Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2425

 

 

Ц.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02041 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох

 

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 861 862 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424 тоот тушаалаар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар /орон тооны/ томилогдон ажиллаж байсан. 2015 оны 02 сараас ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэрнээ цалин хөлс, холбогдох зардлыг авч чадахгүй байсан тул Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2017/00551 шийдвэрээр 2016 он дуусталх цалингийн асуудлаа шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, цаашид Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж, төрийн албан хаагчийн баталгааг хангаж өгөхийг хүссэн хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар намайг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гарган 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилох, миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 221/МА2017/0856 магадлалд дээрх шийдвэрийг хянан баталгаажуулсан болно. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим шүүхийн анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад бичгээр хандаж, удаа дараа хариу хүссэн боловч биелэгдэхгүй өнөөг хүрсэн. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч бодит байдлаар шүүхийн шийдвэр хэрэгжиж цалин хөлс одоо болтол олгогдоогүй. Ц.Б   миний бие тус шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, надад олгуулах цалинг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12 сар 11 хоног 18 861 862 төгрөг гэж тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаар Засгийн газрын тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Байгаль орчин, аялал жуучлалын яаманд шилжүүлэн, холбогдох зардлыг тус яамны 2015 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг сангийн сайдад үүрэг болгосон. Энэ тогтоолын дагуу 2015 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгагдаагүй, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Усны үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбоотой чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагад шилжүүлж орон тооны 1 ажилтныг батлагдсан төсвийн дагуу ажиллуулахыг сангийн сайд үүрэг болгосон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар тушаалын дагуу Ц.Б-ыг албан тушаалаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шилжүүлсэн, ингэсэн ч гэсэн сангийн яам нь 2015, 2017, 2018 онд төсвийн тодотголоо нэмэлт хийлгээгүй, өөрөөр хэлбэл 2015 оноос хойш төсөв 15 хувиар хэмнэгдэж ирсэн. Ингээд Ц.Б-ыг орон тоо, санхүүжилт байхгүй, төсөвт тусгагдаагүй учраас Ц.Б-ыг ажилд томилох боломжгүй байсан. Гэхдээ Ц.Б   нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/421 дүгээр тушаалыг авсан, Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 152/А, Б гэсэн тушаалыг гаргадаг. Усны үндэсний хорооны төсөв, санхүүжилтийг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэхээр тэр бум гаруй төгрөгийн төсөв хийсэн байдаг боловч эдгээр 3 тушаал нь төсөвт мөнгө байхгүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Байгаль хамгаалах сангаас усны үндэсний хороог санхүүжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас энэ тушаал нь хэрэгжээгүй. 2016 оны Засгийн газрын 3 дугаар тогтоолоор яамны зохион байгуулалт бүтэц орон тооны хязгаар, ажлын байрны нэрийг баталсан Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/4 дүгээр тушаал гарсан. Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо, албан тушаалын нэрийг тусгаагүй, учир нь төсөвт тусгагдаагүй байсан байдаг. Ингээд 2017 оны төсөвт тусгуулахаар төсвийн төсөлд оруулсан боловч мөн л батлагдаагүй. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга гэдэг чиг үүргийг тухайн асуудлыг хариуцсан яамны газрын даргад хавсран гүйцэтгүүлэх гэдгээр тогтоолд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тушаал гаргасан. Тушаалаар Газар зохион байгуулалт усны үндэсний хорооны зохицуулалтын газрын даргад Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн. Энэ хугацаанд Ц.Б   нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны 36 236 985 төгрөгийг нэхэмжилсэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж, улсын төсвөөс Ц.Б-ын  цалинг олгосон. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цалинг олгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Гэвч яамны төсөвт энэ мөнгө байхгүй, Ц.Б   нь төрийн нарийн бичгийн даргатай өөрөө уулзахдаа, би зөвхөн цалингаа аваад л дахиж нэхэмжлэл гаргахгүй гэдгийгээ тохирсон учраас Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр эвлэрч 36 236 985 төгрөгийг хүлээн зөвшөөрч олгосон. Гэвч Ц.Б   нь дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад буцаж ажилд томилогдох болон цалин нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. 2015 оны 02 сараас хойш Ц.Б   нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргах боломжгүй байсан боловч Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн, ойлголцсоны үндсэн дээр дээрх 36 236 985 төгрөгийг олгосон. Гэхдээ Ц.Б   нь дахин нэхэмжлэл гаргасан учраас шүүхийн шийдвэр гарсан. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ц.Б-ын  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах, дээд шатны шүүхэд хариуцагчийн талаас гарсан гомдлыг хангахгүй хэвээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Ц.Б-ын  өмнөх 2015 оны 02 сард яам руу шилжүүлсэн ч гэсэн тушаал гарахгүй байсаар байгаад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б-ыг томилсон, үүнээс хойш Ц.Б   нь 1 ч өдөр ажил хийгээгүй, мөн ажил хүлээлцэхэд 1 ширхэг цаас, тайлан, мэдээ юу ч хүлээлгэж өгөөгүй, тухайн үед Усны үндэсний хорооны тоног төхөөрөмж, зарим эд зүйлийг хүлээлгэж өгсөн боловч яг түрүүний дурдсан төслийн 21 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй. Ц.Б-ын  эхний шийдвэрийг яам хүлээн зөвшөөрч биелүүлсэн, түүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гаргасан, шийдвэрээр Ц.Б-ын  Усны үндэсний хорооны албан тушаалаас чөлөөлсөн, өөрөөр хэлбэл томилсон мөртлөө ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, цалин олгогдоогүй, ажлын үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнээгүй, явсан. Ц.Б-ын  2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хангаад шийдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Түүнтэй холбогдуулаад өмнөх нэхэмжлэлийн хүрээнд 2019 оны төсвийн төсөлдөө тусгасан, гэхдээ өмнөх цалинтай холбоотой учраас хасуулсан. Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хэдийгээр хүлээн зөвшөөрч байгаа боловч эвлэрэх боломж байхгүй. Өмнөх 36 сая төгрөг хүлээж авсан, дахиад 13 500 000 төгрөгийн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Яам энэ чиг үүргийг Газрын даргаар хавсран гүйцэтгүүлж байгаа түүнээс хойш 2 ч удаагийн хурлаа зохион байгуулсан, одоо Усны үндэсний хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Буцааж томилох болон цалинтай холбоотой асуудал нь өөрөө төсөвтэй холбоотой учраас шүүхийн шийдвэрийг хангах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18 861 862 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д    олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухайн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын  нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 252 259 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно." Төрийн албаны тухай хуульд 28 дугаар зүйлийн 28.1-д "Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно." гэж заасан. Өөрөөр хэлбэл хүн ажил хөдөлмөр хийснийхээ төлөө төрөөс цалин хөлс авах ёстой байтал Ц.Б   нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газраас тус яаманд чиг үүрэгтэй нь шилжиж ирсэн нэг ч ажил хийгээгүй ба ажил хүлээлцүүлэхэд ажлын тайлан, материал огт хүлээлгэж өгөөгүй, нэг ч хуралдаан зохион байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй байтал түүнд цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.", "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 196 дугаар тогтоолын 3-т "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон. Гэтэл шүүгч 57 хувиар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Б   нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 861 862 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0856 дугаар магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Б-ыг өмнө нь эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 9 сар 2 хоногийн хугацааны цалин 13 729 197 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны  01 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.                                                              /хх-12-29 дэх тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно. Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул тэрээр ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтаны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй боловч тооцооллын хувьд зөв байгаа тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 861 862 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэхэмжлэгч Ц.Б-ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хаст тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ