Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 118/2017/0037/З |
Дугаар | 540 |
Огноо | 2017-12-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 540
“Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан хийж, “Ч ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0750 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0750 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч байна.
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын нэг үндэслэлд “...хавтаст хэрэгт Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, Ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн Баяннуур багийн иргэдийн гарын үсэг зурсан жагсаалт, Сантмаргаз сумын Баяннуур багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, Сантмаргаз сумын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот “Хориг тавих тухай” тогтоол, банкны дансны хуулгууд, Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоол гэх мэт нотлох баримтууд цугларсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эдгээр нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан. Гэтэл шүүх шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм...” гэж дурдсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлын дээрх хэсэгт хууль зүйн дүгнэлт хийлгүй орхисон нь давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаагүй гэж үзэх үндэстэй байна.
2.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...“Ч ц” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.7 уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх... Ашигт малтмалын тухай хуулийн 48.1 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэх... Ашигт малтмалын тухай хуулийн 48.1.2 хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй... “Ч ц” ХХК нь үйлчилгээний хөлс, хайгуулын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлангаа ирүүлээгүй, түүнийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй тул тусгай зөвшөөрлийн сунгалт, 2017 оны байгаль орчны төлөвлөгөөг батлаагүй” гэж, харин нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэн, сумын Засаг даргад эдгээр эрх олгогдоогүй гэж мэтгэлцэж байсан.
Харин анхан шатны шүүх шийдвэртээ талуудын дээрх маргаан бүхий тайлбаруудад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг. Тиймээс хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх талуудын дээрх тайлбаруудад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа давж заалдах гомдолдоо тусгасан. Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг талуудын дээрх тайлбарт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг зөвтгөх хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд уг тайлбарт өөрөө дүгнэлт хийж хэргийг хянасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0750 дугаар магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч “Ч ц” ХХК-аас “тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: ...22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; ...”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Ч ц” ХХК нь хуульд заасан энэхүү зохицуулалтын дагуу ашигт малтмалын хайгуулын ХV-013719 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахын тулд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Сантмаргаз сумын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 3 дугаар сард хүргүүлсэн боловч сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/70 тоот албан бичгээр “Танай компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь тус сумын малчдын өвөлжөө, хаваржааны гол нутаг юм. Хайгуулын үйл ажиллагааг зогсоохыг шаардсан малчид, иргэдийн санал шаардлага, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол зэргийг харгалзан үзэж танай компанийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байна” гэсэн хариу ирүүлжээ.
Дээрх 1/70 тоот албан бичиг нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ямар тогтоолыг үндэслэсэн нь тодорхойгүйгээс гадна захиргааны байгууллагын үндэслэл болгон тайлбарлаж байгаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/01 дүгээр тогтоолууд нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах асуудалтай шууд холбоогүй байна.
Тухайлбал, Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр тогтоолоор “Суманд ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа цаашид явуулахгүй байхыг дэмжиж, хурлаас гарсан тогтоол, багуудын иргэдийн гарын үсгийн баталгаажилт бүхий хавсралтууд, холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлж зохих шатны эрх бүхий байгууллагад уламжлах”-ыг, 18 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудалд хориг тавьж ажиллах”-ыг сумын Засаг даргад үүрэг болгосон агуулгатай гарсан байх боловч эдгээр нь шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гарсан гэж үзэхээр, түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” 4/01 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдлээс цаг хугацааны хувьд хойно гарсан байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/3501 тоот албан бичиг болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Ч ц” ХХК нь 2008-2017 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангаа цаг хугацаандаа гаргаж, байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан нь тогтоогджээ.
Иймд, хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч “Ч ц” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2017 оны 1/70 тоот албан бичиг нь хууль бус, мөн хариуцагчаас нэхэмжлэгч компанийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлээ “тус компани тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэх, менежментийн төлөвлөгөөний биелэлт болон хайгуулын ажлын жилийн тайланг жил бүр гаргаж хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, жил бүр төлбөрөө хэрхэн төлсөн нь тодорхойгүй” гэж албан бичигт заагаагүй шалтгаан, үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад шууд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0750 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА