Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00928

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/00928

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.А /РД:/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.С /РД:/-д холбогдох

4,446,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З., хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч А.Мө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Хүслэн нь сургууль дээрээ насанд хүрээгүй У.Мөнгөнбаяртай маргалдан түүнийг зодож У.Мөнгөнбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдэгдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг үүсгэж шалгаад улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэргийг насанд хүрээгүй яллагдагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. У.Мөнгөнбаярын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь одоог хүртэл эмчлэгдэж мэс засал хийгдээгүй түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байна. Дээрх гэмтлүүд нь У.Мөнгөнбаярын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд түүний толгой байнга өвддөг болж улмаар хамар нь байнга бөглөрдөг болсон. Нэгэнт эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон учир У.Мөнгөнбаярын эрүүл мэндэд учирсан гэм хорыг асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. У.Мөнгөнбаярын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтад мэс заслын төлбөр нь 3,200,000 төгрөгийн төлбөртэй. Уг мэс заслыг Эм би жи мед эмнэлэгт хийлгэхээр төлөвлөсөн байгаа. Төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож хагалгааг хийнэ гэсэн хариуг тухайн эмнэлгээс бидэнд өгсөн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дахь хэсэгт ...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй... гэж заасны дагуу бид хариуцагчаас мэс заслын төлбөрт шаардлагатай 3.200.000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хамрын ясны мэс заслын төлбөр 3,200,000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардалд 300,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 800,000 төгрөг нийт 4,300,000 төгрөгийг насанд хүрээгүй Э.Хүслэнгийн асран хамгаалагч Б.Сгаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 3 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 146,410 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагчаас нийт 4,446,410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Э.Хүслэн 2017 оны 11 сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ангидаа ангийн хүүхэд Цэнгүүний биеийн тамирын хичээлд орохдоо хариуцуулсан гар утсыг У.Мөнгөнбаяр авахыг хүсэхэд надад хариуцуулсан гэх шалтгаанаар эсэргүүцэхэд У.Мөнгөнбаяр нь Э.Хүслэнгийн дух, нүд хавьцаа цохисон. Э.Хүслэн эргүүлэн биеэ хамгаалах зорилгоор У.Мөнгөнбаярын нүүр рүү цохиж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байсан. 2017 оны 11 сарын 2-ны орой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт У.Мөнгөнбаярын ээж болох Э.А өргөдөл гаргасан. Бид мөн Э.Хүслэнгийн биед мөн У.Мөнгөнбаяр эхэлж цохиж гэмтэл учруулсан хэмээн гомдол гаргасан болно. 2017 оны 11 сарын 3-ны өглөө Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль дээр ангид багш Мөнхзул, Агиймаа, Агиймаагийн ээж, миний бие Б.С, Э.Хүслэн, У.Мөнгөнбаяр гэсэн 6 хүмүүс уулзалдаж харилцан хөнгөн гэмтэл учруулсан хэмээх шалтгаанаар гомдолгүй хэмээн гар барин тохиролцож эвлэрэн уулзацгаасан болно. Насанд хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар нь харилцан цохилцож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан насанд хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нарт холбогдох эрүүгийн 1709000000147 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хэргийн материалд хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний хүү Э.Хүслэн У.Мөнгөнбаярыг л зодож гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичжээ. Миний хүүд мөн хөнгөн гэмтэл гарсан бөгөөд тухайн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тодорхой зардал гарсан болно. Өнгөрсөн хугацаанд миний хүү Э.Хүслэн сэтгэл санааны хямралд орж арьсны архаг харшил писориаз нь сэдэрч эмчилгээ хийлгэж байна. Нүдэндээ цохиулсан хөхрөлт нь 3 долоо хоногийн дараа арилсан ба ер нь нүдний хараа муутай хүүхдийн хараанд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй байна. Өсвөр ба шилжилтийн насны онцлогоос шалтгаалдаг юм уу хичээл сургуульдаа явах сонирхолгүй хямрах болсноор тус сургуулиас гарч Төв аймагт өвөө, эмээгийнх нь асрамжид шилжүүлсэн болно. Дээрх хугацааны дараа өмгөөлөгч Дамдинсүрэн гэдэг хүн утсаар холбогдож Цагдаагийн газарт гаргасан өргөдөл дээрх 1,950,000 төгрөгөөс баримт бүрдсэн гэх эмчилгээний 175,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800,000 төгрөг, бүгд 975,000 төгрөг өгнө үү хэмээн утсаар шаардаж байсан. Нэхэмжлэлд 3.200.000 төгрөгийн хагалгаа хийлгэнэ гэжээ. Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд төлөвлөсөн зардлаа нэхэмжилсэн байна. У.Мөнгөнбаяр одоо ямар ч зовуурьгүй хамар нь хугарсан мурийсан зүйлгүй сургуульдаа явж байгаа болно. Мөн өмгөөллийн зардлыг нэхэмжилж буй нь ямар ч үндэслэлгүй юм. Иргэний хуульд заасны дагуу иргэн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулахаар заасан байдаг. Нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж эрх ашгаа хамгаалуулахдаа гаргасан зардлыг биднээс нэхэмжилж байгааг мөн зөвшөөрөхгүй байна. Би У.Мөнгөнбаярын хамрын яс хугарсан, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн цохилтоос болж үүссэн хэмээн үзэхгүй байна. Тиймээс дээрх нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Сд холбогдуулан түүний хүү Э.Хүслэнгийн үйлдлийн улмаас өөрийн хүү У.Мөнгөнбаярт учирсан гэх гэм хорын хохиролд 4,446,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож байгаа хэмжээнд буюу 75,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, бусад хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь заалтад зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2017 оны 11 сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дотор насанд хүрээгүй этгээдүүд болох У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, улмаар дээрх этгээдүүд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 49 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-180,181 тал/-аар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дахь заалтад Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хохирогч этгээд нь буруутай этгээдээс эмчилгээний зайлшгүй зардал, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.

У.Мөнгөнбаяр нь 2003 оны 6 сарын 1-ний өдөр төрсөн бөгөөд Э.А нь түүний төрсөн эх болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /хх-5 талын арын нүүр/-аар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь заалтад зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дахь заалтад зааснаар түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх  тул нэхэмжлэгч Э.А нь түүний хүү У.Мөнгөнбаярт учирсан гэх гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй этгээд байна.

Зохигчид 2017 оны 11 сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дотор насанд хүрээгүй этгээдүүд болох У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримтад маргадаггүй боловч хариуцагчийн зүгээс У.Мөнгөнбаяр нь хамар ясны хуучин гэмтэлтэй байсан бөгөөд У.Мөнгөнбаярын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн цохилтоос болж үүсээгүй гэх үндэслэлээр эмчилгээний зайлшгүй зардалд нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийн шаардлагыг, өөрөө сайн дураараа гаргасан зардал гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 800,000 төгрөгийн шаардлагыг, нотлох баримтын шаардлага хангахгүй болон баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр эмчилгээнд зарцуулсан зардалтай холбоотой шаардлагын 75,000 төгрөгөөс бусад хэсгийн шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.Мөнгөнбаярын авсан гэх хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлийн талаар дүгнэлт гаргуулахаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих, хамар, хоолойн мэргэжлийн зөвлөлийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр У.Мөнгөнбаярын хамрын яс хугаралтай байсан нь КТГ-ын шинжилгээгээр батлагдсан бөгөөд хамрын таславчийн мурийлт нь хамрын гэмтэлтэй холбоотой юу эсхүл хамрын гэмтлээс өмнөх физиологийн мурийлт байсан уу гэдгийг тогтоох боломжгүй, ЭХЭМҮТ-д хийлгэсэн хамар засах мэс ажилбар нь үр дүнтэй болсон тул дахин хамрын яс, таславчид чиглэсэн мэс засал хийлгэх шаардлагагүй, архаг үрэвсэл болон судас агшаах эмийн бодисын удаан хугацааны хяналтгүй хэрэглээнээс үүдэлтэй байж болох хамрын салстын хатангиршилт үрэвсэлтэй байх ба энэ нь хамар битүүрэх мэдрэмж үүсэхэд хангалттай шалтгаан бөгөөд эдгээр эмгэгийг эмийн ба мэс заслын эмчилгээгээр эмчлэн эдгэрүүлэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-149-151 тал/-ийг гаргасан байна.

У.Мөнгөнбаяр нь 2017 оны 11 сарын 6-ны өдрөөс 2019 оны 1 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг, эмчилгээнд хамрагдаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн карт нэртэй баримт /хх-156-164 тал/-аар тогтоогдож байх ба уг картын 2017 оны 11 сарын 7-ны өдрийн тэмдэглэлд ... хамар ясны баруун талд цөмөрсөн хэсгийг багажаар дээш өргөж хамрын өмнөд чихээс хийв ... гэсэн, 2017 оны 12 сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд ... +18 насанд хүрэхээр хамрын таславч тэгшлэх буюу сентопластик мэс засал хийлгэх заалттай. ... гэсэн тэмдэглэгээнүүд байна.

Дээрх баримтуудаас үзэхэд 2017 оны 11 сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дотор насанд хүрээгүй этгээдүүд болох У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар харилцан зодолдсоны улмаас У.Мөнгөнбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэсэн гэмтлүүд учирсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд У.Мөнгөнбаяр нь өмнө нь хамар ясны хуучин гэмтэлтэй байсан гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн мэс ажилбарыг үр дүнтэй болсон тул дахин хамрын яс, таславчид чиглэсэн мэс засал хийлгэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч тухайн ажилбарыг хийсэн эрүүл мэндийн байгууллага нь мэс ажилбар хийснээсээ хойш 18 нас хүрэхэд хамрын таславч тэгшлэх буюу сентопластик мэс засал хийлгэх заалттай гэсэн эмчилгээг бичсэн байх тул У.Мөнгөнбаярыг хамрын гэмтэлтэй холбоотой мэс ажилбар дахин хийлгэх шаардлагагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мэс ажилбарыг 18 насанд хүрэхээр хийх заалттай гэсний улмаас хамарт цаашид эмийн бодис, цацлага хийж байх эмчилгээг амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч У.Мөнгөнбаярыг архаг үрэвсэл болон судас агшаах эмийн бодисын удаан хугацааны хяналтгүй хэрэглээнээс үүдэлтэй байж болох хамрын салстын хатангиршилт үрэвсэлтэй байх ба энэ нь хамар битүүрэх мэдрэмж үүсэхэд хангалттай шалтгаан бөгөөд эдгээр эмгэгийг эмийн ба мэс заслын эмчилгээгээр эмчлэн эдгэрүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан, дүгнэлтэд дурдагдсан уг эмгэг нь У.Мөнгөнбаяр болон Э.Хүслэн нарын харилцан зодооны улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотойгоор үүссэн эмгэг гэж үзэх боломжтой байна.

Дээрх үндэслэлүүдээр У.Мөнгөнбаярыг хамрын гэмтэлтэй холбоотой мэс заслын эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд зайлшгүй зардлын хэмжээг Эм би жи эмнэлгийн үнийн санал /хх-15 тал/ болох 3,200,000 төгрөгөөр тооцон тогтоох боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 1 сарын 23-ны өдөр Эм би жи мед эмнэлэгт эмнэлгийн ерөнхий үйлчилгээний төлбөрт 30,000 төгрөг төлсөн баримт, 2017 оны 12 сарын 11-ний өдөр ЭМЖЖ ХХК-д эмчилгээний төлбөрт 20,000 төгрөг, отологи амбулаторийн төлбөрт 25,000 төгрөг, ЭМЖЖ ХХК-ийн эмийн санд 60,400 төгрөг төлсөн баримтууд /хх-17 тал/, 2017 оны 11 сарын 4-ний өдөр компьютер томографийн үйлчилгээний төлбөрт 120,000 төгрөг төлсөн баримт /хх-182 тал/, 2017 оны 10 сарын 2-ны өдөр Задь тун эмийн сангаас эм худалдан авсан 37,550 төгрөгийн баримт /хх-183 тал/, 2017 оны 11 сарын 7-ны өдөр Монос Улаанбаатар ХХК-аас эм худалдан авсан 9,500 төгрөг, 4,000 төгрөг, 4,360 төгрөгийн баримтууд /хх-184, 185 тал/, нийт 310,810 төгрөгийн баримтууд нь тухайн төлбөрийг төлсөн этгээдийн нэр бичигдээгүй баримтууд байх боловч цаг хугацааны хувьд У.Мөнгөнбаярын гэмтэл авсан болон эмчилгээ хийлгэсэн хугацаанд хамаарал бүхий баримт байхын зэрэгцээ уг баримтууд дахь эм, хэрэгслийн нэр нь амбулаториор үйлчлүүлэгчдийн картад бичигдсэн эмчилгээнд зориулагдсан гэж үзэхээр байх тул дээрх баримтаар тогтоогдож буй 310,810 төгрөгийн зардлыг У.Мөнгөнбаярын эмчилгээнд гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 800,000 төгрөг /хх-37 тал/-ийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч уг хөлсийг ямар ажиллагаанд оролцсон хэн гэж өмгөөлөгчид төлсөн нь тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр У.Мөнгөнбаярын урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардлын хэмжээг 3,200,000 төгрөгөөр, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын хэмжээг 310,810 төгрөгөөр тооцоход нийт гэм хорын хохирлын хэмжээ нь 3,510,810 төгрөг болж байх боловч тухайн гэм хор У.Мөнгөнбаярт учрахад хохирогчийн гэм буруу нөлөөлсөн байдлыг буюу У.Мөнгөнбаяр болон Э.Хүслэн нар харилцан зодолдож нэгэндээ хөнгөн гэмтэл учруулсан байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтыг баримтлан гэм хорын хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагч Б.Сгаас гэм хорын хохиролд 1,755,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,691,005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Сгаас гэм хорын хохиролд 1,755,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,691,005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ганчимэгээс 2018 оны 1 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 83,000 төгрөг, мөн өдөр Э.Агаас төлсөн 750 төгрөг, 2018 оны 3 сарын 14-ний өдөр Э.Агаас төлсөн 3,092 төгрөг, нийт 86,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 43,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ