Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2018/02041

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр          Дугаар 182/ШШ2018/02041          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БОАЖЯ-д холбогдох,

 

“2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн А/424 тоот тушаалаар Усны Үндэсний Хорооны нарийн бичгийн даргаар /орон тооны/томилогдон ажиллаж байсан. 2015 оны 02 сараас ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэрнээ цалин хөлс, холбогдох зардлыг авч чадахгүй байсан тул Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу Нийслэл дэх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 182/ШШ2017/00551 шийдвэрээр 2016 он дуусталх цалингийн асуудлаа шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, цаашид Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж, төрийн албан хаагчийн баталгааг хангаж өгөхийг хүссэн хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2017 оны 04 сарын 25-нд гаргасны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Б/38 тоот “Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар намайг 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн юм. Уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гарган 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Б/38 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилох, миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн Дугаар 221/МА2017/0856 магадлалд дээрх шийдвэрийг хянан баталгаажуулсан болно. Улсын дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхим шүүхийн анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад бичгээр хандаж, удаа дараа хариу хүссэн боловч биелэгдэхгүй өнөөг хүрлээ.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч бодит байдлаар шүүхийн шийдвэр хэрэгжиж цалин хөлс одоо болтол олгогдоогүй, удаан хугацаанд цалин хөлсгүй явж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгааг хавсаргав.

            Ц.Б миний бие тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ БОАЖЯнаас гаргуулж, надад олгуулах цалинг “2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12 сар 11 хоног 18,861,862 төгрөг гэж тодруулж байна” гэв.

 

Хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.Бын нэхэмжлэлтэй БОАЖЯанд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн “Усны Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Ц.Б миний 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи цалинг БОАЖЯнаас гаргуулж олгуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 714 дүгээр шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх 9 сар 2 хоногийн хугацааны цалин 13,729,197 төгрөгийг гаргаж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манайд мэдэгдэл өгч /2018.08.06-ны 2/12127/ ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/5615 дугаартай албан бичгээр тус яамны 2019 оны төсвийн төсөлд тусган Сангийн яаманд хүргүүлсэн.” гэжээ.

 

Хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014.10.11 өдрийн 323-р засгийн газрын тогтоолоор ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь БОАЖЯ-д шилжүүлэн, холбогдох зардлыг тус яамны 2015 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг сангийн сайдад үүрэг болгосон. Энэ тогтоолын дагуу 2015 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгагдаагүй, Засгийн газрын 2015.02.09-ний өдрийн 55-р тогтоолоор Усны үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбоотой чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагад шилжүүлж орон тооны 1 ажилтныг батлагдсан төсвийн дагуу ажиллуулахыг сангийн сайд үүрэг болгосон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015.02.17-ны өдрийн 80 дугаар тушаалын дагуу Ц.Быг албан тушаалаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон байдаг. БОАЖЯ-д 2015.02.17-оос эхлэн шилжүүлсэн, ингэсэн ч гэсэн сангийн яам нь 2015, 2017, 2018 онд төсвийн тодотголоо нэмэлт хийлгээгүй, өөрөөр хэлбэл 2015 оноос хойш төсөв 15 хувиар хэмнэгдэж ирсэн. Ингээд Ц.Быг орон тоо, санхүүжилт байхгүй, төсөвт тусгагдаагүй учраас Ц.Быг ажилд томилох боломжгүй байсан. Гэхдээ Ц.Б нь 2015.12.17-ны өдөр Б/421-р тушаалыг авсан, БОАЖЯС-ын мөн 2016.05.03-ны өдрийн 152/А, Б гэсэн тушаалыг гаргадаг. Усны үндэсний хорооны төсөв, санхүүжилтийг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэхээр тэр бум гаруй төгрөгийн төсөв хийсэн байдаг боловч эдгээр 3 тушаал нь төсөвт мөнгө байхгүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Байгаль хамгаалах сангаас усны үндэсний хороог санхүүжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас энэ тушаал нь хэрэгжээгүй. 2016 оны Засгийн газрын 3-р тогтоолоор яамны зохион байгуулалт бүтэц орон тооны хязгаар, ажлын байрны нэрийг баталсан Төрийн нарийн бичгийн даргын 2016.08.24-ний өдрийн Б/4-р тушаал гарсан. Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо, албан тушаалын нэрийг тусгаагүй, учир нь төсөвт тусгагдаагүй байсан байдаг. Ингээд 2017 оны төсөвт тусгуулахаар төсвийн төсөлд оруулсан боловч мөн л батлагдаагүй. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга гэдэг чиг үүргийг тухайн асуудлыг хариуцсан яамны газрын даргад хавсран гүйцэтгүүлэх гэдгээр тогтоод 2017.05.08-ны өдөр тушаал гаргасан. Тушаалаар Газар зохион байгуулалт усны үндэсний хорооны зохицуулалтын газрын даргад Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн. Энэ хугацаанд Ц.Б нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015.03.01-2016.12.31-ний өдөр хүртэл хугацааны 36,236,985 төгрөгийг нэхэмжилсэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж, улсын төсвөөс Ц.Бын цалинг олгосон. 2017.01.01-ний өдрөөс хойш 10.02-ны өдөр хүртэл цалинг олгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Гэвч яамны төсөвт энэ мөнгө байхгүй, Ц.Б нь төрийн нарийн бичгийн даргатай өөрөө уулзахдаа, би зөвхөн цалингаа аваад л дахиж нэхэмжлэл гаргахгүй гэдгийгээ тохирсон учраас Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр эвлэрч 36,236,985 төгрөгийг хүлээн зөвшөөрч олгосон. Гэвч Ц.Б нь дахин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад буцаж ажилд томилогдох болон цалин нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. 2015.02 сараас хойш Ц.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргах боломжгүй байсан боловч Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн, ойлголцсоны үндсэн дээр дээрх 36,236,985 төгрөгийг олгосон. Гэхдээ Ц.Б нь дахин нэхэмжлэл гаргасан учраас шүүхийн шийдвэр гарсан. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах, дээд шатны шүүхэд хариуцагчийн талаас гарсан гомдлыг хангахгүй хэвээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Ц.Бын өмнөх 2015 оны 02 сард яамруу шилжүүлсэн ч гэсэн тушаал гарахгүй байсаар байгаад 2015.12.17-ний өдөр Ц.Быг томилсон, үүнээс хойш Ц.Б нь 1 ч өдөр ажил хийгээгүй, мөн ажил хүлээлцэхэд 1 ширхэг цаас, тайлан, мэдээ юу ч хүлээлгэж өгөөгүй, тухайн үед Усны үндэсний хорооны тоног төхөөрөмж, зарим эд зүйлийг хүлээлгэж өгсөн боловч яг түрүүний дурдсан төслийн 21 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй. Энийг удаа дараа буюу 2-3 удаа газрын дарга нь ч тэр мөн төрийн нарийн бичгийн дарга ч хэлж шаардсан боловч энийг биелүүлээгүй. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй ч гэсэн Ц.Бын эхний шийдвэрийг яам хүлээн зөвшөөрч биелүүлсэн, түүнээс хойш 2017.05.09-ний өдөр шийдвэр гаргасан, шийдвэрээр Ц.Бын Усны үндэсний хорооны албан тушаалаас чөлөөлсөн, өөрөөр хэлбэл томилсон мөртлөө ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, цалин олгогдоогүй, ажлын үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнээгүй, явсан. Ц.Бын 2017.01.01 өдрөөс хойш нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хангаад шийдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Түүнтэй холбогдуулаад өмнөх нэхэмжлэлийн хүрээнд 2019 оны төсвийн төсөлдөө тусгасан, гэхдээ өмнөх цалинтай холбоотой учраас хасуулсан байгаа. Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хэдийгээр хүлээн зөвшөөрч байгаа боловч эвлэрэх боломж байхгүй. Өмнөх 36 сая төгрөг хүлээж авсан, дахиад 13,500,000 төгрөгийн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ хүн ажил хийхгүй цалин авдаг ийм хүн боллоо. Үндсэндээ Ц.Бын чиг үүрэг 2015 онд манай яаманд ирсэн боловч энэ хүний хийсэн 1 ширхэг цаас, ажил байхгүй, гэхдээ л шүүхээр яваад цалингаа тогтоолгоод авсан, дахиад 2-3 дахь жилдээ дахиад тогтоолгоод явж байна. Яам бол энэ чиг үүргийг газрын даргаар хавсран гүйцэтгүүлж байгаа түүнээс хойш 2 ч удаагийн хурлаа зохион байгуулсан, одоо усны үндэсний хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Буцааж томилох болон цалинтай холбоотой асуудал нь өөрөө төсөвтэй холбоотой учраас шүүхийн шийдвэрийг хангах боломжгүй.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч БОАЖЯанд холбогдуулан “2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 18,861,862 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/0714 дугаартай шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Бын өмнө эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 12-22 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 211/МА2017/0856 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 23-26 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 27-29 дүгээр тал/

 

Шүүх Ц.Быг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин 13,729,197 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Ажил олгогч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч Ц.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргаагүй, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдал арилаагүй болох нь зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Ц.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч БОАЖЯнаас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан байх тул  ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Хариуцагч БОАЖЯ нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ц.Бад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэснээс хойш 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 сар 11 өдөр ажилгүй байсан байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана. 

        

БОАЖЯ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дугаар шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу шүүхэд хандсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

Иймд нэхэмжлэгч Ц.Быг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 12 сар 11 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч БОАЖЯнаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Ц.Бын сарын дундаж цалинг 961,461 төгрөг, тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн 32 хувийн, төрийн албан хаасан хугацааны 25 хувийн нэмэгдлийг тооцон гэж тодорхойлсон байх тул ажилтны сарын дундаж цалинг 1,509,493 төгрөг гэж тооцсон болно.

 

Нэхэмжлэгч Ц.Бын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 18,861,862 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан БОАЖЯнаас 18,861,862 төгрөг гаргуулан Ц.Бад олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч БОАЖЯанд нэхэмжлэгч Ц.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18,861,862 төгрөгийг хариуцагч БОАЖЯнаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бад олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл,  хураамж төлсөн тухайн бичилт хийхийг БОАЖЯанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч БОАЖЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 252,259 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС