Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2018/00334

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 8В байрны 104 тоотод оршин суух, Хаагүн овогт Цоозын Бадрахсоёл /РД:ШУ88050295/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 58 дугаар байрны 123 тоотод оршин суух, Боржигон овогт Даваадоржийн Байгалмаа /РД:ШВ72110164/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,902,000 төгрөг, алданги 5,951,000 төгрөг, нийт 17,853,000 төгрөгийг гаргуулж, байрнаас чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

 

2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Байгалмаатай 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 46,19 м.кв талбай бүхий хагас тавилгатай орон сууцыг 1 сарын 650,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохирсон.

Үүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 03-нд тус тус 2 удаа нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 01 хүртэл сунгасан. Нийт хугацаанд түрээсийн нийт төлбөр 22,750,000 төгрөг бөгөөд үүнээс 10,198,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 11,902,000 төгрөгийг одоог болтол төлж барагдуулаагүй байна.

Д.Байгалмаа нь нөхөр Д.Түвшинжаргалын хамтаар одоог хүртэл миний эзэмшлийн байранд амьдарсаар байгаа бөгөөд үлдэгдэл төлбөр болох 11,902,000 төгрөг, алданги болох 5,951,000 төгрөг, нийт 17,853,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд иргэн Д.Байгалмаагаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,853,000 төгрөгийг гаргуулж, иргэн миний байрыг чөлөөлж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Мөнхзул сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...2017 оны 08 сард ч 650,000 төгрөгөөр байрыг түрээсэлсэн хэвээр байсан. Үүнийг баталж гарын үсгээ зурж, он сараа тавиад нотариатаар баталгаажуулсан байдаг. Мөн гэрээг сүүлд нөхөн байгуулсан тул хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт гаргасан байна. Энэ гэрээ нь нөхөн байгуулсан гэрээ бус албан ёсоор баталгаажуулсан л гэрээ байгаа. Эдгээр гэрээг анзаарсан бол сунгасан гэрээний гарын үсгийн ард он, сар, өдөр нь байдаг. Өмнө нь байгуулсан гэрээг нотлох баримтын шаардлага хангуулах зорилгоор нотариатаар баталгаажуулсан байх тул шинээр нөхөн шинэчилж хийсэн зүйл байхгүй, энэхүү гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр хэвээр байгаа гэв.

 

Хариуцагч Д.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Байгалмаа Ц.Бадрахсоёлын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 650.000 төгрөгөөр хөлсөлж суухаар тохиролцсон.

Гэрээт хугацаандаа хөлсөө бүрэн төлж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн хөлслөхөөр амаар тохиролцож 2016 оны 01 дүгээр сараас эхэлж түрээсийн нэг сарын хөлсөө 400,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон. Гэрээ огт байгуулаагүй явж ирсэн. Энэхүү тохиролцооны дагуу өөрийнхөө бололцоо нөхцөлөөр бага багаар нь хөлсөө төлж явсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 350.000 төгрөгөөр тооцохоор мөн амаар тохиролцсон. Миний зүгээс тухайн байранд суусан хугацааны тохиролцсон хөлсөө төлөх ёстой гэдгээ гүнээ ойлгож байна. Гагцхүү тухайн үед жил бүр зах зээлийн ханшийг дагаж хөлсөө бууруулан амаар тохиролцсоныхоо дагуу биш бүр анх гэрээ байгуулсан үеийн ханшаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.

Ц.Бадрахсоёл нь 2017 оны 09 дүгээр сард Гадаад руу явах гээд визээ хөөцөлдсөн чинь орлого нотлох баримтууд хэрэг болоод байна, түрээсийн гэрээ хэрэгтэй, төлбөрийг сарын 650,000 төгрөгөөрөө хийе, би энэ гэрээгээр мөнгө нэхэхгүй, гол нь визэнд ороход орлого өндөр байхгүй бол болохгүй байна гэж гуйсан. Хүний орон байранд хөлсөөр сууж байгаагийн хувьд, сүүлийн сарын түрээсүүдээ өгч чадаагүй байсан тул өөрт нь хэрэг болж байвал боллоо гээд гарын үсгээ зурсан.

Миний зүгээс орон сууцанд суусан хугацааны түрээсээ тохиролцсон дүнгээр нь өгөх ёстойгоо ойлгож байх боловч Ц.Бадрахсоёлын зүгээс намайг хууран мэхлэх замаар гэрээг нөхөн байгуулж шүүхээр өндөр түрээс нөхөн байгуулж шүүхээр өндөр түрээс нэхэмжилсэн энэ увайгүй, ёс суртахуунгүй үйлдэлд нь үнэхээр харамсаж, гомдож байна.

Ц.Бадрахсоёл нь энэ байдлаа ойлгож надтай тохиролцсоноороо үлдэгдэл хөлс болох 2016 оны 9-12 сарын хөлс болох 1,200,000 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын хөлс болох 4,200,000 төгрөг, нийт 5.400.000 төгрөгөө авна гэвэл миний зүгээс эвлэрэн хэлэлцэж шийдвэрлүүлэх боломжтой. Гэрээг нотариатаар баталгаажуулсан тэмдэг дардаснаас хэзээ нөхөж байгуулж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. гэв.

 

Хариуцагч Д.Байгалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Үүнээс хойшхи хугацаанд талууд амаар тохиролцон жил бүр зах зээлийн ханшийг дагаж хөлсөө бууруулан төлж байсан боловч Ц.Бадрахсоёл нь тохиролцсоныхоо дагуу биш бүр анх гэрээ байгуулсан үеийн ханшаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Тодруулбал 2016 онд нэг сарын хөлсийг 400,000 төгрөгөөр, 2017 онд нэг сарын хөлсийг 350,000 төгрөг байхаар тохиролцсон байсан болно.

Ц.Бадрахсоёл нь 2017 оны 09 дүгээр сард Гадаад руу явах гээд визээ хөөцөлдсөн чинь орлого нотлох баримтууд хэрэг болоод түрээсийн гэрээ хэрэгтэй байна, түрээсийн төлбөрийг сарын 650,000 төгрөгөөрөө хийе, би энэ гэрээгээр мөнгө нэхэхгүй, гол нь визэнд ороход орлого өндөр байхгүй бол болохгүй байна гэж гуйсан. Хүний орон байранд хөлсөөр сууж байгаагийн хувьд, сүүлийн сарын түрээсүүдээ өгч чадаагүй байсан тул өөрт нь хэрэг болж байвал боллоо гээд гарын үсгээ зурсан.

Намайг хууран мэхэлсэн тул нөхөж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Бадрахсоёл нь хариуцагч Д.Байгалмаад холбогдуулан Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,902,000 төгрөг, алданги 5,951,000 төгрөг, нийт 17,853,000 төгрөг гаргуулах, байрнаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Байгалмаа нь нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 8,353,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаас байрнаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.Нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлын Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,902,000 төгрөг, алданги 5,951,000 төгрөг, нийт 17,853,000 төгрөг гаргуулах, байрнаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Бадрахсоёл нь хариуцагч Д.Байгалмаатай 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Ц.Бадрахсоёлын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Ш.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 123 тоотод байрлах 46.19 м.кв, 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 12 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 650,000 төгрөгөөр хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Зохигчид гэрээг тухайн нөхцөлөөр буюу түрээсийн сарын төлбөр болон гэрээний бусад бүх заалтыг хэвээр мөрдөхөөр тохиролцож, гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 12 сараар, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 10 сарын хугацаагаар тус тус сунгасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд, орон сууцны хөлс төлж байсан баримтууд, Түрээсийн төлбөр төлөх тухай тэмдэглэлүүд, Д.Байгалмаагийн Баталгаа гаргах тухай баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч Д.Байгалмаа нь нийт орон сууц ашигласны төлбөрт 10,198,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 10, 11-14, 16 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 46,19 м.кв талбай бүхий хагас тавилгатай орон сууцыг 1 сарын 650,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохирсон.

2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 03-нд тус тус 2 удаа нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 01 хүртэл сунгасан. Нийт хугацаанд түрээсийн нийт төлбөр 22,750,000 төгрөг бөгөөд үүнээс 10,198,000 төгрөгийг төлсөн.

Д.Байгалмаа одоог хүртэл миний эзэмшлийн байранд амьдарсаар байгаа бөгөөд үлдэгдэл төлбөр болох 11,902,000 төгрөг, алданги болох 5,951,000 төгрөг буюу нийт 17,853,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн хөлслөхөөр амаар тохиролцсон.

...2016 оны 01 дүгээр сараас эхэлж түрээсийн нэг сарын хөлсөө 400,000 төгрөгөөр тооцохоор харилцан амаар тохиролцсон. Гэрээ огт байгуулаагүй явж ирсэн. Энэхүү тохиролцооны дагуу өөрийнхөө бололцоо нөхцөлөөр бага багаар нь хөлсөө төлж явсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 350.000 төгрөгөөр тооцохоор мөн амаар тохиролцсон.

...миний зүгээс тухайн байранд суусан хугацааны тохиролцсон хөлсөө төлөх ёстой гэдгээ гүнээ ойлгож байна. Гагцхүү тухайн үед жил бүр зах зээлийн ханшийг дагаж хөлсөө бууруулан амаар тохиролцсоныхоо дагуу биш бүр анх гэрээ байгуулсан үеийн ханшаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.

Ц.Бадрахсоёл нь 2017 оны 09 дүгээр сард Гадаад руу явах гээд визээ хөөцөлдсөн чинь орлого нотлох баримтууд хэрэг болоод түрээсийн гэрээ хэрэгтэй байна. Түрээсийн төлбөрийг сарын 650,000 төгрөгөөрөө хийе, ...би энэ гэрээгээр мөнгө нэхэхгүй, гол нь визэнд ороход орлого өндөр байхгүй бол болохгүй байна гэж гуйсан. Хүний орон байранд хөлсөөр сууж байгаагийн хувьд, сүүлийн сарын түрээсүүдээ өгч чадаагүй байсан тул өөрт нь хэрэг болж байвал боллоо гээд гарын үсгээ зурсан.

Гэрээг нотариатаар баталгаажуулсан тэмдэг дардаснаас хэзээ нөхөж байгуулж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Байгалмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш орон сууц ашигласны хөлсийг хугацаанд нь төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн төлбөр төлөх тухай тэмдэглэлүүд, Д.Байгалмаагийн баталгаа, Ц.Бадрахсоёлын дансны хуулгууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал дээрх хугацаанд орон сууц ашигласны хөлсөө төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

 

Харин хариуцагч орон сууцыг 2016 оны 1 дүгээр сараас нэг сарын хөлсийг 400,000 төгрөгөөр, 2017 оны 1 дүгээр сараас нэг сарын хөлсийг 350,000 төгрөгөөр амаар тохиролцсон гэж маргаж байгаа боловч дээрх үндэслэл нь хэрэгт авагдсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-нүүд болон Түрээсийн төлбөр төлөх тэмдэглэлүүд, Д.Байгалмаагийн гаргасан баталгаа зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хэргийн оролцогчид  эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө  гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч тал энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч Д.Байгалмаа нь нийт 34 сар орон сууцыг ашиглаж нийт 22,100,000 төгрөгөөс 10,198,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 11,902,000 төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д.Байгалмаагаас орон сууц ашигласны төлбөрт 11,902,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-д Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан нь Орон сууц хөлслөх гэрээний эрх зүйн зохицуулалтад Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлсөх гэрээний эрх зүйн зохицуулалтууд адил хамаарах юм.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.4-т Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд гэрээгээр хуульд заасны дагуу алдангийн талаар тохиролцсон гэж үзэхээргүй байна. Учир нь түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг ямар үнийн дүнгээс алданги тооцох эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд талуудыг алдангийн талаар хуульд заасны дагуу тохиролцсон гэж үзэхгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Байгалмаагаас орон сууц ашигласны хөлсөнд 11,902,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,951,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Хариуцагч Д.Байгалмаагийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Д.Байгалмаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Бадрахсоёл нь 2017 оны 09 дүгээр сард Гадаад руу явах орлого нотлох баримтууд хэрэг болоод түрээсийн гэрээ хэрэгтэй байна, түрээсийн төлбөрийг сарын 650,000 төгрөгөөрөө хийе, ...би энэ гэрээгээр мөнгө нэхэхгүй гэж гуйсан. Хүний орон байранд хөлсөөр сууж байгаагийн хувьд, сүүлийн сарын түрээсүүдээ өгч чадаагүй байсан тул өөрт нь хэрэг болж байвал боллоо гээд гарын үсгээ зурсан.

Миний зүгээс орон сууцанд суусан хугацааны түрээсээ тохиролцсон дүнгээр нь өгөх ёстойгоо ойлгож байх боловч Ц.Бадрахсоёлын зүгээс намайг хууран мэхлэх замаар гэрээг нөхөн байгуулж шүүхээр өндөр түрээс нэхэмжилсэн энэ увайгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж намайг хууран мэхэлсэн тул нөхөж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...2017 оны 08 сард ч 650,000 төгрөгөөр байрыг түрээсэлсэн хэвээр байсан. Үүнийг баталж гарын үсгээ зурж, он сараа тавиад нотариатаар баталгаажуулсан байдаг.

Энэ гэрээ нь нөхөн байгуулсан гэрээ бус албан ёсоор баталгаажуулсан л гэрээ байгаа. Эдгээр гэрээг анзаарсан бол сунгасан гэрээний гарын үсгийн ард он, сар, өдөр нь байдаг. Өмнө нь байгуулсан гэрээг нотлох баримтын шаардлага хангуулах зорилгоор нотариатаар баталгаажуулсан байх тул шинээр нөхөн шинэчилж хийсэн зүйл байхгүй, энэхүү гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр хэвээр байгаа... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд хууран мэхлэх замаар хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэх үндэслэлийг заасан байх бөгөөд хууран мэхэлж хэлцлийг хийсэн гэх шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-нүүдийг хожим нь нотариатаар гэрээний үнэн зөвийг батлуулсан нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ., 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр сөрөг нэхэмжлэлийн шааардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Байгалмаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Байгалмаагаас 11,902,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,951,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас байр чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд холбогдох 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Байгалмаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бадрахсоёлын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,450 төгрөг, хариуцагч Д.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,382 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,582 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бадрахсоёлд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС