс хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь 24,204,777 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь 2,418,136 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шүүгчийн захирамжид тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 101/ШЗ2017/13250 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч,  гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.*******, Ц.******* нарт хүргүүлж байсан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 92,93 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор уг орон сууцыг хураан авах ажиллагааг явуулжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилж, улмаар үнэлгээ гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* эс зөвшөөрч, гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/00460 дугаартай шийдвэрээр “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан хүчингүй болгон шийдвэрлэж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй тул “ ББСБ” ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “*******” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилжээ.

 

“*******” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 8 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч Ц.*******, Ц.*******, төлбөр авагч “ ББСБ” ХХК-д тус тус мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч Ц.******* нь энэхүү хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлын шаардлага гаргаагүй буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны шүүхэд хандсаныг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.*******д үнэлгээний тайланг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн байх ба уг хугацаанаас хойш 7 хоногийн дотор буюу 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргахаар байх бөгөөд энэ хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байна.

 

Үүнээс үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын нэг болох төлбөр төлөгч Ц.******* нь “*******” ХХК-ийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрсөн ба ийнхүү зөвшөөрсөний улмаас гомдол гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.  

 

Дээрх хуульд заасан гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа дууссан, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нөхцөл байдал байхгүй байхад төлбөр төлөгч Ц.******* нь ““*******” ХХК нь 160,750,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байгаа тул тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/69 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасныг үндэслэн гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасан зохицуулалт нь харьяаллын хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн харьяалан шийдвэрлэх гомдлын шаардлагад хамаарахгүй байхад уг заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудад хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгааг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл хуулиар шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдол, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн харьяалан шийдвэрлэх гомдлыг тусгайлан зохицуулсан байна.

 

“*******” ХХК-ийн үнэлгээгээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 01 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орлогын хандлагын үнэлгээ (PV1)-76,1 сая төгрөг, зардлын хандлагын үнэлгээ (PV2)-97,5 сая төгрөг, зах зээлийн харьцуулалтын үнэлгээ (PV3)-160,75 сая төгрөг, уг 3 аргын үнэлгээний дүнг харьцуулан судалж үзээд зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100,0 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 160,750,000 төгрөгөөр тодорхойлов гэжээ.

 

Нэхэмжлэгч нь ““*******” ХХК нь үнэлгээ гаргахдаа тухайн орон сууцны насжилт, орц гарцыг үнэлгээний тайландаа 1 гэж ижлээр гаргасан, мөн ойр орчмын байрнууд 5 жилийн хугацаатай ашиглалтад орсон байхад итгэлцүүрийг 1 гэж тооцсон байдаг ба үүгээр тооцвол 10 сая орчим төгрөгийн зөрүү гарч байна” гэж, мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, “*******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аргачлалыг буруу тооцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч Ц.******* нь гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “*******” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 28/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Ц.*******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/19754 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЭНХЖАРГАЛ