Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1033

 

Ц.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00334 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бай-д холбогдох

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 11 902 000 төгрөг, алданги 5 951 000 төгрөг, нийт 17 853 000 төгрөгийг гаргуулж, байрнаас чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-тай 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 46,19 м.кв талбай бүхий хагас тавилгатай орон сууцыг 1 сарын 650 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохирсон. Үүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 03-нд тус тус 2 удаа нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Ц.Б нь нөхөр Д.Түвшинжаргалын хамтаар одоог хүртэл миний эзэмшлийн байранд амьдарсаар байгаа бөгөөд үлдэгдэл төлбөр болох      11 902 000 төгрөг, алданги болох 5 951 000 төгрөг, нийт 17 853 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд иргэн Ц.Б-с түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 17 853 000 төгрөгийг гаргуулж,  байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сард ч 650 000 төгрөгөөр байрыг түрээсэлсэн хэвээр байсан. Үүнийг баталж гарын үсгээ зурж, он сараа тавиад нотариатаар баталгаажуулсан байдаг. Өмнө нь байгуулсан гэрээг нотлох баримтын шаардлага хангуулах зорилгоор нотариатаар баталгаажуулсан байх тул шинээр нөхөн шинэчилж хийсэн зүйл байхгүй, энэхүү гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр хэвээр байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 650 000 төгрөгөөр хөлсөлж суухаар тохиролцсон. Гэрээт хугацаандаа хөлсөө бүрэн төлж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн хөлслөхөөр амаар тохиролцож 2016 оны 01 дүгээр сараас эхэлж түрээсийн нэг сарын хөлсөө 400 000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон. Гэрээ огт байгуулаагүй явж ирсэн. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 350 000 төгрөгөөр тооцохоор мөн амаар тохиролцсон. Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сард гадаад руу явах гээд визээ хөөцөлдсөн чинь орлого нотлох баримтууд хэрэг болоод байна, түрээсийн гэрээ хэрэгтэй, төлбөрийг сарын 650 000 төгрөгөөрөө хийе, би энэ гэрээгээр мөнгө нэхэхгүй, гол нь визэнд ороход орлого өндөр байхгүй бол болохгүй байна гэж гуйсан учраас гарын үсгээ зурсан. Ц.Б нь энэ байдлаа ойлгож надтай тохиролцсоноороо үлдэгдэл хөлс болох 2016 оны 9-12 сарын хөлс болох 1 200 000 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын хөлс болох 4 200 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөгөө авна гэвэл миний зүгээс эвлэрэн хэлэлцэж шийдвэрлүүлэх боломжтой гэжээ.

Хариуцагч Ц.Бай  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 онд нэг сарын хөлсийг 400 000 төгрөгөөр, 2017 онд нэг сарын хөлсийг 350 000 төгрөг байхаар тохиролцсон байсан болно. Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сард гадаад руу явах гээд визээ хөөцөлдсөн чинь орлого нотлох баримтууд хэрэг болоод түрээсийн гэрээ хэрэгтэй байна, түрээсийн төлбөрийг сарын 650 000 төгрөгөөрөө хийе, би энэ гэрээгээр мөнгө нэхэхгүй, гол нь визэнд ороход орлого өндөр байхгүй бол болохгүй байна гэж гуйсан учраас гарын үсгээ зурсан. Иймд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Б-с 11 902 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 951 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас байр чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б-д холбогдох 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ц.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,450 төгрөг, хариуцагч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 382 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 275 582 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Бай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний зүгээс Ц.Б-д төлсөн нийт төлбөрийн дүнг шүүх буруу тооцож гаргасан. Иймд анхан шатны шүүхээс Ц.Б  надаас 11 902 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд энэ дүнгээс миний төлсөн 2 402 000 төгрөгийг хасч тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц.Бай-д холбогдуулж орон сууцны хөлс 11 902 000 төгрөг, алданги 5 951 000 төгрөг гаргуулах, орон сууцыг хариуцагчийн хууль бус  эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч 9 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан ба орон сууц хөлслөх гэрээ, уг гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас байрнаас чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч маргаагүй байна.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр Ц.Б-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Ш.Бумцэндийн гудамж, 58 дугаар байрны 123 тоотод байрлах 46.19 м.кв, 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 650 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон, гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 12 сараар, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 10 сарын хугацаагаар тус тус сунгахдаа гэрээг тухайн нөхцөлөөр буюу түрээсийн сарын төлбөр болон гэрээний бусад бүх заалтыг хэвээр мөрдөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн хариуцагч Ц.Б  нь нийт орон сууцны хөлс 10 198 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Ц.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу орон сууцны хөлс 11 902 000 төгрөгийг  хугацаанд нь төлөөгүй болохоо  хүлээн зөвшөөрсөн, уг төлбөрийг хэзээ төлөх талаар баталгаа гаргасан бичмэл баримт хэрэгт авагдсан байх  /хх-ийн 16/ бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, нотлох баримт гаргаж өгөх үүргээ  хариуцагч биелүүлээгүй, түүний “..орон сууцыг 2016 оны 1 дүгээр сараас нэг сарын хөлсийг 400,000 төгрөгөөр, 2017 оны 1 дүгээр сараас нэг сарын хөлсийг 350,000 төгрөгөөр амаар тохиролцсон...” гэх тайлбар хэргийн баримтуудаар үгүйсгэгдсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн  байна.

Иймд шүүх  хариуцагч Ц.Б  нь 34 сар орон сууцыг хөлсөлж нийт 22 100 000 төгрөгийн хөлс төлөхөөс 10 198 000 төгрөгийг төлсөн тул төлөөгүй 11 902 000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д нийцсэн байна.

Талуудын хооронд хийгдсэн алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 951 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Зохигчдын хооронд хийгдсэн  2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Хариуцагч Ц.Б  нь “...миний төлсөн 2 402 000 төгрөгийг хасч тооцоогүй…” гэж давж заалдах гомдол гаргаж байх боловч тэрээр энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байхаас гадна түүний гомдлын үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.