Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2019/00056

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2019/00056

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжпэгч: Д.Б

Нэхэмжлэгч: Л.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Т-т холбогдох,

404.538.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгч Л.Э гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгч Д.Б гийн өмгөөлөгч А.Э, хариуцагч Д.Т ын итгэмжлэгдсэн төлөөлгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Б нь Л.Э тэй гэр бүл юм.

Хариуцагч Д.Т нь миний нөхөр Л.Э гийн төрсөн ах болох Л.Алтанцогийн эхнэр буюу миний бэр эгч юм.

Хариуцагч Д.Т тай нөхөр бид хоёр бэр эгчийн хувьд маш ойр дотно харилцаатай төрсөн эгч, дүүс шиг 20 гаруй жил харилцаж ирсэн. Бид үнэхээр ойр дотно байсан мөртлөө одоо ийм ааш гаргаад байгаад үнэхээр их гайхаж байна.

1.Би 2008 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үнэт эдлэл, европ барааны B.ONLY нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд өнөөдрийг хүртэл уг дэлгүүрээ ажиллуулж байна.

Д.Т нь B.ONLY дэлгүүрээс 2011 оноос эхэлж өөртөө болон хүүхэд, гэр бүл, ажил хэргийн холбоотой хүмүүсдээ зээлээр хувцас авч бичүүлээд тэмдэглүүлээд явдаг байсан.

Мөн Д.Т нь иргэний хэргийн шүүхийн өмгөөлөгчид төлөх өмгөөллийнхөө хөлсөө Д.Б миний дэлгүүрээс бараагаар авахуулж, барааны үнийг Д.Т төлнө гэх мэтээр тохиролцож бараа авсаар байгаад 154.994.100 төгрөгийн бараа авсан.

Бид Д.Т тай эгч дүүс шиг их эвсэг найрсаг харилцаатай байсан учир дэлгүүрийн барааны мөнгийг тэр болгон нэхээд байдаггүй, та манайд барааны мөнгөний өглөгтэй шүү гээд сануулж хэлдэг байсан бөгөөд зээлээр авсан бараагаа тус тусдаа бичиж тэмдэглэдэг, энэ тухай Д.Т өөрөө ч мэдэж байгаа юм.

Иймд Д.Т аас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ны хооронд авсан барааны үнэ болох 154.994.100 төгрөгийг нэхэмжилж байна.

2.Д.Т нь Д.Б тай 2012 оны 05 дугаар сарын сүүлчээр уулзаж байхдаа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө, 10 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө эгчийнх нь өмчлөлд бүртгэлтэй байдаг юм. Уг обьектод хөрөнгө оруулаач засаж янзлаад хамтарч үйл ажиллагаа явуулъя гэсэн санал тавьсан.

Түүний саналыг бодож үзсэний үндсэн дээр зөвшөөрч 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжид байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан.

Тэгээд би гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа болгон 90.000 ам долларыг тухайн үеийн ханшаар бодон 99.544.700 төгрөгийг бэлнээр өгч, нөхөр Л.Э гийн өмчлөлийн Лексус 570 маркын автомашиныг 150.000.000 төгрөгт тооцож нийт 249.544.700 төгрөгийг Д.Т эгчид өгсөн. Үүнийг Т.Тунгалагтамир зөвшөөрч нийт 249.544.700 төгрөгийг хүлээн авсан тухай баримт үйлдэж надад өгсөн.

Д.Т нь Инвест капитал ББСБ-ын захирал тул тухайн өдөр буюу 2012 оны 05 сарын 30-ны өдөр ББСБ-ийн нярав Ууганцэцэг нь Инвест Капитал ББСБ ХХК-ийн тамгатай кассын орлогын ордер дээр обьектийн үнэ, машин нийт 249.544.700 төгрөг хүлээн авлаа гэсэн баримт үйлдэж өгсөн болно. Энэ 249.544.700 төгрөгийг /150.000.000 төгрөгт нь автомашин тооцож/ шилжүүлсэн талаар бид хоорондоо маргадаггүй, Тунгалагтамир ч хүлээн зөвшөөрдөг.

Үүнээс хойш бид хоёр олон удаа уулзаж худалдан авч байгаа талбайдаа засвар хийгээд түрээслэх, цэцэрлэг, бөөний төв, караоке ажиллуулах байдлаар хамтран ажиллаж ашиг орлогоо хувааж авахаар ярилцаж байсан.

Гэтэл Д.Т нь тухайн обьектыг нууцаар бусдад зарсныг обьектын харуул Даваадоржоос 2016 оны хавар мэдэж маш их стрест орж учираа ололгүй нэг хэсэг байсан бөгөөд тэр үеэс хойш Д.Т тай холбоо барих гэж их оролдсон боловч бид хоёртой /нөхөр бид хоёртой/ холбоо барихаа байсан.

Гэтэл нэг өдөр Д.Т аас над руу бичиг явуулсан байсныг хүлээн авч маш ихээр гайхаад 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мессеж бичихэд түүнээс хариу мессеж ирэхдээ чамд тийм их хүнд тусна гэж бодсонгүй, эгч дээр нь байсан та хоёрын мөнгөнд хүү бодоод өгий мөн... 2012 оны 11 сараас хойш авсан хувцасны тооцоог хийгээд өгөөрэй гэж бичсэн байсан.

Д.Б би обьект зарсныг 2016 онд мэдсэн, мөн Д.Т аас илгээсэн мессеж нь нэхэмжлэгч нарын хамтран ажиллахаар өгсөн үндсэн мөнгийг төлөхгүй, харин үндсэн мөнгөнд хүү бодож өгнө гэдгийг илэрхийлсэн байсан тул тэрээр обьектод хөрөнгө оруулсан, хамтарч ажиллах, худалдан авах асуудал огт бүтэхгүй боллоо гэдгийг ойлгож 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цагдаад өгч шалгуулсан.

Цагдаагийн байгууллага эрүүгийн журмаар шалгах үндэслэлгүй иргэн хоорондын маргаан буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 249.544.700 төгрөгийг хариуцагч Д.Т аас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна.

Энэ 249.544.700 төгрөгний 150.000.000 төгрөг нь миний нөхөр Л.Э гийн Лексус маркын машины үнэ учраас Л.Э надтай хамт нэхэмжлэл гаргаж 150.000.000 төгрөгийг Л.Э , үлдэх 99.544.700 төгрөгийг би нэхэмжилж байгаа юм.

Д.Б би 1992 онд Л.Э тэй гэр бүл болж, 1993 онд бэр эгч Д.Т тай дотно танилцсан, нөхөр бид хоёрт Д.Т сайн ханддаг байсан, тийм ч учраас 2001 онд Д.Т ын санал болгосноор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг түүний аав Дэлэгээс 68.000.000 төгрөгөөр худалдаж авсан.

Энэ байранд бид 2001 оноос хойш амьдарсан. Бид хоёр ийм зүйл болно гэж бодож байгаагүй, итгэмтгий зангаасаа болж байрны ордерийг өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байсан.

Гэтэл Тунгалагтамир 2012 оны 8 дугаар сард та 2 манай 4 өрөө орон сууцанд амьдарч бай, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот танай орон сууцыг өөрийн хүү Т.Оргилд авч өгмөөр байна гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд амьдарч байсан 65-31 тоот орон сууцаа 75.000.000 төгрөгт өгөхөөр тохирсон.

Л.Э бид хоёр 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 41 м.кв талбайтай, 3 өрөө байрыг Д.Т аар зуучлуулж иргэн А.Цогзолмаагаас бэлэглэлийн гэрээгээр 116.000.000 төгрөгөөр худалдаж авсан.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 41 м.кв, 3 өрөө байрны үнэ 116.000.000 төгрөгийн 75.000.000 төгрөгт нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг, үлдэх 41.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн.

Энэ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 3 өрөө байрны ордер А.Цогзолмаа гэдэг хүний нэр дээр байсан бөгөөд хүү Б.Тамираар нь дамжуулан худалдаж авсан.

Хариуцагч Д.Т өөрийн хүү Д.Оргилыг байртай болгохын тулд бид хоёрын 65-31 тоот орон сууцыг Т.Оргилд өгч бидний өмнөөс 75.000.000 төгрөгийг А.Цогзолмаа, Т.Тамир нарт өгч, үлдэх 41.000.000 төгрөгийг нөхөр бид 2 өгсөн.

Тэгээд миний нөхөр Л.Э нь Т.Тамирт байрны үнэ 116.000.000 төгрөгийг хүлээлгэн өгөв гэсэн бичгийг хийлгэж авсан. Энэ 2 орон сууцны асуудал бидний гаргасан нэхэмжлэлтэй огт хамааралгүй асуудал юмаа.

Инвест капитал ББСБ-ын захирал нь Д.Т юм.

Инвест капитал ББСБ-аас Ш.Эрдэнэбилэг 50.000.000 төгрөгийн, Л.Э 37.000.000 төгрөгийн зээлийг тус тус авч зээлийн гэрээг Л.Э тэй байгуулсан байдаг юм.

Энэ зээлийн гэрээтэй холбоотой асуудал болох Инвест капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Э д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0136 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байгаа юм.

Инвест капитал ББСБ ХХК-иас авсан Л.Э гийн зээлэнд 27.000.000 төгрөгийг төлсөн гэж байгаа нь худал бөгөөд энэ нэхэмжлэлтэй ямар ч хамааралгүй юм.

Д.Т т өгсөн 249.544.700. төгрөгний 150.000.000 төгрөгт тооцож өгсөн лексус маркын машин нь миний нөхөр Л.Э гийн нэр дээр байсан болохоор Л.Э өөрийнхөө машины үнэ 150.000.00 төгрөгийг нэхэмжлэхээр хамт нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч Д.Т аас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний хооронд нэхэмжлэгч Л.Байгалмаагаас авсан барааны үнэ болох 154.994.100 төгрөгийг, 99.544.700 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.Т нь миний төрсөн ах Л.Алтанцогийн эхнэр нь байсан, миний бэр эгч юм.

Миний ах 2011 онд нас барсан. Ахыг байхад ч нас барсны дараа ч бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. Бэр эгч Д.Т Зоригоо гэдэг хамтран амьдрагчтай болсон ч бидний харилцаа муудаагүй.

Эхнэр Д.Б 2008 оноос хойш B.ONLY дэлгүүрийг ажиллуулж байна.

Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч нараас нийлбэр дүнгээрээ 249.544.700 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй юм.

Д.Т манай эхнэр Д.Б тай хийсэн гэрээнээсээ татгалзаж тухайн объектыг бусдад зарчихаар нь бид хоёр урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авахаар шаардаж эхлэх үеэс эхлэж худал ярьж байна.

Хариуцагч Д.Т аас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний хооронд авсан барааны үнэ болох 154.994.100 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 249.544.700 төгрөгийн хамт нийт 404.538.800 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг эхнэр Д.Б бид хоёр нэхэмжилж байгаа болно.

Үүнээс Д.Т т өгсөн 249.544.700 төгрөгийн 150.000.000 төгрөгт нь миний өмчлөлийн LX 570 авто машиныг өгсөн. Энэ машиныг Тунгалагтамир бусдад зарсан. Одоо би 150.000.000 төгрөгөө нэхэмжилж, эхнэр бусад мөнгөө нэхэмжилж байна.

Хариуцагч нь бидний нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйлүүдийг тайлбарлаад байна.

Д.Б , Л.Э нар нь 2001 онд хариуцагч Тунгалагтамирын аав Дэлэг гэх хүнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоотод байрлах 2 өрөө байраа 68.000.000 төгрөгөөр худалдан аваад өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байсан юм.

Л.Э , Д.Б нар нь А.Цогзолмаа Б.Тамир нараас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-12 тоот, 3 өрөө орон сууцыг 116.000.000 төгрөгөөр худалдан авч 75.000.000 төгрөгт нь өөрийн 65-31 тоот орон сууцаа өгч, үлдэх 41.000.000 төгрөгийг Д.Т аар дамжуулан Б.Тамирт өгсөн.

Эхнэр бид хоёр Д.Т ын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот 2 өрөө орон сууцаа түүний хүү Д.Оргилд 75.000.000 төгрөгөөр өгч Д.Т бидний өмнөөс 75.000.000 төгрөгийг Б.Тамирт өгсөн.

Үүний дараа би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-12 тоот, 3 өрөө орон сууцны үнэд 116.000.000 төгрөгийг Б.Тамирт хүлээлгэн өгөв гэсэн бичгийг хийлгэж авсан.

Хариуцагч Тунгалагтамир нэхэмжлэгч Байгалмаа нарын харилцан бичсэн мессежнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот орон сууцыг худалдсан тухай харагдах ба одоо уг 2 өрөө орон сууц хариуцагч Д.Т , түүний хүү Д.Оргил нарын эзэмшилд байгаа болно.

Хэрвээ хариуцагч Д.Т нь дээрх 2 өрөө байрыг 75.000.000 төгрөгт тооцож авахгүй гэж байгаа бол нэхэмжлэгч нар байраа буцаан эзэмшил, өмчлөлдөө авч болно. Дээрх байрны асуудал энэ нэхэмжлэлтэй огт хамааралгүй юм.

Инвест Капитал ББСБ ХХК болон Л.Э нарын хоорондох зээлийн асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны өдрийн 00136 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдэгдсэн асуудал юм.

Тиймээс 27.000.000 төгрөгтэй холбоотой асуудал энэ нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй бөгөөд дээрх мөнгийг Л.Э нь өөрөө төлсөн бөгөөд холбогдох баримтаар нотлогдоно.

Л.Э нь хариуцагч Т.Тунгалагтамираас Бенз S550 маркийн авто машин авч байгаагүй бөгөөд Ш.Эрдэнэбилэг зарж өгөхөөр Т.Тунгалагтамираас авсан гэдэг юм. Тэр машиныг авсан хүн нь мөнгөө өгөхгүй байгаа тул Ш.Эрдэнэбилэгийн гомдлоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Ш.Эрдэнэбилэг Д.Т нарын хооронд яригдсан асуудал тул Байгалмаа бид хоёрт огт хамааралгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Т нь Д.Б гийн ажиллуулдаг дэлгүүрээс 2011 оноос хойш зээлээр хувцас хэрэглэл авч хэрэглэдэг байсан. Түүнийгээ төлнө гэдгээ өөрийнхөө гараар бичиж өгч байсан. Түүнээс гадна дэлгүүрийн борлуулалтаа бүртгэдэг хар дэвтэр, 2016 оны 8-р сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Б тай утсаар харилцсан мессеж /2012 оны 11 сараас хойш авсан хувцасны тооцоог хийгээд өгөөрэй... гэсэн / зэрэг баримтаар нотлогдоно.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаас харахад нэхэмжлэгч нар хариуцагч Тунгалагтамиртай 2012 оны 5-р сард хамтран ажиллахаар 249.544.700 төгрөг өгсөнөөсөө хойш байнга ажлын шинэ санаа гаргаж, ярилцсаар ирсэн. Тухайн үед засвар хийж байна, илүү ашигтай ажиллахаар бизнесийн санаа хийх зэргээр аргацаадаг байсан.

Д.Т ыг үйл ажиллагаа хамтран явуулна гэсэн обьектоо 2016 оны 3 дугаар сард бусадтай тохиролцон худалдсан гэдгийг 2016 оны хавар мэдсэн.

Ингээд 2016 оны 8 дугаар сараас эхлэн өр авлага, тооцоо ярьж эхлэн утсаар болон мессежээр харилцаж, мөнгөө шаардаж байсан.

Тунгалагтамирын 2016.08.22-ны 20:28 цагт бичсэн мессежнээс харахад ... хай.. тэгсэн үү ингэж хүнд тусна гэж бодсонгүй балай юм болж эгч дээр нь байсан та хоёрын мөнгөнд хүүг нь өгье өө, эгч нь гэсэн мессежээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилан олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. 79.7.-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэсэн хуулийн зүйл заалтаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Инвест Капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Л.Э нь манай компаниас 87.000.000 сая төгрөгийн зээл авч, үндсэн зээлээс 60.000.000 төгрөг болон зээлийн хүүг төлөхгүй байсан тул 2017 онд зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.

Миний нөхөр талийгаач Л.Алтанцогийг нас барснаас хойш Сүхбаатар дүүргийн 4 хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 65 байр, 31 тоотод Л.Э , Д.Б нар нь өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба миний төрсөн 2 хүү болох Д.Оргил, А.Ананд нарын зүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5-7 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүссэнээс хойш Л.Э , Д.Б нар нь дараах үйлдлүүдийг гаргаж эхэлсэн юм.

Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэхэмжлэлд дурдсан үйлдлүүдэд Тунгалагтамирыг залилан хийсэн гэж эрүүгийн журмаар гомдол гаргасан ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 344 дүгээр прокурорын тогтоолоор дээрх гомдол дурдсан үйл байдлуудыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

Нэхэмжлэгч Л.Э 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Инвест Капитал ББСБ ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай 249.544.700 төгрөгийн санхүүгийн зөрчлийг хянуулахаар эрх бүхий байгууллагад хандсан ба санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний 06 тогтоолоор зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Миний зүгээс аливаа асуудалд хүлээцтэй хандаж ирсэн ба ах дүүгийн харилцаатай байснаа бодож маргаанаа эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсэн боловч чадаагүй.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүү Л.Э , түүний эхнэр Д.Б нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаанд LX-570 маркийн авто машиныг 150.000.000 төгрөгөнд тооцож өгөхөөр, үлдсэн хэсэг болох 99.544.000 төгрөгиийг бэлнээр өгөхөөр тохирч энэ үүргээ биелүүлэн өгсөн нь үнэн.

Д.Б нь 2015 онд БНСУ-д хамт зорчиж байхдаа нөгөө үл хөдлөх хөрөнгийг манай нөхөр бид 2 худалдан авахаа болилоо гэж албан ёсоор хэлсэн учир би өөр этгээдэд худалдан борлуулсан.

Ингээд Л.Э , Д.Б нарын өгсөн 249.544.700 төгрөгийг эргүүлж төлөхдөө өөрийн өмчлөлийн шинэ Бенз S550 маркийн автомашины үнэнд нэхэмжлэгч нарын өгсөн LX-570 автомашинтай харилцан тооцож өгөхөд Бенз S550 автомашиныг Л.Э нь Ц.Чаминчанга гэдэг хүнтэй ирж авсан.

Үлдэгдэл 99.544.700 төгрөгийг тэдэнд буцаан өгөх байсан боловч би Л.Э , Д.Б нарын Б.Тамираас орон сууц худалдан авахад дутсан 75.000.000 төгрөг болон Инвест капитал ББСБ ХХК-иас Л.Э гийн авсан зээлэнд 27.000.000 төгрөгийг тус тус төлсөн, суутган тооцсоноор бидний хоорондох тооцоо дууссан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

B ONLY гэх дэлгүүрээс бараа авсан гэж 154.994.100 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Би тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсны хувьд худалдаж авсан барааныхаа үнийг тухай бүр нь төлж тооцоог нь хийж байсан бөгөөд хэдий хэмжээний барааг хэзээ, хэнээс хэнд, хэрхэн ямар нөхцөлтэйгээр худалдсан эсэх, хэзээ хэнээс нэхэж байсан нь тодорхойгүйгээр 154.994.100 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Надад өгсөн гэх бараануудын жагсаалт бичсэн дэвтрийг миний бие Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгагдаж байхад анх танилцсан ба хууль хяналтын байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ асуудлыг тодорхой шалгаж Д.Б гаас надад өгсөн, авсан гэх асуудал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн учраас надад холбогдох хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гаргасан.

Хэрэг бүртгэлийн хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгч Д.Б нь энэхүү хяналтын прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 249.544.700 төгрөгийн тооцоо дууссан, 154.994.100 төгрөгийн барааг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Тунгалагтамир нь нэхэмжлэгч нартай төрөл садангийн холбоотой нилээн ойр дотно харилцаатай байсан нь үнэн.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нар ямар хэл дээр байгаа нь мэдэгдэхгүй мессежийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, тасалдсан гэж үзээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүн таслах ажиллагаа монгол хэл дээр явагддаг. Үүнийг шүүх анхаарна биз дээ.

Байгалмаагийн ажиллуулдаг дэлгүүрээс авсан гээд байгаа хувцасыг Тунгалагтамир дан ганцаараа аваагүй, хүү Оргил, өмгөөлөгч Оюунцэцэг, нөхөр Зоригоо, аварга Түвшинбаяр нар авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дэлгэрэнгүй бичиж өгсөн байгаа. Эндээс үзэхэд бусдын авсан барааны үнийг Тунгалагтамир төлөх үндэсгүй. Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх ёстой байтал бичгээр хийсэн гэрээ байхгүй байна.

Тунгалагтамир нь Бенз автомашиныг Энхтүвшинд лексус маркийн машиных нь оронд өгсөн, Энхтүвшингийн өмнөөс Инвест капитал ББСБ-д 27.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч нарын худалдан авсан байрны үнэнд нь 75.000.000 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэгч Байгалмаа, Энхтүвшин, хариуцагч Тунгалагтамир нарын хооронд ямар ч тооцоо байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжпэгч Д.Б , Л.Э нар нь хариуцагч Д.Т т холбогдуулан 404.538.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ. 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ны хооронд B.ONLY дэлгүүр болон гэрээс авсан хувцас, эд зүйлийн үнэ 154.994.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж Платинум худалдааны төвд B.ONLY дэлгүүрийг 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллуулдаг байна. /хх-ийн 133-143-р хуудас/

Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчээс хувцас эд зүйл худалдан авахдаа тухайн барааны үнийг зөвшөөрч B.ONLY дэлгүүрийн худалдагчид тэмдэглүүлэн, хувьдаа тэмдэглэдэг байсан болох нь тэдний хооронд бичиж байсан мессеж болон шүүхээс үзлэг хийсэн 7 ширхэг хар дэвтэр, хариуцагчийн өөрийнх нь бичиж байсан тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 7, 11, 220, 221-р хуудас, 2-р хх-ийн 57,66, 76-83-р хуудас/

Зохигчдын хооронд 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээг хуульд зааснаар бичгээр хийгээгүй боловч гэрээний гол нөхцөл болох үнийг талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн байх тул зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

263 дугаар зүйлийн 263.1.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж,

263.2.-т Гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа,төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг тусгана гэж,

263.4.Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж,

196 дугаар зүлийн 196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Иймд Д.Б , Д.Т нарын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хуульд зааснаар уг гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд худалдагч Д.Б нь худалдан авагч Д.Т т хувцас, эд хөрөнгийг шилжүүлснээр тэдний хооронд худалдах худалдан авах гэрээг байгуулагдсанд тооцох үндэстэй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т зааснаар хариуцагч /худалдан авагч/ Д.Т нь нэхэмжлэгч /худалдагч/ Д.Б д зээлээр худалдан авсан хувцас, эд зүйлийн үнийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ны хооронд B.ONLY дэлгүүр болон гэрээс авсан хувцас, эд зүйлийн үнэ 154.994.100 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч

Д.Т аас Д.Б д 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр явуулсан мессежид эгчдээ 2012 оны 11 дүгээр сараас хойш авсан хувцасны тооцоог хийгээд өгөөрэй гэсэн, /2-р хх-ийн 57, 66, 76, 77, 80-р хуудас/

Д.Б гаас Д.Т т 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдөр явуулсан мессежид Тунгаа эгчээ 2012 оноос хойш тооцоо байгаа болохоор хоёулаа заавал уулзаж байж тооцоогоо хийхгүй бол зөндөө л юм байна... /2-р хх-ийн 57, 66, 76, 77, 81-р хуудас/

гэснээс үзэхэд тэдний хоорондох тооцоог 2012 оноос эхэлж тооцох нь зүйтэй байна.

Мөн хүү Оргил, нөхөр Зоригоо, өмгөөлөгч Оюунцэцэг, аварга Түвшинбаяр гэсэн тооцоонуудыг хариуцагч Д.Т төлөх үүрэггүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо болон дээрх нэр бүхий иргэний авсан барааны үнэ болох нийт 58.872.800 төгрөгийг хасаж тооцох үндэстэй.

Иймд зээлээр худалдан авсан хувцас, эд зүйлийн үнэ нийт 154.994.100 төгрөгнөөс 58.872.800 төгрөгийг хасаж үлдэх 96.121.300 төгрөгийг хариуцагч Д.Т аас гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.Бичмэл нотлох баримтыг ... шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчийн хооронд мессеж бичиж байсан гар утсан дахь мессежид үзлэг хийж нотлох баримтаар үнэлсэн болно. /2-р хх-ийн 57, 66, 76-83-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Б / 99097353 дугаар бүхий гар утас/, хариуцагч Д.Т /99109603 дугаар бүхий гар утас/ нарын хооронд бичиж байсан мессеж нь ямар нэгэн гадаад хэл биш бөгөөд тусгай тэмдэгт ашиглан бичсэн, дотроо мэдээлэл агуулсан нийтэд илэрхий үйл баримт /тэмдэглэгээ/ байна.

Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ.

Уг тэмдэглэгээг латин үсэг ашиглаж монгол үг, утгыг илэрхийлсэн гэж үзэх ба уг мэдээллийг уншихад тусгай мэдлэг болон орчуулагч шаардагдахгүй гэж үзнэ.

Тодруулбал техник, тенологи хурдацтай хөгжиж байгаа энэ эрин үед хамгийн хурдацтай хөгжиж буй нь хэл шинжлэлийн салбар бөгөөд эх хэлнийхээ язгуур утга, өв санг цахим хэрэглээнд зөв авч явах, хэлний үндсэн утга санааг алдагдуулалгүй авч явах асуудлыг Монгол улсын хэл шинжлэлийн салбар хариуцах учиртай юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Т т холбогдуулан худалдан авсан хувцас, эд хөрөнгийн үнэ 154.994.100 төгрөгийг шаардах эрх нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж,

79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж,

79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид эгчдээ 2012 оны 11 дүгээр сараас хойш авсан хувцасны тооцоог хийгээд өгөөрэй гэсэн мессеж илгээсэнийг үүрэг хүлээсэн этгээд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7.-д зааснаар 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс тасалдсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тооцох үндэстэй.

Иймд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэхгүй юм.

Мөн нэхэмжлэлд дурдсан асуудлаар 2017 оны 12 дугаар сарын13-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын 620 дугаартай тогтоолоор Д.Т ын яллагдагчаар татаж байсан байна ./1-р хх-ийн 80, 101,102-р хуудас/

ХОЁР: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 249.544.700 төгрөг нэхэмжилсэн тухайд:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Т тай 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.

Уг гэрээгээр худалдагч Д.Т нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 83/01 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 800 м.кв талбай бүхий байрыг шилжүүлэх, худалдан авагч Д.Б нь 2 тэр бум төгрөгийг графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /2-р хх-ийн 55,56-р хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Худалдан авагч Д.Б нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 249.544.700 төгрөг /150.000.000. төгрөгт нь лексус маркийн автомашин, 90.000 ам долларыг тухайн үеийн ханшаар шилжүүлэн 99.544.700 төгрөг/ -ийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр худалдагч Д.Т т шилжүүлэн баримт үйлдсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /1-р хх-ийн 64-р хуудас/

Дээрх гэрээний дагуу зохигчид үүргээ бүрэн биелүүлээгүйгээс худалдагч 2016 оны хавар гэрээнээс татгалзаж уг объектыг бусдад худалдсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасанд нийцсэн гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Д.Б нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 83/01 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 800 м.кв талбайтай байрыг худалдан авах зорилгоор 249.544.700 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн боловч, хариуцагч Д.Т гэрээнээс татгалзаж, уг объектыг бусдад худалдсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу Д.Т нь Д.Б гаас авсан мөнгөө буцаан өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Т нь уг объектыг бусдад худалдсанаар гэрээний тохиролцоо биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нараас авсан 249.544.700 төгрөгийг

1.2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Байгалмаагаас хүлээн авсан 249.544.700 төгрөгний 150.000.000 төгрөгт нь нэхэмжлэгч Л.Э гийн өмчлөлийн Lexus Lx 570 маркийн автомашиныг авсан боловч өөрийн Бенз S 550 маркын автомашиныг Л.Э д өгсөн. Өөрөөр хэлбэл Lexus Lx 570 маркийн автомашины оронд Бенз S 550 маркийн автомашиныг өгсөн гэж,

2.Нэхэмжлэгч Л.Э , Д.Б нар нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 41 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авахад тэдний өмнөөс 75.000.000 төгрөгийг Б.Тамирт өгсөн гэж,

3.Нэхэмжлэгч Л.Э гийн Инвест капитал ББСБ ХХК-д төлөх 27.000.000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн тул одоо төлөх төлбөргүй гэж маргаж байна.

1.1.Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2В байрны 14 тоотод оршин суух Б.Цэрэнбат нь Бенз S 550 маркын автомашиныг 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын гаалийн хилээр оруулж ирэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.Чаминчангад уг автомашиныг бусдад худалдах тээврийн газарт төлөөлөх бичиг баримтад гарын үсэг зурах итгэмжлэлийг олгожээ./1-р хх-ийн 67-р хуудас, түүний ар тал, 110-р хуудас/

Нэхэмжлэгч Л.Э нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн Lexus Lx 570 маркын автомашиныг бусдад худалдан борлуулах, гэрээ байгуулах, бусдад шилжүүлэх үйлдэл хийх итгэмжлэлийг хариуцагч Д.Т т олгожээ./1-р хх-ийн 156-р хуудас/

Дээрх 2 итгэмжлэлээс үзэхэд нь Бенз S 550 маркын автомашин нь Б.Цэрэнбатын өмчлөлийн, Lexus Lx 570 маркийн автомашин нь Л.Э гийн өмчлөлийн автомашин байсан байна. Өөрөөр хэлбэл Бенз S550 маркын автомашин Д.Т ын өмч байсан, Д.Т нь нэхэмжлэгчээс 150.000.000 төгрөгт тооцож авсан Lexus Lx 570 маркийн автомашины оронд өөрийн өмчлөлийн Бенз S 550 маркийн автомашиныг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Lexus Lx 570 маркын автомашины өмчлөгч нь Л.Э байсан талаар талууд маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Л.Э нь өөрийн өмчлөлийн автамашины үнэ болох 150.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

2.1.Нэхэмжлэгч Л.Э , А.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нар нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, 41 м.кв 3 өрөө орон сууцыг 116.000.000 төгрөгөөр Л.Э гийн өмчлөлд шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байна./1-р хх-ийн 126-131, 205-р хуудас/

Иймд уг орон сууцыг худалдаж авахад Л.Э гийн өмнөөс 75.000.000 төгрөгийг Д.Т нь Б.Тамирт өгсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Зохигчидын хооронд маргаж буй Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65-31 тоот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 12 тоот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 7 тоот орон сууцнууд нь хариуцагчийн өмч болох тухай ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд энэ маргаантай хамааралгүй тул жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

3.1.Инвест капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Э д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 117.352.800 төгрөг гаргуулах тухай хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00136 дугаартай захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./1-р хх-ийн 51, 52, 72-74-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иймд хариуцагч Д.Т ыг нэхэмжлэгч Л.Э гийн Инвест капитал ББСБ ХХК-д төлөх 27.000.000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн гэж үзэх үндэсгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч Д.Т аас 249.544.700.төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э д 150.000.000 төгрөгийг , нэхэмжлэгч Д.Б д 99.544.700 төгрөгийг тус тус олгох үндэстэй.

Зохигчид хуульд заасан эрхээ эдэлж дээрх үйл баримтуудыг нотлуулахаар Ц.Чаминчанга, Д.Оргил, Б.Тамир нарыг гэрчээр асуулгасан боловч хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин хариуцагч Д.Т нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох барааны үнэ болох 154.994.100 төгрөг, худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 249.544.700 төгрөгийн асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэг дүгээр хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдаж тус дүүргийн Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 620 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг энэ хугацаанд тасалдсан гэж үзнэ./1-р хх-ийн 84-125-р хуудас/

Энэ бүхнээс дүгнэхэд хариуцагч Д.Т аас B.ONLY дэлгүүр болон гэрээс авсан хувцас эд зүйлийн үнэ 96.121.300 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 249.544.700 төгрөг нийт 345.666.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэлээс үлдэх 58.872.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх иухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1., 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.4. дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Т аас 345.666.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д 195.666.000 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Э д 150.000.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс 58.872.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.,60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.210.357,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э д, 1.136.280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО