Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 00999

 

Э.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00928 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.А-гийн хариуцагч Б.С-д холбогдуулан гаргасан 4 446 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Хүслэн нь сургууль дээрээ насанд хүрээгүй У.Мөнгөнбаяртай маргалдан түүнийг цохисны улмаас У.Мөнгөнбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт зэрэг гэмтэл учруулсан хэрэг үйлдэгдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар хэргийг шалгаад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэргийг насанд хүрээгүй яллагдагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. У.Мөнгөнбаярын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь одоог хүртэл эмчлэгдэж мэс засал хийгдээгүй түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байна. Дээрх гэмтлүүд нь У.Мөнгөнбаярын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, түүний толгой байнга өвдөж, хамар нь байнга бөглөрдөг болсон. У.Мөнгөнбаярын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтын мэс заслын төлбөр нь 3 200 000 төгрөг бөгөөд Эм би жи мед эмнэлэгт хийлгэхээр төлөвлөсөн. Төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож хагалгааг хийнэ гэсэн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу мэс заслын төлбөрт шаардлагатай 3 200 000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд хамрын ясны мэс заслын төлбөр 3 200 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардалд 300 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 800 000 төгрөг, 146 410 төгрөг, нийт 4 446 410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Хүслэн ангийн хүүхдийн гар утсыг У.Мөнгөнбаяр авах гэхэд надад хариуцуулсан гэх шалтгаанаар эсэргүүцэхэд У.Мөнгөнбаяр нь Э.Хүслэнгийн дух, нүд хавьцаа цохисон. Э.Хүслэн эргүүлэн биеэ хамгаалах зорилгоор У.Мөнгөнбаярын нүүр рүү цохиж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт Э.А өргөдөл гаргасан. Бид мөн Э.Хүслэнгийн биед мөн У.Мөнгөнбаяр цохиж гэмтэл учруулсан хэмээн гомдол гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өглөө багш н.Мөнхзул, н.А, н.А-гийн ээж, миний бие Б.С, Э.Хүслэн, У.Мөнгөнбаяр нарын 6 хүмүүс уулзалдаж харилцан хөнгөн гэмтэл учруулсан, гомдолгүй гэж гар барин тохиролцож эвлэрсэн. Насанд хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар нь харилцан цохилцож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан насанд хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийн материалд хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний хүү Э.Хүслэн У.Мөнгөнбаярыг зодож гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичжээ. Миний хүүд мөн хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тодорхой зардал гарсан болно. Өнгөрсөн хугацаанд миний хүү Э.Хүслэн сэтгэл санааны хямралд орж арьсны архаг харшил писориаз нь сэдэрч эмчилгээ хийлгэж байна. Нүдэндээ цохиулсан хөхрөлт нь 3 долоо хоногийн дараа арилсан ба нүдний хараа муутай хүүхдийн хараанд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй. Өсвөр ба шилжилтийн насны онцлогоос шалтгаалж хичээл сургуульдаа явах сонирхолгүй хямрах болсноор тус сургуулиас гарч Төв аймагт өвөө, эмээгийнх нь асрамжид шилжүүлсэн болно. Дээрх хугацааны дараа өмгөөлөгч н.Дамдинсүрэн утсаар холбогдож Цагдаагийн газарт гаргасан өргөдөл дээрх 1 950 000 төгрөгөөс баримт бүрдсэн гэх эмчилгээний 175 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800 000 төгрөг, нийт 975 000 төгрөг өгөхийг утсаар шаардаж байсан. Нэхэмжлэлд 3 200 000 төгрөгийн хагалгаа хийлгэх нь үндэслэлгүй бөгөөд төлөвлөсөн зардлаа нэхэмжилсэн байна. У.Мөнгөнбаяр одоо ямар ч зовуурьгүй хамар нь хугарсан мурийсан зүйлгүй сургуульдаа явж байгаа. Мөн өмгөөллийн зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасны дагуу иргэн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулахаар заасан байдаг. Нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж эрх ашгаа хамгаалуулахдаа гаргасан зардлыг биднээс нэхэмжилж байгааг мөн зөвшөөрөхгүй байна. Би У.Мөнгөнбаярын хамрын яс хугарсан, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн цохилтоос болж үүссэн хэмээн үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.С-гаас гэм хорын хохиролд 1 755 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 691 005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч талын төлсөн 83 000 төгрөг, 750 төгрөг, 3 092 төгрөг, нийт 86 842 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 036 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас гэм хорын хохиролд 1 755 405 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангасан. Эрүүл мэндийн яамны дэргэдэх чих, хамар, хоолойн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчдийн дүгнэлтээр хохирогч У.Мөнгөнбаярт хамрын яс, таславчинд чиглэсэн мэс засал хийх шаардлагагүй гэсэн. Тэгэхээр “Эм би жи мед” ХХК-ийн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамар ясны хуучин хугаралд хагалгаа хийх үнэ 3 200 000 төгрөг гэсэн албан бичиг нь үгүйсгэгдэж, уг үнэтэй хагалгаа хийх шаардлагагүй гэдгийг нотолсон атал шүүх хагалгааны 50 хувийг гаргуулсан. Мөн “Эм би жи мед” Гэмтэл согогийн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цохиулж гэмтэхээс өмнө үүссэн гэмтэл байхыг тодорхойлов гэсэн албан бичиг нь үндэслэлтэй гэдгийг дээрх шинжээчдийн дүгнэлтээр “хамрын таславчийн бага зэрэг мурийлт нь хамрын гэмтэлтэй холбоотой юу, гэмтлээс өмнөх физиологийн муруйлт байсан уу гэдгийг одоогийн үзлэгээр тодорхойлох боломжгүй” гэсэн байхад шүүх тухайн зодооны үед үүссэн эмгэг гэж үзэх боломжтой гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд хийлгэхгүй хагалгааны мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул зарим хэсгийг хүчингүй болгон, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 4 300 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу тооцсон эм тарианы төлбөрт 146 410 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ. /хх36/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ У.Мөнгөнбаярт учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн цохилтоос болж үүсээгүй, хуучин гэмтэлтэй байсан, харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, мэс заслын зардал бодитоор гараагүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сургууль дээрээ харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулж, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг үйл баримтад талууд маргаагүй бөгөөд харин гэм хорын үр дагавар, хохирлын хэмжээ зэрэгт маргажээ./хх180-181/

Э.А нь У.Мөнгөнбаярын асран хамгаалагч болох нь хэргийг 5 дугаар талд авагдсан У.Мөнгөнбаярын төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул тэрээр учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэх эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх У.Мөнгөнбаярт учирсан гэмтэл Э.Хүслэнгийн үйлдлээр учирсан эсэх, цаашид мэс засал зайлшгүй хийх шаардлагатай эсэх асуудлыг тодруулахаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих, хамар, хоолойн мэргэжлийн зөвлөлийг шинжээчээр томилж,  дүгнэлт гаргуулжээ./хх144/

Уг дүгнэлтээр У.Мөнгөнбаярын хамрын яс хугаралтай нь компьютер томографикийн шинжилгээгээр батлагдсан, харин хамрын таславчийн мурийлтыг хамрын гэмтэлтэй холбоотой, эсхүл уг гэмтлээс өмнөх физиологын мурийлт байсан эсэхийг тогтоох боломжгүй, энэ гэмтэлтэй холбоотой мэс ажилбар амжилттай болсон тул дахин хамрын яс таславчид чиглэсэн мэс ажилбар хийлгэх шаардлагагүй, харин хамрын салстны хатингаршилт үрэвсэлтэй, үүнийг эмийн болон мэс заслын эмчилгээгээр эдгэрүүлэх боломжтой гэж дүгнэжээ. /хх149-151/

У.Мөнгөнбаярт өмнө нь гэмтэл учирсан байсан гэх хариуцагчийн тайлбар татгалзал нь хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн /хх156-164/ баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан У.Мөнгөнбаярын амбулаториор эмчлүүлэгчдийн картад 18 нас хүрэхээр хамрын таславч тэгшлэх буюу сентопластик мэс засал хийлгэх заалттай гэх бичилтийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийжээ. /хх156-164/

Мөн “Эм би жи мед” эмнэлгээс У.Мөнгөнбаярын хамрын ясны хуучин хугарлыг засах 7 хоногийн багц эмчилгээ 3 200 000 төгрөг болохыг тодорхойлжээ. /хх15/

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, У.Мөнгөнбаярын гэмтэл дахин мэс засал болон эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэхээргүй, мэс засал болон эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар нэгдмэл дүгнэлттэй байх тул гэм хорын хохирлын хэмжээг 3 510 810 төгрөгөөр тооцон, У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нарын харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчаас 1 755 405 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Харин 800 000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь хариуцагчийн гэм буруутай холбоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Гэм хорын хохирлыг тооцохдоо У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нарын харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчаас 1 755 405 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                                                                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД 

                                                             ШҮҮГЧИД                          Б.НАРМАНДАХ

                                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ