Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 448

 

Д.Б-, Л.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэртэй, Д.Б-, Л.Э- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т-т холбогдох, 404 538 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, нэхэмжлэгч Л.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Т- нь миний нөхөр Л.Э-гийн төрсөн ах Л.Алтанцогийн эхнэр Д.Т-тай нөхөр бид хоёр бэр эгчийн хувьд маш ойр дотно харилцаатай төрсөн эгч, дүүс шиг 20 гаруй жил харилцаатай байсан. 2008 оноос би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үнэт эдлэл, европ барааны “B ONLY” нэртэй дэлгүүр ажиллуулах болсон.  

Д.Т- 2011 оноос эхэлж өөртөө болон хүүхэд, гэр бүл, ажил хэргийн холбоотой хүмүүст зээлээр хувцас авч, тэмдэглүүлдэг байсан. Өмгөөлөгчид төлөх өмгөөллийн хөлсөө бараагаар авахуулж, үнийг өөрөө төлнө гэх мэтээр тохиролцон нийт 154 994 100 төгрөгийн бараа авсан. Мөнгийг тэр болгон нэхдэггүй, харин өглөгтэй талаар нь сануулдаг байсан ба зээлээр авсан бараагаа тус тусдаа бичиж тэмдэглэдэг байсан тул 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд авсан барааны үнэ 154 994 100 төгрөгийг нэхэмжилж байна.

Дээрхээс гадна хариуцагч нь “2012 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө эгчийнх нь өмчлөлд бүртгэлтэй, уг обьектод хөрөнгө оруулаач засч янзлаад хамтарч үйл ажиллагаа явуулъя” гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрч 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний урьдчилгаа 90 000 ам долларыг тухайн үеийн валютын ханшаар тооцож  99 544 700 төгрөг бэлнээр, нөхөр Л.Э-гийн өмчлөлийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэлийг 150 000 000 төгрөгт тооцож нийт 249 544 700 төгрөгийг Д.Т-т өгсөн. 249 544 700 төгрөг хүлээн авсан тухай баримт байгаа. Тэрээр “И К ББСБ”ХХК-ийн захирал бөгөөд 2012 оны 5  дугаар сарын 30-ны өдөр тус ББСБ-ын нярав н.Ууганцэцэг нь тамгатай, кассын орлогын ордер дээр “обьектийн үнэ, машин нийт 249 544 700 төгрөг хүлээн авлаа” гэсэн баримт үйлдэж өгсөн. 249 544 700 төгрөгийг /150 000 000 төгрөгт автомашин тооцож/ шилжүүлсэн талаар талууд маргадаггүй.

Үүнээс хойш бид удаа дараа уулзаж худалдан авч байгаа хөрөнгөндөө засвар хийгээд түрээслэх, цэцэрлэг, бөөний төв, караоке ажиллуулах байдлаар хамтран ажиллаж ашиг орлогоо хуваахаар ярилцсан боловч Д.Т- тухайн обьектыг нууцаар бусдад зарсан талаар харуул н.Даваадоржоос 2016 оны хавар мэдсэн. Үүнээс хойш Д.Т-тай холбоо барих гэж оролдсон ч нөхөр бид хоёртой огт холбогдоогүй. Гэтэл Д.Т- над руу бичиг явуулсан байсныг хүлээн авч гайхаад 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мессэж бичихэд түүнээс хариу ирэхдээ ...чамд тийм их хүнд тусна гэж бодсонгүй, та хоёрын мөнгөнд хүү бодоод өгье, мөн 2012 оны 11 дүгээр сараас хойш авсан хувцасны тооцоог хийгээд өгөөрэй... гэсэн байсан.

Бид обьект зарсныг 2016 онд мэдсэн, мөн Д.Т-аас ирсэн мессэж нь бидний хамтран ажиллахаар өгсөн мөнгийг төлөхгүй, харин үндсэн мөнгөнд хүү бодож өгнө гэдгийг илэрхийлсэн тул хөрөнгө оруулсан, хамтарч ажиллах, худалдан авах асуудал дуусгавар болсон гэдгийг ойлгож 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн юм. Иймд гэрээний дагуу өгсөн 249 544 700 төгрөгийн 150 000 000 төгрөг нь миний нөхөр Л.Э-гийн тээврийн хэрэгслийн үнэ учраас үлдэх 99 544 700 төгрөгийг миний бие нэхэмжилж байна.

Д.Т- нөхөр бид хоёрт сайн ханддаг байсан учраас 2001 онд түүний санал болгосноор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг түүний аав н.Дэлэгээс 68 000 000 төгрөгөөр худалдаж авч үүнээс хойш амьдарсан. Итгэмтгий зангаас болж орон сууцны гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй. Гэтэл Тунгалагтамир 2012 оны 8 дугаар сард “...та 2 манай 4 өрөө орон сууцанд амьдарч бай, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот танай орон сууцыг өөрийн хүү Т.Оргилд авч өгмөөр байна...” гэхээр нь зөвшөөрөөд 75 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон.

Л.Э- бид хоёр 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 41 м.кв талбайтай, 3 өрөө байрыг Д.Т-аар зуучлуулж иргэн А.Цогзолмаагаас бэлэглэлийн гэрээгээр 116 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба 75 000 000 төгрөгт дээрх 65-31 тоот орон сууцыг, үлдэх 41 000 000 төгрөгийг бэлнээр тооцон өгч, түүний хүү Б.Тамираар нь дамжуулан худалдаж авсан. Хариуцагч Д.Т- өөрийн хүү Д.Оргилыг байртай болгохын тулд бид хоёрын 65-31 тоот орон сууцыг Т.Оргилд өгч бидний өмнөөс 75 000 000 төгрөгийг А.Цогзолмаа, Б.Тамир нарт өгч, үлдэх 41 000 000 төгрөгийг Л.Э- бид 2 өгсөн. Л.Э- нь Б.Тамирт орон сууцны үнэ 116 000 000 төгрөг хүлээлгэн өгөв гэсэн бичгийг хийлгэсэн. Дээрх 2 орон сууц нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

“И К ББСБ”ХХК-ийн захирал нь Д.Т- учир тус ББСБ-аас Ш.Эрдэнэбилэг 50 000 000 төгрөг, Л.Э- 37 000 000 төгрөг тус тус зээлж, зээлийн гэрээг Л.Э-тэй байгуулсан ба уг гэрээтэй холбоотой буюу “И К ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Э-д холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0136 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэж, зээлийн төлбөрт хариуцагч 27 000 000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлтэй хамааралгүй.

Иймд хариуцагч Д.Т-аас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Д.Б-гаас авсан барааны үнэ  154 994 100 төгрөг, 99 544 700 төгрөгийн хамт нийт 254 538 800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул нэхэмжлэгч нар хариуцагчтай 2012 оны 5 дугаар сард хамтран ажиллах зорилгоор 249 544 700 төгрөг өгсөнөөс хойш байнга ажлын шинэ санаа гаргаж, ярилцсаар ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 28 минутад бичсэн гар утасны мессэжээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Т- нь миний ах Л.Алтанцогийн эхнэр байсан. Л.Алтанцог нь 2011 онд нас барсан, бэр эгч н.Зоригоо гэж хүнтэй хамтран амьдарсан ч бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. Хариуцагч нь биднээс нийт 249 544 700 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй.

Д.Т- Д.Б-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж тухайн объектыг бусдад зарчихаар нь бид хоёр урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авахаар шаардсан үеэс эхлэн худал ярьж байна. Д.Т-аас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд авсан барааны үнэ болох 154 994 100 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 249 544 700 төгрөгийн хамт нийт 404 538 800 төгрөг гаргуулахаар эхнэр Д.Б- бид хоёр нэхэмжилж байна.

Үүнээс Д.Т-т өгсөн 249 544 700 төгрөгийн 150 000 000 төгрөгт нь миний өмчлөлийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн бөгөөд тэрээр уг тээврийн хэрэгслийг бусдад зарсан. Иймд 150 000 000 төгрөгийг миний бие, үлдэх хэсгийг  Д.Б-д гаргуулж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйлүүдийг тайлбарласан байна. Бид 2001 онд хариуцагч Тунгалагтамирын аав Дэлэг гэх хүнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот 2 өрөө байрыг 68 000 000 төгрөгөөр худалдан аваад өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байсан юм. Мөн А.Цогзолмаа Б.Тамир нараас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-12 тоот, 3 өрөө орон сууцыг 116 000 000 төгрөгөөр худалдан авч 75 000 000 төгрөгт нь өөрсдийн өмчлөлийн 65-31 тоот орон сууцаа өгч, үлдэх 41 000 000 төгрөгийг Д.Т-аар дамжуулан Б.Тамирт өгсөн.

Д.Т-ын хүсэлтээр дээрх 65-31 тоот 2 өрөө орон сууцыг түүний хүү Д.Оргилд 75 000 000 төгрөгөөр өгч тэрээр бидний өмнөөс 75 000 000 төгрөгийг Б.Тамирт өгсөн. Үүний дараа би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-12 тоот, 3 өрөө орон сууцны үнэд 116 000 000 төгрөгийг Б.Тамирт хүлээлгэн өгөв гэсэн бичгийг хийлгэж авсан. Д.Т-, Байгалмаа нарын харилцан бичсэн мессэжнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг худалдсан тухай харагдах бөгөөд одоо уг 2 өрөө орон сууц нь хариуцагч Д.Т-, түүний хүү Д.Оргил нарын эзэмшилд байгаа. Д.Т- дээрх 2 өрөө байрыг 75 000 000 төгрөгт тооцож авахгүй гэж байгаа бол нэхэмжлэгч нар байраа буцаан эзэмшил, өмчлөлдөө авч болно. Уг орон сууцны асуудал энэ нэхэмжлэлд огт хамааралгүй юм.

“И К ББСБ”ХХК болон Л.Э- нарын хоорондох зээлийн асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00136 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн учир 27 000 000 төгрөгтэй холбоотой тайлбар нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй бөгөөд дээрх мөнгийг Л.Э- өөрөө төлсөн нь баримтаар нотлогдоно.

Л.Э- хариуцагч Т.Тунгалагтамираас Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгсэл авч байгаагүй, Ш.Эрдэнэбилэг зарж өгнө гэж Т.Тунгалагтамираас авсан гэдэг. Машиныг авсан хүн нь мөнгөө өгөхгүй байгаа тул Ш.Эрдэнэбилэгийн гомдлоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ш.Эрдэнэбилэг Д.Т- нарын хоорондын маргаан тул нэхэмжлэгч нарт хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “И К ББСБ”ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Л.Э- нь 87 000 000 төгрөгийн зээл манай компаниас авч, үндсэн зээлээс 60 000 000 төгрөг болон зээлийн хүүг төлөхгүй байсан тул 2017 онд зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.

Миний нөхөр Л.Алтанцогийг нас барснаас хойш Сүхбаатар дүүргийн 4 хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 65 байр 31 тоотод Л.Э-, Д.Б- нар өнөөдрийг хүртэл амьдардаг. Миний хүү Д.Оргил, А.Ананд нарын зүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5-7 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүссэнээс хойш нэхэмжлэгч нар нь дараах үйлдлүүдийг гаргаж эхэлсэн.

Д.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэхэмжлэлд дурдсан үйлдлүүдэд намайг залилан хийсэн гэж гомдол гаргасныг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 344 дугаар Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан.

Нэхэмжлэгч Л.Э- 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “И К ББСБ”ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай 249 544 700 төгрөгийн санхүүгийн зөрчлийг хянуулахаар эрх бүхий байгууллагад хандсан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 06 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан. Миний зүгээс аливаа асуудалд хүлээцтэй хандаж ах дүүгийн харилцаатай байснаа бодож маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсэн боловч чадаагүй.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүү Л.Э-, түүний эхнэр Д.Б- нар худалдах худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаанд Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 150 000 000 төгрөгт тооцож, үлдсэн хэсэг болох 99 544 000 төгрөгиийг бэлнээр өгөхөөр тохирч энэ үүргээ биелүүлэн өгсөн нь үнэн.

Д.Б- нь 2015 онд БНСУ-д хамт зорчиж байхдаа “...үл хөдлөх хөрөнгийг манай нөхөр бид 2 худалдан авахаа болилоо...” гэж албан ёсоор хэлсэн учир өөр этгээдэд худалдан борлуулсан. Ингээд нэхэмжлэгч нарын өгсөн 249 544 700 төгрөгийг буцаан төлөхдөө өөрийн өмчлөлийн шинэ Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нарын өгсөн Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй харилцан тооцож өгсөн бөгөөд уг тээврийн хэрэгслийг Л.Э- нь Ц.Чаминчанга гэдэг хүнтэй ирж авсан.

Үлдэгдэл 99 544 700 төгрөгийг тэдэнд буцаан өгөх байсан боловч нэхэмжлэгч нарын Б.Тамираас орон сууц худалдан авахад дутсан 75 000 000 төгрөг болон “И К ББСБ”ХХК-иас Л.Э-гийн авсан зээлд 27 000 000 төгрөг тус тус төлсөн, суутган тооцсоноор бидний хоорондын тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

“B ONLY” гэх дэлгүүрээс бараа авсан гэж 154 994 100 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсны хувьд худалдаж авсан барааныхаа үнийг тухай бүр нь төлж тооцоог хийж байсан бөгөөд хэдий хэмжээний барааг хэзээ, хэнээс хэнд, хэрхэн ямар нөхцөлтэйгээр худалдсан эсэх, хэзээ хэнээс нэхэж байсан нь тодорхойгүйгээр 154 994 100 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Надад өгсөн гэх барааны жагсаалт бичсэн дэвтрийг миний бие Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгагдаж байхад анх танилцсан ба хууль хяналтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой шалгаж Д.Б-гаас надад өгсөн, авсан гэх асуудал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн учраас хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гарсан. Хэрэг бүртгэлийн хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгч Д.Б- нь энэхүү хяналтын прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нар ямар хэл дээр байгаа нь мэдэгдэхгүй мессэжийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, тасалдсан гэж үзээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүн таслах ажиллагаа Монгол хэл дээр явагддаг. Үүнийг шүүх анхаарна биз.

Д.Б-гийн ажиллуулдаг дэлгүүрээс авсан гээд байгаа хувцасыг Тунгалагтамир дан ганцаараа аваагүй, хүү Оргил, өмгөөлөгч Оюунцэцэг, нөхөр Зоригоо, аварга Түвшинбаяр нар авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дэлгэрэнгүй бичиж өгсөн байна. Эндээс үзэхэд бусдын авсан барааны үнийг хариуцагч төлөх үндэсгүй. Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх ёстой байтал бичгээр хийсэн гэрээ байхгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 249 544 700 төгрөгийн тооцоо дууссан, 154 994 100 төгрөгийн барааг аваагүй.

Д.Т- нь Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг Л.Э-д Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн оронд өгсөн, Л.Э-гийн өмнөөс “И К ББСБ”ХХК-д 27 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч нарын худалдан авсан байрны үнэд 75 000 000 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэгч Д.Б-, Л.Э-, хариуцагч Д.Т- нарын хооронд ямар ч тооцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Т-аас 345 666 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д 195 666 000 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Э-д 150 000 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс 58 872 800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 210 357.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э-д, 1 136 280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар эрүүгийн хэргээс татсан мессэж гэх нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж маргасан атал шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах захирамж гаргахдаа Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасны дагуу хавтаст хэргийн 107-113 дугаар хуудсанд авагдсан ямар хэлээр бичигдсэн нь тодорхойгүй баримтыг Монгол хэл рүү хөрвүүлэх, үзлэг хийж бэхжүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан хэргийн 107-113 дугаар талд байгаа баримтыг нэхэмжлэгч Д.Б- дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцож буй Д.Т-ыг эд зүйл, мөнгө завшсан гэх үндэслэлээр шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгсөн ба уг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хэрэгт шалгуулахдаа зурвас буюу мессэжийн фото зургийг нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар гаргаж өгсөн бөгөөд дээрх иргэний хэрэгт хүсэлт гаргаж шүүхийн журмаар эрүүгийн хэргээс хуулбар үнэн дардастайгаар хэрэгт хавсаргасан. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зөвхөн зохигч нарын хүсэлтээр шүүх үзлэг явуулж, шинжлэн судлахаар зохицуулсан атал өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талын иш татсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баталгаажуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хээрг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно гэж заасныг иш татан нотлох баримтын шаардлага хангахгүй тул шинжлэн судлуулахгүй, шүүх үнэлэх бололцоогүй гэж мэтгэлцэж байхад үзлэг хийж бэхжүүлэн нотлох баримтаар үнэлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байгаа нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хаасан, хэргийг үнэн зөв шийдвэрлэх эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг төрүүлсэн учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүхээс уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзал үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй атал шүүхээс шүүх хуралдаан хойшлуулсан нь үндэслэлгүй болсон.

Дараагийн хуралдаан буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж үзлэг хийсэн ба хариуцагчийн зүгээс үзлэг нь хууль бус, хийх боломжгүй гэж үзсэн тул хариуцагч тал энэ ажиллагаанд оролцоогүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, ямар хэл дээр бичигдсэн эсэх нь тодорхойгүй мессэж, мэдээллийг шүүх өөрөө үнэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байна гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гаргасан атлаа шийдвэртээ дахин дүгнэхдээ ойлгомжгүй байддлаар буюу тусгай мэдлэг, орчуулагч шаардагдахгүй, нийтэд илэрхий баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг амаар танилцуулахдаа бичгийн мэдээллийг үнэлээгүй, зөвхөн тоо, цифрийг нь үнэлсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Д.Б-д олгосугай гэж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт Д.Б-, Л.Э- нарт олгосугай гэж бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэг ...шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны аудио бичлэгийг дуу дүрсний хамт авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэсэн хэсгийн дууны бичлэг байхгүй, шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, нарийн бичгийн даргын дууны хэсгийг авах гэсэн боловч устгасан гэдэг хариу өгсөн. Энэ талаар тус шүүхийн Тамгын газарт 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэгдээгүй байна.

Нөгөөтэйгүүр, Д.Б-гийн өөрийн тэмдэглэсэн гэх Д.Т-ын бараа хүлээн авсан гэдэг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг байхгүй 7 ширхэг дэвтрийг үнэлсэн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэг хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно гэснийг зөрчсөн үйлдэл болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ба 154 994 100 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд авсан гэдэг ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байхад нотлох баримтын шаардлага хангахгүй мессэжийг шүүхийн зүгээс тоо, цифрийг үнэлсэн гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 83/01 тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 800 м.кв талбай бүхий байрыг худалдахаар 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж 99 544 700 төгрөг, 150 000 000 төгрөгт Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг авсан боловч нэхэмжлэгч нар худалдан авахаа больсон тул Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн оронд Монгол Улсад орж ирээд улсын дугаар аваагүй суудлын Бенз С350 маркийн тээврийн хэрэгсэл, 75 000 000 төгрөгт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 12 тоот, 41 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авах үед нь, мөн 27 000 000 төгрөгийг “И К ББСБ”ХХК-иас авсан зээлийн төлбөрт төлж дуусгасан.

Дээрх иргэний хэргийн шүүх хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон ба хариуцагчийн зүгээс Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн оронд суудлын Бенз С350 маркийн тээврийн хэрэгсэл өгсөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлээгүй, суудлын Мерседес бенз С350 маркийн тээврийн хэрэгслийг Л.Э-д өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 75 000 000 төгрөгийг Д.Т-аас авч орон сууц авсан тухайгаа тодорхой хэлсэн. /2хх25/ “И К ББСБ”ХХК-ийн зүгээс авсан зээлийн төлбөрт 27 000 000 төгрөгийг төлүүлсэн байдалд маргаагүй. Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Л.Э-д өгсөн талаар гэрч Б.Цэрэнбат нь Д.Т-т 80 000 ам.доллараар тээврийн хэрэгслээ худалдсан, тухайн үед Д.Т- нь “манай нөхрийн дүүд өг” гэж хэлсэн гэх мэдүүлэг, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийн төлбөрт Л.Э-гийн зүгээс 5 000 ам.долларыг урьдчилж өгч байсан санхүүгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй байна.

249 544 700 төгрөгийн гэрээ 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ба түүнээс хойш 6 жил хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл огт гаргаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан боловч шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б-, Л.Э- нар нь хариуцагч Д.Т-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 404 538 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нар тайлбарлахдаа Д.Б-гийн ажиллуулдаг дэлгүүрээс хариуцагч Д.Т-ын худалдан авсан барааны үнэнд 154 994 100 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан учир уг гэрээний урьдчилгаа төлбөрт бэлнээр төлсөн 99 544 700 төгрөг, нэхэмжлэгч Л.Э-гийн өмчлөлийн Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 150 000 000 төгрөгт тооцон өгсөн учир нэхэмжлэлийн нийт үнийн дүн 404 538 800 төгрөг болно гэжээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн үүргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба энэ нь хэргийн нотлох баримтад нийцэж байна. Тухайлбал, хариуцагчийн авсан барааны үнийг гаргуулах шаардлагын хувьд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд харилцсан мессэж буюу гар утасны зурваст нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийжээ. /2хх 66,76-83/ Уг үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар хариуцагчаас нэхэмжлэгчид илгээсэн мессэж нь тухайн утсанд хадгалагдсан ба тэдгээрийг шүүх хэрэгт авагдсан бичмэл хэлбэрт оруулсантай нь нэг бүрчлэн тулгаж бэхжүүлсэн байх тул уг ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Мөн нэхэмжлэгч Д.Б-гаас хариуцагч Д.Т-ын авсан хувцас эд зүйлсийг тэмдэглэж байсан 7 ширхэг дэвтэрт шүүх үзлэг хийхэд 154 994 100 төгрөгийн бараа хариуцагчид хамаарах байдлаар тэмдэглэгдсэн байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, 58 872 800 төгрөгт холбогдох хэсэг нь нэр бүхий иргэдтэй холбоотой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч хариуцагчид ногдох үүргийг 96 121 300 төгрөг гэж дүгнэснийг буруутгахгүй. /1хх176-177, 219-220/

 

 Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч уг гэрээг бичгээр хийх талаар зохицуулсан Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, энэ тохиолдолд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан  хэрэглэжээ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч тал болох Д.Б- нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Д.Т-ын хувьд үнийг тодорхой хугацааны дараа бүрэн эсхүл хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “....нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, ямар хэл дээр бичигдсэн эсэх нь тодорхойгүй мессэж буюу мэдээлэлд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулах шаардлага хангагдаагүй байхад үүнийг нийтэд илэрхий баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Д.Т- нарын утсаар бичсэн мессэж нь Латин үсэг ашиглаж өөр хоорондоо Монгол хэлээр харилцсан, агуулга нь тодорхой, ойлгомжтой байгаа тохиолдолд үүнийг гадаад хэл дээр бичигдсэн, албан ёсны орчуулга хийх шаардлагатай баримт гэж үзэхгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Уг баримтаар талууд гэрээний үүргийн талаар харилцан шаардаж байсан гэж үзэж, улмаар хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан Иргэний хуулийн 75, 79 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу зохигчид үүргээ бүрэн биелүүлээгүйгээс худалдагч тал 2016 оны хавар гэрээнээс татгалзаж уг объектыг хариуцагч бусдад худалдсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна. /1хх64-65/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийн талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хариуцагч дээрх “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нараас бэлнээр 99 544 700 төгрөг, 150 000 000 төгрөгт тооцож Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж, нийт 249 544 700 төгрөг хүлээн авсан талаар маргадаггүй.

 

Харин 249 544 700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж уг шаардлагыг татгалзах үндэслэлээ, Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн оронд Мерседес бенз С550 маркийн тээврийн хэрэгсэл өгсөн, мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоотод байршилтай, 41 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нар Б.Тамираас худалдаж авахад нь тэдний өмнөөс 75 000 000 төгрөгийг төлсөн, Л.Э-гийн “И К ББСБ”ХХК-иас авсан зээлийн төлбөрт нь тооцож 27 000 000 төгрөгийг тус тус төлснөөр нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үнийг буцаан шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ. Тодруулбал, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Цэрэнбатаас Ц.Чаминчангад дээрх WDDNG71X97A146686 арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсын галийн хилээр 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн, Мерседес бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, тээврийн газарт төлөөлөх, бичиг баримтад гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байна. Уг баримтаар тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагч Д.Т-ын өмч гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж буй хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтаар ч тогтоогдохгүй байна. Иймд дээрх тээврийн хэрэгслийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрт нь тооцогдсон гэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ./1хх67/

 

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоотод байршилтай, 41 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Э- нь А.Цогзолмаагаас Б.Тамирт олгосон итгэмжлэлийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц бэлэглэлийн гэрээ, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А.Цогзолмаагаас Б.Тамирт олгосон итгэмжлэл, 116 000 000 төгрөг хүлээн авсан баримт зэргээр тогтоогдож байна. /1хх127-130, 205/

 

Дээрх тохиолдолд уг орон сууцны өмчлөлтэй холбоотой төлбөр тооцоонд хариуцагч Д.Т- нь хожим цуцлагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 75 00 000 төгрөгийг тооцуулана гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч нь 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн “И К ББСБ”ХХК-иас авсан зээлд төлсөн гэж тайлбарлаж, уг тайлбараа нотлох зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тунгалагтамираас Энхтүвшинд “...дундын тооцоо /1992/...” гэсэн гүйлгээний утгатай Кассын зарлагын ордер гэх баримтыг хэрэгт хавсаргасан байна./1хх74/

 

Гэтэл хэрэгт нотлох баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00136 дугаартай шүүгчийн захирамж авагдсан. Уг захирамжийн тодорхойлох хэсэгт “И К ББСБ”ХХК нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч Л.Э- нь 27 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй гэсэн тайлбар гаргасан байна. Тухайн үед шүүхэд мэдүүлж байсан “И К ББСБ”ХХК-ийн дээрх тайлбар, энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч талаас гаргаж буй тайлбар, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мессэжээр талууд тооцооныхоо талаар бичилцэж байсан тухай баримтуудаас үзвэл 27 000 000 төгрөгийг Д.Т-ын төлбөрт тооцохгүйг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /1хх51-52, 2хх81/

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “...шүүх шийдвэрийг амаар танилцуулахдаа Д.Б-д олгохоор тайлбарласан атлаа шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт Д.Б-, Л.Э- нарт олгох гэж бичигдсэн...” гэж дурджээ. Шүүх танилцуулан сонгосноос өөр шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 2 044 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                      С.ЭНХТӨР

 

                                                                                 Т.ТУЯА